2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/442

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,

           улсын яллагч О.Нандинцэцэг /ЧД/,

            шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, Б.Энхтүвшин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********гийн ***********ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2411002680439 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 2001 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ***********суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, *************** дугаар сургуульд түүх нийгмийн багш ажилтай, ам бүл 5, эх болон эгч дүү нарын хамт ************* дүүргийн ***************** дүгээр хороо, **************** хотхоны ************** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *********** овгийн ***********гийн *********** ***********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Малын Тэжээл Өвс Зарна Авна" гэсэн хаягтай нэгдсэн зарын групп дээр "***********Л" гэсэн цахим хаягаас "Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna" /Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна/ гэсэн утга агуулга бүхий зар тавьж Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан,

-2016 оноос 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд өөрийн оршин суудаг Хан-Уул дүүргийн ********** дүгээр хороо, *********** хотхоны ************* тоот гэртээ Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг хадгалсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний бие гэр бүл дотроо ганцаараа морь уядаг, морь уяад 6-7 жил болж байна, зундаа Улаанбаатар хотын Өлзийт хороололд бие даагаад морь уядаг байсан юм. Манай аавын аав *********** гэх хүнд уг хотонгийн хошуу байсан юм байн лээ, тэгээд гэр орон нь шатаад хэдэн судар, хотонгийн хошуу үлдсэн нь манай гэрт өвлөгдөж дамжигдан явсан юм. Манай аав *********** 2016 онд морь мал уяж эхэлж байгаа гээд надад хотонгийн толгойтой хошуу өгсөн.Морь мал уядаг хүнд байхад сайн гээд дом болгож л өгсөн, хадагт ороолттой байдаг байсан. Манай аав 2020 оны 06 дугаар сард нас барсан. 2023 онд би бүх морь малаа зарчхаад морь уяхаа больё гэж шийдээд өвлөгдөж ирсэн хотонгийн хошууныхаа үнэ ханшийг мэдэх санаатай "***********Л” гэх өөрийн хуучин адуу мал зарахдаа ашигладаг байсан хаягаас Малын тэжээл өвс зарна, авна нэгдсэн хаягт “Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна” гэж би өөрөө байршуулсан. Уг хотонгийн надад л хадгалагддаг байсан миний өөрийн хошуу мөн. Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан хотонгийн хошууг аваад явж байхад цагдаа хураасан, тэгээд *********** ах руу залгаад “ахаа би хотонгийн хошуу авч явж байгаад цагдаад хураалгачихлаа, таных гээд хэлчихсэн шүү, танаас 9906 дугаартай хүн залгаж асуух байх шүү, та өөрийнхийгөө гээд хэлчихээ дүү нь төрийн албанд ажиллаж байгаа болохоор хэрэгт орооцолдож болохгүй байна” гэж гуйсан юм. Тэгээд *********** ах минийх гэж хэлж яваад одоо хамт буруудсан байсан. Энэ хотонгийн хошуу *********** ахад ямар ч хамааралгүй юм. Би анх 2016 онд уг хошууг өвлөж авахдаа хотонгийн хошуу гэж мэдсэн, дом хийдэг хошуу гээд морь мал уядаг хүмүүс хэрэглэдэг юм байна лээ тэрнээс нэн ховор болохгүй амьтных гэдгийг ойлгоогүй одоо л мэдэж байна.” гэв. (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч ***********ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, Б.Энхтүвшин нар нь: “...*********** гэмт хэрэг үйлдсэн нотлогдож тогтоогдоогүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч ***********ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд:

            Шүүгдэгч *********** нь 2016 оноос 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд  морь уясан газарт болон өөрийн оршин суудаг ************* дүүргийн ************ дүгээр хороо, *********** хотхоны ************** тоот гэртээ Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг хадгалсан,

            Мөн 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим орчинд "Малын Тэжээл Өвс Зарна Авна" гэсэн хаягтай нэгдсэн зарын групп дээр "***********Л" гэсэн цахим хаягаас "Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna" /Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна/ гэсэн утга агуулга бүхий зар тавьж Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заасан нэн ховор амьтны жагсаалтад багтсан борцгор хотон шувууны хошууг бусдад худалдахыг завдсан үйл баримт нь:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дахь тал),

 

2. “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Байгаль орчин уур амьсгалын сангийн бичиг хэрэг, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн ***********ийн: "... Засгийн газрын Тусгай сангийн тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д "байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого", 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмж борлуулсны орлого зэргийг манай дансанд тушаах ёстой байдаг…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

3. Мөрдөгч ***********ын: 2023 оны 12 дугаар зүйлийн 27-ны өдөр Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн эрүүгийн мөрдөгч цагдаагийн хошууч *********** би “*****************.Л” гэсэн хаягаас 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Малын тэжээл өвс авна зарна нэгдсэн” фейсбүүк цахим групп дээр “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna” гэсэн зар байршуулсан байсныг 2023-ны өдрийн 12 дугаар сарын 26-ны өдрийн 16 цаг 29 минутад гэрэл зургийг дарж бэхжүүлснийг мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх (хавтаст хэргийн 18 дахь тал),

 

4. Хүний биед үзлэг хийж, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн: “...***********оос гаргаж өгсөн Фейсбүүкээр зар тавьж бусдад худалдан борлуулах гэж байсан хотон шувууны хошуу гэх амьтны гаралтай түүхий эдийг шинжилгээнд хүргүүлэх зорилгоор хэрэгт эд мөрийн баримтаар хураан авлаа...” гэж, (хавтаст хэргийн 26-28 дахь тал),

 

5. Гэрч ***************: “...Миний бие Экологийн цагдаагийн албаны захиргаан удирдлагын хэлтэст жижүүрийн цагдаагаар ажилдаг бөгөөд 2023 оны 12 дугаар сарын сүүлээр 25 болон 26-ны өдрүүд санагдаж байна. Би Фейсбүүк ухаад байж байхад “***********Л” гэсэн Фейсбүүк хаягаас “Hotongiin hoshuu yaraltai belen mungund hymd zarna" гэсэн зарыг “Малын Тэжээл Өвс Зарна Авна" гэсэн хаягтай нэгдсэн групп дээр 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр тавьсан байсан. Тэгээд би тухайн хаяг руу нь ороод ямар учиртай юм бол гээд үзэхэд тухайн өдрөөс 1-2 хоногийн өмнө бас дээрх зарыг тавьсан байсан. Тэгээд би энэ хүн агнахыг хориглосон хотон шувууны түүхий эдийг бусдад зарж борлуулах гээд байгаа юм байна гэж бодоод би цагдаагийн алба хаагчийнхаа нийтлэг үүргийн хүрээнд тэр үедээ эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нарт энэ талаар мэдээлэл өгсөн. Би тэр хотонгийн хошуу зарна гэж зар тавьсан хүнийг танихгүй, би тэр хүнтэй уулзаж байгаагүй. Тэр хүн ч гэсэн намайг танихгүй бөгөөд бид 2 өмнө нь уулзаж байгаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

6. Гэрч ****************: “...*********** нь миний төрсөн дүү байгаа юм, Манай дүү *********** 2023 оны 12 дугаар сарын сүүлээр одоо өдрийг нь нарийн сайн санахгүй байна, аавын талаас өвлөгдөж ***********ид байдаг байсан хотонгийн хошууг манай дүү зарах гэж байгаад цагдаад хураалгасан байна гэж анх би ээжээс л сонссон, тэгээд өөрөөс нь асуухад тиймээ өвлөгдөж өөрт байсан хотонгийн хошууг зарах гэж байгаад цагдаад хураалгасан гэж ярьсан, өөр нарийн зүйл би мэдэхгүй. Манай аав *********** нь одоо нас барчихсан байгаа амьд байх үедээ 2016 онд айлын ганц хүү, мөн тухайн үедээ хурдан морь уядаг байсан болохоор тэрэнтэй холбоотой гэж л хотонгийн хошууг өгсөн байх, юунд хэрэглэдгийг би мэдэхгүй, сүүлд фейсбүүк ухаж үзэхэд хурдан морь мал уядаг хүмүүс л хэрэглэдэг юм байна гэж ойлгосон. Тэр хошуу нь аавын аав буюу манай өвөө *********** гэдэг хүнээс дамжигдаж ирсэн л гэж би сонссон, бид нарыг мэдээ орох үед өвөө байгаагүй нас барсан байсан, харж байгаагүй хүн сүүлд л энэ асуудлаас болж сураг сонсоход яригдаж ирсэн, анх хэзээ хаанаас тэр хошуу гарч ирснийг би мэдэхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),

 

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд ирүүлсэн амьтны гаралтай эд эрхтэн нь Хотонтон баг- Pelecaniformes, Хотонгийхон овог-Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus (Bruch, 1832) зүйл шувууны толгойн хэсгийн арьс, хошуу байна. Уг толгойн арьс, хошуунаас хүйсийг нь тогтоох боломжгүй.

Хотонтон баг-Pelecaniformes, Хотонгийхон овог-Pelacanidae, Борцгор хотон-Pelecanus cripus (Bruch, 1832) нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт нэн ховор амьтны жагсаалтад багтсан болно.

Шинжилгээнд ирүүлсэн толгойн арьс, хошуунаас агнагдсан байдал, цаг хугацааг тогтоох боломжгүй. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 сарын 05 өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-ээр Борцгор хотон-Pelecanus cripus (Bruch, 1832), нэг толгойд 11.790.000 төгрөгөөр үнэлсэн байна…” гэх (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

8. Шүүгдэгч ***********ийн: “...Миний бие гэр бүл дотроо ганцаараа морь уядаг, морь уяад 6-7 жил болж байна, зундаа Улаанбаатар хотын Өлзийт хороололд бие даагаад морь уядаг байсан юм. Манай аавын аав *********** гэх хүнд уг хотонгийн хошуу байсан юм байн лээ, тэгээд гэр орон нь шатаад хэдэн судар, хотонгийн хошуу үлдсэн нь манай гэрт өвлөгдөж дамжигдан явсан юм. Манай аав *********** 2016 онд морь мал уяж эхэлж байгаа гээд надад хотонгийн толгойтой хошуу өгсөн, морь мал уядаг хүнд байхад сайн гээд дом болгож л өгсөн хадагт ороолттой байдаг байсан. 2023 онд би бүх морь малаа зарчхаад морь уяхаа больё гэж шийдээд өвлөгдөж ирсэн хотонгийн хошууныхаа үнэ ханшийг мэдэх санаатай "***********Л” гэх өөрийн хуучин адуу мал зарахдаа ашигладаг байсан хаягаас Малын тэжээл өвс зарна, авна нэгдсэн хаягт “Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна" гэж би өөрөө байршуулсан. Уг хотонгийн надад л хадгалагддаг байсан миний өөрийн хошуу мөн.

Би 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр фейсбүүк цахим сүлжээнд байршуулсан хотонгийн хошууг аваад явж байхад цагдаа хураасан, тэгээд *********** ах руу залгаад ахаа би хотонгийн хошуу авч явж байгаад цагдаад хураалгачихлаа, таных гээд хэлчихсэн шүү танаас 9906 дугаартай хүн залгаж асуух байх шүү, та өөрийнхийгөө гээд хэлчихээ, дүү нь төрийн албанд ажиллаж байгаа болохоор хэрэгт орооцолдож болохгүй байна гэж гуйсан юм. Тэгээд *********** ах минийх гэж хэлж яваад одоо хамт буруудсан байна, энэ хотонгийн хошуу *********** ахад ямар ч хамааралгүй юм” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 71 дэх  тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.

 

Борцгор хотон шувууг Амьтны тухай хуульд нэн ховор амьтнаар бүртгэж, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ийн I хавсралт, Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлийг хамгаалах тухай конвенц (CMS)-ийн нэгдүгээр хавсралтад бүртгэлтэй байна.

Амьтны тухай хуулиар амьтныг хамгаалах, өсгөн үржүүлэх, түүний нөөцийг зохистой ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.3 дахь заалтад “нэн ховор амьтан” гэж тархац нутагтаа бүхэлдээ, эсхүл ихэнх хэсэгт тоо толгой эрс цөөрсөн, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон амьтныг ойлгоно гэжээ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Борцгор хотон /Pelicanus crispus/,...зэрэг амьтан хамаарна” гэж заасан байх тул гэмт хэргийн халдлагын зүйл болох борцгор хотон шувууны толгойн хэсгийн арьс, хошууг нэн ховор амьтан, түүний түүхийн эд гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Түүнчлэн Амьтны тухай хуулийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно”, мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт “...нэн ховор амьтны ...бусад түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглоно.”, 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.”, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ.

 

Нэн ховорт тооцогдсон амьтны арьс, яс, түүхий эдийг эзэмших, ашиглах, захиран зарцуулахыг  иргэний гүйлгээнд хориглосон байдаг.

 

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, шүүгдэгч *********** нь яллагдагчаар мэдүүлэхдээ “…Манай аав *********** гэх хүнд уг хотонгийн хошуу байсан юм байна лээ, манай аав *********** 2016 онд морь мал уяж эхэлж байгаа гээд надад морь мал уядаг хүнд байхад сайн гээд дом болгож л хотонгийн толгойтой хошуу өгсөн нь хадагт ороолттой байдаг байсан. 2023 онд би бүх морь малаа зарчхаад морь уяхаа больё гэж шийдээд өвлөгдөж ирсэн хотонгийн хошууныхаа үнэ ханшийг мэдэх санаатай "***********Л” гэх өөрийн хуучин адуу мал зарахдаа ашигладаг байсан хаягаас Малын тэжээл өвс зарна, авна нэгдсэн хаягт “Хотонгийн хошуу яаралтай бэлэн мөнгөнд хямд зарна" гэж би өөрөө байршуулсан” гэж мэдүүлсэн,

мөн гэрч ************ нь “...Манай дүү *********** 2023 оны 12 дугаар сарын сүүлээр, одоо өдрийг нь нарийн сайн санахгүй байна, аавын талаас өвлөгдөж ***********ид байдаг байсан хотонгийн хошууг манай дүү зарах гэж байгаад цагдаад хураалгасан байна гэж анх би ээжээс л сонссон. Тэгээд өөрөөс нь асуухад тиймээ өвлөгдөж өөрт байсан хотонгийн хошууг зарах гэж байгаад цагдаад хураалгасан гэж ярьсан. Манай аав *********** нь амьд байх үедээ 2016 онд айлын ганц хүү, мөн тухайн үедээ хурдан морь уядаг байсан болохоор тэрэнтэй холбоотой гэж л хотонгийн хошууг өгсөн байх, юунд хэрэглэдгийг би мэдэхгүй, сүүлд фейсбүүк ухаж үзэхэд хурдан морь мал уядаг хүмүүс л хэрэглэдэг юм байна гэж ойлгосон” гэж мэдүүлсэн зэргээс үзвэл,

шүүгдэгч ***********ийн эцэг н.***********  нь 2016 онд өөрийн хүүдээ  хотон шувууны хошууг морь уяхтай холбогдуулан өгсөн, шүүгдэгч нь энэ үеэс ашиглаж ирсэн төдийгүй улмаар 2023 онд морь малаа зарсантай холбогдуулан тухайн нэн ховор амьтны түүхий эдийг бусдад зарж худалдаж ашиг олох зорилгоор цахим зард  байршуулсан үйлдлийг хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч *********** нь тухайн нэн ховор амьтны түүхий эдийг хувийн ашиг сонирхлын үүднээс бусдад худалдах, иргэний гүйлгээнд оруулахаар олон нийтийн зарын группт тавьснаар бусад иргэн тухайн зарыг харах, худалдаж авах боломж, нөхцөл нээгдсэн байна.

Харин шүүгдэгчийн нэн ховор амтны түүхий эдийг зарах гэсэн үйлдлийг цагдаагийн албан хаагч нь үндсэн чиг үүргийнхээ дагуу олж мэдэн таслан зогсоосон нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн шинжгүй байна гэж үзлээ. Тодруулбал, шүүгдэгч *********** нь фейсбүүк сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрч группэд тавьсан зарын дагуу цагдаагийн албан хаагч түүнтэй холбогдож улмаар гэмт хэргийг илрүүлсэн нь ***********ийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг үгүйсгэх нөхцөл байдал болохгүй юм.

Эцэст нь дүгнэхэд, шүүгдэгч *********** нь эцгээс өвлөгдөж ирсэн гэх хотон шувууны  арьс, хошууг зохих байгууллагаас зөвшөөрөл авч хадгалаагүй, морь мал уяхдаа зориулан ашиглах зэргээр зориулалтын бусаар захиран зарцуулж хадгалж ирсэн төдийгүй морь уяхаа больж зарсантай холбогдуулан ашиг олох зорилгоор худалдах гэж оролдсон энэ үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *********** нь хотон шувууны хошууг 2016 онд эцгээсээ авч хадгалсан үйлдэл нь тодорхой хугацаанд үргэлжлэн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэрэг үйлдэгдэж дууссан байх тул гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдэж төгссөн дээрх хугацаагаар тогтоож, дээрх үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулиар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй юм. Өөрөөр хэлбэл шүүгдэгч өөрийн үйлдэлдээ хандах субьектив харьцаа нь тухайн үйлдэл, эс үйлдэхүйг хийх үед үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн үйлчлэлд хамаарагдах учиртай.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал, Б.Энхтүвшин нарын  “...*********** холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

 

Харин Эрүүгийн хуулийн нэг зүйлд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол ердийн бүрэлдэхүүнээр нь зүйлчлэн шийдвэрлэдэг. Тиймээс шүүгдэгч ***********ийг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр буюу Эрүүгийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч ***********ийн үйлдэл нь тусгай зөвшөөрөлгүй ховор амьтныг хадгалснаар бүрдэл төгссөн гэмт хэрэг байх тул хотон  шувууны түүхий эдийг худалдан борлуулахыг завдсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлд заасан зохицуулалтыг журамлах шаардлагагүй гэж дүгнэв.  

 

Шүүгдэгчийн дээрх түүхий эдийн зүйлийг хувийн ашиг сонирхлыг үүднээс хадгалсан, худалдахыг завдсан зэрэг үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байх ба хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэн байна.

Иймд шүүгдэгч *********** нь нэн ховор амьтан болох “Борцгор хотон” шувууны хошууг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрөлгүй хадгалж, худалдахыг завдсан нь Амьтны тухай хуулийг зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй … тэдгээрийн түүхий эдийг…хадгалсан, худалдахыг завдсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр  гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр”, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт зааснаар  “амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ”, “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж, 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан...этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заасны дагуу нөхөн төлүүлэхээр байна.

Экологи-эдийн засгийн үнэлгээ гэдэг нь Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.25-д зааснаар тухайн амьтны оршин амьдрах нөхцөл болон экологийн, эдийн засгийн, эрх зүйн, нийгмийн ач холбогдлоор нь үнэлсэн тусгай аргачлалын дагуу тооцсон нэгж жингийн  мөнгөн үнэлгээ юм.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 247 дугаартай шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар  “...Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ” -нд Борцгор хотон  Pelecanus crispus/-г 11.790.000 төгрөгөөр үнэлж тогтоосон байна.

Иймээс Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар хоёр дахин өсгөж тогтооно гэсний дагуу шүүгдэгч ***********оос 11.790.000х2=23.580.00 төгрөг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч “...шүүгдэгч ***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин: “…Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон цэргийн байгууллагад алба хааж байгаа байдал, өөрөө гардаж тухайн нэн ховор амьтныг агнаагүй зэргийг харгалзан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү…..” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Мөнхцацрал: “…***********ийн хувийн байдал болох дээд боловсролтой, цэргийн алба хааж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялын хамгийн бага нэгжээр торгох ял оногдуулж, түүнийгээ 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү...” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч *********** нь “...Би амьтны аймагт учирсан хор уршгийг төлнө. Мөн торгох ял шийтгүүлэх саналтай байна. Намайг олон шавь нар маань цэрэгт явсан гэж хүлээж байгаа. Гэтэл хорих ял аваад шавь нараасаа холдох нь миний хувьд хэцүү байна. Надад торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр байна.

Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5,  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг  дурдаж, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал буюу цэргийн албанд алба хааж байгаа зэргийг тус тус харгалзан шүүгдэгч ***********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлогын байдлыг нь харгалзан 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Тодруулбал, шүүгдэгч *********** нь урьд нь гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах” үндсэн үүргээ ёсчлон биелүүлж байгаа зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулах тухай прокурорын дүгнэлтийг хүлээн аваагүй болохыг тэмдэглэв.

 

Шүүгдэгч *********** нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан хотон шувууны хошууг Байгаль орчин, уур амьсгалын санд шийдвэрлүүлэхээр шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *********** овогт ***********гийн ***********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан, худалдахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ийг 10.000 (арван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 (арван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********ид оногдуулсан торгох ялыг 3 (гурван) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.    

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2 дахь заалт, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч ***********оос 23.580.000 (хорин гурван сая, таван зуун наян мянган) төгрөгийг гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хотон шувууны хошууг Байгаль орчин, уур амьсгалын санд шийдвэрлүүлэхээр шилжүүлсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.АЛТАНЦЭЦЭГ