Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 91

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

  Улсын яллагч Ц.Батзориг,  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа,

Шүүгдэгч Б.Цогбаяр,

Нарийн бичгийн дарга Ц.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар   Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн               145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баян  овгийн Бийраагийн Цогбаярт холбогдох эрүүгийн 201715000100 тоот хэргийг 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                         Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 1969 оны 08 дугаар сарын 08-нд төрсөн 47 настай, эрэгтэй, халх, боловсрол, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар баг 24-310 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй Баян овгийн Бийраагийн Цогбаяр. РД: йв69080811.   Шүүгдэгч Б.Цогбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 17-01 тоотод оршин суух иргэн Б.Дэмбэрэлданзангийн байшинд хууль бусаар /орон байранд/ нэвтэрч хуучин цагийн хийцтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичгдсэнээр/.  
ТОДОРХОЙЛОХ нь:   
 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  
Шүүгдэгч Б.Цогбаяр шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “… 2017 оны 04 дүгээр сарын 12-нд Баянгол сумаас найз ирсэн. Бид хоёр нэг шил архи хувааж уусан. Манай эхнэр гарч яваад найзтайгаа хоёул гэртээ үлдсэн. Тэгээд эхнэрийнхээ араас очиж хашаа янзалчихаад би зах орно гээд явсан. Тэгээд Б.Дэмбэрэлданзангийнд орсон чинь бүх хаалга нь онгорхой байсан. Ороод бурханд нэг мөргөчихөөд эргээд гарахдаа гал тогооны өрөөнд байсан мөнгөн аягыг аваад гарсан. Энэ хэргийг согтуугаараа үйлдчихсэн. Буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэргтээ их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү…” гэв.  
Хохирогч Б.Дэмбэрэлданзангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Би 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр үдээс өмнө гэртээ эхнэртэйгээ хамт байсан. Манай эхнэр хоршооны хуралтай гээд 14 цаг өнгөрч байхад гарсан. ... Гадаа авто засварын газарт миний хуурай ах болох Мягмарсүрэн машинаа янзалж байсан. Мягмарсүрэн ах өглөө 8 цаг өнгөрөөгөөд орж ирсэн, өдөржингөө манай засварын газрын гадна машинаа янзалж байсан. Би 17 цаг 50 минутын үед цэцэрлэгийн хүүхэд авах гээд гэрээсээ гарсан, гэрээ онгорхой орхисон. Тэр үед Мягмарсүрэн ах манай хашаанд үлдсэн юм. Тэгээд би 20 минут болсон байх удалгүй гэртээ ирсэн. ... Маргааш өглөө нь гал тогооны өрөөнд байсан мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ... Алдагдсан аяга нь хуучны хийцтэй, дунд гарын хэмжээтэй, аяганы амсар дээр хортонтой, аяганы ёроол дотор мөн хоёр, гурван хэсэг газар хортон буюу жижиг хонхорхой үүссэн, мөнгө нь ерөнхийдөө харласан, тагш мод нь үндсэн аяга. ...Одоо надад мөнгөн аягаа хүлээгээд авчихсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20 дугаар хуудас/,   
Гэрч С.Мягмарсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Б.Дэмбэрэлданзангийнд өглөө эрт ирээд орой болтол хашаан дотор нь машиндаа засвар хийсэн. Тэгээд үдээс хойш 17 цагийн үед байх Б.Дэмбэрэлданзан хүүхдээ аваад ирье гээд гарсан. Тэгээд байж байтал тэр хашаанд байсан айлын хөгшин Цэрэннадмид гэх хүн намайг гэртээ орж цай уу гэхэд нь би ороод цай уучихаад гараад иртэл саарал өнгийн дээл, саравчтай цагаан хөх өнгийн малгайтай, бор царайтай, 45-50 орчим насны, махлагдуу эрэгтэй хүн Б.Дэмбэрэлданзангийн хашааны хаалгаар гадагш гарч яваа харагдсан, чухам хаашаа явсаныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/,  
Гэрч С.Буянбадрахын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр байх 4 дүгээр сарын 12-нд 19 цагийн үед намайг гэртээ байхад манай нөхөр Б.Цогбаяр нэлээн согтуу орж ирээд өврөөсаө нэг мөнгөн аяга гаргаад хүнээс авсан гээд авч орж ирсэн. Тэгээд авдар руу хийчих гээд надад өгөөд шууд орондоо ороод унтаад өгсөн. Өглөө босоод нөгөө аяганыхаа талаар юу ч яриагүй, би ч юм асуугаагүй. Тэгээд өдөр нь цагдаа нар ирэхээр нь айлаас мөнгөн аяга хулгайлсан болохыг мэдсэн. Дунд гарын бололтой бор үндсэн модон тагштай, аяганы дотор тал нь хар болчихсон тийм нэг мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,  
Гэрч Б.Түмэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр бид 2 аавынд очоод хашаа янзална шүү ирээрэй гэж хэлээд тэднийд байж байтал Баянгол сумаас найз Шинээ гэдэг ах ирсэн. Аав тэр 2 нэг шил архи уугаад сууж байсан. Тэгээд ээж, нөхөр бид 3 түрүүлээд явсан. Аав дараа нь араас өдөр ирсэн, цагийг нь сайн санахгүй байна. Нэлээн согтуу ирсэн. Тэгээд манай хашааг янзалж өгөөд хадам аавтай 1 шил 0.5 литрийн хэмжээтэй Нутгийн буян архи уусан. Тэгээд нөхөр бид 2 хүүхдээ цэцэрлэгээс авахаар 17 цагийн үед гарсан. Ээж, аав манай дүү 3 манайд үлдсэн. Дараа нь нөхөр бид 2 хүүхдээ аваад явж байгаад тэр гурвыг 2 дугаар багийн хажууд байдаг авто засварын газрын тэнд явж байхад нь очтол аав хүнтэй уулзана гээд салаад 2 дугаар багийн төвийн ард талаар яваад өгсөн. Нөхөр бид 2 ээж, дүү хоёрыг хүргэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 25-26 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Гүенгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №63 дугаартай 
шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн 1 гэсэн дугаартай гарын мөрний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд тоо болон чанарын шаардлага хангаж байгаа тул адилтгалын шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн 2 дугаартай гарын мөрний ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгүүд тоо болон чанарын шаардлага хангахгүй байгаа тул адилтгалын шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй 1 дугаартай гарын мөр нь MN004910004218 санд бүртгэлтэй Б.Цогбаярын зүүн гарын эрхий хуруутай ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээрээ тохирч байна...” гэх дүгнэлт. /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 39 дүгээр хуудас/, Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15 дугаар хуудас/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн16-17 дугаар хуудас/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №04/16 дугаартай үнэлгээний тайлан, “Хохирогч Б.Дэмбэрэлданзангийн хулгайлалагдсан дунд гарын мөнгөн аягыг 500.000 төгрөгөөр үнэлсэн...” /хх-ийн 32-33 дугаар хуудас/,  Шүүгдэгч Б.Цогбаярын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн72, 78, 80, 82 дугаар хуудас/  Шүүгдэгч Б.Цогбаярын ял шалгах хуудас /хх-ийн 81 дүгээр хуудас/,  Шүүгдэгч Б.Цогбаярыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 56-60 дугаар хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Б.Цогбаяр нь согтуурсан үедээ 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 17 цагийн орчимд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 17-01 тоотод оршин суух иргэн Б.Дэмбэрэлданзангийн байшинд хууль бусаар /орон байранд/ нэвтэрч хуучин цагийн хийцтэй, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг шунахайн сэдэлтээр хулгайлж, бусдад 500.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Дэмбэрэлданзангийн “... Би 17 цаг 50 минутын үед цэцэрлэгийн хүүхэд авах гээд гэрээсээ гарсан, гэрээ онгорхой орхисон. Тэр үед Мягмарсүрэн ах манай хашаанд үлдсэн юм. Тэгээд би 20 минут болсон байх удалгүй гэртээ ирсэн. ... Маргааш өглөө нь гал тогооны өрөөнд байсан мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ... Алдагдсан аяга нь хуучны хийцтэй, дунд гарын хэмжээтэй, аяганы амсар дээр хортонтой, аяганы ёроол дотор мөн хоёр, гурван хэсэг газар хортон буюу жижиг хонхорхой үүссэн, мөнгө нь ерөнхийдөө харласан, тагш мод нь үндсэн аяга. ...Одоо надад мөнгөн аягаа хүлээгээд авчихсан учраас ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 19-20/, гэрч С.Мягмарсүрэнгийн “... Тэгээд байж байтал тэр хашаанд байсан айлын хөгшин Цэрэннадмид гэх хүн намайг гэртээ орж цай уу гэхэд нь би ороод цай уучихаад гараад иртэл саарал өнгийн дээл, саравчтай цагаан хөх өнгийн малгайтай, бор царайтай, 45-50 орчим насны, махлагдуу эрэгтэй хүн Б.Дэмбэрэлданзангийн хашааны хаалгаар гадагш гарч яваа харагдсан, чухам хаашаа явсаныг би мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22/, гэрч С.Буянбадрахын “... Өнгөрсөн 7 хоногийн 3 дахь өдөр байх 4 дүгээр сарын 12-нд 19 цагийн үед намайг гэртээ байхад манай нөхөр Б.Цогбаяр нэлээн согтуу орж ирээд өврөөсаө нэг мөнгөн аяга гаргаад хүнээс авсан гээд авч орж ирсэн. Тэгээд авдар руу хийчих гээд надад өгөөд шууд орондоо ороод унтаад өгсөн. Өглөө босоод нөгөө аяганыхаа талаар юу ч яриагүй, би ч юм асуугаагүй. Тэгээд өдөр нь цагдаа нар ирэхээр нь айлаас мөнгөн аяга хулгайлсан болохыг мэдсэн. Дунд гарын бололтой бор үндсэн модон тагштай, аяганы дотор тал нь хар болчихсон тийм нэг мөнгөн аяга байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 23-24/, гэрч 
Б.Түмэнжаргалын мэдүүлэг /хх-ийн 25-26/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Д.Гүенгийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №63 дугаартай дүгнэлт. /хх-ийн 39-41/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/, Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-9/, Түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-15/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн16-17/, Хөрөнгийн үнэлгээ, төслийн Лэндс ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн №04/16 дугаартай үнэлгээний тайлан /хх-ийн 32-33/, шүүгдэгч Б.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.  
Шүүгдэгч Б.Цогбаярт холбогдох хэргийн зүйлчлэл зөв шүүхээс шүүгдэгч Б.Цогбаярыг  орон байр, агуулах саванд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.   
Шүүгдэгч Б.Цогбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл бичиг баримтгүй болгохыг тус тус дурьдав.    Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн, зэргийг хөнгөрүүлэх, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.   
Хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Б.Цогбаярын эзэмшлийн AG 5335726 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.   
Шүүгдэгч Б.Цогбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял шийтгэл оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ялыг хэрэглэх шаардлагагүй гэж үзэв.  
Тус шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 307 дугаартай “Яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамжаар  шүүгдэгч Б.Цогбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч Б.Цогбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1. Шүүгдэгч Баян овгийн Бийраагийн Цогбаярыг орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар шүүгдэгч Баян  овгийн Бийраагийн Цогбаярыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Баян  овгийн Бийраагийн Цогбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдүүлсүгэй.  
4. Шүүгдэгч Б.Цогбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.  
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэж ирсэн шүүгдэгч Б.Цогбаярын AG 5335726 серийн дугаартай 10000 төгрөг битүүмжилсэн 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.   
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Цогбаярт оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.  
 7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Цогбаярын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг Б.Цогбаярт мэдэгдсүгэй.  
 8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Цогбаярт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр 304.1-д  зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.   
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Цогбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР