| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00669/И |
| Дугаар | 156/шш2020/00760 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 156/шш2020/00760
2020 оны 10 сарын 05 156/ШШ2020/00760
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00669/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Скайтел плазад байрлах, С ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багт оршин суух, Д.А-д холбогдох,
758,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дараа төлбөрт MONGOLdoo 10 үйлчилгээний хэрэглэгч болох хүсэлт гарган гэрээг байгуулж 90040888 дугаарын эзэмшигч болж SAMSUNG A30 маркийн гар утсыг 6 сарын хугацаанд төлөхөөр лизингийн нөхцөлөөр худалдан авсан. Гэтэл Д.А нь гэрээний үүргээ үл биелүүлж 90040888 дугаарын лизингийн төлбөр 754,000 төгрөгийг төлөөгүй байгаа тул гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу үйлчилгээг хаасан. Бид төлбөрөө төлөхийг сануулан мэдэгдлийг өгч байсан боловч өдийг хүртэл төлөөгүй байна. Иймд Д.Аээс төлбөрийн үлдэгдэл болох 754,000 төгрөг үүнээс гэрээний 6 дугаар зүйлийн 6.5-дахь хэсэгт заасны дагуу барьцаа 0 төгрөг хасаад 754,000, нотариатын зардалд 4,500 төгрөг, нийт 758,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Д.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Д.А миний бие Скайтел ХХК-аас ямар нэг гар утас лизингээр аваагүй бөгөөд миний бичиг баримтыг Дашмягмар гэгч этгээд ашиглаж мөн миний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Зээл авснаас хойш 9 сарын дараа надад шүүхээс мэдэгдсэн бөгөөд тэр болтол би мэдээгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Скайтел ХХК нь хариуцагч Д.Ад холбогдуулан гар утас худалдан авсан 754 000, нотариатын зардал 4 500 төгрөг, нийт 758 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан ба хариуцагчид тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүргийг хүлээсэн боловч хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.
Хариуцагч Д.А нь Скайтел ХХК-аас 754,000 төгрөгийн гар утас худалдан авсан болох нь 2019 оны 12 сарын 23-ны өдрийн Гар утас /төхөөрөмж/ зээлээр худалдах, худалдан авах гэрээний өргөдлийн маягт, гэрээний хуулбар, зөвшөөрлийн хуудас, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, төлбөрийн нэхэмжлэх зэрэг баримтаар нотлогдож байна.
Хариуцагч Д.А нь худалдах худалдан авах гэрээний үүргээ зөрчиж, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир Скайтел ХХК нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар шаардах эрхтэй байна.
Харин нэхэмжлэгч байгууллагаас нотариатын зардал болох 4,500 төгрөгийн зардлыг нэхэмжилсэн байх ба энэхүү нэхэмжилж буй үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй.
Иймд, нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Д.Аээс худалдан авсан гар утасны төлбөр 754 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 4 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Д.Ад шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 09:00 цагт болох шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атал тэрээр тус шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч Д.Аийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14:00 цагт болох шүүх хуралдааны товыг мөн түүнд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар хариуцагч Дамдинсүрэнгийн Ар-Үрээс зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийн үлдэгдэл нийт 754,000 /долоон зуун тавин дөрөв мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Скайтел ХХК-д олгож, илүү нэхэмжилсэн 4,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Скайтел ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 22,754 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Аээс 22,646 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН