Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 156/ШШ2020/00546

 

 

 

 

2020 оны 07 сарын 09 өдөр

 

 

Дугаар 156/ШШ2020/00546

 

 

Хэрлэн сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

156/2020/00500/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, .. дугаар хороо, ....... хорооолол,...... тоотод оршин суух, З овогт М Д /РД: ............/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын ... дугаар баг, ............... тоотод оршин суух, Б  овогт Г Б /РД:........../-д холбогдох 95-90 УБН улсын дугаартай тоёото кроун суудлыг автомашин гаргуулах, мөн тээврийн хэрэгслийн зөрүү үнэд шилжүүлсэн 2,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Д би 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр иргэн Г.Б харилцан тохиролсоны үндсэн дээр тээврийн хэрэгсэл солилцсон. Ингэхдээ зөрүү үнэ өгч солилцохоор болсон. Энэхүү тохиролцооны дагуу өөрийн эзэмшлийн 95-90 УБН улсын дугаартай Тоёото Кроун маркийн суудлын автомашинаа Г.Б эзэмшилд шилжүүлж, түүний эзэмшлийн боловч ББСБ-ын өмчлөлд фидуцын гэрээний дагуу түр шилжсэн байсан 69-68 УНК улсын дугаартай Тоёото Кроун маркийн машиныг өөрийн эзэмшил ашиглалтад хүлээн авч, түүнд үнийн зөрүү 2,800,000 төгрөгийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр шилжүүлсэн. Энэ өдөр Г.Б надад өөрийн машиныг  5,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд түр шилжсэн байгаа гэж хэлсэн ба тэр надаас авсан 2,800,000 төгрөгийг машиныхаа зээлд шилжүүлнэ, үлдэгдлийг 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулаад, зээлийн барьцаанаас чөлөөлж өгнө гэсэн. Бид Г.Б дээрх үүргийг гүйцэтгэсний дараа харилцан өөр, өөрийн нэр дээрх тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж өгөхөөр болсон. Ийнхүү би тохиролцооны дагуу өөрийн эзэмшилийн 95-90 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг түүний эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн, мөн зөрүү 2,800,000 төгрөгийг өөрийн эхнэр Б.Д ХААН банкны 5058158747 тоот данснаас Г.Б ХААН банкны 593601189 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд Г.Б нь өөрийн эзэмшлийн ББСБ-ын нэр дээрх 69-68 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний ашиглалтад өгсөн. Гэтэл Г.Б нь ББСБ-д өр төлбөрөө төлөөгүйн улмаас 2020 оны 2 дугаар сард ББСБ нь түүний машиныг надаас хурааж авсан. Ингээд би Г.Б чиний машиныг ББСБ-аас хурааж авсан уг асуудлаа цэгцэлж, намайг хохиролгүй болгож өг, эсвэл миний машиныг болон зөрүү 2,800,000 төгрөгийг буцааж өг гэдэг шаардлагыг тавьсан. Тэрээр тодорхой арга хэмжээ аваагүй бөгөөд өнөөдрийг хүртэл миний машиныг ч өгөхгүй, мөнгө ч өгөхгүй, утсаа авахгүй алга болсон. Иймд Г.Б миний өмчлөлийн 95-90 УБН улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгслийг гаргуулж, мөн машины зөрүүд шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Г.Б холбогдуулан өөрийн өмчлөлийн 95-90 УБН улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгсэл болон машины зөрүү үнэд шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчид шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч М.Д нь өөрийн эзэмшилийн 95-90 УБН улсын дугаартай Тоёото кроун маркийн автомашиныг хариуцагч Г.Б эзэмшлийн 69-68 УНК улсын дугаартай Тоёото кроун маркийн автомашинаар сольж, үнийн зөрүүд нэхэмжлэгч М.Д нь хариуцагч Г.Б 2,800,000 төгрөгийг өгөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан Г.Б тодорхойлолт /хх-ийн 6/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 8/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 9/, уулзалтын тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

Дээрх харилцаанаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулагдсан байх бөгөөд хариуцагч нь энэ талаар маргаагүй байна.

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэлийн талаарх хариу тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байхад тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хариуцагч Г.Б 95-90 УБН улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгсэл болон машины зөрүү үнэд шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Б 95-90 УБН улсын дугаартай Тоёото Кроун маркийн тээврийн хэрэгсэл болон машины зөрүү үнэд шилжүүлсэн 2,800,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч М.Д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 123,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамж 123,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАРИНА