| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00753/И |
| Дугаар | 156/шш2020/00751 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 156/шш2020/00751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00753/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар багт оршин суух, Ч.З-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Ч.З, прокурор Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ч.З нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1960 оны 2 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймагт төрсөн. Миний эцэг Д.Ч нь 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдөр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн 10 жилийн хорих ял авсан. 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Улсын дээд шүүхийн 03 дугаар магадлалаар цагаатгагдсан. Иймд хэлмэгдэгч Д.Чгийн хүү Ч.З надад нөхөн олговрын 40,000,000 төгрөгийг олгож өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Д.Ч нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний төрсөн хүү хүсэлт гаргагч Ч.З мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ч.З нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаалтгалын нөхөн олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Ч.З нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 145 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Дамчой овогтой Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор, Шүүх цаазын бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэнийг хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Ч нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй байна. Энэ нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 1999 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 63 дугаартай шийдвэрийн хуулбар,
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 05/6114 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн цэргийн хяналтын 1978 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 03 дугаар магадлалын хуулбар,
- Хүсэлт гаргагч Ч.Зын иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, багийн Засаг даргын тодорхойлолт,
- Онцгой бүрэн эрхт комиссын Д.Чг цагаатгасан цагаатгалын үнэмлэх,
- Үндэсний төв архивын 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03-4/5603, 03-4/5600 дугаартай лавлагаанууд,
- Дамчойн Чгийн нас барсны бүртгэлийн лавлагаанууд,
-Шүүхийн үзлэгийн тэмдэглэлүүд хэрэгт авагджээ.
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Ч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 10 жилийн хорих ялаар шийтгэгдсэн, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний хүү Ч.Зт 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан СЭ60020217 регистрийн дугаартай, Д.Ч-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор
хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА