Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 156/ШШ2020/00672

 

 

 

 

 

 

 

156/ШШ2020/00672

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

156/2020/00570/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................ тоотод байрлах, .........банкны Багануур салбар /РД:........../-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ...................... оршин суух, Д.Э /РД:...................../,

...........................тоотод оршин суух,  А. Н /РД:......................../ нарт холбогдох,

6 263 128,02 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г,

хариуцагч Д.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Д.Э, А.Н нар нь тус банкны Багануур салбарын тооцооны төвөөс 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр №................. тоот дугаартай зээлийн гэрээ байгуулан 3 300 000 төгрөгийг сарын 2,5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, малчны зээлийн зориулалтаар авсан бөгөөд уг зээлийн барьцаанд,

Гэрийн эд хогшил, хонь, ямаа, үхэр зэрэг бүх малаа барьцаалуулан зээлийг авсан юм. Зээлдэгч нь зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 хэсэгт заасны дагуу зээлийн хүүг төлөх хуваарийн дагуу үндсэн зээлд 1 358 700 төгрөг, зээлийн хүү 66 620,34 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 281,06 төгрөг, нийт 1 430 604,84 төгрөгийг тус тус төлсөн байна. Зээлдэгч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас 1644 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээ зөрчсөн тул 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн байдлаарх үндсэн зээлийн төлбөр 1 941 300 төгрөг, зээлийн хүү 3 726 978,61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586 349,40 төгрөг, нийт 6 263 128,02 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандсан гэжээ.

 

Хариуцагч Д.Э, А.Н нар нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид малаа барьцаалан малчны зээл 3 300 000 төгрөгийн зээл аваад нийт 1 430 604,34 төгрөгийг төлсөн. Гэтэл би малаа зуданд алдсанаас болоод зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Тэгээд 2016 оны сүүлээр тухайн үед тус банкны удирдлага болсон зээл хариуцсан эдийн засагчид миний зээлийн хүүг зогсоож өгөөч гэж хэлэхэд таны зээл зээлийн эрсдлийн сангаас хаагдана байх гэж хэлж байсан. Үүнээс хойш банк нэг ч удаа зээл төлөхийг шаардаж байгаагүй учраас би зээлийг хаагдсан гэж ойлгосон. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байна. Иймд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт иргэний үүрэгтэй холбоотой гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж заасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд нэхэмжилж буй 6 263 128,02 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч .........банкны Багануур салбар нь хариуцагч Д.Э, А.Н нарт холбогдуулан зээлийн төлбөр 6 263 128,02 /зургаан сая хоёр зуун жаран гурван мянга нэг зуун хорин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч .........банкны Багануур салбарын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Д.Э, А.Н нар .........банкны Багануур салбар 3 300 000 төгрөгний зээл авсан болох нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №................ дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар зэрэг баримтаар тогтоогдож байна.

Зээлдэгч болох Д.Э, А.Н нар нь зээл авсан өдрөөс хойш 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлээс 1 358 700 төгрөг, зээлийн хүүд 66 620.34 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5 281,06 төгрөг, нийт 1 430 604.84 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан Д.Э, А.Н нарын зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч тал одоо үндсэн зээлийн үлдэгдэл 1 941 300.00 төгрөг, зээлийн хүү 3 726 978.61 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 586 349.40 төгрөг, нотариатын зардал 8 500 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана. Хариуцагч талд тус шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч өөрийн татгалзлаа үндэслэж байгаа, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлж өөрийн татгалзлаа нотолж чадаагүй болно.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-д ...хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ... гэж, мөн хуулийн 232.8-д ...анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч талаас хариуцагч Д.Э, А.Н нар нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас 1644 хоногийн хугацаа хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэжээ. Гэтэл .........банкны Багануур салбараас зээлдэгч Д.Э, А.Н нарт албан ёсоор мэдэгдэх хуудас өгч, хүлээсэн үүргээ зөрчсөн талаарх асуудлын талаар хандаж байснаа шүүхэд нотолж чадаагүй, мөн зээлийн гэрээний 12 сарын хугацаа дууссан байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах замаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой байсныг дурдвал зохино.

Нэхэмжлэгч .........банкны Багануур салбараас хариуцагч Д.Э, А.Н нараас нэхэмжилж байгаа анзын хэмжээ илт их буюу хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хамт 4 313 327 төгрөг байгаа нь зээлдэгчийн хувьд төлөхөд хүндрэл үүсэхүйц байгаа нь, мөн дээрх нөхцөл байдал, үйл баримтыг харгалзан үзэж шүүхээс анзын хэмжээг багасгаж 758 700 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д ...Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

Иймээс, үндсэн зээлийн үлдэгдэл 1 941 300 төгрөг дээр шүүхээс багасгаж тогтоосон 758 700 төгрөгийн анзыг нэмж 2 700 000 төгрөгийг хариуцагч Д.Э, А.Н нараас гаргуулж, нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэлээ.

Жич: нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагын нотариатын зардал болох 8 500 төгрөгний зардлыг нэхэмжилж буй үндэслэлээ тодорхойлж чадаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8, 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Д.Э, А.Н нараас үндсэн зээл 1 941 300 төгрөг, зээлийн хүүд 758 700 төгрөг, нийт 2 700 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч .........банкны Багануур салбарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 563 128 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч .........банкны Багануур салбарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 115 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э, А.Н нараас 71 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН