| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00350/И |
| Дугаар | 156/ШШ2020/00532 |
| Огноо | 2020-07-06 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 156/ШШ2020/00532
156/ШШ2020/00532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00350/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Хэнтий аймаг, Дадал сум, .. багт оршин суух, Х овогт Б Ц /РД:....../-ын хүсэлттэй нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Б.Ц, прокурор Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Ц нь шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцэг Ч.Б нь Дадал сумын харьяат малчин хүн байсан 37 насандаа 1938 онд улс төрийн хэрэгт баривчлан Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 47-р зүйлээр хуулийн Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 18 дугаартай магадлалаар цагаатгажээ. Иймд Ч.Б хэлмэгдлийн нөхөн олговрыг охин Б.Ц олгож өгнө үү гэв.
Прокурор Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн хилс хэрэгт иргэн Ч.Б нь холбогдож улмаар цагаатгагдсан, түүний охин нь хүсэлт гаргагч Б.Ц мөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нөхөн олгвор 40,000,000 төгрөгийг олгоход татгалзах зүйлгүй гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн цагаатгалын нөхөх олговор болох 40,000,000 төгрөгийг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Ц нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна. Энэ нь хэрэгт авагдсан Зууны мэдээ сонины 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 36 дугаарт нийтлэгдэж баталгаажсан байна.
Б.Ц нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж Онцгой бүрэн эрхт комиссын 1937 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр хурлын тогтоолоор шүүх цаазын бичгийн 43, 47 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, Дээд шүүхийн цэргийн коллегиийн 1992 оны 2 дугаар сарын 07-ны өдийн 18 магадлалаар цагаатгагдсан, түүнчлэн Ч.Б нь хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт төрөөс орон сууц олгож байгаагүй, хүсэлт гаргагч Б.Ц нь Ч.Б хүүхэд мөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 05/7158 тоот лавлагаа,
- БНАМУ Дээд шүүхийн цэргийн хяналтын 1992 оны 2 дугаар сарын 07-ны 18 дугаарт магадлалын хуулбар,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 45/000706 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Б.Ц эцэг нь Б, эх нь Ц.Г гэх ХААТР-1 маягт,
- Үндэсний төв архивын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 03-7/6227 дугаартай лавлагаа,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 00/001890 дугаартай лавлагаа,
- Хэнтий аймаг Сум дундын шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 462 дугаартай шийдвэрийн хуулбар,
- 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 2020/10 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ,
- Хэнтий аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 28 дугаартай Орон сууц аваагүй болох тухай албан бичиг,
- Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 00/002923 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа Б.Б эцэг нь Б, эх нь Б.Э гэх ХААТР-1 маягт,
- БНМАУ-ын Дээд шүүхээс 1999 оны 6 дугаар сарын 25-ны өдөр олгосон цагаатгалын үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Ч.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хорих ялаар шийтгэгдсэн байх бөгөөд үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний охин Б.Ц 40,000,000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40,000,000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан ....... регистрийн дугаартай, Х овогт Б Ц олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэхүү хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөөлөгч, прокурор нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА