| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00656/И |
| Дугаар | 156/шш2020/00746 |
| Огноо | 2020-09-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 156/шш2020/00746
2020 оны 09 сарын 23 156/ШШ2020/00746
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00656/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Баянхутаг сум, 1 дүгээр багт оршин суух, Р.Х-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймаг, Хэрлэн сум, 2 дугаар баг, Ш.А -т холбогдох,
2 440 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
нэхэмжлэгч Р.Х,
хариуцагч Ш.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Р.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 07 дугаар сарын эхээр Ш.А-т 1 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Тэр цагаас хойш мөнгөний талаар юу ч яриагүй ба манайх тэр үед хүүтэй мөнгө авч өгсөн юм. 2020 оны 01 дүгээр сард машинаа Гялс төгрөг ХЗХ-нд барьцаанд тавьж мөнгө авсан. Одоо болтол авч чадаагүй. Манай эхнэр Н Ш.А гэдэг хүнд 2 000 000 төгрөг өгсөн юм. Энэ мөнгийг нэхэмжилж шүүхэд хандсан тул Ш.Ааас 2 440 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2019 оны 7 сард мөнгөний хэрэгцээ гарлаа гээд Н-аас 1,000,000 төгрөг авсан. Гэтэл энэ хүн надаас 1 сая төгрөгийг 2,400,000 төгрөг болгож авна гээд байгаа юм. Би 1 сая төгрөгийг Н-аас авсан болохоос Х-аас аваагүй. Н нь миний машин авах гэж байсан 5 сая төгрөгийг надаас авсан. Н Х намайг зодлоо гээд салаад одоо надтай амьдарч байгаа. Гэтэл одоо би 5 сая төгрөгөө нэхэмжлэх гэхээр хамтран амьдрагчаасаа нэхэмжлэх болчихоод байдаг. Тэр мөнгийг би энэ хүний гараас аваагүй. Тийм учраас би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Р.Х нь хариуцагч Ш.А-аас 2 440 000 төгрөг гаргуулахыг хүсжээ.
Нэхэмжлэгч Р.Х-ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйл, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Р.Х-аас 2019 оны 7 дугаар сарын эхээр миний бие А-т 1,000,000 төгрөг бэлнээр өгсөн, тэр цагаас хойш мөнгөний талаар юу ч яриагүй. Би 2020 оны 01 дүгээр сард Гялс хадгаламж зээлийн хоршоонд машина барьцаанд тавьж хүүтэй мөнгө авсан. Одоо болтол авч чадаагүй байна гэж нэхэмжлэлдээ дурдсан үйл баримт нь нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Учир нь, нэхэмжлэгч Р.Х анх шүүхэд нэхэмжлэл гаргахад өөрийн иргэний цахим үнэмлэхний нотариатаар батлуулсан хуулбар, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн Засаг даргын оршин суух газрын тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гялс хадгаламж зээлийн хоршоотой 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээ, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, Барьцааны гэрээ зэргийг нэхэмжлэлдээ хавсаргаж ирүүлжээ.
Дээрх нотлох баримтууд болон нэхэмжлэгч Р.Хын шүүх хуралдаанд гаргасан ...би Гялс хадгаламж зээлийн хоршооноос зээл авч, А-т өгсөн гэх... тайлбарт дүгнэлт хийхэд, нэхэмжлэгч Р.Х зээл авч, хариуцагч А-т зээл өгсөн гэх үйл баримт цаг хугацааны хувьд нэхэмжлэгчийн Гялс хадгаламж зээлийн хоршооноос зээл авсан цаг үетэй тохирохгүй байгаагаас гадна тухайн зээлийг ямар зорилгоор авч, юунд зарцуулсан нь тодорхойгүй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д ...Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ..., мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т ...Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ... гэж тус тус заажээ.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад, нэхэмжлэгч Р.Х хариуцагч Б.Арсланбаатар нарын хооронд ямар нэгэн харилцан тохирлцож, хугацаа тогтоосон зүйл байхгүй, өөрөөр хэлбэл зээлийн гэрээ байгуулж, хүү тогоосон байгаа нь нотлогдохгүй байна.
Түүнчлэн, хариуцагч Б.Арсланбаатар нь ...Би 2019 оны 7 сард мөнгөний хэрэгцээ гарлаа гээд Лхагваа овогтой Наас 1,000,000 төгрөг авсан. Гэтэл энэ хүн надаас 1 сая төгрөгийг 2,400,000 төгрөг болгож авна гээд байгаа юм. Би 1 сая төгрөгийг Наас авсан болохоос Хаас аваагүй... гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тухай гаргасан тайлбарыг нэхэмжлэгч ямар нэгэн хөндлөнгийн нотлох баримтаар хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолж чадаагүй ба нэхэмжлэгч Р.Х нь А-т мөнгө өгсөн гэх үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Р.Хын Б.Арсланбаатараас 2 440 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Хын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Р.Хын нэхэмжлэлтэй, Ш.Ат холбогдох 2 440 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН