| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00428/И |
| Дугаар | 156/ШШ2020/00556 |
| Огноо | 2020-07-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 156/ШШ2020/00556
156/ШШ2020/00556
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00428/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, .. дүгээр хороо, ................. /РД: ........./-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын ..... дугаар багт оршин суух, Б овогт Ү М /РД:........../-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,741, 460.44 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г нь Ү.М 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ЗГ1205051792 тоот гэрээ байгуулж 2,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэрээний хугацаа 2015 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дууссан боловч Ү.М нь гэрээний дагуу зээл төлөх үүргээ зөрчин банкийг хохироосоор байна. Хариуцагч Ү.М холбогдуулан зээлийн төлбөрөө төлүүлэхийн тулд 2018 оны 8 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Улмаар 2018 оны 10 дугаар сард түүнийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж, мөн шүүхийн шийдэр гаргуулсан. Иймд Ү.М 3,741,460,44 төгөргийг гаргуулж өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г нь хариуцагч Ү.М холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,741,460.44 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчид шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Зохигчид нь харилцан тохиролцож бичгээр зээлийн гэрээ байгуулан зээл олгосон бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан харилцаа үүссэн байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу Ү.М нь зээл 2,000,000 төгрөгийг авсан болох нь 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ1205051792 тоот зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч Ү.М зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт 3,741,460.44 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Голомт банканд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ү.М зээл, зээлийн хүү, нийт 3,741,460.44 /гурван сая долоон зуун дөчин нэгэн мянга дөрвөн зуун жаран төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банканд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,814 төгрөгийг улсын орлогод хэвээ үлдээж, хариуцагч Ү.М улсын тэмдэгтийн хураамж 74,814 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Голомт банк ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА