Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/299

 

 

 

 

 

 

   2021            03              23                                         2021/ДШМ/299

                                                       

Ш.Ит холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Хаш-Эрдэнэ,

шүүгдэгч Ш.И, түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ш.И болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ш.Ит холбогдох 2002004330304 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Я овгийн Шын И, 1994 оны 01 дүгээр сарын 8-ны өдөр Төв аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд Бтой, жүжигчин мэргэжилтэй, “Б” телевизийн “Д.Б” телевизэд жүжигчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, дүү, эхнэр, охины хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Ш.И нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 361 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

            Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Ш.Иын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Я овогт Шын Иыг ““Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Ит 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Ш.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй 361 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалган, Ш.И урьд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ш.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие “Б” суваг телевизийн харьяа “Дрийм боокс” телевизийн “Бонгийн адал явдал” нэвтрүүлгийн Можухын дүрд мөн “Авьяаслаг багачууд” “Шинжлэх ухааны ертөнц” нэвтрүүлгүүдэд хөтлөгчөөр ажилладаг билээ. Миний бие Б суваг телевизийн удирдлагатай хамтран хүүхэд багачууд залуу үеийнхэнд зориулсан “Сэтгэцэд нөлөөт бодисын талаарх” нийгэмд ямар хор уршигтайг мэдэхгүйн улмаас уг гэмт хэрэгт холбогдож байгаа ирээдүй хойч үе минь над шиг битгий алдаж эндээсэй гэсэн зорилгоор нэвтрүүлэг хийх болно. Эцэг, эх маань эрхэлсэн тодорхой ажилгүй, дүү дунд сургуульд суралцдаг, эхнэр охиноо харж гэртээ эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Амьдралын тодорхой шалтгааны улмаас цалингийн зээл, байрны түрээс, Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авсан бөгөөд би бие даан төлдөг билээ. Би хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа, тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийгмээс тусгаарлах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ш.Иын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийсэн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ноцтой зөрчлийг гаргасан. Шийтгэх тогтоолын 5 дугаар хуудсанд тодорхойлохдоо “шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна”, “Ш.И эрүүгийн хариуцлага оногдуулахад ял хөнгөрүүлэх ... нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Шүүгдэгч болон өмгөөлөгч нарын зүгээс гэм буруугийн талаар маргадаггүй ба түүнд хорих ял оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрөхгүй болно. Хэргийн бодит байдал нь Ш.И нь тухайн байшинд өвс мэт зүйлийг харсан, сэтгэцэд нөлөөт ургамлын зүйл мөн эсэхийг шалгаж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хэнийх нь тодорхойгүй, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй өвс мэт зүйлийг мөн эсэхийг нь хэрэглэж үзсэн бөгөөд хамаагүй хаяж болох эсэхэд эргэлзсэний улмаас тухайн байранд үлдээсэн. Энэ талаараа найзууддаа хэлсэн байдаг. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан дүгнэлтүүд нь дараах байдлаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

            Шүүхээс Ш.Иын гэмт үйлдэлд бодит дүгнэлт өгөөгүй ба түүний гэм буруутай байдал нь тухайн өвс мэт зүйл нь сэтгэцэд нөлөөт мансууруулах төрлийн ургамал байж магадгүй гэж хэрэглэж үзээд, таамагласан зүйлээ цагдаагийн байгууллагад хэлэлгүй тухайн газар нь орхисон үйлдэл юм. Нөгөө талаас өөрийнх нь биш буюу хууль бус зүйл ч гэсэн бусдын эд зүйлийг зөвшөөрөлгүйгээр устгах хаях нь зохимжгүй юм. Сэтгэцэд нөлөөт бодис нь хор аюул уршиг өндөр боловч Ш.И нь тухайн өвс гэх зүйлийг өөрийн идэвхтэй үйлдлээр бий болгож олж аваагүй, хууль бусаар бэлтгээгүй, хэн нэгэнд өгөөгүй, харин хамаагүй хаяж болох эсэхэд эргэлзсэний үндсэн дээр тухайн байсан газар нь үлдээсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүнийг буруутгаж буй “хадгалсан” гэх гэмт үйлдэл нь ямар учир шалтгаанаар хадгалсан болохыг бодитоор дүгнээгүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө хэлбэрийн шинжтэй үйлдэгддэг, хэн нэгэнд бодит хохирол учрахыг шаарддаггүй онцлогтой ба хавтас хэрэгт хэн нэгэн бодит хохирол, хор уршиг учирсан талаарх нэг ч баримт байдаггүй. Гэтэл шүүхээс түүнийг өөрөө бий болгож, өөрөө хүсэж хадгалж байсан, бусдад бодит хохирол хор уршиг учруулсан мэтээр дүгнэж хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийлгүй, үндэслэлгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлж хорих ял оногдуулсан.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Ш.И нь цагдаагийн байгууллагад шалгагдах үеэс эхлэн бодит байдлыг үнэн зөвөөр тогтвортой мэдүүлсэн ба түүний ажлын байранд цагдаагийн ажилтан очиход өвс гэх зүйл тухайн газраас өөр газар байгаа талаар мэдүүлж, цагдаагийн байгууллагын ажилтанд хүлээлгэн өгч байгаа байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-ын 1 дэх хэсгийн 1.5-д заасан “... өөрийгөө илчилсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл юм. Учир нь хаана байгаа талаар сайн дураар зааж өгөөгүй тохиолдолд цагдаагийн ажилтан олж авах боломжгүй нөхцөл байдалтай байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тодорхой харагддаг. Шүүгдэгч нь тухайн зүйлийг урьдаас зориудаар бий болгоогүй бөгөөд хэн нэгний хадгалсан, орхисон зүйлийг гэнэтийн байдлаар олсон үйлдэл нь, урьд өмнө гэмт хэрэгт ял шийтгэгдэж байгаагүй тухай цагдаагийн тодорхойлох нотлох баримт зэргээр мөн тухайн зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөлийг, мөн тухайн хэн нэгний орхисон болон хууль бус зүйлийг хамаагүй хаяж устгаж болох эсэхэд эргэлзэж, үлдээн хадгалж буй үйлдэл нь мөн зүйлийн 1.6-д заасан “Нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг бүрдүүлж байна. Дээрх бүгдийг дүгнэвэл, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх”-ын 1-д “Шүүх ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн үүргээ үл биелүүлээгүй байна. Улмаар шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй ба үндэслэлгүй дүгнэсний улмаас шүүгдэгчид ял оногдуулахад сөргөөр нөлөөлж хорих ял оногдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан ноцтой байдал бий болсон. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл “Шударга ёсны зарчим”-ын 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, ...-ийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасантай зөрчилдөж байна.

            Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүхэлд нь судлан үзэхэд, Ш.Иын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “хадгалах” гэсэн шинжийг хэлбэрийн төдий агуулсан шинж харагддаг. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан үгүйсгэх шинжийг тодорхой хэмжээнд агуулдаг боловч шүүгдэгч тухайн өвс мэт зүйлийг олсон дариудаа цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөгүй үйлдэлдээ гэм буруутай болохоо сайн дураараа хүлээн зөвшөөрдөг юм. Ш.И нь эхнэр бага насны хүүхэд эцэг эхийн хамтаар амьдардаг ба “Б” телевизийн харьяа “Дрийм” телевизэд хүүхэд багачуудын Бын нэвтрүүлгүүдийн хөтлөгчөөр ажилладаг зэрэг нийгмийн идэвх сайн, өөрийн гэсэн байр суурь, зорилготой бие хүн болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлуудыг тодорхойлсон баримтуудаар тогтоогддог. Иймд Ш.Ит холбогдох эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан дээр дурдагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон анх удаа хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт үйлдлийнх нь шинж зэрэг хэргийн бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 202/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Ш.Иын өмгөөлөгч Л.Шинэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль бусаар өвс хадгалсан гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Шүүгдэгч Ш.Иын үйлдлийг нотлохдоо тухайн өвсийг хадгалсан байдлыг тогтоож чадаагүй. Шийтгэх тогтоолд хэргийн газрын үзлэг хийсэн Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотоос 361 грамм өвсийг хурааж авсан гэх ийм л нотлох баримт байдаг. Бусад нотлох баримтууд нь энэ өвсийг татсан тухай, энэ өвс мөн биш тухай, олон улсын конвенцыг зөрчсөн эсэх асуудал, Эрүүгийн хууль зөрчсөн тухай, шинжээчийн дүгнэлттэй холбоотой нотлох баримтууд хэрэгт авагдсан болохоос биш, шүүгдэгч Ш.И энэ өвсийг хадгалжээ гэж огт тогтоогоогүй. Тэр байшинд очоод тухайн өвсийг олсон гэдгээ шүүгдэгч Ш.И хэлж байсан. Уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн талаарх асуудал огт хөндөгдөөгүй. Хохирогчоор тогтоосон тогтоол хавтас хэрэгт байхгүй. Шүүх юу гэж шийдвэрлэсэн бэ гэхлээр, хохирогчид учирсан хохирол түүний хооронд шалтгаант холбоотой гэж дүгнэсэн. Шүүх хуралдааны явцад хохирогчийн талаар нэг ч яригдаагүй. Яллах дүгнэлтэд хохирогчийн талаар нэг ч яригдаагүй. Анхан шатны шүүхээс тохиолдлын чанартай байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Тэгвэл тохиолдлын шинж чанаргүй байсан гэдгийг нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй. Зүгээр л шүүгдэгч өвсийг олчихсон. Үнэхээр шүүгдэгч өвсийг олсон, олоогүй гэдгийг хэн ч тогтоогоогүй. Ганцхан шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоосон. Шүүгдэгч Ш.И гэмт хэргийг илрэх үед цагдаагийн байгууллагад ямар нэгэн хүндрэл учруулаагүй, шууд өвс хаана байгааг зааж хэлж өгсөн байдаг. Мөн шүүгдэгч өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн. Шүүгдэгч Ш.Иын хувийн байдлын хувьд ямар нэгэн хар бараан байдалгүй. Анхан шатны шүүхэд хувийн байдлыг нь тайлбарлахад хуульд хөнгөрүүлж үзэх нөхцөл байдал биш байна гэж дүгнэсэн. Иймд Ш.И холбогдох эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан дээр дурдагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон анх удаа хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт үйлдлийнх нь шинж зэрэг хэргийн бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Хаш-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1-ээс 5 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч Ш.Ит хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан тайлбарт мэдүүлгээ үнэн зөвөөр мэдүүлсэн, өвсний байршлыг зааж өгсөн гэдэг. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзээд анхан шатны шүүх хорих ялын доод хэмжээгээр оногдуулсан байна. Хавтас хэрэгт авагдсан 360 грамм өвс нь хэмжээний хувьд бага бус хэмжээ байна. Эдгээр нөхцөл байдлууд нь хэргийн бодит байдалтай тохирсон байна. Анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ш.И нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 361 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Ш.Иын яллагдагчаар өгсөн “...Би ... Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолд тусгагдсан зүйлүүд болон намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Баянзүрх дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 40 дүгээр гудамж 238 тоот гэрээсээ хуучин шкаф авах гэж очиход тэр шкафны дээрээс хайрцагтай зүйл унасан. Нээгээд харахад ургамал мэт зүйл байхаар нь сайн мэдэхгүй болохоор тэнд нь үлдээгээд зөвхөн шкафаа аваад явсан. Дараа нь 3 хоногийн дараа очиж харсан. Учир нь тэнд ямар нэгэн хүн байхгүй, хоосон байшин байдаг юм. Тэр үедээ тэр байшинд хайрцагтай ургамал байгааг санаад очиж харсан. Тэгэхэд хайрцагтай ургамал мэт зүйл тэнд байсан. Тэгэхээр нь мансууруулах ургамал мөн эсэхийг нь үзэх гэж тамхины цаасанд ороож татаж үзсэн. Тэгэхэд миний толгой эргээд мансууруулах өвс мөн юм шиг санагдсан. Тэгэхээр нь тэр ургамлыг нь яахаа мэдэхгүй, хаяж болохыг нь мэдэхгүй тэнд нь үлдээгээд явсан. Энд талаар би найз нартаа сонирхуулж хэлж байсан. Тэгээд удаагүй цагдаа нарт шалгагдсан. Би цагдаа нарт өөрөө сайн дураар уг мансууруулах өвс байгаа газрыг зааж өгсөн. Уг байшинд амьдарч байгаа хүн байхгүй хоосон болохоор тэр хавийн архичид болон орон гэргүй хүмүүс орогноод байдаг шинжтэй байсан болохоор үе үе очиж эргэдэг юм. ...” /хх17-20, 41/ гэсэн мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4693 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Дельта-9 тетрагидроканнабинол нь “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад хамаарна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 361 грамм байсан ба ургамал мэт зүйлээс 0.1 гр-г шинжилгээнд зарцуулав. ...” /хх26-28/,

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн “...Тест ашиглан Ш.Иын шээснээс дээж авахад урьдчилсан байдлаар тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн болохыг заасныг тэмдэглэлд тусгав. ...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 14-15/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 4696 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Ш И” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Тетрагидроканнабинол /ТНС/ нь Нэгдсэн үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад хамаарна” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх30-32/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 950 дугаартай “...Ш.И нь урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэлгүй байна. Ш.И нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ш.И нь сэтгэцийн өвчингүй байна. Ш.И нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. Ш.И нь хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд хэрэг хариуцах чадвартай байсан байна. Ш.И нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. Ш.И нь сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна. ...” /хх34-35/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх7-8, 9-13/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Ш.Иыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ш.И нь 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр, 4 дүгээр гудамжны 238 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй 361 грамм цэвэр жинтэй, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилго нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэж хуулийн зорилгыг тодорхойлжээ.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансууруулах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг нөлөөлөл бүхий бодис юм.

Хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор аюулын уршиг ихтэй учраас нийгэмд учирч болох хор аюул, үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулиар мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, хадгалах, бусдад өгсөн, мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийг хууль бусаар тариалсан, ургуулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Иын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хувийн байдал зэрэгт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байх бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Ш.Иын “...миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан нийгмээс тусгаарлах шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Ш.Иын өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн нарын “...Ш.Ит холбогдох эрүүгийн хэрэгт нотлох баримтаар авагдсан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон анх удаа хуульд заасан хөнгөн төрлийн гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт үйлдлийнх нь шинж зэрэг хэргийн бодит нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, 1 жил 6 сарын хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Түүнчлэн, давж заалдах гомдолд дурдсан Банк бус санхүүгийн байгууллагаас авсан зээл, цалингийн зээл, байрны түрээсийг ганцаараа төлдөг гэх баримтууд хэрэгт авагдаагүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.И болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/133 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.И болон түүний өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ, Л.Шинэн нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.ДАРЬСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                                       Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ