| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00571/И |
| Дугаар | 156/ШШ2020/00653 |
| Огноо | 2020-08-18 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 156/ШШ2020/00653
| 2020 оны 08 сарын 18 өдөр | Дугаар 156/ШШ2020/00653 | Хэнтий аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00571/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ........................... тоотод байрлах, ...........банкны Багануур салбарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ........................ тоотод оршин суух, А. Н /РД:...............0/
Хариуцагч: ..................... газар оршин суух, Д.Э/РД:................/ нарт холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2,587,388.98 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, хариуцагч А.Н, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ...........банкны Багануур салбарын захирал Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Н, Д.Э нар нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3,471,604.95 төгрөгийг ...........банкны Багануур салбарын тооцооны төвөөс 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогоо барьцаалсан. А.Н, Д.Энар нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,129,626.66 төгрөг, зээлийн хүүнд 806,719.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,853.43 төгрөг, нийт 2,938,200 төгрөг төлснөөс өөр төлбөр төлөөгүй байна. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй 1334 хоногийн хугацаа хэтрүүлсэн. Иймд А.Н, Д.Энараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал 8,500 төгрөг нийт 2,587,388.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ...........банкны Багануур салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Н, Д.Энар нь 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 3,471,604.95 төгрөгийг ...........банкны Багануур салбарын тооцооны төвөөс 24 сарын хугацаатай, сарын 1,9 хувийн хүүтэй, цалингийн зээлийн зориулалтаар зээл авсан бөгөөд зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогоо барьцаалсан. А.Н, Д.Энар нь 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээлд 2,129,626.66 төгрөг, зээлийн хүүнд 806,719.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,853.43 төгрөг, нийт 2,938,200 төгрөг төлсөн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг төлж барагдуулахгүй хугацаа хэтрүүлсэн. Зээлдэгч нартай холбоо барих гэхэд оршин суугаа хаяг дээрээ амьдрахгүй байсан. Ингээд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр А.Н, Д.Энарыг эрэн сурвалжлуулсан. Тэдгээрийн зээлсэн зээлийн хүү шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зогссон. Шүүхэд шилжүүлснээс хойш зээлийн хүү, алданги тооцогдоогүй. Банкны зүгээс төлбөрийг хариуцагч нарын боломж, бололцоонд тохируулан уян хатан нөхцөлтэйгээр төлөхөөр тохиролцох саналтай байна. Иймд А.Н, Д.Энараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2,587,388.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Н нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ...........банкны нэхэмжилж байгаа 2,587,388.98 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг зээлийг ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ авсан. 2016 оны 7 дугаар сард миний биеийн байдал муудаж, ажил хийж чадахгүй болсон учраас уг зээлийг төлж чадахгүйд хүрсэн. Үндсэн зээлийг төлнө. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Тэгээд ч зээл аваад олон жил болсон байна, банк хүүг зогсоох ёстой байсан. Банк хариуцлагагүй хандсан. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д иргэний үүрэгтэй холбоотой гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил гэж заасан байна. Иймд хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул тус банкны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Д.Энь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Үндсэн зээлийг төлөх боломжтой. Зээлийн хүүг банк 5 жилийн хугацаанд зогсоох ёстой байсан. Зээлийн хүүг төлөх боломжгүй, бид төлбөрийн чадваргүй болсон гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ...........банкны Багануур салбар нь хариуцагч А.Н, Д.Энарт холбогдуулан үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2,587,388.98 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгч ...........банкны Багануур салбар нь хариуцагч А.Н, Д.Энартай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ЗГ/............... дугаартай зээлийн гэрээ байгуулж, 3,471,604.95 төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлсэн. Зээлийн барьцаанд ирээдүйд орох цалингийн орлого болон ............................. тоотод байрлах гэрийн эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/....................тоот барьцаат зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12-13/, зээл буцаан төлөх хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 14/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх барьцаат зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1-т заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ. Хариуцагч нар нь барьцаат зээлийн гэрээ байгуулсан, зээлийн гэрээний дагуу 3,471,604 төгрөгийг хүлээн авснаа зөвшөөрсөн, энэ талаар маргаагүй боловч төлбөрийн чадваргүй болсон, олон жил болоход хүү зогсох ёстой байсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.
Хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараар хариуцагч нар нь үндсэн зээлд 2,129,626 төгрөг, зээлийн хүү 806,719 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,853 төгрөг, нийт 2,938,200 төгрөгийг төлсөн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй гэж, мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ...........банкны Багануур салбар нь хариуцагч А.Н, Д.Энараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу хариуцагчийн зээлийн эргэн төлөлт хийгдээгүй гэх 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацааны зээлийн үлдэгдэл 1,341,978 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,063,773 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 173,137 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо талуудын хооронд байгуулсан гэрээний 2.1.4, 2.1.6-д зааснаар тооцсон нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно гэсэн зохицуулалтад нийцэж байна.
Түүнчлэн зээлдэгч гэрээнд заасан сар бүрийн хүү төлөх үүргээ зөрчснөөс хүү хуримтлагдсан байгаа нь уг хүүгийн хэмжээг багасгах үндэслэл болохгүй бөгөөд хариуцагч нарыг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх хууль зүйн үндэслэл байхгүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ...зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй, зээлдэгч нартай холбоо барих гэхэд оршин суугаа хаяг дээрээ амьдрахгүй байсан. Тэгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн хүүг зогсоох боломжгүй байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 56 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 31/, зээлдэгчтэй холбоо барьсан тухай мэдээллийн маягтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 33/, Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 25/2148 дугаартай албан бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 30/-уудаар нотлогдож байна. Иймд хариуцагч нар нь зээлийн гэрээний 4.2.13.1-д заасан зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нарын оршин суух хаягт өөрчлөлт орсон тохиолдолд ажлын 5 өдрийн дотор банканд бичгээр мэдэгдэх үүргээ биелүүлээгүй байх тул тэдгээрийн шүүх хуралдаанд гаргасан ...банк хүүг зогсоох ёстой байсан. Банк хариуцлагагүй хандсан. Зээлийн хүүг банк 5 жилийн хугацаанд зогсоох ёстой байсан гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд энэхүү нөхцөл байдалд нэхэмжлэгч байгууллагыг буруутгах боломжгүй байна.
Мөн хариуцагч А.Н нь шүүх хуралдаанд тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарласан бөгөөд энэхүү тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байх бөгөөд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жил байна. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн ЗГ/201542335628 дугаартай зээлийн гэрээг 24 сарын хугацаатай байгуулсан байх бөгөөд эргэн төлөлтийн хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан байна. Иймд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог, өөрөөр хэлбэл зээлдэгчид 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн шаардах эрх үүссэн үеэс эхлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаа болох 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл тоологдох учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх боломжгүй.
Нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөөс гадна шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан нотариатаас үйлчилгээ авсны төлбөр буюу нотариатын зардал 8,500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд энэ нь хэрэгт авагдсан Монголын нотариатчдын танхимын мөнгөний тасалбар /хх-ийн 3/-аар нотлогдож байх тул энэхүү төлбөрийг мөн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Н, Д.Энараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2,587,388.98 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........банкны Багануур салбарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч А.Н, Д.Энараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, нотариатын зардал нийт 2,587,388.98 /хоёр сая таван зуун наян долоон мянга гурван зуун наян найм/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ...........банкны Багануур салбарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н, Д.Энараас улсын тэмдэгтийн хураамж 56,348 /тавин зургаан мянга гурван зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ...........банкны Багануур салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА