| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2024/1016/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/846 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Б.Одхүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/846
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Энхзул,
улсын яллагч Б.Одхүү /томилолтоор/,
шүүгдэгч ***********, түүний өмгөөлөгч Л.Амартогос нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос *********** овогт ***********ийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308016500800 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ************** аймагт төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, өөрийн эх, хүүхдийн хамтаар ********** дүүргийн *************** хороо, *************** хорооллын **************** байрны *************** тоотод оршин суух хаягтай, урьд:
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, ялыг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр эдэлж дуусгавар болсон, *********** овогт ***********ийн *********** /РД:**********/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *********** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Орчлон хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн ***********ын эзэмшлийн Кавасаки нинжа ЕХ-650Л маркийн мотоциклийг өшиглөж унаган бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 3.880.173 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Миний буруу. Хохирогчийг танихгүй. Хохирлыг барагдуулъя гэхэд хохирогч надтай уулзахгүй байсан. Би нуруу нугасны өвчтэй тул 1 хөлөө даадаггүй юм. Тиймээс сүүлийн 2 жил ажил хийгээгүй.Тэр өдөр би 2 лааз пиво уусан байсан. Би хохирогчид учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байна” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл)
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч *********** нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр, Орчлон хорооллын гаднах автомашины зогсоолд байрлуулсан иргэн ***********ын эзэмшлийн Кавасаки нинжа ЕХ-650Л маркийн мотоциклийг өшиглөж унаган бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас 3.309.819 төгрөгийн шууд хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт нь:
1. Дуудлага лавлагааны хуудас: “согтуу эмэгтэй мотоцикл өшиглөөд унагаасан” гэх дуудлагыг өгч тэмдэглүүлсэн. (хавтаст хэргийн 18 дахь тал),
2. Хохирогч ***********ын: “...Би 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жинст өргөө орон сууц нийтийн аж ахуйн байрны дэргэд эмнэлэг орчхоод өөрийн эзэмшлийн *********** УН улсын дугаартай Кавасаки нинжа ЕХ-650Л маркийн мотоциклоо унаж ирээд зогсоол дээр байршуулсан. Тэгээд мотоциклоосоо буухад гар утас руу хүн залгахаар аваад ярьж байтал согтуу бололтой эмэгтэй хүн ирж яваа харагдсан. Тэр үед би нээх тоолгүй утсаараа ярьж зогсож байтал гүйж ирээд миний мотоциклийг өшиглөөд унагаачихсан. Тэгэхээр нь би юу болоод ингэсэн талаар асуухад “чиний энэ чинь юу юм” гээд орилж хашхираад биеэ авч явах чадваргүй нэлээн согтуу хүн байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан. Миний мотоцикл 2015 онд япон улсад үйлдвэрлэгдсэн Кавасаки нинжа ЕХ-650Л маркийн 2022 оны 6 дугаар сард Монгол улсад австрали улсаас орж ирсэн. Би 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хувь хүнээс 11 сая төгрөгөөр худалдан авч байсан. Одоогоор миний мотоциклийн тоормосны базуур хугарч, толь хугарсан, руль хазайсан, баруун талын баг хагарсан, зүүн талын толь сууриараа цуурсан байдалтай байна. Захиалгаар ирдэг учир засвар үйлчилгээ болон эд ангиудыг авчрахад нийтдээ 3.309.819 төгрөг болж байсан. Би албан ёсны үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэсэн. Бид хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Тухайн эмэгтэй миний замын урд тавьчихсан гээд өшиглөсөн гэж хэлсэн. Надад одоогоор 3.309.819 төгрөгийн хохиролтой байна. Хохирлыг минь барагдуулж, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),
3. "Тэнцвэр Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Кавасаки нинжа ЕХ-650Л мотоциклд учирсан шууд зардал 3.309.819 төгрөг, шууд бус зардал 420.354 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.880.173 төгрөг” (хавтаст хэргийн 35-37 дахь тал),
4. Шүүгдэгч ***********гийн: “...2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр орой 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хороолол 156 дугаар цэцэрлэгээс дүүгийн хүүхэд авах гээд ганцаараа явж байсан юм. Би тухайн үед бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба нэгэн мотоцикл яг урд явган хүний зам хаагаад хөндлөн тавьсан байсан. Тэгэхээр нь би “яагаад явган хүний зам дээр мотоцикл байдаг билээ” гээд уур хүрээд тухайн мотоциклийг нэг удаа өшиглөж унагаасан. Тэгтэл мотоциклийн эзэн хүрч ирээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-71 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч *********** нь тухайн өдөр согтуурсан үедээ бусдын эзэмшлийн мотоциклыг “өмнө нь тээглэлээ” гэх шалтгаанаар өшиглөж унагааснаас үүдэн иргэн ***********ын эзэмшлийн мотоцикль унаж, тоормосны базуур, толь зэрэг хугарсан, руль нь хазайсан, баруун талын баг хагарсан, зүүн талын толь сууриараа цуурсан зэрэг эвдрэл гэмтэл учруулсан нь хохирогч ***********ын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон болно.
Шүүхээс нотлох баримтаар тооцсон хөрөнгийн үнэлгээний тайлангаар Кавасаки нинжа ЕХ-650Л мотоциклд учирсан шууд зардал 3.309.819 төгрөг, шууд бус зардал 420.354 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.880.173 төгрөгөөр тооцож үнэлсэн нь хэмжээний хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад заасан хэмжээнээс дээш байх тул хууль зүйн хувьд бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзэв.
Шүүгдэгч *********** нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарласан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч ***********гийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн буюу “бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг тухайн зүйл хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно.
Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ***********ын эзэмшлийн Кавасаки нинжа ЕХ-650Л маркийн мотоциклд шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан тоормосны базуур, толь хугарсан, руль хазайсан, баруун талын баг хагарсан, зүүн талын толь сууриараа цуурсан зэрэг эвдрэл гэмтэл учирсан байх бөгөөд “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний хөрөнгө үнэлгээний тайлангаар шууд хохирлыг 3.309.819 төгрөг, шууд бус хохирлыг 420.354 төгрөг, нийт үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.880.173 төгрөгөөр тооцож үнэлсэн байна. (хавтаст хэргийн 35 дахь тал)
Иймд шүүгдэгч ***********гаас дээрх шууд болон шууд бус хохирлын нийлбэр дүн болох 3.880.173 төгрөгийг гаргуулж хохирогч ***********т олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч “...Шүүгдэгч ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч ***********гийн өмгөөлөгч Л.Амартогос: “...гэм буруу дээрээ маргаагүй, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байгаа. ***********д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 6 сараар тогтоож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байх ёстой.
Тус хэргийн хувьд, шүүгдэгч ***********гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч *********** нь өмнө энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн боловч дахин үйлдсэн түүний хувийн байдал, тус үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид хохирол төлсөн зүйлгүй зэргийг тус тус харгалзан прокурорын эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***********д 1 (нэг) жилийн хугацаагаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрийн хүрээнээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Учир нь, шүүгдэгч нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, хохирол төлж барагдуулаагүй, улмаар эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэх тул түүнд торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах үндэслэлгүй байна. Иймд дээрх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ***********д ял шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “***********д оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялын хугацааг 6 сараар тогтоох” тухай дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.
Шүүгдэгч *********** нь 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 35 (гучин тав) хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 35 (гучин тав) хоногийг хасаж, эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 (арван) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар тогтоов.
Шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *********** овогт ***********ийн ***********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь нийт 35 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон 35 (гучин тав) хоногийг хасаж, эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялын хэмжээг 10 (арван) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********гаас 3.880.173 (гурван сая найман зуун наян мянга нэг зуун далан гурав) төгрөгийг гаргуулж хохирогч ***********т олгосугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ***********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ