| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00658/И |
| Дугаар | 156/шш2020/00745 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 156/шш2020/00745
156/ШШ2020/00745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00658/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 1 дүгээр багт байрлах, О М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 3 дугаар багт оршин суух, Г.Ж-д холбогдох,
448 483 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч О МХХК-ийн захирал Д.Б,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж-ыг өөрийнх нь хүсэлтээр манай компанийн Оч зоогийн газрыг түрээсийн гэрээгээр ажиллуулахаар 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр №19 тоот гэрээ байгуулан ажиллуулж байгаад, түрээслэгч талын саналаар 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр түрээсийн гэрээг цуцлаж, хүлээлцсэн. Ажил хүлээлцэхэд 3 сарын түрээсийн төлбөр 400 000 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 48 483 төгрөгийн өр төлбөрийн тооцоотой байсан. Удаа дараа төлбөрийг нэхсэн боловч үл тоомсорлон одоо хүртэл тооцоог хийгээгүй байна. Бид эвлэрүүлэн зуучлах албаар орж тохиролцъё гэсэн боловч тохирч чадаагүй.
Иймд түрээсийн төлбөр 400 000 төгрөг, цахилгааны төлбөр 48 483 төгрөг, нийт 448 483 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэв.
Хариуцагч Г.Ж нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Г.Ж миний бие 2018 оны 09 дүгээр сард О МХХК-ийн караокег түрээслэн ажиллуулж байсан нь үнэн. Тухайн үед би барьцаа 500 000 төгрөг, түрээс 500 000 төгрөг, нийт 1 000 000 төгрөгийг нягтлан Цагаанаад бэлнээр өгсөн болохоор надад нотлох баримт болон хүлээлцэж гарын үсэг зурсан баримт байхгүй тул 1 000 000 төгрөгийг өгөхөд хамт байсан П.Түвшинжаргал мэдэж байгаа болно. Нэг сарын түрээс, нэг сарын барьцаа өгөөд орох ёстой гэсэн тэр үед шилжүүлэх гэсэн боловч манай О МХХК-ийн дансанд хийж болохгүй өртэй болохоор суутгачихна гээд бэлнээр авна гэсэн тухайн үед ч надтай огт гэрээ хийгээгүй нилээд удаан хугацааны дараа гэрээ хийж надад оруулж өгөөд гарын үсэг зуруулсан. Миний хувьд 2 сард хөлдөөд би 3 сарын 8-ны өмнө хөлдөөсийг нь янзлуулж дуусаад ажиллуулсан боловч орлогогүй маш хэцүү байсан ч би гэрээгээ зөрчилгүй, өгөх мөнгөө өгч байсан. Надад нягтлан Цагаанаа Түвшинжаргалаар хөлдсөн үед ажилласан үгүйгээ болон хөлдөөс гаргасан зардлаа хасаад 250 000 төгрөгийг өгөөд тооцоогоо дуусгая гэж хэлүүлсэн байсан, мөн мессеж бичсэн байсан. Надаас мөнгө нэхэмжилж байгаа бол би хөлдсөн үед гаргасан зардал ажиллах ямар ч боломжгүй хүйтэн байсан зардлуудаа хасаад өгөх тооцоогүй гэж бодож байна. Би ямар нэгэн тооцоотой байсан бол намайг ажиллуулахгүй буцааж хүлээж хүлээлцэж авахгүй байсан тул надад О МХХК-д мөнгөний тооцоо байхгүй. Би байн байн шүүхэд дуудагдаж очиж чадахгүй байна. Би 3 дугаар эмнэлгээр 2 жил зүрх судасны оношоор явж хагалгаанд орсон болохоор стресстэж болохгүй гам хийж байгаа тул уг асуудлыг зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч О МХХК нь хариуцагч Г.Жаас 448 483 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Хариуцагч Г.Ж нь О МХХК-тай 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 19 дугаартай зоогийн газар түрээслэх Түрээсийн гэрээ-г 2018 оны 09 дүгээр сарын 11-нээс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулж, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэрээний хугацааг сунгасан бөгөөд уг гэрээгээр түрээсийн 1 сарын төлбөрт 500 000 төгрөгийг сарын 25-ны дотор төлөхөөр, мөн цэвэр, бохир усны төлбөр болон бохир соролтын төлбөрийг тус тус түрээслэгч тал хариуцахаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т ...Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно..., хуулийн 195 дугаар зүйлийн 195.1-д ...Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэнэ... гэж тус тус зааснаас үзэхэд зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар Түрээсийн гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т ...Түрээслэгч гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ..., хуулийн 318.4-т ...Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэж заажээ. Хэрэгт авагдсан баримт болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар түрээсийн гэрээг бичгээр байгуулсан хэдий ч уг гэрээг Улсын бүртгэлийн хэлтэст бүртгүүлээгүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагч Г.Ж, нэхэмжлэгч О МХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр байгуулсан 19 дугаартай Түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж дүгнэв.
Харин түрээслэгч буюу хариуцагч Г.Ж нь түрээсийн төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн байна. Өөрөөр хэлбэл, Г.Жын хувьд хэдийгээр ашиг орлого байхгүй, илүү зардал гаргасан гэх боловч тухайн О МХХК-ийн зоогийн газрыг түрээслэж буй хугацаанд төлбөргүй ашиглах эрх байхгүй тул түүнийг түрээсийн төлбөрийн хэмжээгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Түүнчлэн, хариуцагчаас татгалзлын үндэслэлээ ...тухайн үед би барьцаа 500 000 төгрөг бэлнээр өгсөн, мөн хөлдөлтийн ажиллаагүй үеийн болон хөлдөөс гаргасан зардал 250 000 төгрөг гарсан, уг хохирлыг түүнд тооцох болно... гэж тайлбарлажээ. Хариуцагч энэхүү татгалзлын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй болно.
Иймд Г.Жаас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар түрээсийн төлбөр 400 000 төгрөг, цахилгаан эрчим хүчний төлбөр 48 483 төгрөг, нийт 448 483 төгрөгийг гаргуулж О МХХК-д олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Г.Жд шүүх хурлын тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд оролцоогүй болохыг дурдвал зохино.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Г.Жаас 448 483 /дөрвөн зуун дөчин найман мянга дөрвөн зуун наян гурван мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О МХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч О МХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Жаас 14 110 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН