Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 00694

 

Д.Т-ийн  нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Б.Нармандах, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Т-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Г-д холбогдох

 Эд хөрөнгө хөлсөх гэрээний дагуу төлсөн төлбөр болон үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 24 105 100 төгрөг гаргуулах тухай,

Гэрээний үүргийн биелэлт болон үүрэг зөрчсөнөөс учирсан хохиролд нийт 19 375 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхнаран нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Г-тай тохиролцож, түүний өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 52 дугаар байрны 2 тоот хаягт байрлах ”CAROL ROSE” дэлгүүрийн 2 давхрын 70 м.кв талбайтай, 1 өрөө үйлчилгээний зориулалттай талбайг түрээслэхээр 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч барьцаанд 1 сарын төлбөр 2 500 000 төгрөг байршуулж, байрыг 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд Н.Г-гийн зөвшөөрөлтэй зассан. Засвар 2 сар шахам үргэлжилж, үйл ажиллагаа явуулах гэтэл хариуцагч засвар дуусаад ажил үйлчилгээ эхэлсний дараа төлбөр төлөхөөр тохирсон гэрээний үүргээ зөрчиж, засвар хийж байх хугацааны төлбөр нэхэмжилж, 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хаалганы гол сольж, түгжээд гадаад явсан хугацаанд сар гаран ажилласан. Ингээд 2018 оны 5 дугаар сард үлдээсэн эд хөрөнгөө авая гэхэд төлбөр төлөхийг шаардсан бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр эд хөрөнгөө аваад нүүсэн. Түрээсийн байрандаа үйл ажиллагаа явуулж чадалгүй засварын зардал, барьцааны төлбөр, олох байсан орлогоороо хохирсон. Дүүжин тааз, паркет, ханын эмульс, нүдэн гэрэл, өрөө тусгаарлагч хана, цахилгааны разетка, сангийн шугам өөрчилж, хаалга солих зэрэг засвар хийсэн бөгөөд хоол болон ажлын хөлсөнд 2 171 000 төгрөг, засварын зардалд 11 518 100 төгрөг, унаа, тээврийн зардалд 165 000 төгрөг зарцуулсан нь Хаан банкны дансны хуулгаар нотлогдоно.

Иймд барьцаа 2 500 000 төгрөг, засварын зардалд 11 683 100 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс мөн оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаанд олох байсан орлого 9 922 000 төгрөг, нийт 24 105 100 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н.Г өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 52 дугаар байрны 2 тоот хаягт байрлах 70 м.кв талбайг Д.Т-т түрээсэлсэн байдаг. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр талбай түрээслэх гэрээг, сарын 2 500 000 төгрөгийн төлбөртэй, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаатай байгуулж, 2017 оны 11 дүгээр сард тал төлбөр, түүнээс хойш бүтэн төлбөрийг сар бүрийн 25-ны дотор төлнө гэж гэрээндээ заасан байдаг. Гэтэл нэхэмжлэгч төлбөр төлөөгүй. Засварын ажлыг нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр хийсэн, завсар хийхийг Н.Г зөвшөөрсөн нь үнэн. Анх талбайг маникюрийн зориулалтаар түрээслээгүй, өөрөө засвараа хийсэн байдаг. Мөнгөө төлөхгүй 3 сар болсон учир цоожоо сольсон. Байраа хүлээлгэн өгсөн тул төлбөр шаардах эрхтэй. Талууд гэрээгээр засвар хийх талаар тохироогүй, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээсэлсэн тул улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй. Нэхэмжлэгчийн орлого олсон эсэх манайд хамаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр эхэлж, 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болно гэж тодорхойлсон байх ба түрээсийн төлбөрийг сар бүр 2 500 000 төгрөг байхаар тогтоож, үйл ажиллагаа явуулж байсан. Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээдэг ба түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлсөх гэрээний журам нэгэн адил үйлчилдэг байна. Иргэний хуулийн 292 дугаар зүйлийн 292.2 дах хэсэгт зааснаар түрээслэгч түрээсийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөхөөр гэрээгээр тогтоосон бол төлөх үүрэгтэй. Мөн хуулийн 292 дугаар зүйлийн 292.4 дэх хэсэгт зааснаар түрээслэгч өөрийн буруугаас эд хөрөнгийг ашиглаж чадаагүй нь төлбөр төлөхөөс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Тиймээс гэрээний үндсэн төлбөр 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр 1 250 000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр 2 500 000 төгрөг, 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн төлбөр 2 500 000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн төлбөр 2 500 000 төгрөг, 2018 оны 3 сарын төлбөр 2 500 000 төгрөг нийт 11 250 000 төгрөг төлөх хугацаагаа хэтрүүлсэн бөгөөд үлдсэн хугацааны түрээсийн төлбөрийг 50 хувиар тооцоход 5 625 000 төгрөг, Д.Т 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байр чөлөөлсөн тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт зааснаар олох байсан орлого 2018 оны 4, 5 сарын төлбөр 5 000 000 төгрөг болно. Иймд нийт 21 875 000 төгрөгөөс барьцаа 2 500 000 төгрөгийг хасч 19 375 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлд бичигдсэн түрээсийн гэрээний үүргийг төлөх боломжгүй юм. Учир нь түрээслэгч тал биднийг тухайн байранд ажиллах нөхцөлгүй болгож түрээсийн гэрээгээ зөрчсөн болно. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин Н.Г учруулсан хохиролд 24 105 100 төгрөгийг төлөх үүрэгтэй бөгөөд үүргээ биелүүлээгүй тул учир сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.5, 301 дүгээр зүйлийн 301.1-т заасныг тус тус баримтлан Н.Г-гаас 2 280 600 төгрөг гаргуулан Д.Т-т, Д.Т-ээс 5 250 000 төгрөг гаргуулан Н.Г-д тус тус олгож, Д.Т-ийн  үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21 824 500 төгрөгт холбогдох, Н.Г-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 125 000 төгрөгт холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 278 500 төгрөгөөс 278 476 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 254 825 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос илүү төлөгдсөн 26 төгрөг, хариуцагчаас 51 440 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 98 950 төгрөгийг гаргуулж хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т давж заалдах гомдолдоо: Хөлслүүлэгч Н.Г өөрчийн өмчлөлийн үйлчилгээ явуулах боломжтой 1 өрөө орон сууцыг Д.Т-ийн  эзэмшил ашиглалтад 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шилжүүлэн өгөхдөө засвар хийсэн, үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой биет байдлын доголдолгүй үл хөдлөх хөрөнгө хүлээлгэн өгсөн талаар талууд маргаагүй. Д.Т тус байранд ямар ч засвар хийгээгүй, тааз засах, хана тусгаарлаагүй, завсарын талаар гэрээнд тусгаагүй, өөрийн хэрэгцээний зүйлээ авчирч үйл ажиллагаа явуулсан. 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр нүүхдээ засвар хийсэн байрны хананд нүх гаргаж цоолсон бөгөөд бүх зүйлээ аваад нүүсэн болох нь фото зураг, байр хүлээлцсэн баримтаар нотлогдож байхад шүүх өөрийн зардлаар засвар хийсэн гэж ямар баримтыг үндэслэсэн нь ойлгомжгүй.

Талууд гэрээний 4.4-д алдангийн талаар тохиролцсон. Шүүхээс Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дах хэсэгт заасантай нийцээгүй үндэслэлээр алданги шаардсан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар алдангийг тооцоход 6 750 000 төгрөг /өдрийн 56 250 х 120 хоног/ болно. Түрээслэгчийн буруугаас хугацаанаасаа өмнө гэрээг цуцалсан тохиолдолд хохирол тооцохоор Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын дагуу гэрээний үндсэн хугацааны төлбөрөөр алданги шаардсан. Мөн шүүгч шийдвэр уншиж танилцуулахдаа алдангийн талаар гэрээнд 2 үндэслэл заасан байна, үүний аль үндэслэлээр шаардаж байгаа нь тодорхойгүй гэх үндэслэлээр алдангийг гаргаагүй гэж хэлсэн атлаа шүүхийн шийдвэрийн бичвэрт өөр үндэслэлээр бичсэн нь ойлгомжгүй байна.

Д.Т ажлын байрандаа ирэхгүй, утсаа ч авахгүй, сураггүй арваад хоносон, найз нар нь гэх хүмүүс ажлын байранд ирж байх хооронд хаалганы голыг сольсон. Намайг хаалганы гол сольсоны 7 хоногийн дараа миний утсыг авахгүй, сураггүй болсон нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан нэхэмжлэл, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжаар нотлогдож байхад Н.Г намайг Д.Т-ийн  эд зүйлийг өгөхгүй 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүргэсэн гэж дүгнэж, олох байсан орлогыг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Би дараагийн түрээслэгчид 2018 оны 8 дугаар сард байраа түрээслэсэн бөгөөд би Д.Т-ийн  буруугаас болж хохирсон нь нотлогддог. 3охигчид эд хөрөнгө хөлслөх гэрээг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулж, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс үйл ажиллагаа явуулсан талаар маргаагүй. Гэтэл шүүх 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаа эхэлсэн гэж 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын төлбөр буюу 1 250 000 төгрөг төлөхөөр гэрээнд тохирсон байхад энэ талаар шийдвэрт дүгнэлт өгөөгүй. Иймд 2017 оиы 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 11 250 000 төгрөгөөс сөрөг шаардлагын дагуу Д.Тээс 5 250 000 төгрөг гаргасныг зөвшөөрч, үлдэх 14 125 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг, мөн 2 280 600 төгрөгийг Д.Гэрэлмаагаас гаргуулсныг эс зөвшөөрч байгаа тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Н.Г-д холбогдуулан түрээсийн гэрээний үүргийн дагуу төлсөн барьцаа 2 500 000 төгрөг, засварын зардал 11 683 100 төгрөг, олох байсан орлого 9 922 000 төгрөг, нийт 24 105 100 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, түрээсийн төлбөр 11 250 000 төгрөг, алданги 5 625 000 төгрөг, олох байсан орлого 5 000 000 төгрөг нийт 21 875 000 төгрөг төлөхөөс барьцааг суутган 19 375 000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлээр шаарджээ.

Талууд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Н.Г-гийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 5 дугаар хороолол, 52 дугаар байрны 2 тоотод байрлах 70 м.кв талбай бүхий 1 өрөө үйлчилгээний зориулалттай орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаагаар, сарын 2 500 000  төгрөг төлөх нөхцөлтэй үйлчилгээний талбай түрээслэх, түрээслүүлэх гэрээ байгуулсан, нэхэмжлэгч Д.Т барьцаанд 2 500 000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй байна. /х.х-ийн 5-6 дугаар тал/

Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Т 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр барьцаа 2 500 000 төгрөгийг хариуцагчид Н.Г-д шилжүүлж, 70 м.кв талбай бүхий орон сууцыг 2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд эзэмшиж ашигласан, энэ хугацаанд Н.Г-гийн зөвшөөрлөөр засвар хийсэн, хариуцагч Н.Г 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээг цуцалж,  2018 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орон сууцыг бүрэн чөлөөлж, хүлээлцсэн үйл баримт тогтоогджээ.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв. Хөлслүүлэгч Н.Г гэрээний 1.1-д заасан өөрийн өмчлөлийн 70 м.кв талбай бүхий үйлчилгээ явуулах боломжтой 1 өрөө орон сууцыг Д.Т-ийн  эзэмшил, ашиглалтад шилжүүлсэн тул Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.1-т заасан эд хөрөнгөө хөлслөгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгч буюу хөлслөгч Д.Т гэрээний дагуу сар бүрийн 25-нд 2 500 000 төгрөгийн төлбөр төлөх үүргээ зөрчсөн нь тогтоогдсон тул хариуцагч буюу хөлслүүлэгч Н.Г 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гэрээгээ цуцалсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.3, Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д зааснаар нэхэмжлэгч нь хөлсөлж авсан эд хөрөнгийг засаж сайжруулахад өөрөөс гаргасан зайлшгүй зардлаа хариуцагчаас шаардах эрхтэй боловч хариуцагчийн эд зүйлд эдгээр зардлыг зайлшгүй гарах шаардлагатай байсан гэх нөхцөл байдлыг баримтаар нотлоогүй тул шүүх засварын болон унааны зардалд шаардсан 11 683 100 төгрөгөөс 2 280 600 төгрөгийг хариуцагч Н.Г-гаас гаргуулж, шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд 24 105 100 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. 

Харин шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч Д.Т-ийн  2017 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс гэрээ дуусгавар болох 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд ашигласан хугацааны хөлс 7 750 000 төгрөгөөс гэрээний 3.4-т заасны дагуу шилжүүлсэн барьцаа 2 500 000 төгрөгийг хасч үлдэгдэл 5 250 000 төгрөгийг хариуцагч Н.Гд олгож шийдвэрлэсэн нь зөв.

Мөн хариуцагч 5 625 000 төгрөгийн алданги шаардсаныг шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт нийцүүлэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч Н.Г Иргэний хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасны дагуу хөлсөлсөн орон сууц дах нэхэмжлэгч Д.Т-ийн  эд хөрөнгийг хөлс төлөгдөөгүй гэх үндэслэлээр саатуулан барьсан нь хууль зөрчөөгүй байна. Тийм учраас шүүх хуулиар олгогдсон эрхийн дагуу хөлслүүлэгчид барьцаалагдсан эд хөрөнгийг ашиглуулаагүйгээс олох байсан орлогоороо хохирсон гэх хөлслөгч буюу нэхэмжлэгчийн шаардлага, мөн эд хөрөнгөө бусдад хөлслүүлж, орлого олж чадаагүй гэх хөлслүүлэгч буюу хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Н.Г-гаас барьцаа байршуулсны 2 500 000, төгрөг, засварын зардал 11 683 100 төгрөг, олох байсан орлого 9 922 000 төгрөг нийт 24 105 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/00422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2, 289.2.5, 301 дүгээр зүйлийн 301.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Т-ээс 5 250 000 төгрөг гаргуулан хариуцагч Н.Г-д олгож, хариуцагч Н.Г-гаас 24 105 100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Т-ийн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хариуцагч Н.Г-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 125 000 төгрөгт холбогдох хэсгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 2 дах заалтад “хариуцагчаас 51 440 төгрөг тус тус” гэснийг хасч тус тус өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239 978 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                ШҮҮГЧИД                                            Б.НАРМАНДАХ

                                                                                                             Д.БАЙГАЛМАА