Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2021/ДШМ/303

 

 

 

 

        2021           3           25                                           2021/ДШМ/303

 

Э.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Дэлгэрмаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат, түүний өмгөөлөгч Х.Даваахүү,

шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туул

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2042 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат, шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Бд холбогдох 2003003670277 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем Велла” хотхоны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ...хамгаалах малгай өмсөөгүй зөрчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэн, “Kawasaki” маркийн 10-30 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Зын амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.  

Тээврийн прокурорын газраас: Э.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Б-ийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Э.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат нь цаашид гарах гэм хорын болон зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, шүүгдэгчийн 1123145 дугаартай жолоочийн үнэмлэхийг Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн төрсөн аавын хувьд миний бие шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон оролцсон. Сэтгэл санааны ямар хямралд байж шүүх хуралд оролцох, ямар цочрол болохыг би “өдий наслаад хүнийг яллаад зогсоно гэдэг ямар хүсэшгүй, надад тохиолдсон ямар гай зовлон бэ” гэдгээ хүртэл шүүх хуралд хэлж байсан. Шүүх хурлаас өмнө ялтан Э.Б өөрөө, түүний ээж, нагац ах надтай уулзаж иргэний нэхэмжлэлтэй холбоотой, оршуулгын зардалтай холбоотой хохирол, хор уршгийн асуудлыг бид хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулна гэж илэрхийлдэг байсан. Шүүх хурал болох явцад тэдний талаас буяны үйлчилгээ, цайллага, хоол хүнс, шатахуун, зэд болон зан үйлийн зардал, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол улсад ирсэн эхнэр бид хоёрын онгоцны билет болон 21 хоног тусгаарлагдсан байрны зардалд нийт 37.000.000 төгрөгийг бидэнд төлсөн. Гэхдээ энэ нь охины амь нас хохирсон, бидний биеэр, бодитоор амсаж буй сэтгэл санаа, эд материал, мөнгө санхүүгийн хор уршгийн багахан хэсэг юм. Эхнэр бид хоёр тэтгэврээ аваад гэртээ зүгээр сууж байсан хүмүүс биш. Бид банкны зээлийг барагдуулах гэж, санхүүгийн бэрхшээлгүй, амьдралыг төвхнүүлэх гэж харь орныг зорьж тэнд хөдөлмөр эрхэлж, баталгаатай цалин хөлс-сарын 9.000.000 төгрөг авч байсан хүмүүс. Одоо шүүгдэгч Э.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн гайгаар, хор уршгаар охиноо алдсан, түүний амь насаар хохирсон төдийгүй, сэтгэл санааны хор уршгийг эдэлсэн, ажил хөдөлмөр эрхлэх эрхгүй, орлого олох эрхээ хасуулсан, мөнгө санхүүгээр хохирсон хохирогчид болоод байна.

Шүүгдэгчийн зүгээс нэхэмжлэлийг чинь ойлгож, хүлээн зөвшөөрч байна гээд байхад “үгүй ээ, та нар тэр нэхэмжлэлийг бүү хэрэгс” гэх анхан шатны шүүхийн хандлагыг яаж ойлгох юм?, Би “шүүгдэгч Э.Б-ийн учруулсан хохирол, гэм хорыг арилгуулах нэхэмжлэл”-дээ уг нь их л тодорхой бичсэн. Шүүх хурал дээр улсын яллагчаас бидний гаргасан мөнгөн нэхэмжлэлийг барагдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн юм. Би болон эхнэр бид хөдөлмөр эрхлэх, шударгаар орлого олох, амьжиргаагаа дээшлүүлэх эрхээ хэн нэгэн гэмт хэрэгтний үйлдлээр хасуулах ёстой юм уу?, Бид яагаад шүүхийн өмгөөлөлгүй хоцрох ёстой юм бэ?, Хүний эрх, эдийн засгийн эрх чөлөөгөө хасуулсан, зөрчүүлсэн бид шударга ёсыг нэхэмжлэх эрхгүй юу?. Харамсалтай нь үүнийг анхан шатны шүүх ойлгосонгүй, ач холбогдол өгсөнгүй. Давж заалдах шатны шүүх үүнийг анхаарч бидэнд учирсан хор уршгийг арилгаж өгөхийг хүсч байна.

Гэм буруугаа хүлээгээгүй шүүгдэгч Э.Б-ийнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар үнэн зөв шийтгэсэн ч тус зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялын дээд хугацаагаар яллаагүй. Үүнд гомдол нэхэж байгаа бус, ердөө тэрээр хэргээ хүлээгээгүй гэдгийг дахин дурдлаа.

Шүүгдэгч Э.Б-ийн тэтгэврийн бидэнд учруулсан сэтгэл санаа болон санхүүгийн хор уршиг, эхнэр бид хоёрын орлого олох, орлоготой байх эрх, эдийн засгийн эрх чөлөөг эдэлж, хүний зэрэгтэй амьдрах эрхийг шууд, бодитоор, ноцтой зөрчсөн гэмт үйлдлийн хор уршиг, гэм хорыг товч дүгнэе.

Нэгд: Эхнэр бид хоёр сонгуульд оролцохоос бусад бүх эрхийг Америкийн Нэгдсэн Улсын иргэний адил эдлэх, Америкийн Нэгдсэн Улсад байнга оршин суух ногоон картыг эзэмшээд 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Америкийн Нэгдсэн Улсыг зорьсон юм. Тэнд ажил хийж, төрсөн дүүгийндээ амьдарч байв. Ингээд 6 сар болж байхад охиноо зам тээврийн осолд амиа алдсан аймшигт үнэнтэй нүүрэлдэж эх орондоо ирсэн. Ингэхдээ ковид-19 цар тахалын үед тусгай нислэгийн онгоцонд багтах гэсээр Америкийн Нэгдсэн Улсад 10 хоногийг өнгөрөөж, нутагтаа ирээд тусгаарлах байранд 21 хоног, гэртээ 14 хоног тусгаарлагдан сэтгэлийн там, зовлон эдэлж, охиноо оршуулахад биечлэн оролцож чадаагүй. Охинтойгоо салах ёс гүйцэтгээгүй нь уй гашуудал, харууслыг улам хүндээр сэдрээж байна.

Бид өгүүлэшгүй сэтгэл санааны хохирол амссан. Насан эцэстлээ амсна. Иргэний хуулийн тайлбарт дурдахдаа сэтгэл санааны хохиролд “Бие эрхтний болон сэтгэл зүйн хохирол, амьдралын баяр баясгалан байхгүй болох” гэх мэт хамаарна гэжээ. Бид сэтгэл санааны зовиур шаналал, өвдөлтийг үргэлж тээх боллоо. Хэзээ ч эргэн ирэхгүй охиноо улам их санаж үймэрнэ. Энэ байдал оюун санаа, сэтгэлд хөндрүүлэн арилашгүйгээр суулаа. Ээж, хүү бид 3 бие биенийхээ уй гашууныг сэдрээхгүйг хичээхдээ гэртээ охиноо дурсаж зүрхлэхгүй байдалтай байна. Ийм гаж, эрүүл бус, утга учиргүй байдалд нэрвэгдлээ. Охин бидэнтэй хамт амьдарч байсан болохоор юм бүхэн түүнийг санагдуулна. Сэтгэлээ барьж чадахгүй үед нэг нэгнээсээ нулимсаа нууна. Би бурхандаа сүү, идээний дээж, зул өргөх бүртээ хаана ч явсан бурхан, байгальд залбирах үедээ охиндоо үргэлж сайн сайхныг хүсдэг байв. Харин одоо бурхныг ямар нэмэр болов гээд түүнд итгэл алдрав. Машин барьж яваад тэрүүхэн тэндээ анхаарал сатаарч байна. Аюул, аваар хийчихвий гэж эмээх юм. Лифтэнд ороод товчийг нь даралгүй байж байгаад юу билээ гээд дарна. Охины дүр, дурсамж харван орж ирэх бүр охиныг санагдуулах эд зүйл, гадны үйлчлэл нөлөөлөх бүр дотор тэсэшгүйгээр урагдаж, тасдагдаж, сийчигдэнэ. Зүүдний тухайд бол дурдалтгүй. Миний охиныг амьсгал хураахын өмнө түүнээс “бие чинь яаж байна” гэж шүүгдэгч Э.Б асуухад “гайгүй” гэсэн байна.  Энэ нь хавтас хэрэгт бий. Миний охин ийм л гэгээлэг, гайхалтай охин юм. Ийм л сэтгэлийн хаттай, хүнлэг охин юм. Ааваа, ээжээ өвдлөө, үхлээ гэсэнгүй. Харин гэмт этгээдийг, алуурчныг тайтгаруулж байх юм. Ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн охиноо өрөвдөнө. Охингүй болсон бид уй гашууд сөхөрч, туйлдаж, гутралд автаж байна. Амьдрал гэрэл гэгээгүй, аз жаргалгүй, баяр баясгалангүй, тайван бус, хугас болж хувирлаа. Энд цаг хугацаа бүхнийг эдгээнэ гэсэн улиг болсон аргадалт тусыг эс үзүүлнэ. Энд миний эдэлж буй сэтгэлийн там, хохирлоос цухас дурдлаа. Харин эх, дүү нь өөр өөрийнхөөрөө шаналж яваа.

Иймд шүүгдэгч Э.Б-ийн учруулсан хор уршиг гэм хорыг арилгахтай холбоотой мөнгөн нэхэмжлэлийг ёсоор гүйцэлдүүлэхдээ сэтгэл санааны хохирлыг зайлшгүй харгалзах салшгүй үндэслэл, гарцаагүй сэдэл, шалтгаанаар авч үзэхийг хүсч байна.

Хоёрт: Охиноо алдсан эцэг, эх, эгчийгээ алдсан дүү бид 3 хуульд зааснаар хохирогчид билээ. Эхнэр бид 2 охиноо алдсан хохирогч төдийгүй, Монгол Улсын Үндсэн хуульд заасан:

1. Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож болохгүй гэсэн заалтыг /Монгол Улсын Үндсэн хууль, 2 дугаар бүлэг, 19 дүгээр зүйл/ шүүгдэгч Э.Б илт зөрчсөнөөр бид гэмт үйлдлийнх нь эрх зүйн этгээд болсон юм.

2. Шүүгдэгч Э.Б эхнэр бид хоёрын халдашгүй байх эрхэнд /Монгол Улсын Үндсэн хууль, 2 дугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 13/ хөндлөнгөөс гэнэт, шууд хөнөөлтэй халдсанаар бид учирсан хор уршиг, гэм хорыг арилгуулах хуулийн этгээд болсон юм. Ингэхдээ: Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай олгогдсон эрхээ эдэлж байсан бидний...

- ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрх /Монгол Улсын Үндсэн хууль, 2 дугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 4/, 

- “...түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад явах, оршин суух эрх /Монгол Улсын Үндсэн хууль, 2 дугаар бүлэг, 16 дугаар зүйлийн 18/ болон,

 - ахмад настны эрхийг хуульчилсан: ахмад настан орлогын баталгаат байдлыг хангах төрийн зарчим болон ахмад настны хүсэл сонирхол, эрүүл мэнд, мэдлэг чадвартай тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхийг /Ахмад настны тухай хууль, 5 дугаар зүйлийн 5.1.5, 6 дугаар зүйл/ шүүгдэгч Э.Б гэмт үйлдлээрээ самарч зөрчсөн юм.

Шүүгдэгч Э.Б-ийн гэмт үйлдлийн үр дагавар, хор уршгаар эхнэр бид хоёрын хөдөлмөр эрхлэх эрх зөрчигдсөнөөр цалин хөлс авах, орлого олох боломж бололцоо үнэгүйдэж, гэмт хэргийн хор уршиг, гэм хорыг шууд амсаж байна. Бид амьдрал амьжиргааг эрс дордуулсан эрхшээл доор орж, түүнд өртлөө. Нөгөөтэйгүүр, Америкийн Нэгдсэн Улсыг орхин яваад эргэн ирэлгүй 6 сараас 1 жил болвол ногоон картын хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа дуусгавар болдог. Гэтэл бид нутагтаа ирээд 6 сар болоод байна. Корона вирустэй холбоотой хориг хэзээ цуцлагдах нь тодорхойгүй байна. Ингэснээр амьжиргаагаа дээшлүүлэх үндсэн эх сурвалж, баталгаа болсон бидний ногоон картыг хүчингүй болгох нөхцөл, болГ.З бүрдэн хангагдаад байна. Үүний хор уршгийг хэн, яаж тооцож байна вэ.

Бид Америкийн Нэгдсэн Улсад 2020 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр очсон. Би 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн сард 2.000 доллар /бүтэн өдрөөр цагийн 12 доллар, илүү цагийн 18 доллар/, эхнэр 3 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн 1.200 доллар /хагас өдрөөр цагийн 10 доллар/ цалинтай ажил хийж байв /цалингийн хуулбарыг хавтас хэрэгт хавсаргасан/. Авч байсан цалингаа дунджаар 3.200 доллар гэж тооцоход бид сард 9.000.000 төгрөг авч байв. Иргэний хуулийн 18 дугаар бүлгийн 228 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх учиртай. ...” гэсэн байна. Тэгвэл өмнөх байдал гэж бидний тохиолдолд 9.000.000 төгрөгийн цалинг хэлж байна.

Тус хуулийн 229 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй. ...” гэж заасан. Мөн хуулийн 52 дугаар бүлгийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. ...” гэж хуульчилсан. Бид Монгол улсад ирээд 6 сар болж байгаа бөгөөд яг одоогийн байдлаар гэмт хэргийн бодит хор уршиг 54.000.000 төгрөгөөр шууд хохироод байна. Үүнийг нэхэмжилж байна. Үүнээс гадна, “олох ёстой байсан орлогыг” хугацааг нь ирэх оны хагас жилээр буюу шүүх хурал болсон өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөр тооцож 63.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ дүн нь ажил хөдөлмөр эрхлэх эрх, эдийн засгийн эрх чөлөөтэй байх эрхээ зөрчүүлсэн бидний наандаж хагас жилдээ баталгаатай гарцаагүй олох ёстой байсан доод орлого юм. Учир нь, англи хэлтэй эхнэр бид 2 Америк амьдралын гүнд орж хагас жил ажиллаад илүү өндөр өртөгтэй ажил хийх зорилготой байсан юм. Ийм боломж дүүрэн байв. Бид Америк ахуй, орчинд дасан зохицож, амьдрах эв дүйгээ олж, гарц гаргалгаагаа мэддэг болоод байсан юм. Амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой явсан нөхцөл байдал бүрэн бүрдсэн байхад ногоон карттай бид тэнд амьдрах, ажиллах эрх болон найдвартай орлого олох боломж, бололцоогоо нэг жил хагасаар хязгаарлахгүй байсан юм.

Иргэний хуулийн 52 дугаар бүлгийн 508 дугаар зүйлийн 4.2-т “...Гэм хор учруулсан төлбөрийн хугацааг тодорхойлохдоо: 55-с дээш насны эмэгтэй, 60-с дээш насны эрэгтэйд бүх насаар нь...” гэж хуульчилсан заалтад би тулгуурлаагүйг энд тэмдэглэе.

Гуравт: Эхнэр бид 2 одоогийн амьдарч буй байрыг худалдан авахдаа Голомт банкнаас 54.000.000 төгрөг зээлсэн юм. Энэ мөнгийг төлсөн боловч түүнтэй бараг дүйх хэмжээний мөнгө 51.626.262 төгрөгийг зээлийн хүүд төлөх болсон юм. Энэ нь Америкийн Нэгдсэн Улс явах нэг шалтгаан болсон. Тэгээд бид 1 жилд энэ мөнгийг төлөх график банктай гэрээ байгуулж Америкийн Нэгдсэн Улс явсан /банкны баримтыг хавтас хэрэгт хавсаргасан/. Америкийн Нэгдсэн Улсаас цалингаараа 7 сарын хугацааны 11.772.262 төгрөгийг графикийн дагуу барагдуулаад байв. Монгол улсад ирээд 11 дүгээр сар хүртэлх 21.472.000 төгрөгийг төлсөн. Одоо банкны зээлийн хүүгийн үлдэгдэл 18.382.000 төгрөг байна. Үүнийг нэхэмжилж байна. Ингээд нэхэмжлэлийн нийт дүн 140.631.361 төгрөг болж байна.

Хэнд ч гэм хоргүйгээр ажил эрхэлж, шударга хөдөлмөрлөж, амьжиргаагаа залгуулаад явж байсан биднийг гэмт этгээдийн гэмт үйлдлийн шууд хор уршгаар орлого олох эх үүсвэргүй болгож, санхүүгийн ямар хүнд дарамт, хараат байдалд оруулсныг ойлгохгүй хүн гармааргүй юм. Тэгэх тусмаа үүссэн бодит байдалд бидний эрхийг хамгаалах, шүүх нэхэмжилсэн дүнг хангаж, шударга, хүмүүнлэг хандана гэж итгэж байна. ...” гэв.

 Шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2042 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараахь үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

              1. Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдээгүй тухай “...Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Ганхуягийн гэрчээр өгсөн мэдүүлэг /55-56/  шийтгэх тогтоолын 7 дугаар талд бичигдсэн байна.

              Энэ гэрчийн мэдүүлэг нь хэргийн үйл баримттай огт холбоогүй бөгөөд хэрэгт хамааралгүй нотлох баримтыг шийтгэх тогтоолд бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн нэг болно.

              2. Шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх дээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй байна гэж дүгнэсэн.

              Шүүх энэ хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн 8 хүний мэдүүлэг, жолоочийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст бичигдсэн 0.43%-ийн согтолттой байсан нь нотлогдсон тогтоогдсон гэх боловч нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж авсан, эргэлзээтэй мэдүүлгүүд байсан.

              - Жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлийг энэ өдрийн замын цагдаагийн жижүүрийн бүрэлдэхүүний багт ажиллаж байсан шинжээч Э.Г үйлдсэн байдаг /1хх 13/,

              Шинжээч Э.Г нь шүүгдэгчийг Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авахын өрөөнд 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 05 цаг 40 минутад шалгасан гэж бичсэн байдаг.

              Гэвч шинжээч Э.Г нь энэ цаг хугацаанд дээрх шинжилгээг хийсэн эсэх нь эргэлзээтэй байдаг. Учир нь, шинжээч болон мөрдөгч нар 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 05 цаг 25 минутаас 05 цаг 50 минутын хооронд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн дээр цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэлд бичигдсэн цаг хугацаатай давхцаж байна. /1хх 17-18/

              Дээрх ажиллагаанд хөндлөнгийн гэрчээр оролцсон гэх М.Сайнтүшиг нь дээрх ажиллагааны дараа 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн /1хх 104-105/ байдаг бөгөөд энэ мэдүүлэгтээ “та Э.Бтэй ямар зайнаас харьцсан бэ” гэдэг асуултад “орон дээр хэвтэж байсан тул би орноос 2 алхмын зайтай зогсож байгаад ярилцсан” гэсэн. “Э.Бэс тухайн үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан уу” гэх асуултад “мэдэхгүй” би тухайн үед маск зүүсэн байсан. Нүд, ам нь гэмтсэн байсан” гэх мэдүүлгийг өгч байсан нь жолоочийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл дээр “0.43%-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэснийг баталсан мэдүүлэг огт өгөөгүй. Энэ тухай огт мэдэхгүй байна.  

              Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараахь 12 нэр бүхий гэрчийн мэдүүлэг нь “жолоооч тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй, хараагүй, анзаараагүй” гэж мэдүүлсэн байна.

              - Гэрч Б.Н 2020 оны 7 дугаар сарын 6-ны өдөр анхны мэдүүлэгтээ “сүүлд ирсэн залуучууд виски уусан эсэхийг мэдэхгүй байна” /1хх 87/,

              - гэрч Л.Э.Б “сүүлд ирсэн залуучууд виски уусан эсэхийг мэдэхгүй байна” /1хх 91/,

              - гэрч Б.А “мотоциклийн хувцастай залуу уусан байх. Гэхдээ би яг ам руугаа хийж байхыг нь хараагүй” /1хх 94/,

              - гэрч Б.Т “ширээний нөгөө талд мотоциклийн хувцастай залуу сууж байсан бөгөөд яг ууж байхыг нь хараагүй” /1хх 96/,

              - гэрч Г.Д “мэдэхгүй, санахгүй байна” /1хх 98/,

              - гэрч М.Б “тэднийг яг ууж байсан эсэхийг хараагүй” /1хх 100/,

              - гэрч Ж.Хосбаяр “тэрийг ёстой хараагүй” /1хх 102/,

              - гэрч Г.Г.А /Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хүлээн авах их эмч/ “мэдэхгүй байна. Би байнга масктай байсан тул анзаараагүй” /1хх 107/,

              - гэрч Т.М/хэргийн газарт анх очиж дуудлага өгсөн гэрч/ “хархад эрүүл юм шиг харагдаж байсан. Шоконд орчихсон байсан байх. Уйлаад, туслаарай гээд орилоод байсан. Би ойртож үнэрлээгүй” /1хх 109/,

              - гэрч О.О “яг согтуу байсан эсэхийг мэдэхгүй” /1хх 111/,

              - гэрч Э.Э.Б “эхний удаад тулгаад, буцааж ширээн дээр амсалгүй тавьсан. Түүнээс хойш огт бариагүй” /1хх 114/,

              - гэрч С.Б /яаралтай түргэн тусламжийн жолооч/ “...тэрийг анзаараагүй” /1хх 121/,

              - гэрч А.С /цахилгааны инженер/ “...залуу нь хиймэл амьсгаа хийж байсан. Би ойртоогүй. Батсүрэн тэр залуугаас пиво уучихсан юм шиг үнэртээд байна гэж хэлсэн.” /1хх 125/.

              Харин эдгээр гэрчүүдийн мэдүүлэгт шүүгдэгчийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж мэдүүлэг өгсөн байдаг.

              - яаралтай түргэн тусламжийн их эмч, гэрч Н.Эрдэнэбаярын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр өгсөн мэдүүлэг /1хх 117-119/,

              Эргэлзэх үндэслэл: хэрэг гарсан өдөр хэргийн газарт очиж шүүгдэгчийг хэргийн газраас Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт хүргэж өгсөн бөгөөд энэ ослын газарт ажилласан тухай түргэн тусламжийн дуудлагын хуудсыг ажил үүргийн хуваарийн дагуу бөглөж, байгууллагын архивт хадгалагдсан байгааг 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдөр /прокурорын зөвшөөрөлгүй/ гаргуулж хавтас хэрэгт хавсаргасан.

              Түргэний эмчийн дуудлагын хуудаст өвчтөний эцэг, эхийн нэр Г.З, нэр Хулганаа гэж тэмдэглэсэн байна. /1хх 221/,

              Түргэний эмчийн энэ тэмдэглэлд бичигдсэн талийгаачийн эхийн нэрийг бичсэн нь эргэлзээ төрүүлж байна.

              Зам тээврийн осол гарсан өдөр буюу 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдөр эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд талийгаачийн ээжийн нэр Хулганаа болохыг тодорхойлж болох бичиг баримт байхгүй байхад ингэж бичсэн байдаг.

              Гэрч нь хууль зүйн хувьд тухайн хэрэг ашиг сонирхолгүй этгээд байдаг боловч ямар нэгэн хэмжээгээр хэргийн зохигчидтой харьцаатай байхыг үгүйсгэхгүй. Энэ талаас нь авч үзвэл тэрээр хэрэгт ач холбогдол бүхий үйл баримтыг субъектив тусгах боломжтой.

              Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон дээрх гэрчийн мэдүүлэгт гэрч нь хэргийн оролцогчдыг таньдаг эсэх, таньдаг бол ямар харилцаатай, /төрөл садан, найз нөхөд, хамт ажилладаг, хамт суралцаж байсан, айл хөрш гэх мэт/ уг харилцаа нь тэдний хооронд энгийн, дотно, эсхүл таагүй харьцах болсон шалтгаан зэргийг асууж тодруулаагүй, эргэлзээтэй нотлох баримт гэж мэтгэлцэж оролцсон.

              - гэрч Н.Батсүрэн /цахилгааны инженер/ “нэг залуу хиймэл амьсгаа хийчихсэн... залуу нь хиймэл амьсгаа хийсээр байсан... юм асуусан боловч хариулаагүй... би тэр залуугийн салхин доогуур нь гарах үед пиво шиг зүйл үнэртсэн” /1хх 123/,

              Эргэлзэх үндэслэл: “Талийгаач согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан” гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд энэ гэрч мэдүүлэхдээ “эрэгтэй нь эмэгтэйдээ хиймэл амьсгал хийж байх үед очсон байх бөгөөд талийгаач, шүүгдэгч нар хамтдаа байсан болохоор хэн нэгнээс нь үнэртэж байгаа нь тодорхойгүй бөгөөд шууд залуугаас гэж ялгах боломжтой байсан эсэх нь эргэлзээтэй байна.

              - гэрч Б.Батцоож 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “тэр залуугаас согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэр залуу өөрөө согтууруулах ундааны зүйл уучихсан. Найз хүүхнээрээ бариулаад явж байсан гэж надад хэлсэн” гэх мэдүүлэг /1хх 127/,

              Эргэлзэх үндэслэл: хэргийн газрыг хамгаалалтад авч ажиллаж байсан замын хөдөлгөөнийг зохицуулагч гэрч хэргийн газарт жолоочтой харилцаж байсан гэх боловч хэргийн газарт ажилласан жижүүрийн бүрэлдэхүүн үзлэгийн ажиллагаанд жолоочийг оролцуулаагүй, осол хаана гарсан талаар жолоочоос асуумж аваагүй, жолооч хаана унасан талаар хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд огт тэмдэглээгүй байна. /1хх 4-5/,

              гэрчээр мэдүүлэг өгсөн мөрдөгч Ж.Батаа, шинжээч Э.Г нар “Э.Б-ийнг драгер багажаар үлээлгэж шалгах гэхэд үлээж чадахгүй байсан” гэснээс өөрөөр замын зохицуулагч гэрч Б.Батцоожид хэлсэн зүйлийн талаар энэ гэрч нарын мэдүүлэгт байхгүй. /1хх 129, 131/.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд “...эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутайд эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ. ...” гэсэн  зарчмыг харгалзан үзсэнгүй.

              - гэрч Ж.Батаагийн 2020 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн /мөрдөгчөөр ажилласан/ мэдүүлэгт “би ойролцоогоор 10 минут хамт байсан. Биднийг орох болон гарах үед ямар ч огих, бөөлжих үйлдэл гаргаагүй” гэх /1хх 131/,

              - гэрч Э.Гийн 2020 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн /шинжээчээр ажилласан/ мэдүүлэгт “багаж үлээлгэх гээд ярилцах үед болон тэмдэглэл хөтөлж байх үед ойролцоогоор 10 минут дотор огиулсан, бөөлжсөн үйлдэл гараагүй” гэх /1хх 129/.

              Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор техникийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийг томилсон /1хх 209/.

              Энэ тогтоолын дагуу 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн Дотоод хэргийн их сургуулийн 202017 дугаартай шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан /1хх 210-212/,

              Энэ дүгнэлтийн 1-т: Жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д заасан заалтыг зөрчсөн байна.

              Дүгнэлтийн 2-т: Зорчигч талийгаач Г.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 6.1б, 6.2а гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байна.

              Дүгнэлтийн 3.4.5-д “зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл болон бусад замын байгууламжийн эвдрэл, гэмтэл, зам орчны байдал нөлөөлсөн гэдгийг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байна” гэж дүгнэлт гаргасан.

              Энэ дүгнэлтийн 1-т: Цагдаагийн ерөнхий газрын баталсан цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны “220. согтууруулах ундаа ... хэрэглэсэн эсэхийг шалгагч багаж хэрэгсэлийг ашиглахдаа үйлдвэрлэгчээс ирүүлсэн зааврыг баримтална”.

              Драгер 7510 багажны зааварт: ...бөөлжих, хэхэрсний дараа хэмжилт хийхэд тестний дүн хэлбэлзэлтэй гарч болзошгүй ба ийм тохиолдолд 15 минут хүлээн, дахин тест хийж болно... гэсэн зааврыг баримтлаагүй болох нь энэ хэргийн гэрч, мөрдөгч Ж.Батаа, шинжээч Э.Г нарын шинжилгээний явцад авсан мэдүүлгийн тэмдэглэлээр “10 минутанд хэхэрч, бөөлжөөгүй” гэсэн мэдүүлэгт үндэслэн “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон дүгнэлтийг гаргах боломжгүй” гэж дүгнэлтдээ дурдсан байна.

              Зам тээврийн осол гарах болсон шалтгаан нөхцөл нь “талийгаач нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Хамгаалах малгайг зааврын дагуу өмсөнө. Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай.

              Энэ нь жолооч хөдөлгөөнд осол болоход гадаад, дотоод орчин, замын нөхцөл нөлөөлөөгүй бөгөөд мотоциклийн ард зорчиж явсан зорчигчийн хөдөлгөөнд аюултай, осолтой байдлыг бий болгомогц жолооч зүүн гараараа авцуулах холбоогоо атгаад, баруун хөлөөрөө тоормос гишгэж, баруун гараараа ард байгаа зорчигчийн боссон хөдөлгөөнийг аюулгүй болгохын тулд баруун гараараа өөр рүүгээ татсанаар тэнцвэр алдагдаж онхолдсон байна.

              Энэ нөхцөл байдлыг мөрдөгч цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнэ магадлагаандаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “...жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэсэн /1хх 204-205/,

              Мөрдөгчийн магадлагаанд “...тээврийн хэрэгслийн хурдыг хасаж...” гэсэн дүрмийн заалт нь мотоцикл, замын хөдөлгөөний дүрэмд заасан, тогтоосон, хурд хэтрүүлсэн эсэх, хэдэн километр цагийн хурдтай явж байсныг камерын бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр хурд тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан.

              Магадлагаанд буруутгасан “...зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтаар мотоциклийн асфальтан зам дээр явж байхдаа замаас гарах хүртэл зайд зогсоох арга хэмжээ авсан эсхүл аваагүйг тогтоох тоормосны мөр гарсан эсэх талаар ямар нэгэн үзлэг, тэмдэглэл байхгүй.

              Мөрдөгч нь өөрийнхөө гаргасан магадлагаанд эргэлзэж байсан тул өөрөө дахин өөрийн санаачилгаар бүрэлдэхүүнтэй шинжээч томилсон.

              Мөрдөгчийн үйлдсэн магадлагаа нь өөрийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй эрүүгийн хэрэгт хэргийн оролцогч буюу яллагдагчийг илт буруутгасан дүгнэлт гаргаж байгаа нь мөрдөгч яллах талыг барьж ажилласан. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан зам тээврийн осол гарсан шалтгааныг тогтоох зорилгоор нийт 2 удаагийн шинжээчийн магадлагаа, дүгнэлтийг гаргуулсан боловч эдгээр дүгнэлтүүд нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн зөрчлийн хувьд өөр хоорондоо харилцан зөрүүтэй байхад анхан шатны шүүх дээрх дүгнэлтүүдийн нэгийг нөгөөгөөс илүү ач холбогдолтойд тооцохдоо бусад дүгнэлтүүдийг ямар үндэслэлээр хэрхэн няцаан үгүйсгэсэн нь ойлгомжгүй хэвээр үлдсэн.

              Урьдаас хөтөлбөргүй нь үнэн гэж тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй, аливаа нотлох баримтыг шүүх бусад нотлох баримтаас дээгүүр тавьж илүү хүчин чадалтай гэж үзэж болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларч буй аливаа нотлох баримтыг шүүх үнэлэх, эргэлзэх эрхтэй, тэдгээрийг дэнсэлж, үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэй байдаг.

              Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт хамааралтай бүхий л нөхцөл байдлыг үнэлж дүгнэдэг бөгөөд нотолгооны ач холбогдолтой, хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг болон бусад нотлох баримтуудтай харьцуулан тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянах үүрэгтэй.

              Ийнхүү үнэлж дүгнэхдээ нотлох баримтуудыг харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргыг ашиглах бөгөөд харьцуулсан, магадалснаас үүссэн нөхцөл байдлыг үндэслэн тодорхой нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн, эсхүл баталсан хууль зүйн болон үйл баримтын дүгнэлтийг хийх шаардлагатай ба энэхүү дүгнэлтийг хийгээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасан хэм хэмжээг ноцтой зөрчсөн зөрчилд тооцогдохоор хуульчилжээ.

              Дээрх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн шийтгэх тогтоолыг 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр гардан авч, эс зөвшөөрч хуулийн хугацаанд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...” гэв.

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбатын өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч өөрийнхөө гаргасан давж заалдах гомдлынхоо үндэслэлийг тайлбарласан. Давж заалдах гомдлыг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна. Иргэний нэхэмжлэлтэй холбогдолтой асуудлыг нийт 146.518.722 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Үүнээс 37.000.000 төгрөгийг шүүгдэгч Э.Б-ийн зүгээс төлж барагдуулсан. Үлдэгдэл 109.518.722 төгрөгийг хангаж өгүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэх гомдлын гол шаардлагатай гомдол гаргасан. 146.518.722 төгрөгийн баримтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн. Үүнээс хойш шүүгдэгч Э.Б-ийн талтай 2, 3 удаа уулзаад хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулан гэдгээ илэрхийлсэн байдаг. Нэхэмжилсэн мөнгөн дүнгээр илүү хохирол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат болон түүний гэр бүлд тохиолдсон. Шүүгдэгч 37.000.000 төгрөг төлж барагдуулсанаас хойш хохирол төлбөр нэмж барагдуулаагүй. Шүүгдэгч Э.Б хохирол төлбөрийг барагдуулна гэж хэлээд хуурч мэхэлсэн байдаг. Иймд нэхэмжилсэн 109.518.722 төгрөгийг шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж  хангаж гаргуулж өгнө үү. Иргэний нэхэмжлэлтэй холбогдолтой асуудал анхан шатны шүүхийн хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Э.Б хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэж тайлбар хэлсэн байдаг. Гэтэл одоог хүртэл бүрэн төлж барагдуулаагүй. Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрт гомдолтой байна. ...” гэв.

              Прокурор Б.Дэлгэрмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх биш, бүр дордуулж эрх зүйн туслалцааг хангалтгүй өгч байгаад туйлын харамсалтай байна. Согтуугаар, замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж, хоёроос гурван заалтыг зөрчиж энэхүү гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар бүрэн нотлогдсон. Шүүх хуралдааны явцад хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад согтуу байсан гэдгийг нотолсон гэрчийн мэдүүлгүүд байсан. Хэрэг шөнийн 00:45 цагт үйлдэгдсэн. Үүнээс 5 цагийн дараа буюу өглөөний 05 цагийн үед драйгер багажаар хэмжихэд 0.43%-ийн согтолттой гарсан байдаг. Тэгэхээр гэмт хэрэг үйлдэгдэх үед их хэмжээний согтолтын зэрэгтэй байх боломжтой буюу согтуу байсан нь хангалттай нотлогдож байна. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгчийн өмгөөлөгч буруу зөрүү тайлбар хийсэн учраас гэрчүүдийн мэдүүлгийг уншиж өгөх нь зүйтэй гэж үзлээ. Нийт 12 найзууд хоорондоо өөд өөдөөсөө харж байгаад, хундага тулгаж виски уусан. 10 гаруй гэрчүүд хундага тулгаж виски уусан болохыг нь гэрчилдэг. Драйгер багажаар олон цагийн дараа үлээлгэсэн боловч шүүгдэгчээс согтолт илэрсэн. Тухайн хэргийн газар очиж байсан, тэнд байсан хүмүүс шүүгдэгч Э.Б-ийн салхин доогуур нь гарахад архины үнэр гарч байсан гэж мэдүүлдэг. Эдгээр нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Б согтуу байсан нь хангалттай нотлогдож байна. Гэрч Б.Нмэдүүлэгт залуу мотоциклээ асаагаад толгойны хамгаалалтаа өмсчихсөн, ард нь талийгаач Г.З суучихсан байхаар нь би хажууд очоод “чи хаачих гэж байгаа юм бэ, согтуу жолоочийн хойно сууж болохгүй” гээд урд нь хашиж зогсоод явуулахгүй, “чи хэн болчоод манай найзын авч явах гээд байгаа юм бэ. Чи өөрөө уучихсан хамгаалалтын малгай өмсчихсөн байж, манай найзад малгай өмсүүлээгүй байна” гээд талийгаач Г.Зын хажууд очоод “чи ядаж хамгаалалтын малгай өмс” гэж талийгаач Г.З руу уурлаад “боль” гэхэд тэд уулын зам руу хөдлөөд явсан. “Манай найзыг аваад явчихлаа” гэж  орилсон боловч зогсоогүй яваад өгсөн. Мотоциклтой залуу намайг харахад шилтэй аягатай зүйлийг бага багаар ууж байгаа нь харагдсан. Би виски ууж байна гэж бодсон хэмээн мэдүүлдэг. Гэрч Л.Э.Б талийгаач Г.З ямар ч хамгаалах хэрэгсэлгүй сууж байхаар нь “ямар учраас сууж байгаа юм бэ” гэж хамт явж байсан найзуудаас нь асуухад Эрхсаран хэлэхдээ “Би тэр хоёрыг хориглоод дийлсэнгүй” гэж хэлж байсан гэдэг. Мөн гэрч Б.А мэдүүлэгтээ мотоциклтой залуу миний хойно толгойны хамгаалалттай сууж байсан. Бид нар бүгд тулгаж виски ууцгаасан. Мотоциклтой залуу виски уусан. Ямар ч байсан согтуу байх шиг санагдсан. Бүгд согтож байх шиг санагдсан гэж мэдүүлдэг. Тойроод бие биенээ хараад тулгаад уугаад сууж байгаа хүмүүс. Гэрч Э.Э.Б мэдүүлэгтээ талийгаач Г.Зын найз нь хамгаалалтын малгайгүй явчихлаа гээд ярьж байсан. Гэрч Н.Эрдэнэбаяр мэдүүлэгтээ шүүгдэгч Э.Бэс тухайн үед “архи согтууруулах ундааны зүйл уусан уу” гэж асуусан асуултад амнаас нь үнэртэж байсан. Тухайн үед “би уучихсан байна” гэж хэлж байсан гэж мэдүүлдэг. Мөн мөрдөгч, гэрч, шинжээч нараас нэг бүрчлэн мэдүүлэг авсан. Мөрдөгч өөрөө магадлагаагаа зөвшөөрөхгүйгээр шинжээч томилосон гэж шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбар хэлсэн. Тухайн үед хэргийн оролцогч нарт бүгдэнд нь танилцуулж байсан. Мөрдөгч өөрөө магадлагандаа эргэлзсэнээс шинжээч томилоогүй. Оролцогч нарын хэн нэг нь эсэргүүцсэн тохиолдолд шинжээч томилдог хуулийн заалт байгаа. Энэхүү хэрэгт шинжээч томилох шаардлагагүй яагаад гэвэл бүх нотлох баримтуудын хэмжээнд гэрчүүдийн мэдүүлэг, драгер багажаар шалгасан, бусад нотлох баримтуудын хүрээнд хэргийг ямар нэгэн тусгай мэдлэгийн хүрээнд хэн нэгэн шинжээчээс хариулт авах хэмжээний шаардлагагүй байсан. Хэрэг бүхэлдээ нотлогдсон. Мөрдөгчийн магадлагааг үндэслэж шүүхийн шийтгэх тогтоол гарсан гэж шүүгдэгчийн өмгөөлөгч үндэслэлгүй тайлбар хэлж байна. Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тусгай мэдлэг шаардагдах бол шинжээч томилдог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж ирсэн нэхэмжлэлийн баримтууд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан баримтууд байгаа. Би шүүх хуралдаанд хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалж шүүх хуралдаанд оролцох үүрэгтэй. Анхан шатны шүүх хэргийн үндэслэлийн тодорхой зааж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид иргэний журмаар хохирол төлбөрөө нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн нь үндэслэлтэй шийдвэр болсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Э.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн. Тэгэхээр шүүгдэгч Э.Бд оногдуулсан ял хөнгөдөөгүй, тохирсон байх тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

              ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн...” байх хуулийн шаардлагыг хангажээ.

Хэргийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг илтэд зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Э.Б нь 2020 оны 7 дугаар сарын 4-өөс 5-нд шилжих шөнийн 00 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Асем Велла” хотхоны хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчиж, согтуурсан үедээ мөн дүрмийн 3.4-д заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ...хамгаалах малгай өмсөөгүй зөрчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчин, хамгаалах малгай өмсөөгүй зорчигчийг тээвэрлэн, “Kawasaki” маркийн 10-30 УРА улсын дугаартай мотоциклийг жолоодож явахдаа, мөн дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Г.Зын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-12/, зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 30-37/ “...Kawasaki загварын 03-10 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Эрдэнэболд овогтой Э.Б-ийг драйгер багаж ашиглан шалгахад 0,43% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо. ...” гэх жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх 13/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /1хх 15-16/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 17-22/, амь хохирогчийн дүү Г.Збоод эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 24/, талийгаач Г.Зын өмсөж явсан хувцас, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 25-26/, хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх 27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 28/, нас барсны гэрчилгээ /1хх 40/, хохирлын баримтууд /1хх 50-78, 2хх 106-117/, хохирол төлсөн баримтууд /2хх 53-65/,  тээврийн хэрэгслийн тодорхойлолт /1хх 237-238/ зэрэг нотлох баримтууд болон,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Збоогийн “...Шүүх эмнэлэг дээр очиж таниулах ажиллагаанд оролцоход талийгаач Г.З мөн байсан. Осолд орох үед өмсөж явсан хувцас, гар утас, бусад эд зүйлсийг хүлээн авсан. Тухайн үед манай аав, ээж хоёр Америк улсад байсан тул би утсаар мэдээлэл өгч 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Монгол улсад ирсэн. Одоогоор тусгаарлалтад байгаа. ...Манай төрсөн эгч Г.З нь 1987 оны 6 дугаар сарын 4-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Тэрээр Хербалайф ХХК-д 3 жил, Хаан палас ХХК-д 3 жил ажиллаж байгаад 2017 оноос Өгөөж ХХК-д маркетингийн захирлаар ажиллаж байсан. Хөдөлмөрч, ажилсаг, нийтэч, тусархуу хүн байсан. Муу зангүй, хүнтэй ер муудалцаж байгаагүй, аав, ээждээ хайртай, их санаа тавьдаг охин байсан. Очсон газар бүртээ хүнтэй амархан танилцаж, найзалж, нөхөрлөдөг байсан. ...Осол гарсны дараа 7 дугаар сарын 5, 6-ны өдөр тухайн осол гаргасан залуугийн ээж нь ирээд буяны ажилд зарцуулаарай гээд 500.000 төгрөг өгөөд “нас барсан хүн босоод ирэх биш дээ. Манай хүү саяхан мотоцикл авсан бөгөөд би их дургүй байсан юм. Иймээс та бүхэн гомдолгүй гэж хэлж өгөөч” гэж хэлж байсан. ...Одоогийн байдлаар надад нийтдээ 5.000.000 төгрөг өгөөд байгаа. ... Маш их гомдолтой байна. ...” /1хх 46-47, 48/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбатын “...Осол гарсан талаар манай хүү Г.Збоо надад хэлсэн. Тухайн үед би Америкийн Нэгдсэн Улсад ажиллаж, амьдарч байсан. Осол гарсан талаар сонсоод эхнэр Ж.Хулганаагийн хамт 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Солонгос улсаар дайрч Монгол улсад ирээд 21 хоног тусгаарлалтад байж байгаад 14 хоног гэртээ тусгаарлалтад байсан. Би талийгаачийн буяны ажилд ч оролцож чадаагүй. Би 1 хүү, 1 охинтой байсан. Миний охин хүний төлөө их санаа тавьдаг, ажилсаг, зарчимч, маш даруухан, олон найзтай, боловсролтой хүн байсан. Охин маань амьдрал зохиож байгаагүй, хүүхэд гаргаагүй, хүнтэй амьдарч байгаагүйд нь харамсаж байна. Маш их гомдолтой байна. ...” /2хх 8-9/,

гэрч Б.Номингийн “...2020 оны 7 дугаар сарын 4-ны өдрийн 20 цагийн үед Их тэнгэр клабад очиход талийгаач Г.З, Э.Б, Эрхсаран, танихгүй хоёр эмэгтэй, нэг эрэгтэй гээд зургуулаа сууцгааж байсан. ...мотоциклийн куртик өмссөн залуу ирж хамт суугаад танилцаж байсан. Сүүлд харахад мотоциклийн хувцастай залуу талийгаачийн хажууд суугаад юм ярилцаж байгаа харагдсан. ...Эрхсаран “манай найзыг аваад явчихлаа шүү дээ” гээд орилоод хүрээд ирэхээр нь би “Мөнх-Эрдэнийн гэрийн гадаа яваад очих байх” гэж хэлэхэд Эрхсаран “Мөнх-Эрдэнийн гэр тийшээ биш биз дээ” гээд зүүн тийшээ заагаад “буруу тийшээ явчихлаа шүү дээ” гэж хэлж байсан. Талийгаач руу бид ээлжлээд залгахад утсаа авахгүй байсан. ...” /1хх 85/,

гэрч Б.Н“...Их тэнгэр клаб хаусын хаалгыг онгойлгоод гартал мотоциклийн куртиктэй залуу мотоциклоо асаагаад уначихсан, каска өмсчихсөн, ард нь талийгаач Г.З суучихсан байхаар нь би хажууд нь очоод “чи одоо хаачих гээд байгаа юм бэ. Согтуу байж, согтуу мотоциклтой хүний ард сууж болохгүй. Чи Тайванд яадгийг мэднэ биз дээ” гээд урд нь хашиж зогсоод “явуулахгүй, чи хэн болчихоод манай найзыг авч явах гээд байгаа юм бэ. Чи өөрөө уучихсан, хамгаалалтын малгай өмсчихөөд манай найзад өмсүүлээгүй байна” гээд, талийгаач Г.Зын хажууд очоод “чи ядаж хамгаалалтын малгай өмс” гэсэн. ...Би талийгаач Г.З руу уурлаад “боль” гэхэд талийгаач Г.З тэр залуугийн араас нь тэврээд цаашаа хараад байсан. Тэгээд тэр хоёр хөдлөөд хашааны ойролцоо очоод зогсох шиг болохоор нь араас нь гүйхэд цаашаа хөдлөөд уулсын зам руу ороод ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийшээгээ хөдлөөд явахаар нь би араас нь “манай найзыг аваад явчихлаа шүү дээ” гээд орилсон боловч зогсоогүй яваад өгсөн. ...Би талийгаачийн 98118788 дугаар руу 00 цаг 44 минутаас 01 цаг 10 минут хүртэл нийтдээ 10 удаа залгасан боловч утсаа авахгүй байсан. Мотоциклтой залуу манай ширээнд сууж байхдаа виски ууж байсан. Бид нар тэр хоёрыг хүлээж байгаад дуудлагын жолоочоор Мөнх-Эрдэнийн гэрт хүргүүлээд очиход талийгаач Г.З, мотоциклтой залуугийн хамт ирээгүй байсан. ...” /1хх 87-88, 89/,

гэрч Л.М“...Миний машины хажуугаар мотоцикл яваад өнгөрсөн ба хойно нь талийгаач Г.З ямар ч хамгаалах хэрэгсэлгүй буюу каска малгайгүй суучихсан байхаар нь ямар учраас суугаад явж байгаа талаар нь хамт явж байсан найзуудаасаа асуухад Эрхсаран “би тэр хоёрыг хориглоод дийлсэнгүй” гэж хэлж байсан. Би араас нь талийгаач руу зөндөө залгасан боловч утсаа аваагүй. ...Бид нар бөөндөө сууж байхад мотоциклийн хувцастай залуу талийгаачийн зүүн талд суучихсан хоорондоо юм ярилцаж байгаа харагдсан. Яг юу ярилцаж байгаа нь сонсогдоогүй. Учир нь гадаа талбайд дуу, хөгжим чанга дуугарч байсан. Талийгаач виски уусан. Гэхдээ хэр их уусныг нь мэдэхгүй байна. ...” /1хх 91-92/,

гэрч Т.М“...2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө хотын төвөөс Налайх дүүрэг орох зорилгоор Т.Премио маркийн автомашиныг жолоодон Баянзүрх дүүргийн товчоо орсон боловч буцах ажил гараад уулын замаар Маршалын гүүр чиглэлд явж байсан. Гэтэл Асем Велла хотхон өнгөрөөд 100-200 орчим метр явж байхад 2 хүн зам дээр байсан. 1 эмэгтэйг 1 залуу тэвэрчихсэн байдалтай замын шороон хөвөөн дээр сууж байсан. Анх би харахдаа согтуу хүмүүс байна гэж бодоод өнгөртөл манай эхнэр хараад “наад хүмүүсээс чинь цус гарчихсан байна. Осолд орчихсон юм шиг байна” гэхээр нь зогсоод 30 орчим метр өнгөрсөн байсан тул ослын гэрлээ асааж зогсоод алхаад очсон.
Очиход эмэгтэй хүн цус болчихсон эрэгтэй нь өвөр дээрээ тэврээд сууж байсан. “Би юу болсон бэ” гэж асуухад “түргэн дуудаад өгөөч. Осол гарчихлаа” гэхээр нь би өөрийн 99932107 дугаарын утсаар 102, 103-т залгаж дуудлага өгсөн. Тэгээд тэр хавийг ажиглахад мотоцикл нь цаашаа жалга руу орчихсон байдалтай байсан. Жолооч залуу хиймэл амьсгаа хийж эхлэх үед эмэгтэйн амнаас цус гараад байсан. Тухайн үед нас барсан байх гэж бодсон. Удалгүй хойд талын дэд станцаас 2 залуу гарч ирээд бид хамтдаа түргэн, цагдаа ирэхийг хүлээсэн. Замын цагдаа ирээд хөдөлгөөн зохицуулж байх үед түргэн ирж хүнийг үзээд “нас барсан байна” гэж байсан. Залуугийн биеийг нь үзээд, хувцсыг нь авч хохирогч дээр бүтээсэн. Удалгүй бүрэлдэхүүн ирж хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгээд би явсан. ...” /1хх 109/,

гэрч Э.Э.Бын “...Г.З, Э.Б хоёр гараад явсан. Намайг харахад тэр хоёр мотоцикл дээрээ очсон талийгаач дээр нь суугаад сонирхож байсан. ...Э.Б каскаа өмсөөд, мотоциклоо бариад, ард нь талийгаач хамгаалалтын малгайгүй суугаад явж байсан. ...” /1хх 114-115/,

гэрч Н.Батсүрэнгийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 20:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 08:00 цаг хүртэл хамт ажилладаг Одсэрийн хамт Асем Велла хотхоны баруун хойд талд байх цахилгаан станц дээрээ ээлжтэй байсан. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна нөгөө өрөөнөөс Одсэр орж ирээд “урд зам дээр осол гарчих шиг боллоо” гэсэн. Тэгээд бид хоёр цонхоор хартал зам дээр нэг хүүхэн хэвтчихсэн, нэг залуу хиймэл амьсгаа хийчихсэн, мөн хажууд нь нэг залуу автомашиныхаа аваарыг татаад зогсож байгаа нь харагдаж байсан. Тэгээд “юу болсон юм бол, туслая” гээд очтол “мотоцикл онхолдсон байна” гээд нөгөө аваараа асаасан автомашины жолооч хэлж байсан. Биднийг очиход эмэгтэй хүн нь хөдлөхгүй байсан бөгөөд эрэгтэй нь хиймэл амьсгаа хийсээр байсан. Би “түргэн дуудсан уу” гэж асуухад жолооч залуу “дуудсан” гэж хариулж байсан. Би нилээд удаад байхаар нь өөрийн 80551166 дугаарын утсаар залгахад “ирж яваа” гэсэн. Удалгүй цагдаа, түргэн ирээд “эмэгтэйг нас барсан байна” гэж хэлээд залууг түргэний машинаар авч явсан. ...” /1хх 123/,

гэрч А.Одсэрийн “...Би 2020 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 20:00 цагаас 2020 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 08:00 цаг хүртэл хамт ажилладаг Батсүрэнгийн хамт Асем Велла хотхоны баруун хойд талд байх цахилгаан станц дээрээ ээлжтэй байсан. Шөнө 01 цагийн үед бие засах гээд өрөөнөөс гартал урд талын зам дээр нэг хүн хэвтэж байгаа харагдсан. Тэгээд дотогшоо ороод Батсүрэнд “урд зам дээр осол гарчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгээд бид 2 очтол зам дээр нэг хүүхэн хэвтчихсэн, залуу нь хиймэл амьсгаа хийгээд, мөн хажууд нь нэг залуу автомашиныхаа аваарыг татаад зогсож байсан. Тэгээд юу болсон талаар асуухад мотоциклийн хувцастай залуу дуугарахгүй байсан. Нөгөө залуу нь “хоёр хүн замын хажууд суугаад байхаар нь зогссон чинь осол гарсан байна. 103-т дуудлага өгсөн” гэж байсан. Удалгүй цагдаа, түргэн ирээд “эмэгтэйг нас барсан байна” гээд мотоциклийн хувцастай залууг түргэнээр аваад явсан. ...” /1хх 125/,

гэрч Б.Батцоожийн “...2020 оны 7 дугаар сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө 152 пост буюу Баянзүрхийн товчоонд үүрэг гүйцэтгэж байтал 01 цаг 40 минутын үед АТ-1-ээс “Асем Велла-гийн хойд замд осол гарч хүн гэмтсэн байна, хэргийн газрыг хамгаал” гэж дуудлага ирсэн. Хэргийн газар очиход Асем Велла-гийн гарцаас баруун тийш замд 300 орчим метр зайд эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд эрэгтэй нь эмэгтэй хүндээ хиймэл амьсгаа хийгээд замын хажууд байж байсан. Би эрэгтэй хүнээс нь юу болсон талаар асуухад “мотоциклтой явж байгаад жалга руу нисчихлээ” гэсэн. Удалгүй түргэний машин ирээд “эмэгтэйг нас барсан байна. Эрэгтэйг авч явах шаардлагатай” гэж хэлсэн. Авч явах гэж байхад нь би залуугаас “мотоциклийг хэн унаж явсан юм бэ” гэж асуухад “би согтууруулах ундаа уусан учраас манай найз охин унаж явсан” гэсэн. Тэр залуугаар драйгер үлээлгэх гэтэл үлээж чадахгүй байсан. ...” /1хх 127/,

гэрч Э.Гийн “...Э.Б нь амилахуйн өрөөнд тусламжийн орон дээр хэвтэж байсан. Биднийг очих үед эмчилгээ хийгдээд эхэлчихсэн байсан бөгөөд Э.Б нь ухаантай, асуусан асуултад бүрэн хариулт өгч байсан. Түүнээс драйгер багаж үлээж чадах эсэх талаар асуухад “чадна” гээд үлээхэд 0.43% гарсан. ...” /1хх 129/,

яллагдагч Э.Б-ийн “...Би мотоцикл дээрээ очоод, асаагаад зогсож байтал Г.З найзтайгаа ирээд “мотоциклийг чинь дахиад унаж болох уу” гэж асуусан. Би эмэгтэй хүнд “үгүй” гэж хэлээд яахав гэж бодоод “ард суучих” гэж хэлээд ардаа суулгасан. Хөдлөх гэж байхад эмэгтэй найз нь урд ирж зогсоод “каскгүй байж болохгүй” гээд Г.Зд хэлээд байсан. Тэгээд бид 2 хөдлөөд явсан. ...Хол явалгүй Асем-ын наана нь очоод буцаж эргээд баруун тийш явсан. Тэр үед Г.Зын сэтгэл нь хөөрсөн байдалтай ард юм яриад, дуу дуулаад, хашгираад, 2 гараараа миний араас тэврээд явж байсан. Удалгүй намайг тэвэрсэн байсан 2 гар нь гэнэт хөндийрөөд босох шиг болохоор нь баруун гараараа бие рүүгээ татаж наагаад “бариад яваарай” гэж хэлэх агшинд тэнцвэр алдаад, мотоциклоо тогтоох гээд чадалгүй тэнцвэр алдагдаад, жолоогоо алдаад тэр чигээрээ замаас гараад цаашаа унасан. Тухайн үед миний каск унасан байсан. Би ухаан алдаад нилээд хэвтэж байгаад ухаан орсон гэж бодож байна. Босч ирээд эргэн тойрноо хартал Г.З замын хажууд хэвтэж байсан. Мөн мотоцикл маань гэрэл нь асаалттай надаас холгүй хэвтэж байсан. ...Би “миний найз гайгүй юу” гэхэд “гайгүй” гэж надад хэлж байсан. ...Би Г.Зыг ухаан алдчих шиг болохоор нь хиймэл амьсгаа хийсэн. Удалгүй түргэн ирсний дараа бие сулраад ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд гэмтлийн эмнэлэг дээр сэрсэн. ...50-55 километр цагийн хурдтай явж байсан гэж бодож байна. Гол нь Г.З маш нимгэн хувцастай явж байсан учраас дааруулахгүй гэж бодоод удаан явж байсан. ....Осол гарахын өмнө миний ард явж байхдаа дөрөөн дээр гишгээд дээшээ босох шиг болсон. Тэгээд би унагахгүй гэсэндээ нэг гараараа буюу баруун гараараа өөр рүүгээ наах гэж байгаад тэнцвэр алдагдаж осол гарсан. Тухайн үед би зүүн гараараа конс буюу авцуулах холбоогоо атгаад баруун хөлөөрөө тооромс гишгэсэн боловч осол гарсан. ...Би талийгаач Г.Зтой тэр өдөр танилцсан. ...Миний мотоцикл 2020 оны 5 дугаар сарын 9-ний өдөр оношилгоонд орж тэнцсэн, бүрэн бүтэн, ямар нэг асуудалгүй, бүгд хэвийн ажиллагаатай байсан. ...Би хохирлыг төлж барагдуулна. ...” /1хх 248-250/ гэсэн мэдүүлгүүд,

“...Талийгаач Г.Зын биед Гавлын суурь ясны хөндлөн хугарал, баруун, зүүн тал бөмбөлөгийн зулай, чамархай, дагзны дэлбэнгийн аалзан хальсны дорхи тархмал цус харвалт, гол судас, уушгины уг дагасан цус хуралт, цээжний зүүн талын хөндий дэх бага хэмжээний шингэн цус, цээжний зүүн талын 1-11-р хавирганы хоёрлосон хугарал, дух, зулай, чамархайг хамарсан, зулайн хуйх, баруун хацрын төвгөр, зүүн өвдөг, зүүн шилбэний няцарсан шархнууд, дух, зүүн нүд, хацар, дээд, доод уруул, зүүн шуу, зүүн, баруун сарвуу, зүүн, баруун шилбэний цус хуралтууд, духны зүүн хэсэгт, зүүн мөр, зүүн хавирганы нумаас зүүн гуяны дунд 1/3 хүртэлх арьсны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Талийгаачийн биед ямар нэгэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна. Талийгаач нас бараад 5-6 цаг болсон байна. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...” гэх 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 1415 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 163-179/,

“...Э.Б-ийн биед баруун уушигны няцрал, цээжний баруун хөндийн хий, шингэн хуралдалт, нүүр, бие мөчдийн шарх, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх 2020 оны 7 дугаар сарын 30-ны 8540 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 180-183/,

“...Жолооч Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх; 3.7 Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; “12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Хэргийн газарт 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр нөхөн үзлэг хийхэд Асем Велла-гийн хяналтын камерт дэлгэцийн баруун талд гарч байгаа гэрэлтүүлгийн шон нь Баянзүрх дүүргийн №31 дугаартай байх бөгөөд ертөнцийн зүгээр баруун тийш 7, 8 дахь шон буюу Баянзүрх дүүргийн №31 болон №32 дугаартай шонгийн голд зам тээврийн осол гарсан нь хэргийн газрын үзлэгээр тогтоогдож байна. Тухайн осол гарахаас өмнө жолооч солигдсон гэх үндэслэлгүй байна. Хяналтын камерын бичлэгт Баянзүрх дүүргийн №31 дугаартай шон хамгийн цаад талд харагдаж байна. Зорчигч, хохирогч Г.З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “6.1 Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх;” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. ...” гэх 2020 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 94 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 204-205/,

“...Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаал “Жолооч согтууруулах ундаан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-д: “1.4. Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахдаа Стандартчилалын төв байгууллагаас баталгаажуулсан, зориулалтын багаж, /Драйгер 6810, 7510/ ашиглана. 1.5. Цагдаагийн алба хаагч болон эмнэлгийн мэргэжилтэн нь согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах ажиллагааг гүйцэтгэхийн өмнө шалгуулагч этгээдэд холбогдох хууль тогтоомжийг тайлбарлаж, анхааруулна. 1.6. Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно.” гэж заасан байна. Драйгер багажны зааварт: Амны цацлага, эм, исгэлэн жүүс хэрэглэсний дараа болон бөөлжих, хэхрэсний дараа хэмжилт хийхэд тестний дүн хэлбэлзэлтэй гарч болзошгүй ба ийм тохиолдолд 15 минут хүлээн дахин тест хийж болно. Энэхүү 15 минутыг богиносгох зорилгоор ам угаах болон зайлах үйлдэл нь хугацааг богиносгох аргачлал болохгүй гэж заасан байна. Жолооч Э.Б мэдүүлэгтээ “...Би маш их огиж сэрээд буцаж ухаан алдан дахин огиж сэрээд байсан. ...” гэжээ. Иймд Кавасаки маркийн 10-30 УРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Э.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) , эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхэд эргэлзээтэй байна. Мөн жолооч Э.Б мэдүүлэгтээ “...Тухайн үед би зүүн гараараа конс буюу авцуулах холбоогоо атгаад баруун хөлөөрөө тооромс гишгэсэн боловч осол гарсан” гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхэд учир дутагдалтай. Жолооч Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “ Жолооч дараахь үүргийг хүлээнэ: б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэргийн газрын үзлэг, зорчигчид учирсан гэмтэл, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Зорчигч талийгаач Г.З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 6.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: б/ мотоцикл, мопедоор зорчихдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, 6.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дараахь зүйлийг хориглоно: а/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, жолоодлогод саад болох” гэсэн заалтуудыг зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байна. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэл болон замын бусад байгууламжийн эвдрэл гэмтэл, зам орчны байдал нөлөөлсөн гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна гэж үзсэн. ...” гэх Дотоод хэргийн их сургуулийн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 202017 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт /1хх 208-212/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Б-ийнг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбатаас “...Нийт нэхэмжилсэн хохирлоос 140.631.361 төгрөг төлөгдөөгүй байгаа тул үүнийг гаргуулж өгнө үү. Мөн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан ялын дээд хэмжээгээр ял оногдуулж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбатын нэхэмжилж буй Америкийн Нэгдсэн улсаас ирсэн зардал, Банкны зээл, Америкийн Нэгдсэн улсад ажиллаж байхдаа олж байсан цалинг 8 сарын хугацаагаар тооцож нэхэмжилсэн зэрэг нь гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар биш тул анхан шатны шүүх шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч холбогдох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Э.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасч, 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон байна.

Мөн шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туулаас “...Хэрэгт нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй, Э.Б нь тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан.  

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөгчийн магадлагаа, шинжээчийн дүгнэлт зэрэгт ноцтой зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүгдэгч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч нарын мэдүүлэг болон жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлээр тогтоогджээ.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат болон шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон гэм буруугийн шүүх хуралдааныг нээлттэй явуулахаар шүүгчийн захирамжид заасан. Мөн шийтгэх тогтоолд шүүх хуралдааныг нээлттэй явуулсан талаар тусгасан атлаа шүүх хуралдааны тэмдэглэлд хаалттай явуулсан мэтээр зөрүүтэй бичигдсэн байх тул үүнийг цаашид анхаарвал зохино.

Түүнчлэн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа үеэс хугацааг тоолно. ...” гэж хуульчилсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай. ...” гэж өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсэгт “...хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй, ...хүний хүүхдийн эрх, ашиг сонирхлыг сум, дүүргийн Засаг дарга хамгаална. ...” гэж заажээ.

Э.Б нь бага насны буюу 2 настай хүүхэдтэй болох нь хавтас хэрэгт авагдсан “...Булган-Эрдэнийн Тэнүүн, 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр төрсөн. ...” гэх төрсний гэрчилгээ /1хх 227/, гэрч Д.Бурмаагийн “...Э.Б нь 2018 оны 12 дугаар сард хүүтэй болсон. Эхнэр нь 2019 оны 7 дугаар сард хүүгээ 7 сартай байхад Бүгд Найрамдах Чех улсад гэрээгээр ажиллах эрхтэй болоод хүүгээ аавтай нь үлдээгээд явсан юм. Явснаасаа хойш холбоотой байдаг байсан боловч 2020 оны 2 дугаар сараас хойш ямар нэгэн холбоо, харилцаагүй алга болсон. Одоогийн байдлаар Э.Б хүүгээ ганцаараа асарч байгаа. ...” гэх мэдүүлэг /1хх 133/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүх Э.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний хүүхэд болох Б.Тэнүүнийн “харгалзан дэмжих, асран хамгаалах” асуудлыг харьяа дүүргийнхээ Засаг даргаар шийдвэрлүүлэх, хяналт тавихыг шийдвэрлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ийн хүүхдийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг тухайн дүүргийн Засаг даргад даалгах нь зүйтэй гэж үзэв.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2042 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Э.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхэлж тоолсугай. ...” гэж өөрчилсүгэй.

2.  Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Э.Б-ийн хүүхэд болох 2 настай Б.Тэнүүнийг асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганбат, шүүгдэгч Э.Б-ийн өмгөөлөгч Э.Туул нарын гаргасан давж заалдах гомдлуудыг  тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН        

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ