| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00590/И |
| Дугаар | 156/ШШ2020/00640 |
| Огноо | 2020-08-14 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 14 өдөр
Дугаар 156/ШШ2020/00640
156/ШШ2020/00640
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00590/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ......................тоотод оршин суух, Л.Ё /РД:СЭ47021574/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Мөрөн сум, 4 дүгээр багт оршин суух, Тэлмэн овогт Лгийн Д /РД:СО44021512/-т холбогдох,
10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Л.Ё, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан,
хариуцагч Л.Д,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ш.Л нь 1953 оны 10 дугаар сарын 22-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, улмаар Хэнтий аймгийн шүүхийн 1954 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 01 дүгээр хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66, 137 дугаар зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдэж, Улсын дээд шүүхээс 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 175 дугаар тогтоолоор цагаатгасан юм. Нөхөх олговрын 40.000.000 төгрөгийг ах Л.Д нь дүү Л.Ё, Л.Л, Л.Ж бид нараас итгэмжлэл авч шүүх хуралд оролцож, Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаартай шийдвэрээр 40.000.000 төгрөгийг 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өөрийн дансандаа аваад Л.Л болон Л.Ж нарт 20.000.000 төгрөгийг өгч надад ногдох 10.000.000 төгрөгийг өгөөгүй. Иймд хэлмэгдэгч Лгийн төрсөн хүү болохын хувьд нөхөх олговрын мөнгөнөөс өөрт ногдох хувийг авах ёстой гэж үзээд өөрийн төрсөн ах болох Дгээс 10.000.000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Л.Д нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би аавынхаа хэлмэгдсэний 40,000,000 төгрөгийг хөөцөлдөж авсан нь үнэн. Анх энэ мөнгийг авах гэж бөөн хэрүүл болсон. Манай дүү гэрт ирээд намайг загнаж байгаад 20.000.000 төгрөгийг нь аваад явсан. Би Ёийн 10.000.000 төгрөгтэй нийлээд 20.000.000 төгрөгийг авсан нь үнэн. 10.000.000 төгрөгийг яагаад өгөхгүй вэ гэхээр би 70 хэдэн жил 7 өнчин хүүхдээ тэжээх гэж бор зүрхээрээ явж ирсэн. Би 1984 онд энэ хүнд амьдралаа дээшлүүлэг гэж бодоод 2 азарга адуу буюу 80 тооны адуу, 1986 онд 1 азарга адуу, планета-4 мотоцикл зэргийг өгч байсан. Ёд өгсөн 80 адуу шинэ мотоцикл зэргийг одоогийн ханшаар үнэлбэл 60 гаруй сая төгрөгийн үнэлгээ гарч байгаа учраас би энэ хүнд 10.000.000 төгрөгийг өгөхгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Л.Ё нь хариуцагч Л.Дгээс нөхөн олговрын өөрт ногдох хувь 10.000.000 /арван сая/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Л.Дгээс шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа “...дүү Л.Ёд 10.000.000 /арван сая/ төгрөг өгөх боломжгүй. Учир нь, би Л.Ёд 1984 онд 2 азарга адуу буюу нийлээд 80 тооны адууг амьжиргаанд тус нэмэр болгох зорилгоор өгсөн... ...1986 онд “Планета-4” мотоцикл өгсөн. Дүү Л.Ёд өгсөн 80 адуу, шинэ мотоцикл одоогийн ханшаар 60.000.000 /жаран сая/ гаруй төгрөгний үнэлгээ гарч байна. Иймд, би нөхөн олговрын дүү Л.Ёд ногдох 10.000.000 /арван сая/ төгрөгийг өгөх боломжгүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
Хариуцагч Л.Дд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч хариуцагч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй байх ба хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч Л.Ёд 1984 онд 80 тооны адуу, 1986 онд “Планета-4” мотоцикл өгч байсан гэх үйл баримт энэ хэрэгт хамааралгүй болно.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаадлагаа нотлох зорилгоор Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаар шийдвэрийн баталгаат хуулбар, Л.Д, Л.Ё, Л.Л, Л.Ж нарын хооронд байгуулсан хэлцэл бүхий баримтын баталгаат хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргажээ.
Хэрэгт авагдсан Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаар шийдвэрээр “...хариуцагч Л.Д нь хэлмэгдэгч Ш.Лгийн төрсөн хүү болохыг тогтоож, Л.Дд 40.000.000 /дөчин сая/ төгрөгний нөхөх олговор олгохоор шийдвэрлэж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ш.Лгийн хүүхдүүд болох Л.Д, Л.Ё, Л.Л, Л.Ж нар нөхөх олговрыг тэнцүү хэмжээгээр хуваан авахаар тохиролцсон... ...өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэр гарсны дараа хэлмэгдэгчдийн хүүхдүүд нь хоорондоо хийсэн тохиролцооны дагуу нөхөх олговрыг тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой болно...” гэх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар тогтоосон байна.
Иймд, хэлмэгдэгч Ш.Лгийн 40.000.000 /дөчин сая/ төгрөгийн нөхөх олговрын өөрт ногдох хэсгийг нэхэмжлэгч Л.Ё, Л.Д нар хоорондоо хийсэн тохиролцоо, хэлцлийн үндсэн дээр тэнцүү хэмжээгээр хувааж авах ёстой байсан нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүхэд ирүүлсэн болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Л.Дгээс 10.000.000 /арван сая/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ёд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 174.950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН