| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00635/И |
| Дугаар | 156/ШШ2020/00637 |
| Огноо | 2020-08-13 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 156/ШШ2020/00637
| 2020 оны 08 сарын 13 өдөр | Дугаар 156/ШШ2020/00637 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00635/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ................... оршин суух, А.Г /РД:....................../-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч А.Г, прокурор Ж.Батбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч А.Г нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1953 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адрага суманд төрсөн. Би төрүүлсэн эх Эын төрсөн эгч болох Дт өргүүлсэн. Миний өргөж авсан эцэг Ч.Аа нь 1938 оны улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 10 жил хорих ялаар шийтгэгдэж 8 жил ял эдлэн гарсан. 1993 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн Улсын дээд шүүхийн 102 дугаар магадлалаар цагаатгагдсан. Иймд хэлмэгдэгч Ч.Аын охин А.Г надад нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Ч.Аа нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний төрсөн охин хүсэлт гаргагч А.Г мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч А.Г нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч А.Г нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 126 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Чимэдийн Аа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 19 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Ч.Аа нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ....... дугаартай шийдвэрийн хуулбар,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн .... тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1993 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 102 дугаар магадлалын хуулбар,
- Хэнтий аймгийн Цагаатгалын ажыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн........ дугаартай лавлагаа,
-1972 оны Шартал бригадын хүн амын бүртгэлийн архивын хуулбар,
-Хүсэлт гаргагч А.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
- Үндэсний төв архивын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн ............, ............., ............. дугаартай лавлагаанууд,
-А.Аын нас барсны бүртгэлийн лавлагаанууд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ч.Аа нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин А.Гд 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан.............. регистрийн дугаартай, А. Гд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА