| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 195/2025/0229/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/666 |
| Огноо | 2025-03-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/666
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 10 дугаар сарын 22-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, Аав, ээж, 2 дүүгийн хамт **** дүүргийн *** дүгээр хороо, *** байрны *** тоотод оршин суух хаягтай, урьд нэг удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан,
Бэйсийнхэн овогт ****ын ***** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ***нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр **** дүүргийн *** дүгээр хороо, *** хорооллын *** дугаар сургуулийн орчим байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч М.**** эзэмшлийн Iphone 12 маркийн гар утсыг "...утсаа өгчих хоёр хоногийн дараа буцаагаад өгчихье...” гэж хэлэн залилан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Нэмж мэдүүлэх зүйлгүй ...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр Бэрхээ гэдэг найзтайгаа 15 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт болох *** төвийн хажууд уулзсан юм. Бид уулзаад 16 цаг өнгөрч байхад *** гэх нэртэй худалдааны төв дотор байрлах "Coffee shop" гэх нэртэй газар орох гэж байхад миний амьдардаг байрны зүс таних дүү болох н.*** гэх нэртэй дүүтэй таарсан. *** бид 2 уулзаад тухайн Худалдааны төвийн гадаа гарч хамт тамхи татсан юм би тамхи татаж байхдаа н.***ээс гар утсыг нь авч байгаад Бэрхээ гэх нэртэй найз руугаа гар утсаар нь залгаж дуудсан. Манай найз тухайн үед холгүйхэн машиндаа сууж байсан. Тэгээд машинтайгаа ирээд хажууд зогсохоор нь н.***ийг машинд суучих гэсэн чинь суухгүй гээд байсан. н.*** машинд суухгүй гээд байсан бөгөөд бараг 15-20 минут болсон байх тэгэхээр нь Бэрхээ гэх найз маань машинаас бууж ирээд н.***т суучих гээд уурлангуй хэлсэн тэгсэн чинь *** тухайн машины арын суудал дээр суучих Бэрхээ жолоо бариад би хажууд буюу урд талын суудал дээр сууж байсан юм. Бид 3 тэндээс хөдлөөд Сонгинохайрхан дүүргийн *** хорооны ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Апартмент гэх нэртэй байрны урд талд байрлах шороон зогсоол дээр очоод 30-40 минут машин дотор ***тэй ажил, амьдрал гэх зэрэг зүйлс хоорондоо ярилцсан бөгөөд энэ үед хажууд Бэрхээ гэх нэртэй найз маань байсан. Бид 3 тэндээсээ хөдлөөд *** хорооллын далангийн хажууд авто угаалгын хажууд очоод бууж шээчхээд буцаад машинд суугаад би ***т хандаж "Ахын дүү гар утсаа 2 хоногийн хугацаатай ломбардад тавиад өгөөч, мөнгийг нь хувьдаа хэрэглэх гэсэн юм аа" гээд бараг 20-30 минут гуйсан. *** анх үгүй гээд байсан бөгөөд би гар утсаа ломбардад тавьчхаач гэж гуйгаад л байсан тэгсэн чинь *** 20-30 дараа зөвшөөрөөд намайг гэр лүү хүргээд өг гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо 226 байрны хажууд очиход *** гар утасныхаа "ID" кодыг гаргаж гар утсаа надад өгсөн тэгээд ***ийг буулгачхаад ***оос хөдлөөд Саппоро ороод "Good" гэх нэртэй ломбардад гар утсыг нь 500.000 төгрөгөөр тавьсан. Тэгээд авсан мөнгөнийхөө 160.000 (нэг зуун жаран мянган) төгрөгийг нь Бадмаа гэх нэртэй машин түрээслэгч рүү шилжүүлсэн энэ нь ямар учиртай мөнгө байсан юм бэ гэхээр нь өмнө тухайн үед Бадмаа гэх нэртэй машин түрээслэгчээс приус 20 маркийн машин түрээсэлсэн байсан бөгөөд уг түрээсийн мөнгөө шилжүүлсэн юм... Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Намайг уучлаарай дахин ийм үйлдэл гаргахгүй...Би хохирогчтойгоо уулзсан бөгөөд бодит хохирлоо нөхөн төлсөн. Би өөрийн Хаан банкны *** тоот дугаараас *** тоот дугаартай данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн бэлнээр 300,000 төгрөг өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-59 дэх тал),
2. Хохирогч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт амьдардаг юм. 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим гэрээсээ гараад байрныхаа гээд байсан чинь *** март худалдааны дэлгүүрийн зүүн талд тус хороонд амьдардаг *** гэх нэртэй ахтай таарсан бөгөөд бид 2 тамхи татангаа юм ярьж байсан чинь *** ах “хоёулаа машинд сууж юм ярья” гэхээр нь би “үгүй би одоо хүнтэй уулзаад дараа нь гэртээ харих гэж байна” гэж хэлсэн чинь *** надад хандаж “Машинд суучих” гэхээр нь “үгүй ээ” гэж хариулсан чинь дахиж надад хандаж “Машинд суучих гээд гуйгаад байна” гэж хэлэхээр нь би *** ахад “би одоо гэртээ харъя” гэсэн чинь надаас гар утсаа өгч бай нэг ярья гэж хэлэхээр нь би өөрийн халаасанд байсан айфоне 12 маркийн гар утсаа өгөхөд нэг дугаар луу залгаад “машинтайгаа наашаа хүрээд” гэж хэлсэн чинь нэг саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл бид хоёрын хажуу талд ирж зогсоод нэг залуу бууж ирээд надад хандаж “чи зүгээр машин руу суучих" гэхээр нь би тухайн машины ард талын суудал руу орсон бөгөөд *** эхлээд миний хажууд орж ирж суух үед тухайн машин хөдөлсөн бөгөөд хойшоогоо чигээрээ явж ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн ертөнцийн зүгээр зүүн талд байрлах шаргал өнгийн шинэ байрны хажууд ирж зогсоод *** миний хажуу талаас буугаад урд талын суудал дээр суугаад намайг гол руугаа шахаад суучих гэхээр суусан чинь жолоочийн талд сууж байгаа залуу, *** хоёр надад хандаж “би ялд унах гээд байна чи надад гар утсаа 2 хоногийн хугацаатай ломбардад тавиад өгчих би чамд яг нөгөөдөр орой гэхэд аваачаад өгье” гэж хэлэхэд би “үгүй ээ яахын бэ, би хичээл ном гээд гар утас хэрэгтэй байгаа” гэж хэлэхэд надад хандаж “чи яаж хэлбэл ойлгох гээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд би *** болон найзад нь хандаж “манай байрны үүдэнд очъё, би гэртээ хурдан харихгүй бол болохгүй” гэхэд чи гэр лүүгээ хариад ээж аав хоёрыгоо дуудуул яах юм бэ гэхээр нь би үгүй ээ би зүгээр байрны үүдэнд очоод бууя гэсэн чинь ***ын найз машины хөдөлгөөд манай 226 байрны урд очоод зогссон. Тэгээд машин дотор байхдаа *** одоо надаа гар утсаа өгчих тэгэх үү? 2 хоногийн дараа буцаагаад өгье гэж хэлээд байхаар нь би миний гар утас нэг их үнэд хүрэхгүй шүү дээ миний гар утас ялтсан симтэй гэж хэлсэн чинь зүгээрээ надад таньдаг ломбард байгаа би гайгүй үнэд хүргээд тавчина гэж надад дахин дахин хэлээд байхаар нь би өөрийн гар утсаа ***т итгэж өгөөд машинаас буугаад гэртээ орсон. Энэ үйл явдал болсноос хойш 2 хоногийн дараа би *** луу фейсбүүкээр чат бичихэд *** яг маргааш сургууль дээр чинь аваачаад өгье гэж хэлсэн ба үүнээс хойш надтай дахиж холбоо бариагүй чатаа болон миний фейсбүүкийг блоклосон байсан. Би хэд хоног хүлээсэн бөгөөд ямар ч хариу байхгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11-13 дахь тал),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...миний *** тоот дугаартай данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн бас дээрээс нь 300,000 төгрөг бэлнээр хүлээн авсан...Миний сэтгэцэд учирсан хохирол байхгүй...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал),
3. Гэрч ***гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр *** над руу 15 цагийн орчимд залгаад Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** гэх нэртэй худалдааны төвийн хажуу талд уулзах хэрэгтэй байна, машин хэрэгтэй байна машинтайгаа хүрээд ирээч гэж хэлэхээр нь би *** УНК улсын дугаартай цагаан өнгийн приус 20 маркийн автомашинаа унаад очсон бид хоёр уулзаад мэнд ус мэдээд яасан юу болсон бэ гэсэн чинь нэг хүүхэдтэй уулзаад мөнгөө авах хэрэгтэй байна надад өртэй юм ойрд мөнгө төгрөггүй хэцүү байна гэж надад хэлсэн тэгээд *** март дотор байх "Coffee shop" дотор хүнтэй уулзаад гараад ирье гэж хэлээд *** машинаас буугаад дэлгүүрийн үүдэнд нэг залуутай уулзаад тамхи татаад зогсоод байсан. Тэгээд *** над руу залгаад хүрээд ирээч гэхээр нь би очсон чинь машинд суухгүй нөгөө залуутайгаа гадаа ярилцаад зогсоод байсан. Тэгэхээр нь би Сумъяа машинд суухгүй юм уу гэсэн чинь *** болон хамт явж байсан залуу нь машинд суучихсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн *** хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хорооллын дундах нэг байрны дунд ороод зогссон. Машин зогсоод би ч утсаа үзээд суучих нөгөө хоёр ч гэсэн бие биеэ гайгүй таньдаг бололтой ажил, амьдрал сагсан бөмбөг гээд зөндөө л юм яриад байсан. Тэгээд буугаад бид хэд бие зассан *** болон нөгөө залуу хоёр гадаа тамхилаад үлдсэн бөгөөд би машиндаа суусан. Тэгээд буцаж тэр хоёр орж ирэхдээ *** нөгөө залууд гар утсыг чинь 2-3 хоногийн дараа буцаагаад өгнө, чи тэр болтол аргалж байж чадах юм уу гэсэн чинь нөгөө залуу аргалж чадна ахаа гээд л жигтэйхэн л ах дүүгийн холбоо яриад байсан. Тэгээд *** дүүг гэрт нь хүргээд өгье гээд байрных нь гадаа буулгасан. ***ын дүү гэх залуу машинаас буухдаа ***т гар утасныхаа кодыг тайлаад ай ди кодоо бас гаргаж тайлж өгөөд 2-3 хоногийн дараа авна шүү гээд буусан. Тэгээд ***аас одоо яах вэ би ажилтай болчхоод байна гэсэн чинь Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь сайн санахгүй байна ломбардын байршил зааж өгөөд тэнд нь очсон. Тэгээд *** машинаас буугаад нөгөө залуугийн гар утсыг ломбардад тавьчхаад гараад ирсэн бөгөөд би ажилтай байсан тул учир явдлаа тайлбарлаад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 45-48 дахь тал),
4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Сонгинохайрхан дүүргийн *** хороо *** хороололд байрлах *** дугаар сургуулийн хажуугийн байрны гадаа 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 18 цагийн орчим зүс таних *** гар утас дээрэмдсэн ...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 05 дахь тал),
5. Хохирогч ***ийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн Гуравдугаар хэлтэст бичгээр гаргасан “...*** гэдэг ах найзтайгаа явж байсан...Тэгээд намайг дуудаад машиндаа хүчээр суулгаад утсаа өгчих 2 хоноод өгье гээд байхаар нь би чадахгүй ээ гэхэд заавал зодуулах гээд байна уу гээд миний утсыг хүчээр авсан...одоо болтол миний утсыг өгөхгүй хууран мэхэлсээр байна...” гэх өргөдөл (хавтаст хэргийн 04 дэх тал)
6. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Ц-1070 дугаартай “...Айфонэ 12 загварын хар хөх өнгөтэй нүүрний дэлгэцийн шилэн наалт хагарсан баруун бага зэрэг цуурсан гар утас нийт дүн 1,100,000 төгрөг...” гэх хөрөнгийн үнэлгээний магадалгаа (хавтаст хэргийн 20-21 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.
7. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 92-95 дахь тал) зэрэг баримтууд болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 23 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дахь тал), Хаан банкны дансны хуулга (хавтаст 65-82 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгчээс “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч ***нь 2023 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** хорооллын *** дугаар сургуулийн орчим байхдаа урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогч ***ийн эзэмшлийн Iphone 12 маркийн гар утсыг "...утсаа өгчих хоёр хоногийн дараа буцаагаад өгчихье...” гэж хуурч, залилан авч 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч ***, гэрч ***гийн мэдүүлэг, Тэнцвэр эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.
Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
Шүүгдэгч ***нь хохирогч ***ийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан буюу хохирогч ***ээс “чи надад гар утсаа 2 хоногийн хугацаатай ломбардад тавиад өгчих би чамд яг нөгөөдөр орой гэхэд аваачаад өгье” гэж хэлээд авч яваад ломбардад 500,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлэх газарт барьцаа болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Иймд шүүгдэгч ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
Гэмт хэргийн хохирогч ***т 1,100,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ***нь хохирогчид 1,100,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь 2024 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хохирогч ***ийн “...миний *** тоот дугаартай данс руу 800,000 төгрөг шилжүүлсэн бас дээрээс нь 300,000 төгрөг бэлнээр хүлээн авсан...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 88-89 дэх тал)-ээр тогтоогдож байх тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Түүнчлэн шүүгдэгч ***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас “...Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлт гаргаж,
Шүүгдэгчээс тусгайлан санал гаргаагүй болно.
Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал /хохирол бүрэн төлөгдсөн/ тогтоогдсон ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ /1,100,000 төгрөгийн хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоон шүүх шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 23 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “СХД ЭХАШШ, тогтоол №***, хэрэг №***...цаг:300...дууссан...” гэсэн тэмдэглэгээтэй байсныг дурдав.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 17 хоногийг эдлэх ял оруулан тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлсэн авсан буюу залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын цагдан хоригдсон нийт 17 (арван долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч ***ын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР