| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00574/И |
| Дугаар | 156/ШШ2020/00641 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2020/00641
156/ШШ2020/00641
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00574/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ............... оршин суух, У.Н /РД:......................../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................ оршин суух, М. М /РД:..................../,
.........................оршин суух, Ц. С. /РД:/ нарт холбогдох,
9 200 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч У.Н,
хариуцагч М.М, Ц.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2007 оны 8 дугаар сарын 19-ний өдөр М.М, Ц.С нартай тохиролцож худалдах, худалдан авах гэрээ хийн үйчилгээний объект бүхий амины орон сууцаа 50.000.000 төгрөгөөр, доторх бүрэн тавилгаа 2.200.000 төгрөгөөр худалдсан юм. Хариуцагч нар нь 50 сая төгрөгийг цувуулан 2017 оны 8 сард 20.000.000 төгрөг, 2017 оны 10 сард 15.000.000 төгрөг, 2018 оны 4 сард 8.000.000 төгрөг, нийт 43.000.000 төгрөг төлсөн. Үлдсэн 9.200.000 төгрөгийг төлөхгүй өнөөдрийг хүрсэн тул дээрх мөнгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.
Хариуцагч М.М, Ц.С нар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нахад 43 сая төгрөгийг маань буцаагаад өгчих. Та анх 7 өрөөтэй, саунтай гэж хэлсэн. Гэтэл саун байхгүй, дээврээс ус гоождог, хана нуралттай. Бүх юм нь бүрэн ажиллахгүй. Сард бохироо 2 удаа зөөдөг гэсэн боловч сар бүр асгадаг. Тоолуур нь ажиллахгүй, халаахгүй, хүлээж хүлээж байгаад ус нь тасардаг. Тоолуур нь шатаад дахиж сая гаран төгрөгөөр тоолуур авсан. Би банкнаас зээл хийж байгаад мөнгөө танд өгсөн. Би утсаа авахгүй байгаагүй, хөдөө мал дээр байдаг учраас сүлжээгүй байсан. Иймд нэхэмжилж буй 9 200 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч У.Ннь хариуцагч М.М, Ц.С нараас дутуу төлбөр 9.200.000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч М.М, Ц.С нараас шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...нэхэмжлэгч У.Нээс бид Өмнөдэлгэр сумын “Халуун-ус”-ны газрыг 50.000.000 төгрөгөөр үнэлж худалдаж авахад У.Ндутуу зүйлийг засаж өгнө гэсэн боловч засаж өгөөгүй... ...50.000.00 төгрөгний 43.000.000 сая төгрөгийг төлсөн, одоо 7 сая төгрөг үлдээд байгаа. Гэхдээ энэ төлбөрийг төлөх боломжгүй, 2.200.000 төгрөгийг хаанаас гаргаж ирээд нэхэмжилж байгааг мэдэхгүй...” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан болно.
Хариуцагч М.М, Ц.С нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан нэг талаас Уламбаярын Ннөгөө талаас Ц. С нар нь харилцан тохиролцож, 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан байна. Энэхүү гэрээний 1-д “Хэнтий аймгийн ....................... байрлах 173 м2, 128 м2 2 давхар 13 өрөөтэй үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлнэ”, мөн гэрээний 2-д “Үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч тал худалдан авагч талд 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр худалдах ба худалдан авагч тал төлбөрийг 2017 оны ... дугаар сарын ...-ны өдөр төлж дуусгасан байна” гэснээр хоёр тал харилцан тохиролцож, талууд гарын үсэг зурж баталгаажуулснаар гэрээ тус тус хүчин төгөлдөр болсон байх ба энэхүү гэрээнд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 20.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах талаар тусгагдсан хэдий ч талуудын маргаагүй байдлаар 50.000.000 төгрөгөөр худалдаж, худалдан авсан болох нь, хариуцагч талаас 43.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлж, нэхэмжлэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч талын өмчлөлд шилжүүлсэн, одоо 7.000.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх үйл баримтууд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн тайлбар, зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “...Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ...”, мөн 219 дүгээр зүйлийн 219.1-д “...Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хувьд өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй...” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хариуцагч М.М, Ц.С нараас дутуу төлбөр 9.200.000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Тухайн “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний худалдан авагч тал гэсэн хэсэгт хариуцагч Ц.Сгийн гарын үсэгтэй, харин М.М гарын үсэг зураагүй хэдий боловч нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах талаар нэхэмжлэгч У.Нби хариуцагч М.Мтэй харилцан тохиролцсон байх ба М.М нь бичиг үсэг мэддэгүй байх тул түүний эхнэр болох Ц.Стай гэрээ байгуулж, гарын үсэг зурсан учир хариуцагчаар тодорхойлсон гэснийг буруутгах үндэслэлгүй.
Иймд, хариуцагч М.М, Ц.С нараас 7.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Нэд олгож, харин хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч У.Нээс 2.200.000 төгрөгний тавилгыг хариуцагч нарт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаарх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй тул нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан төлүүлэхээр заасны дагуу хариуцагч М.М, Ц.С нараас 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Нэд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч М.М, Ц.С нараас 7.000.000 /долоон сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч У.Нэд олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 2.200.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар нэхэмжлэгч У.Нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.М, Ц.С нараас 126.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Нэд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН