| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаагийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2022/0980/З |
| Дугаар | 128/ШШ2022/0928 |
| Огноо | 2022-12-09 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 128/ШШ2022/0928
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Гомдол гаргагч: “Д*****” ТӨХК,
Хариуцагч: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***,
Маргааны төрөл: “Д*****” ТӨХК-ийн зөрчилд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У*** нь 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 дугаар шийтгэлийн хуудас хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О***, хариуцагч Э.У***, гэрч Л.Х***, Д.Ч***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Д*****” ТӨХК-иас Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***д холбогдуулан “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргасан.
2.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгож, 3,820,563 төгрөгийн хохирол, нийт 13,820,563 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулсан.
3.“Д*****” ТӨХК-иас “Аваарын нөхцөл байдал үүссэн, Туул голын сав газрын захиргаанаас зөвшөөрсөн, гэрээ, зөвшөөрөл хүчинтэй байсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” гэж маргасан.
4.“Д*****” ТӨХК шүүхэд бичгээр гаргасан гомдлын үндэслэлдээ:
1/Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол ... 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно." гэж заасан.
2/“Д*****” ТӨХК нь Туул голын сав газартай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн 2-3-240/21 тоот гэрээ байгуулсан. /Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын А/634 дугаар тушаалаар гэрээний загвар батлагдсан/ Энэхүү гэрээг бид үйлдвэрт ашигласан усаа байгальд шууд нийлүүлэх зөвшөөрөл гэж ойлгож байгаа бөгөөд гэрээний хугацаанд нийт 19,028,460 төгрөгийн ус бохирдуулсны төлбөр төлсөн.
3/Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд хаягдал усыг цэвэршүүлж байгальд нийлүүлэх ажлыг Монголд анх удаа хийж гүйцэтгүүлэн туршилт, тохируулгын ажил хийх, бохир уснаас дээж авах зорилгоор станцын үйлдвэрлэлийн зориулалтаар ашигласан бохир усыг байгальд нийлүүлэх цэгийг тодорхойлж өгөхийг хуулийн дагуу Туул голын сав газраас удаа дараа хүсэлт гаргасан боловч хариу өгөөгүй бөгөөд удаа уулзалт зохион байгуулсны эцэст 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр манай компанийн хэмнэлтийн инженер Л.Х***, ус цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах гүйцэтгэгч “Э***” ХХК-ийн ажилтан Ч*** нар Туул голын усны сав газрын Э***, М***, Ц*** гэсэн ажилтнуудтай уулзахад "Станцын нөхцөл байдлыг ойлгож байгаа, шинэ төхөөрөмж турших 72 цагийн зөвшөөрөл өгье, дэлгэрэнгүй шинжилгээ хийлгээрэй, удирдлага солигдож байгаа тул бичгээр ямар нэгэн шийдвэр өгөх боломжгүй” гэж хэлсэн.
Үүний дагуу шинээр баригдсан ус цэвэрлэх байгууламжаа туршиж 2022 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд үйлдвэрээс гарсан усыг шинээр суурилагдсан тоног төхөөрөмжөөр цэвэршүүлж Туул гол нийлүүлсэн.
4/Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У*** тухайн нөхцөл байдал, зөрчлийн шинж, шалтгаант холбоог бүрэн тогтоолгүйгээр хэт нэг талыг барьж “...хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад эрх бүхий байгууллагаас олгосон хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөлгүй Туул голд хаягдал ус нийлүүлсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул” гэж үзэж арга хэмжээ авч байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөвшөөрөлгүйгээр эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол ...гэсэнтэй нийцэхгүй байна.
5/Мөн зөрчил хянагдаж байх хугацаанд миний бие ээлжийн амралттай байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-нд зөрчлийн хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг гүйцэтгэх захирлаас өгсөн. Миний бие тухайн зөрчлийн хэрэгтэй танилцахаар 3 удаа очоод хэргийн материалтай танилцаж чадаагүй ба байцаагч Э.У*** нь “нэгэнт гомдол гаргаж байгаа бол захиргааны хэргийн шүүх дээр танилц” гээд зөрчлийн хэрэгтэй танилцуулаагүй, хууль зүйн туслалцаа авах нөхцөл боломжоор хангаагүй. Иймд, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д*****” ТӨХК-д Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 10 сая төгрөгийн торгууль, 3,8 сая төгрөгийн хохирлыг төлүүлэхээр төлбөр тавьсныг эс зөвшөөрч байна. Учир нь “Д*****” ТӨХК нь Туулын голын сав газрын захиргаатай 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр 21/04 дугаартай “Хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээ” байгуулсан. Тухайн гэрээний загвар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаас батлагдсан байдаг ба энэ гэрээний үүргээ биелүүлж гомдол гаргагчаас 19 сая төгрөгийн төлбөр төлсөн. Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд шинээр ус цэвэршүүлж, байгальд нийлүүлэх ажлыг анх удаа Монгол Улсад хийж гүйцэтгэж, туршилт тохируулгын ажил хийхээр хуульд заасны дагуу Туул голын сав газрын захиргаанд бохир ус байгальд шууд нийлүүлэх цэгийг тодорхойлуулах тухай хүсэлт гаргасан. Тус ажлыг гүйцэтгэгч компани болох “Э***” ХХК-аас мөн адил ажлаа хүлээлгэж өгөхийн тулд хүсэлтийг гаргасан. Үүний дагуу 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр “Д*****” ТӨХК-ийг төлөөлж Л.Х***, гүйцэтгэгч компанийг төлөөлж Д.Ч*** нар Туул голын сав газрын захиргаатай уулзсан. Энэ уулзалтын хүрээнд “ Танай компани 72 цагийн хугацаанд бохир усаа нийлүүлж болно” гэдэг зөвшөөрлийг амаар өгсөн. Яагаад 72 цаг хугацаа яригдаж байна вэ гэвэл техник ашиглалтын дүрэмд 72 цагийн турш тасралтгүй ажиллаж байж бүрэн гүйцэт дүгнэлт гаргах нөхцөлтэй байдаг. Мөн “Д*****” ТӨХК нь 2021 онд үнсэн савыг ашиглалтад оруулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. Уг үнсэн савд бохир усаа хаядаг ба тухайн бохир усны түвшин маш өндөр, аваарын нөхцөл байдал үүсэх хэмжээний нөхцөл байдал үүсэж байгаа учраас бохир усаа гадагшлуулах, түүнчлэн мөнгө зарцуулж хийсэн цэвэршүүлэх байгууламжаа туршиж үзэж, чанарын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгохоор бохир ус хаях цэг тодорхойлуулах хүсэлт гаргасан. Туул голд бохир ус нийлүүлэх нь хуулиар хориглогдсон зүйл биш бөгөөд стандартын шаардлагад нийцсэн усыг Туул голд нийлүүлэхийг зөвшөөрсөн байдаг. Гэтэл Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч Э.У*** нь зөрчлийн шинж, шалтгаант холбоог бүрэн тогтоолгүйгээр нэг талыг барьж Туул голд ус хаясан буруутай гэж үзэн шийдвэр гаргасан. Зөрчлийн хэрэг хянагдаж байх хугацаанд миний бие ээлжийн амралттай байсан бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдож зөрчлийн хэргийн материалтай танилцахаар очсон боловч улсын байцаагч Э.У*** байгаагүй ба үүний дараа “Д*****” ТӨХК-ийн дарга н.А***-тэй хамт ир гэсний дагуу хамт очсон боловч хэргийн материалтай танилцуулаагүй. Эдгээр шалтгааны улмаас Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
5.Хариуцагч Э.У*** шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан татгалзал түүний үндэслэлээ тайлбартаа:
1/Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У*** би Цагдаагийн ерөнхий газрын экологийн Цагдаагийн албанаас ирүүлсэн 3-324 дугаартай гомдол, мэдээллийн дагуу шалгалт хийж, “Д*****” ТӨХК-д холбогдуулан Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдийг үндэслэн 2202000239 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд тухайн дулааны станцын үнсэн сангийн ажил гүйцэтгэгч “Э*** ХХК-ийн төслийн менежер ажилтай Ч нь “Э***” ХХК-ийн лабораторийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын дугаар UBO91083 дугаартай шинжилгээний дүнг засварласан үйлдлийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 02-01/4020 дугаартай албан бичгээр шилжүүлсэн.
Мөн “Д*****” ТӨХК нь эрх бүхий байгууллагаас олгодог хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл аваагүй байх үедээ Туул голд 2022 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд хаягдал ус нийлүүлсэн зөрчлийг Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шалгаж шийдвэрлэсэн.
2/Туул голын сав газартай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр “Хаягдал усыг байгаль шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй ус бохирдуулсны гэрээ байгуулсны төлбөрийн 2-3-240/21 дугаартай гэрээ байгуулсан, 19,028,460 төгрөгийн ус бохирдуулсны төлбөр төлсөн, байгальд шууд нийлүүлэх зөвшөөрөлтэй" гэжээ.
Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Усны тухай хууль, Татварын ерөнхий хууль, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг хоногт 50 шоо метрээс их, эсхүл энэ хуулийн 10.1.12-д заасан аюултай бохирдуулах бодис агуулсан хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийг үндэслэн сав газрын захиргаа, хоногт 50 шоо метрээс бага хаягдал ус гаргадаг ус бохирдуулагчид сав газрын захиргааны дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно гэж заасан байдаг.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2019 оны 11 дүгээр сарын сарын 22-ны өдрийн А/719/189 дугаартай хамтарсан "Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай" тушаалаар батлагдсан зөвшөөрлийн бичгийн дагуу хаягдал ус хаях зөвшөөрөл 1 жилийн хугацаатай олгогддог. Тус маягтад хаягдал усны хэмжээ болон хаягдал ус зайлуулах цэг, төвлөрсөн бохир усны шугамын байршил өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинээр зөвшөөрөл олгохоор заасан байдаг.
Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад усны газраас 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 02-01/3670 дугаартай албан бичиг хүргүүлэн лавлагаа авахад 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 06/977 дугаартай албан бичигт “Д*****” ТӨХК-д Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасны дагуу 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 38 дугаартай хаягдал усны дүгнэлт гаргуулж, дүгнэлтийг үндэслэн Туул голын сав газрын захиргаанаас 2021 оны 03 дугаар сарын өдрөөс 21/10 дугаартай хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс дуусгавар болсон байна.
Мөн 19,028,460 төгрөгийн ус бохирдуулсны төлбөр төлсөн нь 38 дугаартай 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ус бохирдуулсны төлбөр бөгөөд энэ нь туул голд хаягдал ус хаях зөвшөөрлийг төлөөлөхгүй болно.
Хууль ёсны төлөөлөгч Г.А***-ээс мэдүүлэг 2 удаа авахад: “Манай байгууллага 2022 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд туул голд туршилтын журмаар 2 өдөр хамгийн бага хэмжээгээр, нэг өдөр талтай буюу 04.18-ны өдрөөс 11 цагаас бэлдэж эхлээд 16 цагаас эхлэн цэвэршүүлсэн хаягдал усаа туул голд нийлүүлсэн, Туул голын сав газрын захиргаанаас холбогдох хүмүүс ирээд зөвшөөрөлгүй хаяж байна, амаар зогсоо гэсэн шаардлага тавьсны дагуу бид хаягдал ус нийлүүлж байсан ажлаа зогсоосон...” гэх, “2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн Усны газраар 38 дугаартай жилд 208808 м3/жил хаягдал ус гаргахаар дүгнэлт гарсан. Хоногт ойролцоогоор 570 орчим м3 хаягдал ус хаях хүчин чадалтай, Туул голын сав газрын захиргаанаас 2021 оны 03 сарын 25-ны өдрөөс 1 жилийн хугацаатай хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрөл авсан, 2022 оны зөвшөөрлийг аваагүй, Туул голын сав газрын захиргаанд хаягдал ус хаях тухай албан хүсэлтийг удаа дараа гаргаад одоогийн байдлаар зөвшөөрөл олгогдоогүй, зөвшөөрөл аваагүй байна ......." гэх,
Туул голын сав газрын мэргэжилтэн П.Э***-аас мэдүүлэг авахад: “Өмнө нь Д***** нь туул гол руу бохир ус хаяж байна гэх мэдээллийн дагуу 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр очиж шалгаад зогсоосон, хэзээ хаяж эхэлсэн бэ гэхэд 04 дүгээр сарын 18-ны өдрийн 11 цагт бохир усаа туул голд нийлүүлсэн гэж мэдүүлсэн, үүнээс хойш зөвшөөрөл авч, стандартад нийлүүлсний дараа туул гол руу хаях талаар шаардлага тавьсны дараа Д***** нь 2002 оны 05 сарын 17-ны өдрийн 17778 зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр манайд хандсан...., хаягдал ус хаях зөвшөөрөл олгогдоогүй байгаа........" гэх,
“Д*****” ТӨХК нь 2021 оны 11 дүгээр сарын 11- ний өдөр 2-3-320/21 дугаартай “Үнсэн сангийн ус цэвэршүүлэх 150 тн/ц бүтээмжтэй ус цэвэрлэх байгууламж шинээр барих гэрээг 50 хоног буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээлгэн өгөхөөр “Э***” ХХК-тай байгуулж, дахин 2022 оны 02 сарын 08-ны өдөр хүлээлгэн өгөх хугацааг 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээлгэн өгөхөөр өөрчлөлт оруулж, 2022 оны 06 дугаар сард хүлээлгэн өгсөн байна.
Туул голын сав газрын захиргаанаас лавлагаа авахад 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02/553 дугаартай албан бичигт “Д*****” ТӨХК-д Усны газрын 38 дугаартай хаягдал усны дүгнэлтийг үндэслэн 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс ХУТ 21/04 дугаартай "Хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээ”-г байгуулсан боловч зөвшөөрөл, гэрээний хүчинтэй хугацаа дуусгавар болж, гэрээ зөвшөөрөл сунгагдаагүй, шинээр зөвшөөрөл олгогдоогүй талаар хариу ирүүлсэн.
“Д*****” ТӨХК нь Туул голын сав газрын захиргаанд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/33 дугаар зөвшөөрөл хүсэх тухай “Үнсэн сангийн усыг цэвэрлэх төхөөрөмж суурилуулан ажиллагаанд оруулаад байна. Шүүлтүүрээс гарсан хаягдал ус нь лабораторийн шинжилгээгээр Хүрээлэн буй орчин. Усны чанар, Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартад тохирч байгаа тул хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэгийг тогтоож, зөвшөөрөл олгож өгнө" гэх хүсэлт гаргасан.
Энэ хүсэлтийн хариунд Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/124 дугаартай албан бичгээр Цэвэрлэх төхөөрөмж рүү орж байгаа болон гарч байгаа усанд хүнд металлын шинжилгээ хийлгүүлж дүнг ирүүлэх, MNS 4943:2015 стандарттай харьцуулахад хаягдал усанд сульфат ионын агууламж 11.5 дахин их байна. Туул голд шууд нийлүүлэхэд цэнгэг усны организм болон экосистемд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй гэж татгалзан хариуг хүргүүлсэн байдаг.
Дээрх нотлох баримтуудаар “Д*****” ТӨХК нь зохих зөвшөөрөлгүйгээр хаягдал усаа Туул гол руу нийлүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон.
Иймээс Д***** ТӨХК нь 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 20-ны өдрүүдэд туул голд хаягдал ус нийлүүлсэн нь Туул голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 04/503 дугаартай албан бичгээр ирүүлсэн фото зураг /3Х-ийн 1-р хавтас 137-138 дугаар хуудас/, ведио бичлэг CD /3X-ийн 1-р хавтас 57 дугаар хуудас/, Туул голын сав газрын захиргааны фэйсбүүк цахим хаягт 2022 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр тавигдсан мэдээлэл /3Х-ийн 1-р хавтас 49-51 дүгээр хуудас/, холбогдогчийн мэдүүлэг /3X-ийн 1-р хавтас 63, 66 дугаар хуудас /, гэрчийн мэдүүлэг /ЗХ-ийн 1-р хавтас 69-70 дугаар хуудас/ зэргээр тогтоогдож, үзлэгийн тэмдэглэлээр хэрэгт хавсаргасан.
2022 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд шинээр цэвэрлэх байгууламж суурилуулж, хаягдал усыг туул голд хаягдал ус нийлүүлэх үедээ зөвшөөрөл аваагүй болох нь Туул голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02/553 дугаартай албан бичгээр авсан лавлагаа, холбогдогч Г.А***-гийн мэдүүлэг, Туул голын сав газрын захиргааны мэргэжилтэн П.Э***-ын өгсөн мэдүүлэг, холбогдох баримтуудаар тогтоогдсон.
3/Туул голын сав газрын захиргаанд удаа дараа хүсэлт гаргасан хариу өгөөгүй, 72 цагийн хугацаанд зөвшөөрөл өгье, бичгээр ямар нэг шийдвэр өгөөгүй гэжээ.
Хэрэг шалгах хугацаанд “Д*****” ТӨХК нь Туул голын сав газрын захиргаанд 2022.04.18-20 өдрүүдээс өмнө 1 удаа, зөрчил үйлдсэний дараа 3 удаа буюу нийт 4 удаагийн зөвшөөрөл авах тухай хүсэлт гаргасан байдаг ба яагаад зөвшөөрөл олгогдоогүй талаар Туул голын сав газрын захиргаанаас 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/591 дугаартай албан бичгээр хариу тайлбар авсан. Үүнд:
2022 оны 03 дугаар сарын 11-ны өдрийн 1/333 дугаартай хүсэлтэд Хан лаб лабораторийн шинжилгээний дүнг хянаад 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/124 дугаартай албан бичгээр татгалзсан тайлбар хариу өгсөн.
2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/778 дугаартай "Зөвшөөрөл хүсэх тухай" албан бичгээр “150 м3/цаг хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна... стандартад нийцсэн усыг хаях цэгийг тодорхойлж, зөвшөөрөл олгоно уу..", 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1/826 дугаартай зөвшөөрөл хүсэх тухай албан бичгээр “Үнсэн сангийн хаягдал усыг цэвэрлэх байгууламжаар дамжуулан хаяж усны түвшинг бууруулан засвар хийхэд түр зөвшөөрөл өгч бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гээд өмнөх албан бичгээр ирүүлсэн хүсэлтийг давтан ирүүлсэн байна. “ Энэ хүсэлтэд хавсарган ирүүлсэн шинжилгээний дүнтэй танилцуулж, Хаягдал усны хэмжээн судлаад Хүрээлэн буй орчин. Усны чанар, Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS 4943:2015 стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан үзүүлэлттэй гарсан тул зөвшөөрөл гаргах боломжгүй талаар Д*****ын Б.А***-д мэдэгдэж, үүнтэй холбоотойгоор Техникийн бодлогын хэлтсийн дарга, хэмнэлтийн менежер, шинээр баригдсан цэвэрлэх байгууламжийн гүйцэтгэгч компанийн төлөөлөл Туул голын сав газрын захиргаанд ирж уулзалт хийж, туршилт тохируулгыг дахин хийх, хаягдал усны шинжилгээний дүнг дахин ирүүлэх талаар шийдэлд хүрсэн байна...." гэх,
2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 1/1028 дугаартай “Зөвшөөрөл хүсэх тухай" албан бичигт хаягдал усны шинжилгээний дүнг хавсралтаар ирүүлсэн боловч “Хаягдал усны шинжилгээний дүнг засаж өөрчилсөн байдалтай тул Экологийн Цагдаагийн албанд 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 05/435 дугаартай албан бичгээр шалгуулахаар хандсан....” гэх,
“Д*****” ТӨХК-ийн үнсэн сангийн ажил гүйцэтгэгч “Э***” ХХК-д төслийн менежер ажилтай Ч нь “Э***” ХХК-ийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ажлын дугаар UB091083, захиалгын дугаар 368361, захиалагч нь 5254841 регистрийн дугаартай “Э***” ХХК, дээжийн нэр Shuultuuriindaraakh, 12 хуудас бүхий лабораторийн шинжилгээний дүнг цаасан болон цахим хэлбэрээр лабораториос авч хаягдал усанд агуулагдах хүнд металлын үзүүлэлт AI (Хөнгөнцагаан), Mn (Манганий), Sr (Стронций)-ийн агууламжийг бууруулан шинжилгээний дүнг А1 442 mg/l, Mn399 mg/l, Sr1236 mg/l болгон засварлан хуурамч баримт бичиг үйлдэн захиалагч Д***** ТӨХК-д хүргүүлж, Хаягдал ус хаях тусгай зөвшөөрөл авах баримт бичгээр бүрдүүлэн "Хүрээлэн байгаа орчин. Усны чанар. Хаягдал ус. Ерөнхий шаардлага MNS4943:2015" стандартыг хангаж байгааг гэрчилсэн баримт бичгээр ашиглаж, тусгай зөвшөөрөл байж болзошгүй нөхцөл байдлыг шалгуулахаар Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст 02-01/4020 дугаартай албан бичгээр шилжүүлсэн.
Мөн 72 цагийн хугацаатай амаар зөвшөөрөл өгсөн гэх тухай үеийн Туул голын сав газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.М***-тай утсаар холбогдож мэдүүлэг авч, аудио бичлэгийг хэрэгт хавсаргаж баримтжуулсан. Магсаржав нь "Төрийн алба ус хаях зөвшөөрлийг аман хэлбэрээр гаргана гэж байхгүй, тэр үед уулзалт болсон, үнсэн санд хуримтлагдсан усаа байгальд хаяхаар цэвэрлэх байгууламж ашиглалтад оруулаад байна, үнсэн санд хуримтлагдсан усаа хаях шаардлагатай байна. гэж хандсан уулзалт болсон. Манай байгууллага албан ёсоор зөвшөөрөл гаргах боломжгүй, Усны чанар, экологи хариуцсан Ц*** дуудаж шинжилгээний дүнг үзүүлж, хэмжээнээс хэт дахин давсан үзүүлэлт байгаа учраас зөвшөөрөл гаргахгүй, учир шалтгааныг нь ойлгож байгаа ч манай байгууллагын зүгээс зөвшөөрөл олгохгүй гэж......” мэдүүлэг өгсөн.
“Д*****” ТӨХК нь 2022 оны 04 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Туул голд хаягдал ус нийлүүлж зөрчилд хохирол нөхөн, төлбөрийг Усны газраар тооцуулахад 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/1047 дугаартай албан бичгээр ус бохирдуулсны нөхөн төлбөр 12667 төгрөг 61 мөнгө /Арван хоёр мянга зургаан зуун жаран долоон төгрөг, жаран нэгэн мөнгө/, Туул гол буюу усны нөөцөд учруулсан хохирол 3807896 /Гурван сая найман зуун долоон мянга найман зуун ерэн зургаа/ төгрөг нийт 3820563 төгрөг 61 мөнгө төлбөр гарсан.
Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийг Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасан эрх бүхий байгууллага нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/19/189 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан зөвшөөрлийн бичгийн дагуу хаягдал ус хаях зөвшөөрөл 1 жилийг хугацаатай олгодог, хаягдал усны хэмжээ болон хаягдал ус зайлуулах цэг, төвлөрсөн бохир усны шугамын байршил өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр шинээр зөвшөөрөл олгох тул хууль тогтоомжид амаар болон түр зөвшөөрөл олгохоор хууль эрх зүйн зохицуулалт байхгүй болно.
4/Хэт нэг талыг барьж зөрчлийн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоогоогүй хэт нэг талыг барьсан гэжээ.
Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дах хэсэг /Учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно./-т заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчил болно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10 дахь хэсэгт мэргэжлийн хяналтын улсын байцаагч 7.16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахаар харьяаллыг заасан байдаг.
Тодорхой үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцсоныг мэдээгүй нь тухайн зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг шийтгэл, албадлагын арга хэмжээ хэрэглэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3-д зааснаар ус нь байгалийн нөөц баялаг юм. Мөн энэ хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь /хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөгдөх дээд хэмжээг зөрчиж байгаль орчинд хортой нөлөөлөл үзүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уг зөрчлийг арилгахыг шаардах, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу үйл ажиллагааг нь түр зогсооx/, 7 дахь /Зөрчлийн тухай хууль зөрчсөн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах/ заалтуудад заасан эрх үүрэгтэй. Иймд улсын байцаагч би хууль заасан эрх үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудын хүрээнд шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэж “Д*****” ТӨХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 0021075 дугаартай шийтгэлийн хуудсаар 10 000 000 /Арван сая/ төгрөгийн торгох шийтгэл, 3 820 563.61 /Гурван сая найман зуун хорин мянга таван зуун жаран гурван төгрөг жаран нэгэн мөнгө/- ний хохирол, нөхөн төлбөр оногдуулсан.
5/Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож, хэргийн материалтай танилцуулаагүй, хууль зүйн туслалцаа авах боломжоор хангаагүй гэжээ.
“Д*****” ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1350 дугаартай гүйцэтгэх захирал Л.Э***-ын гарын үсэгтэй, албан бичгээр итгэмжлэлийг үндэслэн 2202000239 дугаартай зөрчлийн хэрэгт “Д*****” ТӨХК-ийн Техникийн бодлогын хэлтсийн дарга Г.А***г “Д*****” ТӨХК-ийн Хууль ёсны төөлөгчөөр томилсон тогтоол үйлдэж, эрх үүргийг нь тайлбарлан өгсөн.
Хууль ёсны төлөөлөгч Г. А***-ээс 2022 оны 08 дугаар сарын 18, 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд 2 удаагийн холбогдогчийн мэдүүлэг авч, хуульд заасан эрх үүргийг нь тайлбарлан өгсөн. Өмгөөлөгч авахгүй гэснийг тэмдэглэсэн.
Г.А***-гийн 89******* дугаарын утсаар 2022 оны 09 дүгээр сарын 15- ны өдөр холбогдож, 09 дүгээр сарын 16-ны өдөр хэргийн материалтай танилцах талаар мэдэгдэхэд хуулийн зөвлөхийн хамт очих талаар мэдэгдэж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн.
2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 3 давхрын 307 тоот өрөөнд 09 цаг 22 минутаас “Д*****” ТӨХК-ийн даргын 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн албан бичгийг үндэслэн хуулийн мэргэжилтэн Ц.О***-ийг байлцуулан үндэслэн хуулийн Г.А***-д 2 хавтас 359 хуудас хэргийн материалыг танилцуулж, 10 цаг 09 минутад дуусгаж тэмдэглэл үйлдсэн.
Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дах хэсгийг үндэслэн 10 000 000 төгрөгийн торгох шийтгэл, Усны газрын 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 06/1047 дугаартай "Хохирол, нөхөн төлбөрийн тооцоо хүргүүлэх тухай" албан бичгийг үндэслэн хаягдал усны нөхөн төлбөр 12667 төгрөг, 61 мөнгө, усны нөөцөд учруулсан хохирол 3 807 896 төгрөг, нийт 3820563 төгрөг 61 мөнгөний хохирол, нөхөн төлбөр тус тус оногдуулж, 15 хоногийн дотор сайн дураараа биелүүлэхийг даалгаж, Г.А*** танилцаж гарын үсэг зурж, 30 хоногийн дотор захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхийг нь тайлбарлан өгсөн.
Мөн дахин Туул голд стандартын шаардлага хангаагүй хаягдал ус нийлүүлэхгүй байх, хаягдал усны дүгнэлт гаргуулж, хаягдал хаях, зайлуулах зөвшөөрөл авч зөрчлийн үр дагаврыг арилгахыг “Д***** “ТӨХК-д 2022 оны 11 дүгээр сарын 16-ны дотор биелүүлэхийг даалгаж, Г.А*** даалгаврыг гарын үсэг зурж хүлээн авсан.
“Д*****” ТӨХК нь төрийн өмчийн оролцоотой компани бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг бусад хуулийн этгээдээс давуутайгаар биелүүлэх ёстой байтал удаа дараа зөрчил гаргаж байгаад харамсаж байна. Нэхэмжлэгч талаас бид нар зөвшөөрөлтэй байсан гэж тайлбарлаж байгаа 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон хаягдал усны дүгнэлтээр тогтоосон нөхцөл байдлыг шалгаагүй. Энэ дүгнэлт буюу зөвшөөрлийн хугацаа нь 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон. Энэ зөвшөөрлийг 2022 оны 11 дүгээр сард нэхэмжлэгч компани дахин авсан. Нэхэмжлэгч компани нь 8 сарын хугацаанд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан.
Иймд “Д*****” ТӨХК-д Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 0021075 дугаартай шийтгэлийн хуудсаар оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох шийтгэл, 3 820 563 төгрөг 61 мөнгөний нөхөн төлбөр нь хууль зүйн үндэслэлтэй гаргасан шийдвэр гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 дугаар шийтгэлийн хуудсаар гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 10,000,000 төгрөгөөр торгож, 3,820,563 төгрөгийн хохирол, нийт 13,820,563 төгрөгийг төлүүлэхээр шийтгэл ногдуулжээ.
Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлгүй цэгт хаягдал ус нийлүүлсэн бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэжээ.
Мөн Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “"ус ашиглагч" гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг”, мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д “Хоногт 100 шоометрээс их ус ашиглах, эрчим хүч, усан тээврийн зориулалтаар ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, 50-100 шоометр ус болон усан орчин ашиглуулах дүгнэлтийг сав газрын захиргаа, 50 шоометр хүртэлх ус ашиглуулах, хурын ус хуримтлуулж, хөв, цөөрөм байгуулах, суваг, шуудуу татах дүгнэлтийг аймаг, нийслэлийн байгаль орчны алба тус тус гаргана”, 28.6-д “Энэ хуулийн 28.4-т заасан дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 100 шоометрээс их ус ашиглах тохиолдолд сав газрын захиргаа, хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны алба, хоногт 50 шоометрээс бага ус ашиглахад сум, дүүргийн Засаг дарга олгож, усны мэдээллийн санд бүртгэнэ” 29 дүгээр зүйлийн 29.1-д “Энэ хуулийн 28.6, 28.7-д заасан зөвшөөрлийг үндэслэн хүн амын төвлөрсөн ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай тухайн ус хангагч байгууллага, төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна” гэж тус тус заажээ.
2.Гомдол гаргагч нь 2022 оны 04 дүгээр сарын 18-20 өдрүүдэд Туул гол руу ус цутгасан эсэхтэй маргаагүй бөгөөд харин “Аваарын нөхцөл байдал үүссэн, Туул голын сав газрын захиргаанаас зөвшөөрсөн, гэрээ, зөвшөөрөл хүчинтэй байсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй” гэж, хариуцагчаас “гэрээний хугацаа дууссан, шийтгэлийн хуудас хуульд нийцсэн” гэж тус тус маргажээ.
3.Гомдол гаргагчаас 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Усны газраас хаягдал усны дүгнэлтийг гаргуулж, 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Туул голын сав газрын захиргаатай “хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээ”-г 1 жилийн хугацаатай байгуулж, мөн өдөр хаягдал ус хаях, зайлуулах 21/10 дугаар зөвшөөрлийг авчээ.
4.Тус гэрээний 5.3-д “энэхүү гэрээг сунгах, дуусгавар болох, хүчингүй болгохтой холбоотой асуудлыг 2 тал харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ”, мөн өдрийн хаягдал ус хаях, зайлуулах 21/10 дугаар зөвшөөрөлд “....зөвшөөрлийг нэг жилийн хугацаатай олгож, ус бохирдуулсны төлбөрийн гэрээ болон дүгнэлтийг зөрчөөгүй тохиолдолд зөвшөөрлийг жил бүр сунгагдсанд тооцно” гэжээ.
Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна. Хугацаа дуусах сарын мөн өдөр байхгүй бол уг хугацаа тухайн сарын эцсийн өдөр дуусна” гэжээ.
5.Дээрхээс дүгнэвэл гомдол гаргагчийн Туул голын сав газрын захиргаатай байгуулсан “хаягдал усыг байгальд шууд нийлүүлж байгаа хуулийн этгээдтэй байгуулах ус бохирдуулсны төлбөрийн гэрээ” 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дуусгавар болсон байх тул гомдол гаргагчийн “гэрээг дуусгавар болгох талаар мэдэгдээгүй, талууд зөвшилцөөгүй тул гэрээ, зөвшөөрөл хүчин төгөлдөр” гэх тайлбар үндэслэлгүй байна.
6.Мөн Д*****” ТӨХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 1/1350 тоот албан бичгээр тус компанийн Техникийн бодлогын хэлтсийн дарга Г.А***д итгэмжлэл олгосны дагуу түүнийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, холбогдогчоос тайлбар мэдүүлэг авч, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан эрх үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан байх тул “итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О*** намайг хэргийн материалтай танилцуулаагүй, оролцоог хангаагүй” гэх тайлбар мөн үндэслэлгүй байна.
7.Хэдийгээр гомдол гаргагчаас “2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Туул голын сав газрын захиргааны Ус ашиглалтыг зохицуулах албаны даргыг түр орлон гүйцэтгэгч П.М***-тай уулзсан, аваарын нөхцөл байдал үүссэн болон туршилт хийх шаардлагатай талаар танилцуулахад амаар зөвшөөрөл өгсөн” гэж, гэрч Л.Х***, Д.Ч*** нар уг үйл баримтыг гэрчилж буй хэдий ч аваарын буюу зайлшгүй нөхцөл байдал үүссэн талаарх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдсэн, танилцуулсан баримт байхгүй, бусад хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй, мөн хариуцагчаас П.М***-ыг утсаар гэрчээр асуусан аудио тэмдэглэл, үүнд: “зөвшөөрлийг амаар өгөх боломжгүй, өгөөгүй, аваарын нөхцөл байдал үүссэн бол эрх бүхий байгууллагад хандахыг зөвлөсөн” гэх мэдүүлгээр тус тус үгүйсгэгдэж байна.
8.Нөгөөтэйгүүр Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 02-01/3865 тоот албан бичгээр гомдол гаргагчийн гэрээг сунгасан эсэхийг тодруулахад Туул голын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 02/553 тоот албан бичгээр зөвшөөрөл, гэрээний хугацаа дууссан боловч Усны газраас “хаягдал усны дүгнэлт”-ийг ирүүлээгүй тул гэрээ, зөвшөөрөл сунгагдаагүй, шинээр олгоогүй болно. Дүгнэлт ирээгүй тохиолдолд зөвшөөрлийг сунгаж, гэрээ байгуулах боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд гомдол гаргагчийг Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийг гаргасанд тооцож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргаан бүхий захиргааны актыг гаргасан нь хуульд нийцжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.6, 29 дүгээр зүйлийн 29.1, Зөрчлийн тухай хуулийн 7.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан “Д*****” ТӨХК-ийн гомдолтой, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У*** холбогдох Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч Э.У***гийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0021075 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ