Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 88

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: Е.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гарьд овогт Ерэнтэйн Дамбийнямд холбогдох 201715000116 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 45 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, малчин, ам бүл-5, эхнэр, 3 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн ЗүүнбаянУлаан сумын 2 дугаар баг Модотын энгэр гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Гарьд овогт Ерэнтэйн Дамбийням /РД: ЙС72032312/  
Шүүгдэгч Е.Дамбийням нь 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ О.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар сандалаар толгойн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Е.Дамбийням шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчид хохирол төлбөрт 500000 төгрөг төлж барагдуулсан. Дахин гэмт хэрэг хийхгүй гэв.  
Хохирогч О.Уранчимэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутагт байх Догоо гэх эгчтэйгээ золгохоор нөхөр хүүхдүүдийн хамт оччихоод гэртээ ирээд байж байтал орой 23 цагийн үед Е.Дамбийням ах манайд согтуу орж ирээд ахыгаа гэрт хүргээд өг гэхээр нь би хүргэж өгөх гээд алхаад гэрт ороод буцаад гарах гэтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь танайхан дандаа яахаараа ингэж байдаг юм бэ? Танайханд ер нь өөдтэй хүмүүс байдаг биш гэж хэлтэл над руу сандал шидээд миний толгойг хагалчихаад хөөгөөд гаргачихсан. Тухайн үед би согтуу байсан учраас зуухны тагаар цохисон гэж бодож байсан. Тэгтэл үгүй юм байна лээ. Дараа нь бодоод байхад сандал шидчихсэн байсан. Өмнөх байцаалтандаа би балмагдаад зуухны тагаар цохисон гээд хэлчихсэн. Би Е.Дамбийнямаас эмчилгээний зардалд 500000 төгрөг авсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 16-18 хуудас/ 
 Гэрч Г.Орхон хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Яг хэдэн сарын хэдэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна. 2017 оны 03 дугаар сарын эхээр өглөө 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас О.Уранчимэгийн хамаатны хүн нь манай эгчийн толгойноос цус алдаад тогтохгүй байна, хүнд цохиулчихсан, очоод үзээдэх гээд дуудлага өгсөн. Тэгээд би өгсөн дуудлагын дагуу гэрт нь очиход зүүн талын орон дээр толгойгоо боочихсон хэвтэж байхаар нь хэд хоногийн өмнө цохиулсан юм бэ? гэхэд 3, 4 хоногийн өмнө цохиулсан гэхээр нь би боолтыг нь тайлаад харахад хүрэн өнгийн тав тогтчихсон 5-6 см орчим зүсэгдсэн шарх байсан. Тэгээд би өвчин намдаах тариа хийж шархийг нь цэвэрлэж боогоод сумын эрүүл мэндийн төвд авч ирж 13 дугаар маягт бөглөн өгч аймгийн БОЭТ-ийн гэмтлийн эмнэлэгт үзүүлэх саналтай явуулсан. /хх-ийн 19 хуудас/  
Гэрч Б.Оюунбилэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… О.Уранчимэг нь над дээр ирж үзүүлэхдээ толгой өвдөөд байна гэсэн зовиуртай ирсэн. Тухайн үед бие нь дунд зэргийн байдалтай байсан ба духны аль нэг талд нь гүйцэт эдгээгүй сорви байсан болохоор нь би толгойныхоо томограийн зураг авахуулаад ир гээд бичиг хийж өгөөд анхны үзлэг дээр тархины гэмтлийн үлдэц гэх оноштой санд шивсэн. О.Уранчимэгийн духны эдгээгүй сорви нь духныхаа яг хаана нь байсныг нь би сайн санахгүй байна. /хх-ийн 20 хуудас/  
Гэрч Т.Байгалмаа хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Тухайн хэрэг гарсны маргааш би Е.Дамбийнямийнд золгохоор очоод О.Уранчимэгийн гэрт ортол толгойгоо боочихсон байхаар нь чи толгойгоо яачихсан юм бэ? гэтэл Е.Дамбийням сандал шидээд толгой хагалчихсан гэж хэлсэн. Тэгээд би Отгон гэх эгчтэйгээ очиж золгочихоод Арвайхээр сум руу буцахдаа О.Уранчимэгийг аваад аймагт ирээд эмнэлэгт үзүүлье гэж бодоод эргээд гэрт нь ирэхэд О.Уранчимэг нь морио унаад гараад явчихсан байсан. /хх-ийн 22-23 хуудас/  
Гэрч Т.Эрдэнэцэцэг хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Тэр өдөр манайд золгохоор хүмүүс ирээд бид нар баярын өдөр учраас архи ууцгаасан. Тэгээд 15 цагийн орчимд Е.Дамбийням нь согтоод уначихсан. Орой 23 цагийн үед манай саахалт айл болох О.Уранчимэгийн гэрт хүмүүс чанга чанга яриад байхаар нь би нөхрийгөө очоод юу болоод байгааг хараадах гээд явуулсан. Тэгээд би охиныхоо гэрт ороод унтчихаад өглөө сэртэл манай нөхөр Е.Дамбийням би өчигдөр шөнө О.Уранчимэгийн толгой руу сандал шидчихсэн, чи очоод хараадах гэхээр нь би очтол О.Уранчимэгийн толгой нь хагарчихсан даавуугаар боочихсон байхаар нь би дахиж шинээр боож өгсөн. /хх-ийн 24 хуудас/  
Гэрч Т.Цогбаяр хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ:… Би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр өглөө эхнэр хүүхдүүдийн хамт эгчийндээ очиж золгочихоод үдээс хойш гэртээ ирээд эхнэр хүүхдүүдээ үлдээчихээд Отгонхүү гэх эгчийндээ очиж золгохоор ганцаараа яваад маргааш нь гэртээ ирэхэд Е.Дамбийням ах манай эхнэр О.Уранчимэгийг сандалаар цохиж толгойг нь хагалчихсан байсан. /хх-ийн 25 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 26ны өдрийн №144 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:… О.Уранчимэгийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, дух зүүн чамархайн хэсгийн язарсан шархны сорви бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 31 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХ-ийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/31 дугаартай үнэлгээний тайлан, шүүгдэгч Е.Дамбийнямын сэжигтэн, 
яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч О.Уранчимэгийн шүүгдэгч Е.Дамбийнямтай сайн дураараа эвлэрсэн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт /хх-ийн 1, 3, 9-14, 39-40, 43, 58-60, 62-68 хуудас/  
Шүүгдэгч Е.Дамбийнямын хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 09 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 45-46, 50 хуудас/  
Шүүгдэгч Е.Дамбийнямын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Е.Дамбийням нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч О.Уранчимэгтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний толгойн тус газар нь сандалаар цохиж хохирогч О.Уранчимэгийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Е.Дамбийнямын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч О.Уранчимэгийн 2017 оны 03 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед Е.Дамбийням ах манайд согтуу орж ирээд ахыгаа гэрт хүргээд өг гэхээр нь би хүргэж өгөх гээд гэрт ороод буцаад гарах гэтэл намайг хэл амаар доромжлоод байхаар нь би өөдөөс нь танайхан дандаа яахаараа ингэж байдаг юм бэ? Танайханд ер нь өөдтэй хүмүүс байдаг биш гэж хэлтэл над руу сандал шидээд миний толгойг хагалчихсан. Гэрч Г.Орхоны 2017 оны 03 дугаар сарын эхээр өглөө 10 цагийн үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас О.Уранчимэгийн хамаатны хүн нь манай эгчийн толгойноос цус алдаад тогтохгүй байна, хүнд цохиулчихсан, очоод үзээдэх гээд дуудлага өгсөн. Би өгсөн дуудлагын дагуу гэрт нь очиход О.Уранчимэг зүүн талын орон дээр толгойгоо боочихсон хэвтэж байсан. Боолтыг нь тайлаад харахад хүрэн өнгийн тав тогтчихсон 5-6 см орчим зүсэгдсэн шарх байсан. Гэрч Б.Оюунбилэгийн О.Уранчимэгийн бие нь дунд зэргийн байдалтай байсан ба духны аль нэг талд нь гүйцэт эдгээгүй сорви байсан. Тэр сорви нь духныхаа яг хаана нь байсныг нь би сайн санахгүй байна. Гэрч Т.Байгалмаагийн О.Уранчимэг толгойгоо боочихсон байхаар нь чи толгойгоо яачихсан юм бэ? гэтэл Е.Дамбийням сандал шидээд толгой хагалчихсан гэж хэлсэн. Гэрч Т.Эрдэнэцэцэгийн манай нөхөр Е.Дамбийням би өчигдөр шөнө О.Уранчимэгийн толгой руу сандал шидчихсэн, чи очоод хараадах гэхээр нь би очтол О.Уранчимэгийн толгой нь хагарчихсан байсан. Гэрч Т.Цогбаярын би 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр эхнэр хүүхдүүдээ үлдээчихээд Отгонхүү гэх эгчийндээ очиж золгохоор ганцаараа яваад маргааш нь гэртээ ирэхэд Е.Дамбийням ах манай эхнэр О.Уранчимэгийг сандалаар цохиж толгойг нь хагалчихсан байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №144 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХ-ийн 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 05/31 дугаартай үнэлгээний тайлан, хохирогч О.Уранчимэгийн шүүгдэгч Е.Дамбийнямтай сайн дураараа эвлэрсэн, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хүсэлт, шүүгдэгч Е.Дамбийнямын сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Е.Дамбийнямын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзлээ.    
Шүүгдэгч Е.Дамбийнямд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  
Шүүгдэгч Е.Дамбийням нь бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан үзэв.   
Хохирогч О.Уранчимэгийн шүүгдэгч Е.Дамбийнямтай сайн дураараа эвлэрсэн, цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн хэрэгт авагдсан хүсэлтээр хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрсэн болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч Е.Дамбийнямд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Е.Дамбийнямыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.  
Шүүгдэгч Е.Дамбийням нь согтуугаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д …Согтуурал буюу мансуурлын байдалтай байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй… гэж заасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг удирдлага болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хөлтэй сандал 1 ширхэгийг устгаж, хэрэгт түр хураагдаж ирсэн хохирогч О.Уранчимэгийн томограийн зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгож,  
Шүүгдэгч Е.Дамбийнямын эзэмшлийн 600000 төгрөгийн үнэ бүхий бор бөөртэй, цагаан зүсмийн, 4 настай хязаалан үхэр /сарлаг/ 1 толгойг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,   
Шүүгдэгч Е.Дамбийням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Уранчимэгт 500000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдаж,   
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 302 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч Е.Дамбийнямд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Е.Дамбийнямд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.  
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:   
1.Шүүгдэгч Гарьд овогт Ерэнтэйн Дамбийнямыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч Гарьд овгийн Ерэнтэйн Дамбийнямыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан 
шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   
3.Шүүгдэгч Е.Дамбийням нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Уранчимэгт 500000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэсэн болохыг тус тус дурьдсугай.   
4.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр хөлтэй сандал 1 ширхэгийг устгаж, хэрэгт түр хураагдаж ирсэн хохирогч О.Уранчимэгийн томограийн зураг 1 ширхэгийг хохирогчид буцаан олгосугай.  
5.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Е.Дамбийнямын эзэмшлийн 600000 төгрөгийн үнэ бүхий бор бөөртэй, цагаан зүсмийн, 4 настай хязаалан үхэр /сарлаг/ 1 толгойг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай хэрэг бүртгэгчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Е.Дамбийнямд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
7.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
8.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Е.Дамбийнямд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ