Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00695

 

 Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/00463 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Х.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б нь УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2000 оноос эрчим хүч хангамжийн 1 дүгээр ангид борлуулалтын техникч, байцаагчаар ажилд ороод 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс Дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежерээр ажиллахаар, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Дохиолол холбооны 3 дугаар анги буюу түүний ажилладаг шугамын 5 дугаар хэсэгт монтёрын дагалдан ажилтан Ш.Баасансүрэн үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан. Уг осол гарахад галт тэрэг ойртон ирэхэд 400 метрээс холдож, сэрэмж авч өнгөрүүлнэ. Зам дээр 2 ажилтан ажиллах ёстой зэрэг заалтуудыг зөрчсөн болохыг ослын актаар тогтоосон. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр замын дарга Д.Жигжиднямаагаар удирдуулсан шуурхай хуралдаж, багш шавийн гэрээ байгуулаагүй үндэслэлээр Х.Бгийн ажлын байрыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Гэтэл 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-2-251 дугаар тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3, шуурхай хурлын шийдвэр зэргийг үндэслэж Х.Бг багш шавийн гэрээ байгуулаагүй, 2018 оны А-274 дугаар тушаалын 3.2.3-т заасныг хэрэгжилт мөрдөж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасныг тус тус зөрчсөн гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалсан байна. Багш шавийн гэрээ байгуулаагүй үндэслэлд бусад асуудал сөхөгддөг. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг ажилтанд сургалт хийх, үйлдвэрлэл дээр дадлагажуулах, туршлага бүхий аргаар багш шавийн гэрээ сайшаагдаж, сургалтын чанартай холбогдуулан гэрээ байгуулж ирсэн. Нэхэмжлэлд хавсаргасан 2011 оны А-137 дугаар тушаалын хавсралтаар багш шавийн гэрээний загварыг тухайн ангийн дарга баталсаны дагуу хүний нөөцийн менежер Х.Б гэрээ байгуулж ажиллаж байсан.

Замын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-274 дугаар тушаалаар ажилтнуудад чиг үүрэг танилцуулсан. Тушаалын 1 дүгээр хавсралтын сургалт зохион байгуулах журмын 3.2-д хүний нөөцийн албаны үүрэг юу байхыг зааж өгсөн. Журмын 3.2.3-д УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт шинээр ажилд орж байгаа иргэнийг үйлдвэрлэл дээр сургаж дадлагажуулах, захиргаа багш шавийн гэрээ байгуулах, дүгнэх журмыг боловсруулж батлуулж мөрдүүлэхээр заасан. Хүний нөөцийн алба өнөөдрийг хүртэл багш шавийн гэрээ байгуулах, дүгнэх журам боловсруулж баталсан мөрдүүлж байгаа дүрэм журам батлахгүйгээр өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгч журмын 3.2.3-д заасныг батлаагүй гэж шаардлагын үндэслэл болгосныг хариуцагч дээрх журам баталсан, танилцуулсан нотлох баримт өгөөгүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг няцааж чадахгүй байна. Хавтас хэрэгт авагдсан шуурхай хурлын тэмдэглэлд Х.Б-гийн ярьсан зүйлийг зөрүүтэй бичсэн байдлыг нэхэмжлэгч өөрөө болон хэрэгт авагдсан баримтаар тогтооно. Ангийн даргын А-137 дугаарт тушаалаар баталсан багш шавийн гэрээний 3.3-д “ажилтан Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой асуудлыг өөрөө хариуцна” гэж заасан. Гэтэл УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг А-275 дугаар тушаалаар тухайн ажилтанд ямар гэрээ батлах загвар ирүүлээгүй, заавар журмаар хангаж, уг журмыг баталж мөрдүүлээгүй. Багш шавийн гэрээнд ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангаж ажиллахыг заасан. Ангийн даргын тушаалаар батлагдсан нэг гэрээ хэрэгт авагдсан. Х.Б-г хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.3.6-д зааснаар хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэдэг. Нэхэмжлэгч Х.Б УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт мөрдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйтай холбоотой дүрэм, журмаар Х.Б-гийн гаргасан зөрчил тогтоогдоогүй, сургалттай холбоотой заалтаар түүнийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.

Х.Б-гийн хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цуцалсан. Уг өдөр Х.Б ажил дээрээ эрт ирж, даралт нь ихсээд эмнэлэгт үзүүлж, эмчийн акт, магадлагаа хийлгэсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийг уг өдөр 8 цаг ажилласан гэж тайлбарлан татгалзлаа ангийн даргын тодорхойлолт, ирц бүртгэлийн дэвтэр зэргээр нотолсон. Х.Б ажилдаа өглөө эрт ирсэн ч даралт нь ихсэж эмнэлэг явж ирэхдээ ирц бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурсан. Түүнийг  9 дүгээр сарын 26-ны өдөр өвчтэй байсныг эмчийн акт, магадлагаа, эмчлүүлэгчийн дэвтэр зэргээр нотолно. Хэрэгт авагдсан хүснэгтэд ШЧК Х.Б 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ажиллаагүй үндэслэлээр цалин хөлс олгоогүй мөртлөө цагийн хүснэгтэд бүртгэсэн. Энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажлаас халахыг хориглосон. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан сахилгын ноцтой зөрчлийг ажилтан Х.Б гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Хөдөлмөрийн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг тус тус зөрчсөн тул Х.Б-г ажилд эгүүлэн тогтоож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 483 622 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Б дохиолол холбооны 3 дугаар ангид ажиллаж байсан. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгт 2000 оноос ажиллаж эхэлсэн. 2017 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс Х.Б хүний нөөцөөр ажиллаж байна. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б2-256 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30.2.4, Нийгэмлэгийн дүрмийн 22-аз, Замын даргын 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шуурхай хурлын шийдвэр, замын даргын 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн тушаал зэргийг мөрдөж ажиллаагүй учир Хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ цуцалж, Дохиолол холбоо, эрчим хүчний албанд шилжүүлсэн. Ш.Баасансүрэнгийн асуудал Х.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах гол үндэслэл болсон.

Дохиолол холбооны 3 дугаар ангийн даргын 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Д1-70 дугаар тушаалаар Ш.Баасансүрэнг ажиллуулсан ч Олон улсын вагонд шүргүүлж нас барсан. Х.Б тухайн ажилтныг авч ажиллуулахдаа Замын даргын 6 дугаар сарын 15-ны өдрийн 274 дугаар тушаалыг биелүүлээгүй. Галт тэрэгний хөдөлгөөнтэй холбоотой ажлын байранд ажиллаж байгаа хүнтэй Багш шавийн гэрээ заавал байгуулах ёстой. Уг  тушаалын 1 дүгээр хавсралтын журмын 3.2.1, 3.2.3, хөдөлмөрийн гэрээ зэргийг Х.Б зөрчиж, 5.3.5, 5.3.6-д заасан нөхцөл бүрдүүлсэн. Х.Б талийгаачийг ажлын байранд гаргахдаа багш шавийн гэрээ байгуулаагүй. Ажлын байрны тодорхойлолтын 3.16, 3.19, Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.3.5, 9.3.6, 12.6, 12.13, 12.16-д заасныг тус тус зөрчсөн. 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн замын даргын удирдсан шуурхай хуралд Х.Б тодорхой ярьсан нь тэмдэглэлээс харагдана. Шуурхай хурлын тэмдэглэлд эрх бүхий албан тушаалтнууд гарын үсэг зурдаг. Нэхэмжлэгч тал хурлын тэмдэглэлд хэлсэн ярьсан зүйл буруу бичсэн гэж маргаж байгаа бол энэ асуудлыг гэрчээр нотлуулах боломжтой байсан. 2017, 2018 оноос Багш шавийн гэрээ байгуулах асуудал яригдаагүй, өмнө нь байсан, 2018 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Багш шавийн гэрээ байгуулах дүрэм, журмыг боловсронгуй болгосон. Шуурхай хурал дээр Х.Б 2014 оноос багш шавийн гэрээ байгуулан ажиллаж ирснийг хэлсэн. Х.Б ажил үүргээ гүйцэтгэж явахдаа хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд заасан чиг үүрэг биелүүлээгүй, ажилдаа хайнга хандаж, өөрийн эс үйлдлийн улмаас хүний амь нас хохирох нөхцөл бүрдүүлсэн зэргийг харгалзаж ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, Дохиолол холбооны ангийн албанд шилжүүлсэн. Замын даргын 258 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 141 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2014 оноос батлагдсан дүрэм, журмын дагуу багш шавийн гэрээ байгуулж ирсэн. Ажил олгогч, ажилтан нар хөдөлмөрийн аюулгүй байдал хангаж ажиллах үүрэгтэй. Ажил олгогчийг төлөөлж хүний нөөц үүрэг гүйцэтгэдэг. Өөрөө багш шавийн гэрээ байгуулж, шинэ ажилтантай тулж ажиллах ёстой. Ажилтан ирцийн бүртгэлд өөрөө гарын үсэг зурж баталгаажуулдаг. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б эмчийн акт өгсөн. Х.Бгийн эмнэлгийн магадлагааг хуурамч болохыг шалгаж тогтоож, эмнэлгийн даргад тоот явуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дах заалтыг баримтлан нэхэмжлэгч Х.Б-гийн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-дхолбогдох Дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 483 622 төгрөг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь бодитоор үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд: Шүүхийн шийдвэр нь хэрэгт багш шавийн гэрээ байгуулаагүй, Замын даргын А-274 тоот тушаалын 3.2.3 дах заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй зөрчил гаргасан гэх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Ажилтан өөрийн буруутайг хүлээн зөвшөөрсөн тайлбар бодит үнэнтэй нийцэж байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. Харин хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг хурлын шийдвэрт үндэслэн гаргасан бөгөөд Х.Б-д ногдуулахаар шийдвэрлэсэн сахилгын шийтгэл нь хөдөлмөрийн хуульд байхгүй сахилгын шийтгэлийн хэлбэр юм. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “УБТЗ-ын даргын 2018 оны А-274 тоот тушаалаар Хүний нөөцийн албаны үүрэгт “Захиргаа-багш-шавийн гэрээ байгуулах, дүгнэх журам”-ыг боловсруулан баталж мөрдүүлнэ” гэж заасан боловч УБТЗ-ын Хүний нөөцийн алба уг тушаалд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас энэ журам батлагдаагүй. Тус байгууллагын хүний нөөцийн албанаас баталсан “Захиргаа-багш-шавийн гэрээ байгуулах, дүгнэх" журам байхгүй, батлагдаагүй журмыг зөрчсөн гэж ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй. Замын даргын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн А-274 дугаар тушаалыг Улаанбаатар хотод гарган баталж, Сайншанд дах Дохиолол холбооны 3 дугаар ангид 2018 оны 8 дугаар сард очсон бөгөөд Х.Бд гарын үсгээр танилцуулаагүй байдаг.

Уг байгууллагын багш шавийн гэрээг ахмад дадлага туршлагатай ажилтан шинэ залуу ажилтан нар харилцан тохиролцсоны үндсэн дээр хийж гарын үсэг зурсны дараа Дохиолол холбооны 3 дугаар ангийн дарга Д.Хатанзориг гарын үсэг зурж баталгаажуулсанаар хүчин төгөлдөр болдог байна. Ажил хүлээлцэх үед тус байгууллагад хийгдэж байсан багш шавийн 28 гэрээг комиссоор хүлээлцсэн бөгөөд багш шавийн гэрээг дүгнэж, урамшуулалд 80 000-100 000 төгрөгийг ажил олгогчоос багшид олгож байсан тохиолдол байхгүй байсан нь байгууллагын хэмжээнд хийгдэж байсан багш шавийн гэрээ ач холбогдолгүй байсныг харуулна. УБТЗ-ын даргын 2016 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А-58 тоот тушаалаар батлагдсан “Эрсдлийн үнэлгээний журам”, 2017 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн А-36 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйг сайжруулах тухай”, 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А-499 тоот тушаалаар батлагдсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажиллах хуваарь батлах тухай” зэрэг Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах талаар гаргасан тушаалуудад багш шавийн гэрээний тухай дурдагдаагүй нь багш шавийн гэрээ ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбоотой заалт байхгүйг нотолж байна. Иймд ажилтныг багш шавийн гэрээ байгуулаагүй нь үйлдвэрлэлийн осол гарсан шалгаан нөхцөл бүрдүүлсэн гэж үзэх  үндэслэлгүй.

Талууд хөдөлмөрийн гэрээний сахилгын ноцтой зөрчилд дээрх зөрчлийг гаргасан тохиолдлыг хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох сахилгын ноцтой зөрчил гэж үзэж хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байна. Анхан шатны шүүхээс ХАБЭА-н ямар тогтоосон дүрэм, журмын заалтыг зөрчсөн, үүнээс болж үйлдвэрлэлийн осол гарсан эсэх, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн асуудал хариуцсан алба хэлтсийн дүгнэлтээр тогтоогдсон эсэхэд дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэсэн огноотой Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ Улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж ажил олгогчид хүргүүлсэн байдаг. Ослын дүгнэлт ажил олгогчийн өөрийнх нь харьяанд байдаг хөдөлмөрийн улсын байцаагчийн дүгнэлт байх тул шүүх энэ талаар баримтыг судалж үзэлгүй хариуцагчийн тайлбарт үндэслэн цаг хугацааны зөрүүтэй баримтаар хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна. Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх шүүгчийн ажиллагаа” зөвлөмжид зааснаар үнэлэх учиртай. Харин шүүх маргаантай асуудал үүсэх үед байгаагүй нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Ажилтан 2018 оны 9 дүгээр сарын 26-нд өглөө ажил дээрээ ирж цагаа бүртгүүлэн гарын үсэг зурсан боловч даралт ихдэн дотор муухайрч, толгой эргэж, бөөлжсөн зовиуртайгаар эмнэлэгт очин эмчилгээ хийлгэсэн. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд ажлын цаг 8-12, 13-17 гэж тусгагдсан бөгөөд нийт 2 удаа ажилд ирэх 2 удаа ажлаас гарах цаг заасан боловч зөвхөн 1 удаад гарын үсэг зурагддаг маягтыг хөтөлдөг бөгөөд нийт ажилтнууд өглөө ирсэн цагаа тавьж гарын үсэг зурж хэвшсэн байдаг.  УБТЗ-ын Дохиолол холбооны 3 дугаар ангийн дарга Д.Хатанзориг 9 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод томилолтоор ажиллаж байсан атлаа худал нотлох баримтыг шүүхэд ажилласан гэж албан бичгээр өгсөн байдаг. Мөн Х.Бгийн 1074324 дугаар бүхий хөдөлмөрийн чадвар түр алдалтын хуудсыг УБТЗ-ын Хүний нөөцийн албаны ажилтан Д.Довзодмаагийн шаардлагаар Сайншандаас Дохиолол холбооны 3 дугаар ангиас шуудангаар явуулсан нь баримтаар тогтоогддог бөгөөд Хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авах эрхийг ноцтой зөрчсөн. Иймд Х.Б 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өвчтэй байсны улмаас ажиллаагүй болохыг түүний эмнэлгийн картны хуулбар, эмнэлгийн хуудас, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цалин олгоогүй, мөн 6 хоног өвчтэйгээр ажил олгогч өөрөө табель хүснэгтэд тусгасан зэргээр тогтоогдож байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасныг зөрчин хөдөлмөрийн гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлтэй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эмчийн магадлагаагаар чөлөөтэй байсныг ажил олгогч мэдэх боломжгүй гэж үзлээ” гэж дүгнэсэн нь талуудын маргаагүй асуудлаар шүүх дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна. Хариуцагч Х.Бг тухайн өдөр ажилласан гэж маргаж, харин өвчтэй байсныг мэдээгүй талаар маргадаггүй. УБТЗ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-Н-251 тушаалын 2-т Х.Б-гийн 9 дүгээр сарын 26-ны өдрийн дотор хүлээлцүүлэхийг заасан байдаг боловч уг заалт хэрэгжээгүй төдийгүй 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Дохиолол холбооны 3 дугаар ангийн дарга Д.Хатанзориг комисс томилсон тушаал гаргаж 10 дугаар сарын 02-ны өдөр ажил хүлээлцсэн мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан ажил хүлээлцэх үеийн олговор олгогдоогүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 7 483 622 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.

Хэрэгт авагдсан хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын даргын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б-II-251 дугаар тушаалаар Дохиолол холбооны 3 дугаар ангид хүний нөөцийн менежер ажилтай Х.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрөөр цуцалж, Дохиолол холбоо, сүлжээ, эрчим хүчний албаны мэдэлд шилжүүлж, ажлаас халах сахилгын шийтгэл  ногдуулсан. /х.х-ийн 5 дугаар тал/

Уг тушаалд Дохиолол холбооны 3 дугаар ангийн дагалдангаар ажиллаж байсан ажилтанд багш шавийн гэрээ байгуулаагүй, Замын даргын 2018 оны А-274 тоот тушаалын 3.2.3 дах заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй, хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, 43 дугаар зүйлийн 43.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.4, нийгэмлэгийн дүрмийн 22 дугаар зүйлийн “а”, ”з” заалтууд, Замын даргын удирдан хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэл болгожээ.

Ажилтанг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл ажил олгогч өөрөө нотлох үүрэгтэй.

УБТЗын даргын удирдан хийсэн 2018 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шуурхай зөвлөгөөний хурлаас Х.Б-гийн ажлын байрыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн бөгөөд уг зөвлөгөөний хурлын тэмдэглэлд нэхэмжлэгч Х.Б-г 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр гарсан үйлдвэрлэлийн ослын улмаас хүний амь эрсдсэн асуудалд багш шавийн гэрээ байгуулаагүй, Замын даргын 2018 оны А-274 тоот тушаалын 3.2.3 дах заалтын хэрэгжилтийг мөрдөж ажиллаагүй гэх зөрчил гаргасан гэж үзсэн байна.

Нэхэмжлэгч Х.Б-гийн гаргасан дээрх зөрчлийг хөдөлмөрийн гэрээний 5.3.6-д заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрэм, журмыг ноцтой зөрчиж хүнд болон бүлэг осол гаргаж, түүний улмаас хүний амь үрэгдсэн, түүнээс урьдчилан сэргийлэх, байнгын хяналт тавих үүргээ биелүүлээгүй нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан алба /хэлтэс/-ны дүгнэлтээр тогтоогдсон гэж хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд хамааруулан улмаар хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтын 3.19-д заасан шинэ залуу ажилтныг багш шавийн гэрээгээр ажиллуулж дадлагажуулах, хяналт тавьж ажиллах үүргээ биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Түүнчлэн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ улсын байцаагчийн ослын дүгнэлтэд “осол гарахад нөлөөлсөн хүчин зүйл ажил удирдагч хяналт тавиагүй, шинээр орсон ажилтанд багш шавийн гэрээ байгуулаагүй, УБТЗ-ын ХАБЭА-н дүрэм танилцуулаагүй, аюултай бүсэд ажиллах журмаар сургалт зохион байгуулаагүй, аюулгүй ажиллах арга барилд сургаагүй, осолдогч аюулгүй байдлаар хангаж ажиллаагүй зэрэг зөрчлүүд гаргасан” гэж заасан /х.х-ийн 96 дугаар тал/ бөгөөд хүний нөөцийн менежерийн ажлын байрны тодорхойлолтод шинэ залуу ажилтныг багш шавийн гэрээгээр ажиллуулж дадлагажуулах, хяналт тавьж ажиллах үүргээ нэхэмжлэгч Х.Б биелүүлээгүй гэж үзнэ.

Тиймээс нэхэмжлэгч Х.Б нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэж ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

Нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан өдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан гэх байдал эргэлзээгүй баримтаар нотлогдоогүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн хуудас нь 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэсэн огноотой, 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цагийн бүртгэлд нэхэмжлэгч нь гарын үсэг зурсан байх тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т зааснаар эмчийн магадлагаа буюу эмнэлгийн хуудсаар чөлөөтэй байсан гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ2019/00463 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                 ШҮҮГЧИД                                            Б.НАРМАНДАХ

                                                                                                              Д.БАЙГАЛМАА