Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 92

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж, 
Улсын яллагч: Д.Ганцэцэг, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Болормаа, 
Шүүгдэгч: Г.Мөнхзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригт холбогдох 201715000143 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 
 
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Архангай аймгийн Батцэнгэл суманд 1995 оны 03 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй халх, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр баг 10-11 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Ганбаатарын Мөнхзориг РД: АА95030217.  
Шүүгдэгч Г.Мөнхзориг нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах “Жаргалант” караоке бааранд иргэн Д.Энхчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой хэсэгт нэг удаа пивоны шилээр цохиж Д.Энхчулууны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:  
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Г.Мөнхзориг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2017 оны 05 дугаар сарын 31-нд “Жаргалант” караоке бааранд бид нар дуулж байхад хохирогч Д.Энхчулуун орж ирсэн. Би дуулаад байж байтал Д.Энхчулуун наад хөгжмөө унтраа гэсэн. Тэрнээс болж хохирогчтой хэрэлдэж байгаад пивоны шилээр толгой руу нь цохьсон. Тэгээд гараад эмнэлэг дуудъя гэсэн чинь Д.Энхчулуун хэрэггүй гэсэн. Тэгээд хойшоо явж байсан чинь Д.Энхчулуун найзуудыгаа дуудаад “Сод” хүнсний дэлгүүрийн хажууд намайг зодсон. Хохирогчид хохиролд 890000 төгрөг хүлээлгэн өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  
Хохирогч Д.Энхчулууны хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:… 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой ажлаа тараад гэртээ харих замдаа хоёр найзтайгаа нэг нэг лааз пиво ууж байсан чинь Г.Мөнхзоригийн эхнэр Даваасүрэн над руу залгаад хамт караокед орох уу гэсэн. Тэгэхээр нь би усанд орчихоод болъё гэж хэлээд утсаа салгаад, захын халуун усанд орчихоод гарч ирээд “Жаргалант” караоке бааранд очоод Хулан, Лхагваа хоёртой юм ярьж байсан чинь Мөнхзориг дуулаад ярьж байсан юм сонсогдохгүй болохоор нь Мөнхзоригийг наад хөгжмөө унтраа гэж хэлчихээд сууж байсан чинь намайг Мөнхзориг пивоны шилээр миний толгой хэсэгт цохьчихоод, Мөнхзориг чи миний дууг хорих болоогүй, чи над руу муухай хардаг хэн бэ гээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд тэр караоке баарнаас гараад гадаа нь хэрүүл хийгээд, цагдаа дуудаж хэлнэ гээд байсан. Тэгээд би найз нараа дуудаад манай найз ирсэн чинь Мөнхзориг чулуу бариад цохих гээд байсан. Тэгсэн манай найз Мөнхзоригийг барьж аваад ганц хоёр цохиж авчихаад намайг аваад эмнэлэг явсан. Хохиролд 890000 төгрөг авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, 
 
Сэжигтэн Г.Мөнхзоригийн хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэгтээ:… Би 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой “Жаргалант” гээд караоке бааранд би эхнэр Даваасүрэн, найз Лхагвасүрэн түүний эхнэр Хулан нарын хамт караокед байсан чинь гаднаас Энхчулуун караокены өрөөнд орж ирээд намайг дуугуй бай, наадхаа унтраа гээд байхаар нь би хэрүүл хийж байгаад хажууд байсан пивоны шилээр толгойд нь цохьсон. Тэгээд Энхчулууны толгойноос цус гарахаар нь би эмнэлэг дуудъя гэсэн чинь Энхчулуун тэгэх хэрэггүй гэсэн. Тэгэхээр нь би гарах гэсэн чинь Энхчулууны найз нар гээд 3 залуу ирээд намайг барьж байгаад зодсон. Миний хамраас цус гараад тэр хэд намайг харьж бай гээд манай эхнэр Энхчулууныг аваад эмнэлэг явсан. Манай эхнэртэй урьд нь үерхэж байсан юм байна лээ. Би эхнэртэйгээ танилцаад хүүхэдтэй болсон байхад манай эхнэр лүү залгаад байдаг байсан юм. Тухайн үед би Энхчулуун руу залгаж бид хоёр хүүхэдтэй болсон. Манай хүн рүү битгий залгаад бай гэж хэлж байсан. Тэрнээс хойш манай эхнэр лүү залгаад байхаар нь би дугаарыг нь сольж өгсөн. Тэрнээс хойш чимээгүй байж байгаад тэр караокед таараад томроод байхаар нь гэнэт нөгөөдөх бодогдоод уур хүрээд хажууд байсан шилээр цохьсон гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,  
Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №195 дугаартай:… Д.Энхчулууны биед тархины доргилт, зулайн хэсгийн мэс заслын оёдолтой шарх, хуйхны цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй…” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,  
Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, хохирлын мөнгө хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогч Д.Энхчулууны Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт, хохирогч Д.Энхчулууны Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт, шүүгдэгч Г.Мөнхзоригийг яллагдагчаар байцааж авсан тэмдэглэл, / ххийн 1, 5, 7-8, 14-15, 62, 63, 78, 28 дугаар хуудас/,  
Шүүгдэгч Г.Мөнхзоригийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 4 дүгээр багийн засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 806 дугаартай тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29, 30 дугаар хуудас/,  
Шүүгдэгч Г.Мөнхзоригийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31 дүгээр хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Г.Мөнхзориг нь 2017 оны 05 дугаар сарын 31-ний орой Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5-р багт байрлах “Жаргалант” караоке бааранд иргэн Д.Энхчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгой тус газарт нэг удаа пивоны шилээр цохиж Д.Энхчулууны бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.  
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Энхчулууны … 2017 оны 05 дугаар сарын 31ний орой ажлаа тараад гэртээ харих замдаа хоёр найзтайгаа нэг нэг лааз пиво ууж байсан чинь Г.Мөнхзоригийн эхнэр Даваасүрэн над руу залгаад хамт караокед орох уу гэсэн. Тэгэхээр нь би усанд орчихоод болъё гэж хэлээд утсаа салгаад, захын халуун усанд орчихоод гарч ирээд, “Жаргалант” караоке бааранд очоод Хулан, Лхагваа хоёртой юм ярьж байсан чинь, Мөнхзориг дуулаад ярьж байсан юм сонсогдохгүй болохоор нь Мөнхзоригийг наад хөгжмөө унтраа гэж хэлчихээд сууж байсан чинь Мөнхзориг пивоны шилээр миний толгой хэсэгт цохьчихсон…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/, Өвөрхангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч Цагдаагийн ахлах дэслэгч Ц.Халтархүүгийн 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн №195 дугаартай дүгнэлт /хх-ийн 20/, Эрүүгийн хэрэг үүсгэж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 5/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 7-8/, хураан авах тогтоол, тэмдэглэл /ххийн 14-15/, шүүгдэгч Г.Мөнхзоригийн хэрэг бүртгэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болно.   
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчлөх нь зүйтэй байна.  
Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.   
Шүүгдэгч Г.Мөнхзориг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх боловч шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүх харгалзан түүнд ял оногдуулсан болно.   
Шүүгдэгч Г.Мөнхзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид 890000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Д.Энхчулууны томографийн зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Мөнхзоригийн эзэмшлийн AG 1619659 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Г.Мөнхзоригт буцаан олгох нь зүйтэй байна.  
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 310 дугаар захирамжаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэх хүртэл яллагдагч Г.Мөнхзоригт оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасанд нийцүүлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхзоригт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авах нь зүйтэй байна.  
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  
  ТОГТООХ нь:  
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар ял сонсгож, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон нийцүүлэн өөрчилсүгэй.  
2. Шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овогт Ганбаатарын Мөнхзоригт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхзоригт оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тус бүр 150000 төгрөгөөр хэсэгчлэн  төлөхөөр тогтоосугай.  
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнхзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг дурьдсугай.  
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдаж ирсэн хохирогч Д.Энхчулууны томографийн зураг 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч Г.Мөнхзоригийн эзэмшлийн AG 1619659 серийн дугаартай 10000 төгрөгийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, битүүмжилсэн 10000 төгрөгийг шүүгдэгч Г.Мөнхзоригт буцаан олгосугай. 
  
7. Шүүгдэгч Г.Мөнхзориг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, хохирогчид 890000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнхзоригт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Мөнхзоригт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Х.ОТГОНЖАРГАЛ