2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 22 өдөр

Дугаар  2025/ШЦТ/240

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нарангэрэл,

улсын яллагч М.Билгүүтэй /томилолт/,

шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2403008681108 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 19-ний өдөр *********** аймгийн ************** суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт ************** дүүргийн ************ дугаар хороо **************** хотхоны ******************** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэгдэж байгаагүй, *********** овогт ***********гийн *********** /РД:**************/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 50 минутын орчимд Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хермес төвийн замд " Тоёота приус 41” маркийн *********** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 5.23-д заасан "«Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр", 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчин хороолол доторх замаар зорчиж явсан явган зорчигч ***********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгч *********** шүүхийн хэлэлцүүлэгт: “...өмнө мэдүүлэг өгсөн, нэмэх зүйлгүй” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Нэг. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 50 минутын орчимд "Toyota Prius-41” маркийн *********** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хермес төвийн замын эсрэг талын хороолол доторх замаар явах үедээ тухайн замаар зорчиж явсан явган зорчигч ***********г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

 

1. ТЦА, Замын цагдаагийн газар, ТЦА, ЗЦГ, Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудаст *********... дугаарын утаснаас 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10:53:52 минутад: “...*********** УБУ дугаартай автомашинаар хүн мөргөсөн гэх..” гэсэн дуудлага бүртгэгдсэн (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

               2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт: “...Осол болсон гэх газар нь Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Хермесийн урд талын замд болсон байв. Мөргөсөн гэх цэгийг жолооч ***********оор заалгаж А үсгээр тэмдэглэж, унасан гэх цэгийг Б үсгээр тэмдэглэсэн. Зам орчны нөхцөл байдал асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг чиглэлтэй, 2 эгнээ, явган хүний замтай хашлагатай, хайсгүй зам байв. (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

 

3. Хохирогч ***********гийн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр ************* дүүргийн *********** дугаар хороонд байрлах гэрээсээ 10 цагийн үед гараад нөхөртэйгөө *********** дүүрэг орох гээд Хермес худалдааны төвийн урд төв засмал замын явган хүний гарцаар зам гараад тэгээд замын хажуу талын явган хүний шороон замаар явж байхад тоёота приус-41 маркийн ***********УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг чиглэлтэй миний хойд зүгээс ирж байхыг харсан. Тэгээд би явган хүний шороон замаар явж байхад миний хойд талаас ирж байсан цагаан өнгийн машин явган хүний шороон зам дээр ирж намайг мөргөсөн. Тухайн үед би модны мөчрийн хажуу талаар гараад явсан ба би зорчих хэсэг рүү буюу авто зам руу ороогүй, хөл алдаж газар унаагүй. Надад ямар нэгэн суурь өвчин байхгүй. Би 2023 онд явж байгаад халтирч унаад, миний баруун хөлийн дунд чөмөгт цууралт өгч байсан. Харин энэ ослоос шалтгаалж миний баруун шуу ясны  хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал үүссэн. Жолооч надад эмчилгээний хохиролд мөнгө төлсөн зүйл байхгүй, надад мөнгө авсан зүйл байхгүй, гаргаж өгөх баримт байхгүй. Намайг эрүүл болгож өгөх хэрэгтэй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал),

 

4. Иргэний хариуцагч **********: “...Тухайн машиныг жолоодох эрхийг би ***********т өгсөн. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал),

 

5. 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 13568 дугаартай: “... Ч.***********гийн биед баруун шуу ясны хугарал, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй...” гэсэн (хавтаст хэргийн 55-56 дахь тал),

 

6. 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1991 дугаартай мөрдөгчийн магадалгаа: “...Жолооч *********** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 5.23-д заасан "«Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр", 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэх заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Д.*********** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна” гэсэн (хавтаст хэргийн 63 дахь тал),

 

7.2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 418 дугаартай: “... Toyota Prius маркийн Prius 41 загварын *********** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь тоног төхөөрөмж дээр хэмжилт хийж шалгахад урд болон хойд дугуйнуудын тоормосны хүчний зөрүү, зүүн болон баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол, ойр дээрээ дугуйн хээний хэмжээ зэрэг нь стандартын шаардлага хангаж байна. Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, зогсоолын тоормосны ажиллагаа зэрэг нь хэвийн байна. Нэг тэнхлэг дээрх дугуйнуудыг марк, хэмжээнээс, хээ ижил зэрэг нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна. Тухайн авто тээврийн хэрэгслийн урд болон хойд дугуйн ажлын тоормос бүрэн ажиллагаатай, зогсоолын тоормос зогссон. Жолооны механизмын ажиллагаа хэвийн. Дугуйн хээний гүн стандартын шаардлага хангаж байна. Урд хойд тэнхлэг дээрх дөрвөн дугуй нь M+S тэмдэглэгээ бүхий өвлийн улиралд зориулагдсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь иж бүрдлийн хувьд бүрдэл бүрэн....” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 45-47 дахь тал),

 

8. Шүүгдэгч ***********ын: “...энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн  4 дүгээр хорооны  нутаг дэвсгэрт  байрлах Хермес  худалдааны төвийн эсрэг талд нөхрийн эзэмшлийн *********** УБУ улсын дугаартай тээрийн хэрэгслээр  хөдөлгөөнд  оролцоод явж байтал  замын хажуу  ургасан модыг тойрч  гарах гээд  нэг настай  эмэгтэй зам руу  ороод ирэх үед нь  мөргөчихсөн юм.  Тэгээд түргэн тусламж дуудаж  настай эгчийг өгөөд явуулсан. Осол болсны дараа тэр эгч  гарын шуу өвдөөд байна гээд байсан. Би 8-10км/ц-н хурдтай  явж байсан санагдаж байна. Тэр үед  үзэгдэх орчин хэвийн, бүх зүйл харагдаж байсан. Уул нь хохирогчийг  харж байсан  боловч  гэнэт зам руу гараад ирсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

 

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, шүүгдэгч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 10 цаг 50 минутын орчимд Тоёота приус 41” маркийн *********** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Хермес төвийн замын эсрэг талын хороолол доторх замаар хөдөлгөөнд оролцохдоо тус замаар зорчиж явсан явган зорчигч ***********г мөргөж зам тээврийн осол гаргасан байна.

Осол гарсан тухайн зам нь асфальт, шулуун тэгш, хуурай, суурингийн доторх үзэгдэх орчин чөлөөтэй, тогтуун, эсрэг чиглэлтэй, 2 эгнээ, явган хүний замтай хашлагатай хайсгүй зам байх бөгөөд шүүгдэгч *********** нь явган зорчигч ***********г анх мөргөсөн цэгийг А үсээр тэмдэглэж, хохирогчийн унасан цэгийг Б үсгээр тэмдэглэсэн, А цэгээс Б цэг хүртэлх зай нь 1.0 метр гэж хэмжигдэж тэмдэглэгдсэн.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.23-д заасан "«Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр", 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэж заасан байна.

Явган зорчигч *********** нь тус хорооллын дотор явган хүний замаас гадна зорчих хэсгээр давуу эрхтэйгээр зорчих эрхтэй байх бөгөөд ингэж явахдаа тухайн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийсэн нөхцөл байдал тогтоогдоогүй, харин эсрэгээрээ тээрийн хэрэгслийн жолооч *********** нь хохирогчийг тухайн үед харсан гэсэн атлаа очиж мөргөсөн үйлдлийг аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчих үүргээ биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Энэ бүгдээс дүгнэвэл, шүүгдэгч ***********ын дээрх үйлдэл нь захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", 5.23-д заасан "«Хороолол»-хорооллын доторх хөдөлгөөний журмыг баримтлах нутаг дэвсгэр", 19.1-д заасан "Хорооллын дотор явган зорчигч нь явган хүний замаас гадна зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих бөгөөд ингэхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн шинжтэй ба энэ нь осол гарах үндсэн шалтгаан болсон байна.

 

Шүүгдэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн дээрх холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийнхээ хууль бус шинжтэйг ухамсарлаж хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан байх тул тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болсон болно.

Иймд шүүгдэгч ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...авто тээврийн  хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан улсын яллагчийн саналыг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дахь хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн  нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс  үйлдэхүйгээр  гэмт хор учруулсан этгээд  уг гэмт  хорыг хариуцан  арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар  алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм  хор учруулсантай холбогдон  гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар  сувилуулах  зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид  төлөх үүрэгтэй” гэж тус тус зааж зохицуулсан.

 

Хохирогч *********** нь эмчилгээ хийлгэсэнтэй холбогдон гарсан зардлын баримтыг гаргаж ирүүлээгүй боловч шүүгдэгчээс 1.500.000 төгрөг хүлэн авсан талаарх хүсэлтийг ирүүлсэн байх тул шүүгдэгч *********** нь энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй болно. (шүүх хуралдааны тэмдэглэл)

Харин хохирогч нь цаашид эмчилгээ хийлгэх тохиолдолд холбогдон гаргах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********оос нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй. 

 

Мөн тус гэмт хэргийн улмаас хохирогч *********** нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн яаралтай тусламж үйлчилгээтэй холбогдуулан 196.380 төгрөгийн, мөн өдөр Нийслэлийн түргэн тусламжаас 49.920 төгрөгийн, 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Амбулаторийн тусламж үйлчилгээтэй холбогдуулан 48.880 төгрөг, нийт 295.180 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн лавлагаагаар тогтоогдсон байна. (хавтаст хэргийн 37-38 дахь тал)

Шүүгдэгч *********** нь хохирогчийг эмчлэхтэй холбогдон Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 295.180 төгрөгийг тухайн даатгалын санд төлж барагдуулсан болох нь 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын санхүү бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, шүүгдэгч ***********ын мэдүүлэг зэргээр тогтоогдсон байх тул шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй. (хавтаст хэргийн 39 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл)

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч нь “... Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч *********** нь: “...Надад оногдуулах торгох ялын хэмжээг бууруулж, төлөх хугацааг нь 1-3 жилээр тогтоож болдог гэсэн. Тэрний дагуу тогтоож өгөөч гэж хүсэж байна” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой байна.

Шүүхээс шүүгдэгч ***********т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ***********ын үйлдсэн гэмт хэргийн шинж буюу тэрээр замын хөдөлгөөнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрмээ биелүүлээгүй, анхаарал болгоомжгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад хүргэсэн, түүний үйлдлээс шалтгаан бусдын биед хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, хохирогчид 1500,000 төлсөн,  цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байдал, шүүгдэгчийн хувийн байдал /бага насны хүүхдүүдтэй/ зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний сард олох орлогын байдлыг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,  тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч ***********т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 (хоёр мянга долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 (хоёр сая долоон зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********т оногдуулсан торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогч *********** нь цаашид эмчилгээ хийлгэхтэй холбогдон гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч ***********оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ