Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2022/0968

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Д*** овогтой Э*** /РД:*******/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г*** овогтой Ч***,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Г*** /ШТЭҮ:***/

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Г.Ж***, дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албаны Газар зохион байгуулагч Ц.О***, Д.О***,

Гуравдагч этгээд Г.Б*** нарын хоорондын газар албадан чөлөөлөхтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Э**** /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Г***, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж***, Ц.О***, гуравдагч этгээд Г.Б***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т*** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч Д.Э****гээс Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан “Газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэний гэр, хашааг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгуулах”-аар маргаж байна.
  2. Нэхэмжлэгч анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 1*** сарын 17-ны өдрийн А/642 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 2*** дугаар хороо, Х*** 1 хэсэг хаягт байрлах, нэгж талбарын 186*** дугаар бүхий 500 м.кв талбай бүхий газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрхтэй болсон.

                 Гуравдагч этгээд Г.Б*** нь маргаан бүхий газарт 2019 онд 2 тал хашаа барьж буусан. Үүнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс тухайн газраас нүүж, газрыг чөлөөлөх хүсэлтийг тавьсан ч гуравдагч этгээдийн зүгээс газрыг чөлөөлөөгүй тул 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан газар чөлөөлүүлэх хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “...газартай холбогдон үүссэн эд хөрөнгийн маргаан байх тул газар чөлөөлүүлэх маргаантай асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” гэсэн агуулга бүхий татгалзсан хариуг өгсөн.

            3. Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2022 оны 5 дугаар сарын 22-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргаас хариу өгөөгүй тул шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан.

            4. Нэхэмжлэгчээс шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “...Миний бие Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 1*** сарын 17-ны өдрийн А/642 дугаар захирамжийг үндэслэн тус дүүргийн 1*** хороо, Х*** дүгээр хэсэгт, нэгж талбарын 186*** дугаартай, 000545178 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй, 500 м.кв газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшдэг болно. Тус эзэмшлийн газар дээр айл дур зоргоогоо бууж гэр барин амьдарч байна. Бидний зүгээс тус айлаас газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан боловч шаардлагыг өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна. Миний бие уг асуудлаар 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргийн Засаг даргад хандсан болно.

            Иймд миний газрыг зөвшөөрөлгүй дур мэдэн эзэмшиж байгаа иргэний гэр, хашааг газраас албадан чөлөөлөх захирамж гаргахгүй байгаа Баянзүрх Дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар албадан чөлөөлөх захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.        

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтад “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга” гэж заасан байдаг. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дах хэсэгт “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж заасан байдаг. Газар эзэмших эрх зөрчигдөж байгаа тул албадан чөлөөлж өгөх агуулгатай нэхэмжлэл гаргасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж тодорхой тусгасныг үндэслэн нэхэмжлэл гаргасан” гэв.

  1. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Д.Э****д тус дүүргийн Засаг даргын 2014 оны 1*** сарын 17-ны өдрийн A/642 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 500м2 газрыг эзэмшүүлсэн. Уг захирамж нь хүчин төгөлдөр байгаа бөгөөд хариуцагчийн зүгээс газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах заалтад "нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” гэж заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хүчингүй болгох шийдвэр гаргана” гэж заасан. Иймд иргэн Д.Э****гийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөөгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дах заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “Захиргааны хүчингүй болгуулах акт гаргаагүй. Тухайн иргэн газар эзэмших гэрээний дагуу газрыг эзэмшиж, ашиглах, хамгаалах нь өөрийнх нь үүрэг. Энэ хэрэг маргаан Иргэний хэргийн шүүхээр хянан хэлэлцэгдэх маргаан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээн хүсэж байна. Ажлын албанд нэхэмжлэгчээс “...эзэмшлийн газарт дураараа айл буусан байна үүнийг нүүлгэж өгөөч” гэх гомдол ирсний дагуу “...иргэн хоорондын маргаан учир Иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” хэмээх албан бичгээр хариу явуулсан” гэв.

  1. Гуравдагч этгээд Г.Б***оос шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт хариу тайлбартаа: “...Миний бие ам бүл 7. Ямар ч газар авч байгаагүй. 2017 онд хоёр тал хашаа барьж буусан бөгөөд одоо 6 жил болж байна. Нэхэмжлэгч Д.Э****г танихгүй. Тухайн газарт өөр хүн ирж газар чөлөөлж өг гэж шаарддаг байсан. Хөрш айлын залуу таныг захиргааны хэргийн шүүхэд өгсөн тэнд хэргээ шийдвэрлүүлэхээр болсон гэж хэлсний дагуу хэргээ шийдвэрлүүлж байна” гэв.

                                                            ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх, нэхэмжлэгч Д.Э****гээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэл үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус хэмээн маргасан. Үүнд:

1. Гуравдагч этгээд нь бидний хууль ёсны дагуу эзэмшиж буй газарт зөвшөөрөлгүй буусан бөгөөд газар чөлөөлж өгөхийг удаа дараа шаардсан ч шаардлагыг биелүүлэлгүй өнөөдрийг хүрч байна,

2. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 болон 60 дугаар зүйлийн 60.1.2 дэх заалт зааснаар газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэж, дур мэдэн эзэмшсэн бол уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх үүрэгтэй ч энэхүү үүргээ биелүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж буй нь хууль бус

зэрэг үндэслэлээр тайлбарлан маргаж байна.

            3. Хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд,

            Нэхэмжлэгч Д.Э**** нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 1*** сарын 17-ны өдрийн А/642 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 1*** хороо, Х*** дүгээр хэсэгт, нэгж талбарын 186*** дугаар бүхий 500 м.кв талбай бүхий газрыг “иргэний ахуйн” зориулалтаар эзэмшдэг болох нь,

            Гуравдагч этгээд Г.Б*** нь тухайн маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээгүйгээр 2019 оноос гэр барин амьдрах болсон бөгөөд энэ хугацаанд дүүргийн Засаг дарга болон газрын албанд хандан газар эзэмших эрх хүссэн өргөдөл, хүсэлтийг гаргаж байгаагүй болох нь,

            Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хандан нэхэмжлэл гаргахаас өмнө гуравдагч этгээд Г.Б***од хандан газрыг чөлөөлж өгөх шаардлагыг өгч байсан ч гуравдагч этгээд өнөөдрийг хүртэл тухайн шаардлагыг биелүүлээгүй. Тухайн асуудалтай холбогдуулан нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргад хандан газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч өгөхийг хүсэн хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас “...газар чөлөөлүүлэх маргаантай асуудлаа шүүхэд хандан шийдвэрлүүлнэ үү” хэмээн татгалзсан хариуг өгсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан  Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/642 дугаар захирамж, түүний хувийн хэрэг, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2022 оны 1/1573 дугаар албан бичиг, Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2022 оны 15/1207 дугаар албан бичиг, маргаан бүхий газар хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус тус тогтоогдож байна.

                 4. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д “захиргааны үйл ажиллагаанд “хуульд үндэслэх” тусгай зарчмыг баримтлана”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” хэмээн,

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.11-т “дүүргийн Засаг даргаас олгосон газар эзэмших, ашиглах эрхийн талаарх иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргааныг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” хэмээн,

            Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 57 дугаар зүйлийн 57.3-т “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 60 дугаар зүйлийн 60.1.2-т “газар эзэмших, ашиглах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүссэн маргаан, газар ашиглах гэрээний нөхцөл, болзлын талаар газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны Засаг дарга шийдвэрлэнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно”  хэмээн тус тус хуульчилсан.

            5. Үүнтэй холбогдуулан шүүх, Газрын тухай хуульд заасан журмын дагуу маргаан бүхий газрыг эзэмшиж буй этгээд болох Д.Э****гээс гаргасан бусдын хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх хүсэлтийг “эд хөрөнгийн маргаан” гэх үндэслэлээр шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүйг Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т заасан иргэд хооронд үүссэн газрын маргааныг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна хэмээн үзэж, нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна хэмээн үзлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 103.3.4, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.11, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Д.Э****гээс гаргасан газар албадан чөлөөлөх арга хэмжээ авах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй Баянзүрх дүүргийн Засаг даргын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.

   2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /Далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.МӨНХТУЛГА