Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/324

 

 

 

 

 

         2021           3           30                                        2021/ДШМ/324

 

Л.Лд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэнэ,

шүүгдэгч Л.Лы өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Лы өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлоор Л.Лд холбогдох 2002004090265 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Л нь 2020 оны 7 дугаар сарын эхэн үеэр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 43-29 тоот хашааны дэргэд ургасан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчны гудамжны 32 дугаар байрны гадна талын хашаан дотор байрлах автомашины гражид савны хамт 156 грамм хэмжээтэйгээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Л.Лы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт Лувсангомбын Л.Лыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лувсангомбын Л.Лыг 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Лд оногдуулсан 1 /нэг/ жил 2 /хоёр/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн 2002004090265 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 156 грамм өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөлөх бодисын ургамал, тугалган цаас, LHUVSANGOMBO гэсэн бичиглэлтэй шаргал өнгийн карт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, притка нэг ширхэг, тал притка хоёр ширхэг, цаасны хутганы ир мэт богино металл нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, AL0744230 гэж хаягласан 20-тын мөнгөн дэвсгэрт, AU615130 гэж хаягласан 50-тын мөнгөн дэвсгэртийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэх /Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримтын өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, Эрүүгийн 2002004090265 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Л.Л нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Лд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Лы өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараахь гомдлыг гаргаж байна. Үүнд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т болон мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгчид ашигтай, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн Эрүүгийн хуулийн энэ 2 заалтын бүх шаардлагыг шүүгдэгч Л.Л бүрэн хангасаар байтал шүүх энэ заалтуудыг хэрэглээгүй.

            Шүүгдэгч Л.Л нь байгальд ургадаг өвсийг түүж, хэрэглэснээс химийн аргаар боловсруулсан хар тамхийг олж авч, хадгалж, хэрэглээгүй. Байгальд ургадаг өвс болон химийн аргаар гаргаж авсан хар тамхинуудын ялгамжтай байдлуудыг шүүх харгалзан үзээгүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог эрүүгийн хариуцлагын зорилгыг анхан шатны шүүхээс харгалзаж үзээгүй. Зан үйлээ засах сургалтанд хамруулж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож тодорхой хугацаагаар хорих ял оногдуулахгүй тэнсэж шийдвэрлэх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй юм.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлууд, Л.Лы хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухааран ойлгосон байдал зэргийг харгалзан үзэж Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, эсхүл ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Лд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Лд холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж шийдвэрлэсэн. Шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Л.Л нь 2020 оны 7 дугаар сарын эхэн үеэр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хангайн 43-29 тоот хашааны дэргэд ургасан Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухайн конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан тетрагидроканнабинолын агууламжтай өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, улмаар 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ажилчны гудамжны 32 дугаар байрны гадна талын хашаан дотор байрлах автомашины гражид савны хамт 156 грамм хэмжээтэйгээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-9/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх 10-11/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 12-14/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх 21-24/ зэрэг нотлох баримтууд болон,

“...Шинжилгээнд ирүүлсэн “Лувсангомбо Л.Л РД: ШВ86041677” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Лувсангомбо Л.Л РД: ШВ86041677” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндсэний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 4218 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 27-30/,

“...Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, тугалган цаас, “LUVSANGOMBO” гэсэн бичигтэй шаргал өнгийн карт, бор өнгийн зүйлээр бохирлогдсон гялгар уут, перикта 1 ширхэг, тал перитка 3 ширхэг, “АL0744230” гэж хаягласан 20-тын мөнгөн дэвсгэрт, “AU6151330” гэж хаягласан 50-тын мөнгөн дэвсгэрт тус бүрээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад багтдаг болно. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 4217 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 31-37/,

“...Л.Л нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Л.Л нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Л.Л нь мансууруулах донтой эсхүл мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 765 дугаартай шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /хх 38-40/,

“...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 12 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0,1 граммыг шинжилгээнд зарцуулав. ...” гэх 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 4692 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх 41-44/,

Яллагдагч Л.Лы “...2020 оны 7 дугаар сарын эхээр архи ууж яваад 21 дүгээр хорооллын дүүргийн автобусны буудлын зүүн талд байрлах Тоосгоны 4 дүгээр гудамжаар өгсөөд цагаан худагны хажууд явж байгаад бие засах гээд нэг үерийн далангийн дэргэд очоод бие зассан. Тэгээд анзаараад хартал тэнд каннабис ургасан байхаар нь сонирхоод түүж аваад Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Ажилчны гудамж 32 дугаар байрны грашид аваачаад хадгалсан. Ингээд 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр цагдаа нарт баригдсан. Грашнаас савтай өвс зэрэг зүйлс илэрсэн. Илэрсэн бодисыг би 21 дүгээр хорооллын үерийн далан байсан газраас түүсэн. Тухайн үед би ганцаараа байсан бөгөөд өвсийг ганцаараа түүсэн. ...” гэх мэдүүлэг /хх 55-56/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Х.Баярааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Баяраагийн өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, уг бодисыг хадгалсан үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Лы өмгөөлөгч Н.Намжилцогтын “...анхан шатны шүүхээс оногдуулсан 1 жилийн 2 сарын хорих ялаас чөлөөлж, тодорхой хугацаагаар тэнсэж өгнө үү. ...”  гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь, шүүгдэгч Л.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа хэдий ч гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, үйлдсэн гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь тооцон ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үздэг.

Гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно.

Сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулах хорт үр дагавартай учир хууль тогтоогч сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах зэрэг бүхий л үйл ажиллагааг хориглож, тухайн үйлдэл бүрийг гэмт хэрэгт тооцож хуульчилсан болно.

Монгол Улсын олон улсын гэрээнд зөвхөн тусгай зөвшөөрөл, хяналтын дор сэтгэцэд нөлөөлөх бодисыг бэлтгэх, худалдах, түгээх хэм хэмжээг тогтоосон бөгөөд “хууль бусаар олж авсан” гэдэгт тусгай зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвхөн эмчийн жороор олгохоос бусад аргаар өөрийн эзэмшлийнх болгосон аливаа үйлдлийг хамааруулан авч үзнэ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж тус тус заажээ.

Эдгээр зүйл, заалтууд нь шүүхэд эрх олгосон заалтууд бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалтууд биш байна.

Нөгөөтэйгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Л.Лы үйлдсэн гэмт хэрэгт оногдуулахаар хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан нь түүний гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Лы өмгөөлөгч Н.Намжилцогтын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны явц байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг /яллах дүгнэлтийн хавсралтад дурдагдсан/ хэрхэх талаар дурдаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу сидиг хэрэгт хавсарган үлдээх тухай шийтгэх тогтоолд нэмэлт заалт оруулахаар шийдвэрлэв.  

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Л.Л нь 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 56 цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн 2021/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах явц байдлыг бэхжүүлсэн дуу-дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шүүгдэгч Л.Л нь 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл нийт 56 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР        

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ