| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2021/00449/И |
| Дугаар | 156/ШШ2021/00639 |
| Огноо | 2021-12-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2021/00639
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00449/и
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Х банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батширээт сумын 4 дүгээр баг, ... хайрхан гудамж ... тоотод байрлах, О.С ХХК /РД:... /,
Хариуцагч:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, ... хүрээ, өргөн чөлөө гудамж ... байр, 127 тоотод оршин суух, Балдандоржийн Баяржаргал,
Хариуцагч:Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26-р хороо, ... нийслэл хүрээ, өргөн чөлөө гудамж ... байр, 127 тоотод оршин суух, Д. П нарт холбогдох зээл, зээлийн хүү, нийт 109,038,466 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Э.М, нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч О.С ХХК нь Х банктай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр 200,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 17.4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 500240319-01 дугаартай гэрээ байгуулсан. Х банк нь 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч О.С ХХК-ийн Х банк дахь 50024603019 дугаартай дансанд зээлийн эрхийг нээж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь 5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн ИБГ1040025850-01, ИБГ1040025850-02 барьцааны гэрээгээр дараах хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:
1. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 49 гудамж, 1128и тоот хаягт байрлах 24 м.кв талбайтай /ГД-2202015683 Г-000401686/ хувийн сууц,
2. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Сурагчийн 49 гудамж, 1128и тоот хаягт байрлах 700 м.кв талбайтай /ГД-000528271 Г-2202023199/ НТД-18640317339886 /өмчлөх эрхтэй газар/,
3. Хэнтий аймаг, Биндэр сум, 5 дугаар баг, Онон хүрээ ухаа 1 гудамж, 100 тоот хаягт байрлах 1072 м.кв талбайтай /Ү-1810000007, ГД-000674942/ үйлдвэрийн барилга,
4. Хэнтий аймаг, Биндэр сум, 5 дугаар баг, Онон хүрээ ухаа 1 гудамж, 100 тоот хаягт байрлах 7521 м.кв талбайтай /Э-1810000004, ГД-000020292/ эзэмших эрхтэй газар,
5. Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, 11 дүгээр байр, 127 тоот хаягт байрлах 30 м.кв талбайтай 2 өрөө /Ү-2205007577 ГД-000689972/ орон сууц,
6. Хэнтий аймаг, Биндэр сум, 4 дүгээр, баг, ... хайрхан гудамж ... тоот хаягт байрлах 48 м.кв талбайтай /Ү-1809000113 ГД-000638528/ хувийн сууц,
7. Хэнтий аймаг, Батширээт сум, 4 дүгээр баг, ... хайрхан гудамж ... тоот хаягт байрлах 210 м.кв талбайтай /Ү-1809000114 ГД-000638529/ үйлдвэрийн байр,
8. Хэнтий аймаг, Батширээт сум, 4 дүгээр баг, ... хайрхан гудамж ... тоот хаягт байрлах 8500 м.кв талбайтай /ГД-0227163 НТД-2316000146/ эзэмших эрхийн газар,
9. Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, ...тоот хаягт байрлах 39 м.кв талбайтай 3 өрөө /Ү-2204002891, ГД 000177728/ орон сууц гэсэн хөрөнгүүдийг барьцаалсан.
Хариуцагч О.С ХХК нь 5002460319-01 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн төлөөгүй. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байнга харилцаж 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 110, 063,580.44 төгрөг төлүүлсэн бөгөөд, нийт хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү 1.419.819.88 төгрөгийг үүргээс чөлөөлж хариуцагчийн санхүүгийн байдлыг дэмжсэн. Хугацаа хэтэрсэн учир 2021.05.18-ны өдөр банкны зүгээс харилцагчийн 5002460319-01 дугаартай зээлийг 1040028076 тоот зээл рүү шилжүүлсэн. Мөн хариуцагчийн гаргасан хүсэлтийн дагуу 5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу зээл төлөх үүрэг бүрэн дуусгавар болоогүй ч барьцаа хөрөнгийг чөлөөлөх саналыг хүлээн авч, эрх бүхий хороонд санал явуулан, барьцаа чөлөөлөх шийдвэрийг 2021 оны 5 дугаар сарын 18, 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрүүдэд 2 удаа гаргуулан, нийт 583,967,334 төгрөгийн үнэ бүхий 13 хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж, өрийн дарамтыг буруулах, бизнесийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор зээлийн хүүг жилийн 15.6% болгон бууруулж, 5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээгээр нэмэлт, өөрчлөлт оруулахаар болсон хэдий ч хариуцагч нь нэмэлт өөрчлөлтийг байгуулаагүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу зээл төлөх үүргээ 546 хоног хэтрүүлээд байгаа бөгөөд зээлээ төлөхийг шаардаж, мэдэгдэж байсан боловч үүргээ биелүүлээгүй хэвээр байна. Иймд 5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний дагуу төлөгдөөгүй үндсэн зээл 100,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн байдлаарх хүү 7,532,055 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,506,411 төгрөг, нийт 109,038,466 төгрөгийг хариуцагч О.С ХХК, Б.Б , Д.П нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Харилцагчийн зүгээс завгүй, ковид-19 туссан гэсэн шалтгаанаар зээлийн гэрээг баталгаажуулаагүй. Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгаа боловч 2021 оны 10, 11 дүгээр сард нотариатаар батлуулан улсын бүртгэлд бүртгүүлсэн. Нэхэмжлэл гаргах үед тус зээлийн гэрээ баталгаажуулаагүй, хариуцагч хүлээн зөвшөөрсөн эсэх нь тодорхойгүй байсан учраас шүүхэд зээлийн гэрээг нэхэмжлэлтэй хавсаргаж өгөөгүй. Анхны шүүх хуралдаан болсон өдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хэнтий аймаг дахь хөрөнгүүдийг Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн газарт бүртгүүлж гэрээнүүдээ бидэнд өгсөн. Манай зүгээс харилцагчид удаа дараа эвлэрэх боломжтой гэсэн саналыг тавьж ажиллаж байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.С ХХК-ийн санхүүгийн байдал хүндэрсэн нь олон хүчин зүйлсээс шалтгаалсан. 300,000,000 төгрөгийн зээлийн хугацаа дуусаагүй байхад банк зээл төлөхийг шаардсан тул бүтээгдэхүүнээ зээлээр аваад уг зээлийг төлж барагдуулсан. Дараа нь 200,000,000 төгрөгийн зээлийг Засгийн газрын 3%-ийн зээлд хамруулна гэж банк хэлээд компаниар 100,000,000 төгрөг төлүүлсэн. Дараа нь зээл бүтэхээ больчихлоо гэж хэлээд О.С ХХК-ийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан. Үүнд Х банк ХХК-ийн буруутай үйл ажиллагаа байгаа. Ийм учраас нэхэмжлэгч талтай эвлэрэх боломжгүй. О.С ХХК нь Х банк ХХК-ийн Хэнтий салбарыг байгуулагдсан үеэс хойш хамтарч ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Х банк ХХК-иас 300,000,000 төгрөгийн зээлийг төлөх хугацаа болоогүй байхад төлүүлсэн. О.С ХХК-ийн үйл ажиллагаа доголдох хүчин зүйлс нь харилцагч бүтээгдэхүүн авдаг байгууллагаасаа зээл авч 300,000,000 төгрөгийн зээлийг төлсөн. Тэгээд гарсан бүтээгдэхүүнээ харилцагч байгууллагууддаа үнэгүй өгч байсан. Үүнд Ковид 19-ийн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Мөн бизнесийн 3%-зээлд хамруулна гэж 100,000,000 төгрөгийг төлүүлсэн. Иймэрхүү Х банк ХХК-тай холбоотой гомдол байна. Мэдээж зээлийн хороогоор хэлэлцэх, шийдвэр гаргах эрхгүй гэх мэт асуудал байхыг үгүйсгэхгүй. Х банк ХХК 2019 онд байгуулсан зээлийн гэрээний үүргийн биелэлт болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Энэ зээлийн гэрээ нь 500246031901 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой гэрээ юм. 1040025850-01, 1040025850-02 дугаартай барьцааны гэрээгээр 9 төрлийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж гарсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасан. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлагад тусгасан зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус. Тухайн зээлийн гэрээ нь 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээний үүргийг жижиг бичил зээлийн гэрээний нөхцөлд шилжүүлэх гэж өөрчлөгдсөн. Ингээд зээлийн зориулалт, төрөл, зээл төлөх хүн, эргэн төлөлтийн хуваарь нь өөрчлөгдсөн. Нэхэмжлэгч тал 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан хүчин төгөлдөр гэрээгээ нууж, өмнөх гэрээтэй холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн шаардлага хуурамч, бодит үнэнд нийцээгүй. Хариуцагчийн зүгээс зээл төлөх эсэх дээр маргаагүй. Нэхэмжлэгч тал нь шүүхэд бодит, үнэн баримт гаргаж өгөх, нэхэмжлэлийн шаардлага үнэн зөв байх ёстой. Мөн зээлийн барьцааны гэрээ өөрчлөгдсөн. Шүүхэд гаргасан 9 төрлийн барьцаагаар хангуулах нөхцөл байдал нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгч гэрээ байгуулаагүй гэж худал тайлбар гаргасан байна. Зээлийн гэрээ, барьцаа өөрчлөгдсөн байхад өмнөх хэрэгжихгүй болсон гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь бодитой биш, хуульд нийцэхгүй байна. Хариуцагч зээл төлөхгүй гэсэн асуудал гаргаагүй. Аль барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбар нь хариуцагч О.С ХХК, Б.Б , Д.П нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нийт 109,038,466 төгрөгийг гаргуулан, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Х банкны Хэнтий салбар нь О.С ХХК-тай 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр ИЗГ5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийн зээлийг 365 хоногт 17,4 хувийн тогтмол хүүтэй зээлж, мөн өдрөө барьцааны гэрээ байгуулсан, хариуцагч О.С ХХК нь тус зээлийн гэрээний үүрэгт 2020 оны 6 дугаар сараас 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлд 110,063,580.44 төгрөг төлсөн, улмаар 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2019 оны ИЗГ5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийг жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нөхцөлд шилжүүлэх гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Уг шилжүүлсэн 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019 оны ИЗГ5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийг жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний нөхцөлд шилжүүлэх гэрээний эргэн төлөгдөх хугацаа 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр дуусах байсан болох нь хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөх хуваариар нотлогдож байх бөгөөд уг гэрээ нь цуцлагдаагүй байна. Тус гэрээний 9.3-д ...энэхүү гэрээний хавсралтууд болон нэмэлт нөхцөл, нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй бүрэлдэхүүн хэсэг байна... гэж заасан учир 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн талуудын хооронд байгуулагдсан ИЗГ1040025850 дугаартай зээлийн гэрээний 5.1.1-д зааснаар зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд банк санаачлан гэрээг цуцлах эрхтэй байна.
Иймд 2021 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2019 оны ИЗГ5002460319-01 дугаартай зээлийн шугамын гэрээний үүргийг жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээний эргэн төлөх хугацаа дуусаагүй, тус зээлийн гэрээ хугацаанаас нь өмнө цуцлагдаагүй хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч байгууллага нь гэрээнд заасан эрх хэмжээнийхээ дагуу тус гэрээг цуцласныхаа дараа дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд түүний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,142 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч О.С ХХК, Б.Б , Д.П нарт холбогдох 109,038,466 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд зээлийг барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 703,142 төгрөгийг Төрийн сангийн 100180000941 тоот данснаас гаргуулан нэхэмжлэгч Х банкны Хэнтий салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МАРИНА