Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 89

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: Ч.Мядагбадам,

Хохирогч: Н.Доржнамжин,

Гэрч: Б.Бямбадорж,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: П.Адъяасүрэн,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа,

Шүүгдэгч: А.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихэр овогт Адъяасүрэнгийн Пүрэвдоржид холбогдох 201715000076 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 22 настай, халх, эрэгтэй, боловсрол мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Богд сум 2 дугаар баг “Хөөвөр” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Ихэр овогт Адъяасүрэнгийн Пүрэвдорж /РД: ЙД95032337/  
Шүүгдэгч А.Пүрэвдорж нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчим Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “Эмтхий” гэх газар Н.Доржнамжинтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Н.Доржнамжинг хавсарч унаган хөлийг нь хугалж хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч А.Пүрэвдорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… Манай найз хэдэн айлаар ороод ирлээ гээд дүү охин, түүний найз бандитай хоёр мотоцикльтой ирсэн. Би тухайн үед гаднаа мотоциклио янзлаад сууж байсан. Тэгээд бид гэрт орцгоосон. Н.Доржнамжин хоёулаа урагшаа хэдэн айлаар ороод ирье гэж хэлсэн. Тэгэхэд нь би мал харж байгаа гэж хэлсэн. Тэгээд би мал руугаа очиж мал дагаж явсан ишгээ барьж ирчихээд Н.Доржнамжинтай хэдэн айлаар орохоор явсан. Тэгээд Өлзийбаяр ахынх руу 4 литрийн 2 сав, 5 литрийн нэг сав аваад явсан. Тэгээд доош уруудаад Түнээ гэдэг айлаар дөнгөж орчихоод хадмынд нь очсон. Тэгээд төв явчихаад ирье гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэгээд гэрээс гараад иртэл урдаас мотоцикльтой хүн ирж байхаар нь энэ хүнийг ирүүлчихээд явъя гэж хэлсэн. Тэгтэл манай хоёр найз ирсэн. Тэгээд би Н.Доржнамжинд төв явахаа болъё гэж хэлсэн. Тэгээд бид хоёр лааз пиво, нэг ширхэг “Нутгийн буян” гэдэг архи уусан. Тэгээд бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Н.Доржнамжин танайхан, 
манайхан гэж яриад байхаар нь би тэрийг согтуугаараа яриад яахав дээ хөгшөөн гэж хэлээд гарах гэтэл намайг бариад авсан. Намайг зөрүүлээд бариад авахын завдалгүй боогоод унагаасан. Тэгээд би ухаан алдаад уначихсан байхад Бямбадорж намайг сэгсэрч босгосон. Тэгтэл Н.Доржнамжин гэрийн баруун талаар гараад ирсэн. Тэгэхэд нь би чи яасан их хүн боож унагадаг юм бэ гэж хэлээд хавсарч унагаад дээрээс нь дараад ойчсон. Тэгтэл Н.Доржнамжин хөл нэг л эвгүй болчихлоо гээд байсан. Тэгэхээр нь Бямбадорж бид хоёр түшээд гэрт нь оруулсан. Тэгээд бид гурав сундлаад гэр рүүгээ явсан. Хохирол төлбөрт 1475000 төгрөг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байна. Ийм байдалд хүргэсэндээ найзаасаа уучлал гуйж байна гэв.   
Хохирогч Н.Доржнамжин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Би ахындаа очиход эхнэр хүүхэд нь байсан. Тэгээд хоол цай идэж уугаад ганц нэг архи задлахаар нь ганц нэг татчихаад А.Пүрэвдоржид хоёулаа ганц нэг айлаар оръё гэж хэлэхэд тэгвэл нэг мөсөн төв ороод ирье гэсэн. Тэгээд тэндээс уруудаж яваад хүргэн ахынд нь очсон. Тэндээс бензин хийх сав аваад манай хадмынд очсон. Хадмынд ирчихээд явах гэж байтал мотоцикльтой хүн ирж байсан. Хүн ирж байгаа бараанаар бид хүлээгээд гэртээ ороод байж байтал манай хоёр он жав хүрээд ирсэн. Тэгээд бид тэнд ганц нэг шил архи уусан. Тэгтэл А.Пүрэвдорж би төв явахаа болилоо гэсэн тул төв рүү яваагүй. Тэгтэл А.Пүрэвдорж намайг хүргээд өг гэхээр нь би явахаа болилоо, амарлаа, чи энэ хоёртой сундлаад явчих гэж хэлэхэд А.Пүрэвдорж надаас хэрүүл гуйгаад байсан. Тэгээд бид хоёр гэрээс гараад барилцаж аваад би түүнийг хавсраад унагаахад Бямбадорж, Нямдорж хоёр намайг аваад гэрийн ард орсон. Тэгэхдээ А.Пүрэвдорж гэрт орчихсон Н.Доржнамжин хаана байна гээд хашгираад байхаар нь би гэрийн баруун талаар гараад иртэл А.Пүрэвдорж намайг заамдаж аваад нэг юмаар цохих шиг болсон. Би өөрөө юмаар цохьчихлоо гэж бодсон. Тэгэхэд нь би А.Пүрэвдоржоос зүүгдээд ойчсон. Тэгээд би гэртээ орсоноо санахгүй байгаа. Миний хөл нарийн шилбэрээ хугарсан. Эмчилгээний зардалд 1475000 төгрөг авсан. Хөлнийхөө хадаасыг хойтон авахуулна. Тэр зардлаа нэхэмжилнэ. Хохирлоо өгөөгүйд болон хөл хугалсанд нь гомдолтой байна гэв.  
Гэрч Б.Бямбадорж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Бид хоёрыг очиход А.Пүрэвдорж, Н.Доржнамжин нар байсан. Тэгээд биднийг очиход хоол цай хийж өгөхөд нь хоол цай идэж уусан. Энэ хоёр гэрээс хэрэлдэж гарсан. Гадаа гараад энэ хоёр заамдалцаад авсан. Н.Доржнамжин А.Пүрэвдоржийг заамдаж аваад боогоод унагаасан. Тэгтэл А.Пүрэвдорж ойчсон. Тэгтэл нөгөө Бямбадорж А.Пүрэвдоржийг сэгсэрч босгосон. А.Пүрэвдорж Н.Доржнамжинг юмаар цохиогүй, тонгороод унагаасан. Н.Доржнамжин А.Пүрэвдорж хоёр нэлээн согтуу байсан гэв.  
Хохирогч Н.Доржнамжин мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... А.Пүрэвдорж намайг хоёулаа Өвөрхангай аймгийн Богд сумын төв ороод бензин, масло аваад ирье гэхээр нь би зөвшөөрөөд Наранчимэг, Нямцогт хоёрыг гэр рүүгээ явуулаад А.Пүрэвдоржийн хамт сумын төв рүү явахаар болсон. Тэгээд А.Пүрэвдоржийн гэрт 4-үүлээ 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг уусан. Сав авчихаад манай хадам болох Шинэбаатарын гэр рүү явсан. Хадам аавынд очоод хоёр хоёр лааз 0.5 литрийн багтаамжтай “Cass” нэртэй пиво уусан. Тэгээд А.Пүрэвдорж бид хоёр Өвөрхангай аймгийн Богд сумын төв рүү явах гэтэл манай аавынд мотоцикльтой хүн ирж байхаар нь бид хоёр гэрт орж байя гэж ярилцаад гэрт орцгоосон. Гэрт ороод байж байтал Нямдорж, Бямбадорж 2 орж ирсэн. Тэр 2 орж ирээд цай уугаад сууж байтал А.Пүрэвдорж худлаа согтоод надаас хэрүүл гуйгаад байсан. Тэр хоёрыг манайд орж ирэхэд А.Пүрэвдорж намайг чи намайг гэрт хүргээд өгчих, төв явахаа болилоо, энэ 2 ирж байгаа юм чинь гэр рүүгээ явъя гэхээр нь би та гурав сундлаад явчих гэхэд А.Пүрэвдорж намайг чи ондоо болж дээ гэх мэтээр хэлээд уурлаад худлаа согтоод байсан. Мөн танайхан чамайг намайг уруу татдаг гэх мэтээр хэлээд уурлаад намайг заамдаж аваад байхаар нь би хоёулаа айлд зодолдоод яахав, гадаа гаръя гээд А.Пүрэвдоржийн хамт гэрээс гарсан. Бид хоёрын араас Нямдорж, Бямбадорж 2 гарч ирсэн. Гэрээс гараад А.Пүрэвдорж бид 2 барилцаж аваад би А.Пүрэвдоржийг хавсраад газар унагасан. А.Пүрэвдоржийг унагахад Бямбадорж, Нямдорж 2 намайг А.Пүрэвдоржоос салгаад гэрийн ар руу орсон. Бид гурвыг гэрийн ард гарсан хойно А.Пүрэвдорж гэрт орчихоод Доржоо хаачсан юм бэ? гээд орилоод байсан. 
Тэгээд А.Пүрэвдоржийг гэрт орчихоод орилоод байхаар нь би гэрийн баруун талаар тойроод гараад иртэл миний өмнөөс хөл рүү юмаар цохих шиг болсон. Би цохисон зүйлийг нь сайн харж чадаагүй. Тэр үед миний толгой манараад А.Пүрэвдоржийн дээлнээс зуураад газар унасан. А.Пүрэвдоржтой хамт унаснаа санаж байна. Хөлөөрөө өшиглөж миний хөлийг хугалсан юм байна лээ. Би гомдолтой байна. Эмчилгээнийхээ зардлыг болон ялтас хийлгэсний төлбөр, өмгөөлөгчийн хөлсийг тус тус нэхэмжилнэ. Намайг гэрийн баруун талаар тойроод ирэхэд А.Пүрэвдорж гэрийн урд талд зогсож байснаа намайг хараад шууд ирээд миний өмсөж байсан дээлийн энгэрээс 2 гараараа заамдаад авсан. Заамдаж авснаа шууд хавсраад газар унагасан. Би газар унахдаа А.Пүрэвдоржийн дээлийн энгэрээс зуураад газар унасан. А.Пүрэвдорж нь түрүүлж миний дээлийн энгэр дээрээс заамдаж авсан. Би түрүүлж заамдаагүй. /х-ийн 26-29 хуудас/  
Гэрч Б.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н.Доржнамжин би амарлаа чи хоёр найзтайгаа сундлаад яв, миний хэрэг одоо чамд байхгүй байлгүй дээ гэж А.Пүрэвдоржид хэлсэн. Тэгтэл А.Пүрэвдорж яаж гурвуулаа мотоцикль дээр сундалж явах юм бэ? Чи намайг хүргээд өгчихөөч, хадмындаа ирэхээр томроод сонин зан гаргаад байх юм, чи манайд очиж чадахгүй байгаа юм уу? гээд тэр хоёр бие биенийгээ элдвээр хэлээд л маргалдаад байсан. Тэгээд тэр хоёр бие биенийгээ заамдаад авсан. Н.Доржнамжингийн 2 хүүхэд нь уйлахад Н.Доржнамжин хүүхдүүд уйлаад байна, хоёулаа гадаа гаръя гээд бие биенийгээ тавиад А.Пүрэвдорж, Н.Доржнамжин нар нь цувраад гэрээс гарсан. Араас нь Нямдорж бид хоёр гарсан. Бид хоёрыг гэрээс гарахад гэрийн үүдэнд А.Пүрэвдоржийг Н.Доржнамжин нь дээлнийх нь захаар боогоод газар унагасан. А.Пүрэвдоржийг газар унасан хойно гэрээс Д.Бямбадорж гарч ирсэн. Тэгээд Д.Бямбадорж Н.Доржнамжинг аваад гэрийн зүүн талаар тойрсон. Би тэр хоёрын араас явсан. Ах Нямдорж А.Пүрэвдоржийг газраас татаж босгоод үлдсэн. Тэгээд гэрийн ард Д.Бямбадорж Н.Доржнамжинтай юм яриад суусан. Би гэрийн зүүн талаар нь тойроод баруун талаар нь очиход Н.Доржнамжин гэрийн баруун талаар тойроод хүрээд ирсэн. А.Пүрэвдорж, Нямдорж ахтай гэрийн үүдэнд зогсож байснаа Н.Доржнамжинг харангуутаа хүрч ирээд тэр хоёр дахиад барилцаж авсан. Тэгэхэд А.Пүрэвдорж, Н.Доржнамжинг тонгороод унагахдаа А.Пүрэвдорж эхлээд доор нь орчихсон, тэгснээ түлхээд дээр нь гарсан. Би тэр хоёроос 4-5 алхамын зайтай, Нямдорж тэр хоёрын хажууд зогсож байсан. Би тэр хоёрыг зодолдож байх хооронд ойртож очоогүй. Тэгээд Нямдорж ах тэр хоёрыг больцгоо гээд болиулсан. Намайг гэрийн баруун хойд талд зогсож байхад Д.Бямбадорж гэрийн ард дээлээ гөвж байснаа гэрийн баруун талаар тойроод тэд нар дээр очсон. Н.Доржнамжин А.Пүрэвдоржийг дээрээс нь боссон хойно босохгүй дээшээ харж хэвтчихээд миний хөл хугарчихлаа гээд байсан. Тэгээд өндийж суучихаад хөл эвгүй болчихсон байна шүү дээ гээд байхаар нь би очоод Д.Бямбадоржийн хамт хоёр талаас нь түшээд гэрт нь оруулаад баруун талын орон дээр нь суулгасан. Тэгээд Д.Бямбадорж Н.Доржнамжингийн гутлыг тайлахад зүүн талын хөлийн шагай нь хавдсан байсан. Хавсарч унагахдаа хөлийг нь хугалсан. Ямар нэгэн зүйлээр хөлийг нь цохиж хугалаагүй. /хх-ийн 39-40 хуудас/  
Гэрч Д.Бямбадорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Намайг ороод суунгуут Н.Доржнамжин, А.Пүрэвдорж хоёр зөрөөд гарсан. Араас нь Б.Бямбадорж, Б.Нямдорж нар гарсан. Тэр хэдийг гараад явчихаар нь аягатай цай уучихаад араас нь гарсан. Намайг гэрээс гарахад гэрийн урд талд А.Пүрэвдорж газар дээшээ хараад хэвтчихсэн хажууд нь Н.Доржнамжин, Б.Бямбадорж, Б.Нямдорж нар зогсож байсан. Би очоод Н.Доржнамжин ахыг аваад гэрийн араар аваад орсон. Тэгээд Н.Доржнамжин ахтай юм яриад сууж байгаад босоод ирэхээр нь явуулахгүй гээд Н.Доржнамжин ахын урд нь зогсоод хориод юм яриад тайвшруулаад байж байтал Н.Доржнамжин ах намайг түлхэж унагачихаад гэрийн баруун талаар тойроод явчихсан. Би босоод очтол гэрийн баруун урд талд Н.Доржнамжин ах дээшээ хараад хэвтчихсэн хөл хугалчихлаа гээд хашгираад байсан. Хажууд нь А.Пүрэвдорж, Б.Нямдорж, Б.Бямбадорж нар хараад зогсож байсан. Би Н.Доржнамжингийн хөлийг юугаар хугалсныг нь хараагүй. Намайг гэрийн араас гүйж очоод Н.Доржнамжинг өргөөд босгоход Н.Доржнамжингийн ойр орчимд хөлийг нь цохиод хугалчихаар мотоциклийн яндангийн төмөр болон өөр бусад зүйлүүд байгаагүй. /хх-ийн 41-42 хуудас/ 
 Гэрч Б.Бямбасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н.Доржнамжин чи найз байж миний хөлийг хугалаад хаячихлаа шүү дээ гээд орилоод байсан. Тэгээд Д.Бямбадорж, Б.Бямбадорж хоёр Н.Доржнамжинг 2 талаас нь түшээд гэрт орж ирсэн. Н.Доржнамжингийн гутлыг тайлаад үзэхэд зүүн талын хөлийн шагай нь хавдсан байсан. Тэгээд маргааш нь аймгийн төв рүү эмнэлэгт үзүүлэхээр явцгаасан. /хх-ийн 50-51 хуудас/  
Гэрч Б.Нямдорж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... Н.Доржнамжин А.Пүрэвдорж хоёр гэрээс гараад гэрийн үүдэнд Н.Доржнамжин нь А.Пүрэвдоржийг дээлнийх нь захаар боогоод газар унагасан. Тэгээд Н.Доржнамжинг манай дүү Б.Бямбадорж, Д.Бямбадорж нар гэрийн зүүн талаар тойруулаад аваад явсан. Би А.Пүрэвдоржийг газраас босгоход ухаан алдсан юм шиг гуйваад байхаар нь хэд сэгсрээд гэр рүү оруулахаар явж байтал А.Пүрэвдорж Н.Доржнамжинг гэр рүүгээ орчихлоо гэж бодсон бололтой хаалгаар нь шагайгаад Н.Доржнамжин гараад ир, чи намайг боож унагадаг хэн бэ? гээд хашгираад байсан. Тэгтэл Н.Доржнамжин гэрийн баруун талаар тойроод ганцаараа гараад ирсэн. Д.Бямбадорж байхгүй байсан. Манай дүү Б.Бямбадорж гэрийн баруун хойд талд зогсож байсан. А.Пүрэвдорж бид хоёр гэрийн баруун урд талд зогсож байтал Н.Доржнамжинг гарч ирэхэд А.Пүрэвдорж чи яасан их хүнийг боож унагаадаг юм бэ гээд Н.Доржнамжинг заамдаад авсан. Тэгээд А.Пүрэвдорж Н.Доржнамжинг тонгороод унагасан. Хоёулаа цуг газар унасан. Унахдаа А.Пүрэвдорж доор нь орж унаснаа Н.Доржнамжинг хажуу тийш нь түлхээд дээр нь гарсан. Тэгэхээр нь би больцгоо гэхэд А.Пүрэвдорж босоод ирсэн. Н.Доржнамжин босохгүй миний хөл хугарчихлаа гээд байсан. Тэгтэл гэрийн баруун талаар Д.Бямбадорж гараад ирсэн. Д.Бямбадорж гарч ирснээ Н.Доржнамжин намайг түлхэж унагаагаад явчихлаа гээд байсан. Тэгээд Н.Доржнамжинг Д.Бямбадорж, Б.Бямбадорж нар хоёр талаас нь түшээд гэр рүү нь оруулсан. Араас нь А.Пүрэвдорж бид хоёрыг гэрт ороход Н.Доржнамжинг гэрийнх нь баруун талын орон дээр суулгаад гутлыг нь тайлсан байсан. Зүүн талын хөл нь шагай хэсгээрээ хавдсан байсан. /хх-ийн 52-53 хуудас/  
Гэрч У.Нямтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:... А.Пүрэвдорж хоёулаа сумын төв явахаа болъё, чи намайг гэрт хүргээд өгчих, би энэ хоёрыг гэртээ оруулъя гэж Н.Доржнамжинд хэлсэн. Тэгтэл Н.Доржнамжин чи энэ хоёртой сундлаад явчих, би амарлаа гээд тэр хоёр маргалдаад эхэлсэн. Н.Доржнамжин, А.Пүрэвдорж хоёр хоорондоо бие биенээ элдвээр хэлээд л маргалдаад байсан. Би сайн сонсоогүй. Маргалдаж байснаа А.Пүрэвдорж, Н.Доржнамжин хоёр заамдалцаад авсан. А.Пүрэвдоржийг хөл хугалсан гэж байсан. Юугаар цохиж хугалсан талаар ямар нэгэн зүйл хэлээгүй. /хх-ийн 56-57 хуудас/  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14ний өдрийн №106 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:... Н.Доржнамжингийн биед зүүн шилбэний тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, зүүн шилбэний хэсгийн мэс заслын хагалгааны шарх, зүүн шилбэ, шагай үе, өлмийний зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх магадлалтай. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээний үр дүнгээс хамаарна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 59 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №04/30 дугаартай үнэлгээний тайлан, хохирлын баримтууд, хохирогч Н.Доржнамжингийн амбулаторын карт болон өвчний түүхийн хуулбарууд, шүүгдэгч А.Пүрэвдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирол хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-ийн 1-2, 11-15, 17-21, 31-38, 60, 62-73, 80-81, 83, 110 хуудас/  
Шүүгдэгч А.Пүрэвдоржийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 08 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 85, 8990 хуудас/  
Шүүгдэгч А.Пүрэвдоржийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 84 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч А.Пүрэвдорж нь согтуурсан үедээ 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдөр 19 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Богд сумын 2 дугаар баг “Эмтхий” гэх газар хохирогч Н.Доржнамжинтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг хавсарч унагаж хөлийг нь хугалж хохирогч Н.Доржнамжингийн бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Пүрэвдоржийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Н.Доржнамжингийн намайг гэрийн баруун талаар гараад иртэл А.Пүрэвдорж намайг заамдаж аваад нэг юмаар цохих шиг болсон. Би өөрөө юмаар цохьчихлоо гэж бодсон. Миний хөл нарийн шилбэрээ хугарсан. Гэрч Б.Бямбадоржийн А.Пүрэвдорж Н.Доржнамжинг юмаар цохиогүй, тонгороод унагаасан. Н.Доржнамжин А.Пүрэвдорж хоёр нэлээн согтуу байсан гэх мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч Н.Доржнамжингийн А.Пүрэвдоржийн гэрт 4-үүлээ 0.5 литрийн “Ерөөл” нэртэй архи 1 шилийг уусан. Б.Нямдорж, Б.Бямбадорж хоёрыг манайд орж ирэхэд А.Пүрэвдорж намайг чи намайг гэрт хүргээд өгчих, төв явахаа болилоо, энэ 2 ирж байгаа юм чинь гэр рүүгээ явъя гэхээр нь би та гурав сундлаад явчих гэхэд А.Пүрэвдорж намайг чи ондоо болж дээ гэх мэтээр хэлээд уурлаад худлаа согтоод байсан. Мөн танайхан чамайг намайг уруу татдаг гэх мэтээр хэлээд уурлаад намайг заамдаж аваад байхаар нь би хоёулаа айлд зодолдоод яахав, гадаа гаръя гээд гараад А.Пүрэвдорж бид 2 барилцаж аваад би А.Пүрэвдоржийг хавсраад газар унагасан. Намайг гэрийн баруун талаар тойроод гараад иртэл миний өмнөөс А.Пүрэвдорж хөл рүү юмаар цохих шиг болсон. А.Пүрэвдорж хөлөөрөө өшиглөж миний хөлийг хугалсан юм байна лээ. А.Пүрэвдорж намайг заамдаж аваад шууд хавсраад газар унагасан. Гэрч Б.Бямбадоржийн Н.Доржнамжин би амарлаа чи хоёр найзтайгаа сундлаад яв, миний хэрэг одоо чамд байхгүй байлгүй дээ гэж А.Пүрэвдоржид хэлсэн. Тэгтэл А.Пүрэвдорж яаж гурвуулаа мотоцикль дээр сундалж явах юм бэ? Чи намайг хүргээд өгчихөөч, хадмындаа ирэхээр томроод сонин зан гаргаад байх юм, чи манайд очиж чадахгүй байгаа юм уу? гээд тэр хоёр бие биенийгээ элдвээр хэлээд л маргалдаад байсан. А.Пүрэвдорж, Н.Доржнамжин нар гэрээс гарсан. А.Пүрэвдорж Н.Доржнамжинг тонгороод унагахдаа А.Пүрэвдорж эхлээд доор нь орчихсон, тэгснээ түлхээд дээр нь гарсан. Н.Доржнамжин А.Пүрэвдоржийг дээрээс нь боссон хойно босохгүй дээшээ харж хэвтчихээд миний хөл хугарчихлаа гээд байсан. Н.Доржнамжингийн гутлыг тайлахад зүүн талын хөлийн шагай нь хавдсан байсан. Хавсарч унагахдаа хөлийг нь хугалсан. Гэрч Д.Бямбадоржийн Н.Доржнамжин ах намайг түлхэж унагачихаад гэрийн баруун талаар тойроод явчихсан. Би босоод очтол гэрийн баруун урд талд Н.Доржнамжин ах дээшээ хараад хэвтчихсэн хөл хугалчихлаа гээд хашгираад байсан. Гэрч Б.Бямбасүрэнгийн Н.Доржнамжин чи найз байж миний хөлийг хугалаад хаячихлаа шүү дээ гээд орилоод байсан. Н.Доржнамжингийн гутлыг тайлаад үзэхэд зүүн талын хөлийн шагай нь хавдсан байсан. Гэрч Б.Нямдоржийн А.Пүрэвдорж Н.Доржнамжинг заамдаад тонгороод унагасан. Н.Доржнамжин босохгүй миний хөл хугарчихлаа гээд байсан. Зүүн талын хөл нь шагай хэсгээрээ хавдсан байсан. Гэрч У.Нямтогтохын А.Пүрэвдорж Н.Доржнамжин хоёр хоорондоо бие биенээ элдвээр хэлээд л маргалдаад байсан. А.Пүрэвдорж, Н.Доржнамжин хоёр заамдалцаад авсан. А.Пүрэвдорж Н.Доржнамжингийн  хөлийг хугалсан гэж байсан гэх мэдүүлгүүд, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №106 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн №04/30 дугаартай үнэлгээний тайлан, хохирлын баримтууд, хохирогч Н.Доржнамжингийн 
амбулаторын карт болон өвчний түүхийн хуулбарууд, хохирол хүлээлцсэн тухай тэмдэглэл, шүүгдэгч А.Пүрэвдоржийн сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч А.Пүрэвдоржийн үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн гэж шүүх үзэв.  
Шүүгдэгч А.Пүрэвдоржид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч А.Пүрэвдорж нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг ял хөнгөрүүлэх, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн ял хүндрүүлэх нөхцөл байдлуудыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, шүүх түүнд ял оногдуулсан болно.  
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Доржнамжингийн зүүн шилбэний рентгэн зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож,   
Шүүгдэгч А.Пүрэвдоржийн эзэмшлийн 1 тооны тэмээ, 3 тооны адуу, 25 тооны хонь, 37 тооны ямаа битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,    Шүүгдэгч А.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Доржнамжинд хохирол төлбөрт 1.475.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдаж,   
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 290 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны товыг зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгч А.Пүрэвдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч А.Пүрэвдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.    
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь: 
1.Шүүгдэгч Ихэр овогт Адъяасүрэнгийн Пүрэвдоржийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   
2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч А.Пүрэвдоржид 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч А.Пүрэвдорж нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар сольж болохыг дурьдсугай.  
4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Н.Доржнамжингийн зүүн шилбэний 
рентгэн зураг 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай.  
5.Шүүгдэгч А.Пүрэвдорж нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Н.Доржнамжинд хохирол төлбөрт 1.475.000 төгрөг төлсөн, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.   
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт шүүгдэгч А.Пүрэвдоржийн эзэмшлийн 1 тооны тэмээ, 3 тооны адуу, 25 тооны хонь, 37 тооны ямаа битүүмжилсэн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Пүрэвдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
9.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Пүрэвдоржид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                 Х.ОТГОНЖАРГАЛ