2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 01 сарын 08 өдөр

Дугаар  2025/ШЦТ/80

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Э.Ууганзаяа,

шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овгийн Ц Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2408********* дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

 

 

 

 

 

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” ХХК-ийн байрны орчим хохирогч Б.О “машинаа зогсоосонгүй” хэмээн маргалдан нүүр хэсэгт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тэр өдөр хоёрын хооронд зүйлээс болж хүний биед гэмтэл учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Ц.Б нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн орчимд Баянгол дүүрэг 3,4 дүгээр хороолол орчмоос найз нарын хамтаар таксинд сууж, Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн байрны орчим явж байхдаа жолооч Б.О тээврийн хэрэгслээ зам зуур зогсоосонгүй гэх шалтгаанаар нүүр хэсэгт нь гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт  дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байн. Үүнд:

  1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),

 

  1. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...хохирогч Б.О нь 1-6 гэж дугаарласан гэрэл зургийг хараад 1 гэсэн дугаартай Ц.Б өөрийг зодсон хүн мөн гэж заасан” (хавтаст хэргийн 5-9 дэх тал),

 

  1. Хохирогч Б.О: “…Би хувиараа 2024 оны 10 дугаар сарын 27-наас 28-нд шилжих шөнө 1 цагийн үед хорооллоос приус 41 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслээр 5 хүн суулгаад явсан юм. Замд нэг хүн нь Саппоро гэх автобусны буудалд буугаад үлдсэн. Ингээд цаашаа 2 эрэгтэй, 2 эмэгтэй зорчигчтой явсан ба тухайн хүмүүс Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, *** орно гэсэн. Ингээд явж байх үед авто сургууль дээр урд талын суудал дээр сууж байсан эрэгтэй нь зогс гээд байсан, харин ард сууж байсан эмэгтэй нь “яв, яв гэртээ эрт харьмаар байна” гэхээр нь би явсан. Тухайн эмэгтэйг эхнэр нь гэж бодсон, тэгсэн эхнэр нь биш байсан. Машинтайгаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо **** арын зам дээр явж байхад тухайн урд сууж байсан залуу машины хаалгыг онгойлгохоор нь би зогссон, ингээд тэр залуу машинаас буухаар нь би “чи яаж байгаа юм бэ” гэхэд намайг тухайн залуу “чи яахаараа зогсдоггүй юм бэ” гэж хэлээд шууд миний нүд хэсэгт 2 удаа, нүүрний зүүн хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохихоор нь би шууд нүүрээ барихад тухайн залуу миний толгой хэсэгт цохиод байхаар нь би болиулахаар тухайн залуутай барьцалдаж авсан. Тэгсэн тухайн залуу намайг түлхэж унагаагаад дээрээс 2 удаа хөл хэсэгт дэвсэлсэн. Энэ үед хамт явж байсан хүмүүс тухайн залууг надаас салгаж авсан. Тэгээд такси бариад явах гээд байхаар нь би “та нар байж бай, би цагдаа дуудна гомдолтой байна” гэхэд арын суудал дээр сууж байсан залуу нь “чи ямар төвөгтэй юм бэ” гэж хэлээд намайг түлхээд толгойруу гараараа хэд хэдэн удаа цохисон. Ингээд тухайн хүмүүс такси бариад явчихаар нь би араас нь хэсэг дагаж байгаад алдсан. Тухайн үед би шууд цагдаад дуудлага өгсөн ба нүүрээ харахад зүүн талын нүд, хацар, эрүү нэлээн хавдаж, хүндүүр орж цус гарсан байсан. Миний биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал эрүүнд зулгаралт гэмтлийг таньж олуулах ажиллагаагаар таньж олсон эрэгтэй учруулсан, сүүлд нэрийг нь сонсоход Б гэдэг нэртэй байсан. Надад тухайн гэмтлийг ганцхан Балжинням учруулсан. Намайг зодсон Б найзууд салгаад такси бариад явах гээд байхаар нь би явуулахгүй гэхэд Б найз эрэгтэй нь намайг чи ямар төвөгтэй юм бэ гэж хэлээд намайг түлхэж миний толгой хэсэгт цохисон, өөр газар цохиогүй. …Гэмт хэргийн улмаас хохиролд Б 1,100,000 төгрөг өгсөн…”  гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14, 16-18, 20-21 дэх тал),

 

4. Гэрч Э.Ө: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед манай найз Балжинням надруу залгаад “би Г, Х, Э хамт хороололд караокед байна, чи ажлаа тараад хүрээд ирээч” гэхээр нь би ажлаа тараад хорооллын караокед нь очиж, бид тав 1 шил 0,75 граммын Эдэн нэртэй архи, тус бүр 2 лааз пиво уусан. 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 01 цагийн үед караокенаас гараад би ***** байрлах эмээгийндээ очих гээд Б, Х, Э нарын гэр нь мөн адил Т-д байдаг болохоор бид 5 хорооллын Апекс дэлгүүрийн урдаас такси бариад Г саппора дээр бууж үлдээд бид дөрөв цаашаа суусан такситайгаа явсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн *** дүгээр хороолол хавьд явж байхад Б “би бөөлжөх гээд байна, түр зогсож байгаач” гэхэд таксины жолооч очих газраа очиж байгаад бөөлжөөч гээд зогсоогүй явчихсан. *** орчим явж байхад Б би машинд чинь бөөлжих гээд байна гээд тухайн жолоочтой маргалдаж байгаад машиныг нь зогсоогоод тухайн жолоочтой буугаад барилцаад авчихсан байсан. Х, Э хоёр намайг Б салгаач гэхээр нь би Б-г очиж салгасан чинь тухайн жолооч салахгүй болохоор нь би 1 удаа жолоочийг цааш нь түлхсэн чинь араас нь үг хэлээр доромжлоод байсан. Тэгээд нэг мэдсэн чинь манай Х, Э хоёр өөр такси барьчихсан, явъя гэхээр нь суугаад явчихсан. Би тухайн өдөр ухаантай, их ядарсан байсан. Би тухайн жолоочийг зодож цохисон зүйл байхгүй, Б-с салгах гээд нэг удаа цааш нь түлхсэн. Би тэр хоёрыг хоорондоо барилцаад авчихсан, ноцолдож байхыг нь л харсан, яг цохиж зодсон зүйлийг нь би анзаараагүй. Газар унасан зүйл бол болоогүй…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32 дахь тал),

 

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ***** дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ: “...хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд доод зовхинд бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Доод эрүүний зүүн хэсэгт 2х1,3см хүрэн өнгийн зулгаралттай. 2024.10.28-ны өдрийн Мед траума эмнэлгийнн Толгойн КТГ-н шинжилгээнд: Зүүн нүдний ухархайн дотор хана рүү цөмөрсөн хугаралтай... гэжээ.

Дүгнэлт: “…Б.О-н биед зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дахь тал),

 

6. Шүүгдэгч Ц.Б: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр манай 10 жилийн ангийн хүүхдийн хурим болоод бид нар 10 жилийнхээр нийлээд найз болох Итгэлийн хурим дээр очиж баяр хүргээд хэсэг байж байгаад удаан уулзаагүй найзуудаараа буцаж хорооллын эцэст бааранд найз Ө, Э, Х, Г-н хамтаар очиж хэсэг байж байгаад, тэндээс гараад хороололд байх бааранд найзуудаараа сууж пиво ууж байгаад 2024 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 02 цагийн үед такси бариад замд Г-г Саппорогийн буудал дээр буулгаад бид 4 такситайгаа цаашаа хамт явж Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороонд байрлах гэрлүүгээ явсан. Таксинд явж байхад би бөөлжих гээд байхаар нь түр зогсож байгаач гэсэн чинь тухайн жолооч зогсоогүй юм. Тэгэхээр нь би Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо **** орчим машины хаалгыг нь онгойлгосон чинь чи явж байхад машины хаалга онгойлгоод хаагаач гээд жолооч уурлахаар нь би машинаас нь бууж тухайн залуу дээр машиныг нь тойроод ирсэн чинь тухайн жолооч буугаад ирсэн. Тэгэхээр нь би тухайн жолоочийн цээж хэсэгт нь баруун гараараа нэг удаа цохиж жолоочид хандан “би бөөлжих гээд тэсэхгүй, машинаа зогсоод өгөөч” гэж гуйж байхад чи зогсож өгсөнгүй гэж хэлэн уурлан жолоочийн нүүр хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон, тэр үед манай найз намайг салгаад гарнаас зуурж болиулаад бид нар такси бариад би гэртээ харьсан. Би хохиролд 1,100,000 төгрөгийг хохирогч О-д өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна…” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хүний Эрхийн түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж заасан ба Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” хэмээн тунхаглан заасан байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан нийгэмд  аюултай  гэм буруутай үйлдэл,  эс үйлдэхүйг  гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “ энэ хуулийн  тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай  үйлдэл, эс үйлдэхүйн  улмаас хохирол,  хор уршиг  учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч Ц.Б нь найз Э.Ө, н.Э, н.Х, н.Г нарын хамт нийлж  Баянгол дүүрэг 3,4 дүгээр хороололд байрлах пабаар үйлчлүүлж, архи согтууруулах ундааны зүйлийг хэрэглэцгээсэн байх ба улмаар шөнийн 01 цагийн үед тус пабаас гарч хорооллоос Б.О жолоочтой, 41 маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сууж явж байх зуур машинаа түр зогсоох эсэх асуудлаас үүдэн Ц.Б нь жолооч Б.О маргалдан түүний нүүр хэсэгт хэд хэдэн удаа цохисон үйлдлийг хохирогч Б.О мэдүүлснээс гадна тэдгээрийг барьцалдаж авсныг харснаа гэрч Э.Ө гэрчилсэн, шүүгдэгч Ц.Б мөн өөрийн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалжтай байна.

Шүүгдэгч Ц.Б цохисон гэх хохирогчийн нүүр хэсэгт тодруулбал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, эрүүнд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан, уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул шүүгдэгчийн үйлдлээс улбаатайгаар хохирогчид гэмтэл учирсан, хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эндээс үзвэл, шүүгдэгч Ц.Б хохирогчийн эсрэг хийсэн үйлдэл нь хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдсан шинжтэй, энэ нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн шинжтэй байна.

Шүүгдэгч Ц.Б энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

            Хохирогч Б.О нь 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Мед траума эмнэлгийн дүрс оношилгоонд үзүүлсэн 150,000 төгрөгийн баримтыг хэрэгт хавсарган өгсөн байх бөгөөд мөрдөн байцаах ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Б нь хохирогчид эмчилгээний зардал гэж 1.100.000 төгрөгийг өгсөн болох нь хохирогчийн гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. (хавтаст хэргийн 46, 59, 85 дахь тал),

 

Улмаар хохирогч Б.О нь сэтгэцэд учирсан гэм хорын төлбөр нэхэмжилснийг шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв. Учир нь,

Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3-т “сэтгэцийн эмгэг” гэж өвчний олон улсын ангиллын “сэтгэц, зан үйлийн эмгэгүүд” бүлэгт заасан оношилгооны хэмжүүрээр оношилж болох бүх өвчнийг хамааруулахаар заасан байна.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д зааснаар Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн. Уг хуулийг дагалдуулан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

Тус гэмт хэргийн улмаас хохирогч Б.О хөнгөн гэмтэл учирсан байх ба “Нөхөн төлбөр тооцох жижиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд “хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэгийн нөхөн төлбөрийн хэмжээг  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хувь хэмжээгээр тооцохоор заасан байх тул хохирогчид учирсан хохирол, хор уршгийн байдлыг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг буюу 660.000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлж 3.300.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Б гаргуулж хохирогч Б.О олгохоор шийдвэрлэсэн болно. (хавтаст хэргийн 49-56 дахь тал)

 

Түүнчлэн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолтод хохирогч Б.О нь  2024 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын нэгдүгээр төв эмнэлгээс 20.000 төгрөгийн, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 3 удаагийн 25.000х3=75.000 төгрөгийн, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгээс 58.880 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох тухай прокурорын санал нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ц.Б нийт 153.880 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд олгохоор шийдвэрлэв. (хавтаст хэргийн 81 дэх тал)

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “... надад торгох ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Учир нь, би  ажил хөдөлмөр эрхэлж байж хохирогчид учирсан хохирлыг төлөх боломжтой” гэсэн саналыг тус тус гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүнд оногдуулж буй ял, албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгжих ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан  хэм хэмжээнд нийцэж, мөн хуулийн тусгай ангид зааснаар оногдуулж байгаа ялын төрөл, хэмжээ нь гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон гэм буруутай этгээдийн  хувийн байдалтай тохирч, бодит байдлаар бүрэн хэрэгжих, биелэгдэх боломжтой байснаар Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангадаг.

Иймээс шүүгдэгч Ц.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлоос тодорхой хэмжээгээр төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж, хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгч нь хохирогчид цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн байдал, мөн шүүгдэгч Ц.Б хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнд 380 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч Ц.Б нь торгох ял оногдуулж өгөхийг хүссэн боловч тэрээр өмнө энэ төрлийн хэргийг удаа дараа үйлдэж торгох ялаар шийтгэгдэж ирсэн атал дахин үйлдэж байгаа нь өөрийн үйлдэлдээ дүгнэлт хийж ухамсарлаагүйг илтгэх тул түүнд торгох ялыг оногдуулах боломжгүй гэж үзэж дээрх нийтэд  тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

   Шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих  ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-н Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б 380 (гурван зуун ная) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын  найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон  хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Б-с 3.300.000 (гурван сая гурван зуун мянган) төгрөгийг гаргуулж, хохирогч Б.О-д олгосугай.

 

5. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-с 153.880 (нэг зуун тавин гурван мянга найман зуун ная) төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн санд олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ