Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 156/шш2020/00776

 

2020 оны 10 сарын 16-ны өдөр 156/ШШ2020/00776 Хэрлэн сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

156/2020/00483/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн Б танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Ч.М,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, овогт А.Б,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Ч.Д нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар баг, Эргэцэг гэдэг газар нутаглах, Ц.Ч-т холбогдох гэрлэлт цуцлуулах,  хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хувийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, охин Ч.М-ыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч А.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагч Ц.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Л.Н нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дүгээр зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Ч, А.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Хариуцагч Ц.Ч-ийн нэхэмжлэгч А.Б-ид холбогдуулан гаргасан охин Ч.М-ыг өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ч.М, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.Ц нарыг эх А.Б-ийн асрамжид үлдээсүгэй.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Ч.М, 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн хүү Ч.Ц нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ц.Ч-оор тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх А.Б-ид даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

7. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө болох 4 ханатай гэр, 100 хургатай хонь, 100 толгой төлөг, 12 тооны үхэр /үүнд 3 тугалтай үнээ, 2 тооны сувай үнээ, 2 тооны шүдлэн үхэр, 5 тооны бяруу орно/, 10 толгой адуу /үүнд унагатай гүү 3, 2 тооны морь, 3 тооны даага, 2 тооны шүдлэн орно/, их гарын мөнгөн чимэгтэй эмээл, Бонго-3 машиныг тус тус нэхэмжлэгч А.Б, Ч.М, Ч.Д нарын өмчлөлд өгөхөөр тохиролцсоныг баталсугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  53 дугаар зүйлийн 53.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 515,925 төгрөг, хариуцагч Ц.Ч-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 592,000 төгрөг, мөн түүний сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Ч-оос 1 жилийн хугацаанд төлбөл зохих хоёр хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 2,420,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 53,676 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

9. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Т.Ариун-Эрдэнэд даалгасугай.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.МАРИНА