2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/744

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал

Улсын яллагч Б.Тогтох,

Хохирогч Б.*** /цахимаар/,

Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын ***-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 10 сарын 20-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, тусгай дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, Эхнэр, 4 хүүхдийн хамт *** аймгийн *** сум тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэл эдэлж байсан.

*** овогт ****ын *** (РД:***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*** нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фейсбүүкт "барилгын дотор засал чимэглэл хийнэ" гэх худал зарыг байршуулан тухайн зарын дагуу холбогдсон хохирогч Б.*** барилгын засал хийлгэхээр холбогдож хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хохирогчийг Хан-Уул дүүрэг яармагийн зам дагуу явж байхдаа Төрийн банкны *** тоот дансаар 3 удаагийн гүйлгээгээр 2024 оны 01 сарын 13-наас 15-ны өдөр 10,100,000 төгрөгийг 2024 оны 12 сарын 10-ны өдөр хохирогч Б.***ээс 300,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч "Залилах" гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Г.***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...***аас 10,100,000 төгрөгийг шууд авсан зүйлгүй. Тухайн ажлыг 40-60 хувийн гүйцэтгэлтэй хийж байсан. Ажлаа хийж байхдаа авсан мөнгө. Энэ ажлыг би олон жил хийсэн ажил, одоо миний ажил эхэлсэн байгаа гэв...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө сэжигтнээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийг ярьсан болохоор надад нэмж ярих зүйл алга байна. Би төлбөр мөнгийг нь ойрын хугацаанд төлж барагдуулна болно. Би хийсэн үйлдэлдээ их харамсаж байна ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

2. Хохирогч Б.***ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би ***д эхлээд ажлын хөлс 2,200,000 төгрөг өгсөн, дараа нь тавилга хийлгэх 8,000,000 төгрөг өгсөн. Материал авах мөнгө гэж 2,000,000 төгрөг, 1,000,000 төгрөг өгсөн. Гэтэл буруу материал авсан байсан. ***гаас болж манай өдөр өнжүүлэх төв ажиллаагүй 1 сар болж байна. Би дахин банкнаас зээл авч одоо ажил хийж байгаа хүмүүст өгсөн. ***г ийм мэдүүлэг өгч байгаад би гомдолтой байна. Өөрийг нь бодоод хохирол төлөх боломж би олгож хүлээсэн. Бодит хохирол авмаар байна. Бусад авсан материал нь буруу, илүү авсан байсан. Энд тэнд буруу цоолсон, цахилгааны монтаж гаргаагүй гээд дараагийн засварын ажил хийх хүмүүст ***д өгсөн мөнгөн дүнтэй дүйцэх төлбөр төлсөн. Би гомдолтой байна гэв...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр фейсбүүкээр барилгын дотор засал чимэглэл хийнэ гэх зарын дагуу 98124107 гэх дугаарын утсаар *** гэх хүнтэй холбогдож Хан-Уул дүүргийн *** хороо Нүхтийн ам грийн арт хотхоны *** дугаар байрны 04 тоотод дотор засал чимэглэл ажлын хөлс 7,000,000 төгрөг, тавилгын хөлс 10,000,000 төгрөгөөр хийлгэхээр тохиролцсон. Тэгээд тухайн хүмүүс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн ажлаа эхлүүлсэн бөгөөд  ажлын хөлсний урьдчилгаа гэж 2,100,000 төгрөг, тавилгын урьдчилгаа гэж 8,000,000 төгрөгийг Төрийн банкны *** тоот *** *** гэх хүний данс руу авсан бөгөөд *** гэх хүний эхнэр нь гэж өөрөө хэлж байсан. Түүнээс хойш ажлаа эхлүүлсэн хийж байгаад 2024 оны 11 дүгээр сарын 15, 16- сунгаж ажиллаад товлосон хугацаа буюу 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд дуусгана гэж хэлж байсан, тэгэхээр нь би тухайн хүмүүсийг ажлаа хийж байхад нь шөнийн 00 цаг хүртэл харж байж байгаад гэртээ харьдаг байсан. 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ажиллаж байгаад шөнө гараад явсан байсан бөгөөд тэгээд дахин ажил хийгээгүй, одоог хүртэл гар утас нь холбогдох боломжгүй байгаа бөгөөд хийсэн ажил нь 40 орчим хувьтай байгаа... Би тухайн хүмүүсийг огт танихгүй, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр "***” гэх фэйсбүүкээр барилгын дотор засал хийлгэхээр танилцсан бөгөөд ямар нэгэн харилцаа хамаарал огт байхгүй... Би тухайн төрийн банкны дансаар нийтдээ 10,100,000 төгрөгийг Хан- Уул дүүрэг Яармагийн зам дагуу явж байхдаа өөрийнхөө Хаан банкны *** тоот данснаас шилжүүлсэн. ... Би гомдолтой байна, нэхэмжлэх зүйл гэвэл залилуулсан мөнгөө буцаан авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 07 дахь тал),

3. Хохирогч Б.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хан-Уул дүүрэг 25-р хороо *** нэг хотхон ***-р байр 37 тоот хаягт нөхөр охины хамтаар оршин суудаг. 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хан- Уул дүүрэг 25-р хороо *** нэг хотхон ***-р байр 37 тоот гэртээ байж байхдаа фейсбүүк хаягаар "Хямд тавилга худалдаа" гэсэн групп байсан. Тэгээд би мэдээлэл авъя гэж бичихэд "***" гэсэн чатаар булангийн шилэн тавилга 500,000 төгрөг хийгээд хүргээд өгнө. урьдчилгаа 60%-ийг шилжүүлнэ шүү гэсэн. Тэгээд би худалдаж авъя гэсэн чинь Төрийн банкны *** тоот дансыг өгсөн. Тэгээд би өөрийн данснаас 300,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2-3 хоног болоод ирэхгүй болохоор нь надад өгсөн *** гэсэн утасны дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн аваад түгжрэл болон захиалга ихтэй байна маргааш хүргэж өгийг гээд утсаа тасалсан. Тэгээд өнөөдөр буюу 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр утсаа авахгүй болохоор нь цагдаад хандаж байгаа юм...Надад *** гэсэн дугаарыг өгсөн мөн хаягаа Сүхбаатар дүүрэг 100 айлд байрладаг гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 98 дахь тал),

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Г.*** би, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо *** хотхоны 100 дугаар байрны 6 дугаар давхар *** тоотод оршин суух хаягтай Баярхүүгийн *** нь 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр *** дугаарын утсаар: “Байрандаа засвар хийх гээд *** гэх хүний 10,000,000 төгрөгийг 4 удаагийн гүйлгээгээр Төрийн банкны *** тоот данс руу шилжүүлж залилуулсан...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 04 дэх тал),

5. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 95 дахь тал),

6. Шуурхай удирдлагын дуудлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 03, 94 дэх  тал),

7. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 31-35 дахь тал),

8. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 39-45 дахь тал),

9. Төрийн банкны харилцагч дансны хуулга (хавтаст хэргийн ***-19 дэх тал),

10. А.***ийн эзэмшлийн Төрийн банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 46-74 дэх тал),

11. Шүүгдэгч Г.***н бичгээр гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 115 дахь тал)

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 26 дахь тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 23 дахь тал), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 25 дахь тал), иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 21дэх  тал), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 30-42 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1*** зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж илэрхийлсэн, түүний өмгөөлөгч “...шүүгдэгч Г.***гийн хууль ёсны эрх ашгийг хамгаалан түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай...” оролцсон болохыг илэрхийлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.*** нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фейсбүүкт "барилгын дотор засал чимэглэл хийнэ" гэх зарыг байршуулан Хан-Уул дүүргийн *** хороо, Нүхтийн ам грийн арт хотхоны *** дугаар байр 04 тоотод засвар, үйлчилгээ хийнэ гэж хохирогч Б.***аас 2024 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд удаа дараагийн үйлдлээр 10.100.000 төгрөгийг,

үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 сарын 10-ны өдөр хохирогч Б.***ээс “тавилга худалдана” гэж 300,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад 10.400.000 төгрөгийг залилсан болох нь хохирогч Б.***, Б.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.

Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.

2.3. Шүүгдэгч Г.*** нь 2024 оны 11 сарын 12-ны өдөр цахим хэрэгсэл буюу фейсбүүкт "барилгын дотор засал чимэглэл хийнэ" гэх зарыг байршуулан Хан-Уул дүүргийн *** хороо, Нүхтийн ам грийн арт хотхоны *** дугаар байр 04 тоотод засвар, үйлчилгээ хийнэ гэж хохирогч Б.***аас 2024 оны 11 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд удаа дараагийн гүйлгээгээр 10.100.000 төгрөгийг,

үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 12 сарын 10-ны өдөр хохирогч Б.***ээс “тавилга худалдана” гэж 300,000 төгрөг шилжүүлэн авч бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад 10.400.000 төгрөгийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж зааснаар шүүгдэгч Г.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 13-наас 2024 оны 12 дугаар сарын 10-ны хоорондох 2 удаагийн үйлдэл нь залилах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн гэж үзнэ.  

2.4. Иймд шүүгдэгч Г.***н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Б.***т 300,000 төгрөгийн хохирол, хохирогч Б.***д 10,100,000 учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.*** нь шүүгдэгч Г.***гаас 2,000,000 төгрөгийг авсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***гаас хохирогч Б.***д 8,100,000 төгрөгийг, хохирогч Б.***т  300,000 төгрөгийг гаргуулж тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн зүгээс хохирогч Б.***т учруулсан 300,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан гэх боловч энэ талаар холбогдох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй тул шүүгдэгчийг хохирогч Б.***т учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж дүгнэхэд үндэслэлгүй болно.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.*** зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Г.***  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Түүнчлэн шүүгдэгч Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Г.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оршин суух газраас гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, хохирогч Б.***д 8,100,000 төгрөгийг олгуулах, хохирогч Б.***т 300,000 төгрөг төлсөн гэх боловч баримтгүй тул шүүгдэгчээс гаргуулах, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна... Хохирол төлөх тодорхой хэмжээний хугацаа өнгөрсөн. Хохирогч нарын нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагын дүгнэлт гаргасан. Анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэсэн саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хохирогч ***ы үлдсэн хохирол төлбөрийг төлөх хүсэлтээ илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд 4 хүүхэдтэй гэдгийг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү... Анхны дүгнэлтээ дэмжиж байна...” гэсэн саналыг

Шүүгдэгчээс “...Хохирогч нараас уучлалт гуйж байна. Би учруулсан хохирлуудаа 4 сараас эхэлж төлнө. Одоо л миний ажил эхэлж байгаа...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Цагдан хоригдсон хугацаандаа би их зүйлийг ухаарсан. Хохирогч Б.***д учруулсан хохирлоо төлөхийн тулд Улаанбаатар хотод байх шаардлагатай байна...” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ /хохирогч нарт нийт 10,400,000 төгрөгийн хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.

 Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5,6 дугаар зүйлийн 3,5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***н эдлэх 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шүүх шийдвэрлэлээ.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***н цагдан хоригдсон 7 хоногийг түүний эдлэх ялд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Г.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1*** зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулсан 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***н цагдан хоригдсон нийт 07 (долоо) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.***н иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***гаас хохирогч Б.***д 8,100,000 төгрөгийг, хохирогч Б.***т  300,000 төгрөгийг гаргуулж тус тус олгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.***н эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш *** хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР