Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/321

 

 

 

 

 

 

   2021            03              30                                         2021/ДШМ/321       

                                               

Б.Мд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Мөнхөө, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Агар,

хохирогч А.Т, түүний өмгөөлөгч Ц.Амар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О, түүний өмгөөлөгч Ц.Одончимэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Б.Гантөмөр, Д.Золзаяа, Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, С.Давааравдан нарын гомдол болон өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Золзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Мд холбогдох 1903007800528 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Бгийн М, 1977 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Инержистрийм” ХХК-д захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй /РД:-/;

            Б.М нь 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, 52-ын давааны урд замд “Land Rover” загварын 34-44 УБП Улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Б.Д жолоочтой “Toyota Prius” загварын 07-72 ДАХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, “Toyota Prius” загварын тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч З.Бийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, А.Тгийн эрүүл мэндэд хүнд хохирол, зорчигч Н.А, жолооч Б.Д нарын амь нас хохирсон, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Шүүгдэгч Б.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овгийн Бгийн Мг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас “хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн шүүгдэгч Б.Мгийн ВС ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 280912 дугаартай жолооны үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Мгийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Б.Э нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мгээс 69.499.340 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бд 13.647.877 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.От 10.262.490 төгрөг, хохирогч З.Бд 589.644 төгрөг, хохирогч А.Тд 44.999.329 төгрөг тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн нэхэмжлэлээс 17.250 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, амь хохирогч Н.Аын төрсөн хүүхдүүдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хуульд заасан эрх бүхий этгээд нь, хохирогч З.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлс, зээлийн төлбөр зэргийг, иргэний нэхэмжлэгч Д.С нь өөрийн эрүүл мэндэд учирсан хор уршгийн зардлыг, хохирогч А.Т нь гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг тус тус нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2021 оны 02 сарын 03 өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг гардан аваад доорх гомдлыг гаргаж байна. Б.М миний бие 1977 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Төв аймгийн Баянжаргалан суманд төрж, эхнэр, 3 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо “Зайсан Голдэн Вилл” хотхоны 201-38 тоотод оршин суудаг байсан. Миний бие 2019 оны 07 сарын 04 өдрийн 16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн осолд орсон. Уг ослын улмаас эрдэнэт 2 хүний амь нас хохирч, нэг хүн хүнд гэмтэл, нэг хүн хүндэвтэр гэмтэл авсан. Хэрэг болох өдрийн өмнөх өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өөрийн уяж сойж байсан морьдыг уралдуулсан. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн өглөөний 09 цаг орчимд Сүхбаатараас сумаас морь ачсан портер машинаа даган хөдөлсөн. Ингэхдээ нэг морины хөл доголсон тул маш аажуухан явах шаардлагатай болсон. Тухайн үед миний бие эхнэрийн хамт өөрийн машинаар яг ардаас нь 40-60 км.цагийн хурдтайгаар дагаж явж байсан бөгөөд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 52-н даваа уруудаж явахад миний явж байсан эгнээнд саарал өнгийн машин урсгал сөрөн орж ирж хүүе гэхийн завдалгүй осол гарсан. Тухайн үед осолд орсон хүмүүст морь ачиж явсан портерын жолооч миний дүү Б.Мөнхболд болон миний бие чадах чинээгээрээ тусалж осол болсон машинаас гаргасан.

Уг хэргийн хүрээнд Замын цагдаагийн газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд болсон үйл явдлын талаар үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байх хугацаанд осол болсон шалтгааныг тогтоох зорилгоор 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарч уг осол гарахад миний буруутай хүчин зүйл нөлөөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан. 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр манай өмгөөлөгчийн зүгээс Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр болж хэргийг дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх талаар буцааж, энэ үед миний зүгээс шударга үнэн гэж байдаг юм байна гэж шүүх болон шүүгчид итгэх итгэл нэмэгдсэн. Гэтэл 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал болж шүүхээс намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 2.2 -т зааснаар гэм буруутайд тооцож 5 жилийн хорих ял оногдуулсан. Уг шүүх хурал эхлэхийн өмнө манай өмгөөлөгч нарын зүгээс шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч миний бие шүүгч шударга үнэнийг олж өгч чадна гэж маш их итгэж байсан учир өмгөөлөгч нарт саналаа татан авахыг хүсэж хуралдааныг үргэлжлүүлэхийг хүссэн байдаг. Энэ нь миний шударга үнэн ялна, үнэнийг шүүх л тогтооно гэсэн итгэлээр хандсан хандлага байсан.

Миний бие эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг эгэл жирийн Монгол айл. Улс эх орныхоо төлөө өөрийн гэсэн жижиг бизнесийг хөгжүүлж бага ч гэсэн хувь нэмэр оруулахын төлөө зүтгэж яваа залуу хүн. Өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдож яваагүй болохоор худал хуурмаг зүйлд маш их дургүй явж ирсэн. Үнэн гэж байдаг гэдэгт туйлын их итгэдэг нэгэн. Өнөөдөр би хорих 409 дүгээр ангид цагдан хоригдож байна. Хүний эрх чөлөө ямар их үнэ цэнэтэй болохыг ойлгож ухамсарлаж байна. Эрдэнэт хүний амь нас хохирсон аймшигт дүр зураг одоо ч нүдэнд харагдаж байгаач, осол гарах болсон шалгаан нөхцөлд өөрийгөө буруугүй гэж үзэж ирсэн. 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагт гарсан осолд эрдэнэт хүний амь нас хохирсон үйл явдалд маш их харамсаж байгаагаа хэлэхийг хүсэж байна. Иймд уг хэргийг бүхэлд нь хянан үзэж хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг туйлаас хүсэж уг гомдлыг гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дуудлагын хуудас /1хх 8/, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Зам тээврийн ослын хэргийн газрын үзлэг /1хх 9/-т, Осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1хх 12/, гэрэл зургийн үзүүлэлт /9-р зураг, 17-р зураг, 18-р зураг, 20-р зураг , 24-р зураг, 25-р зураг, 26-р зураг, 27-р зургаас үзэхээр тухайн 2 машины мөргөлтийн цэг нь “Приус” загварын 07-72 ДАХ улсын дугаартай машины баруун хаалганы тольны харалдаа байхад Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4993 дугаартай дүгнэлтийн хавсралтаар авагдсан гэмтлийг харуулсан схем зургийн мөргөлтийн цэг фото зургаасаа буруугаар схемчлэгдсэн” /1хх 13/, 2019 оны 09 сарны 27 өдрийн гэрч Т мэдүүлэг “...Улаанбаатар хотоос гараад явж байх үед миний сууж явсан “Приус” загварын авто машин нилээд хурдтай явсан, тэгэхээр нь би зөөлөн яваарай , хурдаа тохируулж яваарай гэж жолоочид хэлж байсан. Яг хэдэн км цаг хурдтай явж байсан талаар мэдэхгүй. ...” /1хх 61/, уг мэдүүлгээр “Приус” загварын 07-72 ДАХ улсын дугаартай машин хурдтай явсан болохыг, 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б “Манай машины урдаас урсгал сөрж орж ирсэн гэх саарал өнгийн машин урд яваа явсан машинаа гүйцэж түрүүлэх гэж байгаа бололтой урсгал сөрөөд ороод ирсэн, ингэхдээ нилээн холоос урсгал сөрөөд ороод ирсэн. Барагцаагаар 70-80 метр орчим газраас урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд л манай жолооч сандраад тулаад ирэхээр нь зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу жолоогоо дараад мөргөсөн. ...Миний сууж явсан “Приус” загварын авто машин 80-90 км цаг хурдтай явсан. ...” гэж “Приус” загварын 07-72 ДАХ улсын дугаартай машины хурдтай явсан болохыг /1хх 67/, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр гэрч С “...Миний сууж явсан “Приус” загварын авто машин 100 км цаг хурдтай явсан. Тухайн үед замд явж байх үед хажууд сууж явсан 2 залуугийн нэг нь зөөлөн яваарай гэж хэлж байсан. ...Миний сууж явсан “Приус” загварын авто машин зүүн гар тийш буюу эсрэг урсгал руу дараад л мөргөлдсөн. Яг тухайн үед би манай машин яагаад эсрэг урсгал сөрж дарж байгаа юм бол гэж бодож байсан. ...” гэж “Приус” загварын 07-72 ДАХ улсын дугаартай машин /1хх 71/, 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрч Б.Э мэдүүлэг “...Би авто машины жолоочийн хажуугийн урд сууж явсан. Манай нөхөр Б.М машинаа жолоодоод явсан. Урсгал сөрж орж ирээд мөргөсөн саарал өнгийн “Приус” загварын авто машин миний сууж явсан хэсэг рүү буюу жолоочийн эсрэг талын баруун гар тал руу ирж мөргөсөн. Яг улаан нүүр рүү мөргөж байх шиг санагдсан. ...Манай морийг ачиж явсан “Бонго” загварын авто машин бидний урд морь ачиж явсан. Манай нөхөр бид араас нь дагаад явж байсан. ...Манай машин 40-45 км цагийн хурдтай явж байсан. Учир нь, миний машины урд морь ачсан “Бонго” машин явж байсан, түүний араас нь морио хараад явж байсан болохоор хурдтай явах боломжгүй байсан. Харин урдаас урсгал сөрж орж ирсэн саарал өнгийн “Приус” машин хэр хурдтай явсан эсэхийг мэдэхгүй байна. Гэнэт урсгал сөрөөд манай машин руу дараад ороод ирсэн. Тэгээд л түс тас болоод мөргөлдсөн. ...Тэгээд морины машины жолооч манай нөхрийн хамт “Приус” загварын машинд байсан хүмүүсийг өргөж машинаас гаргасан.” гэсэн мэдүүлгээр М нь морь ачсан машинаа дагаад урсгал сөрөх нөхцөл шаардлагагүй байсан болохыг нотлох /1хх 74/, гэрч Мөнхболд “...2019 оны 7 дугаар сарын 2-ноос 3-ны өдрүүдэд өдөр Сэлэнгэ аймгийн төвийн наадамд оролцоод, 4-ны өдөр өглөө 7 цагийн үед Сэлэнгэ аймгийн төвөөс Улаанбаатар орохоор хөдөлсөн. Би Бонго 3 загварын 07-65 УНХ улсын дугаартай хөх өнгийн автомашиныг жолоодож, кабиндаа туслах уяач болон унаач хүүгийн хамт 4-н морь ачиж явсан. Миний араас Б.М ах “Ланд Ловер” загварын 34-44 УБП улсын дугаартай автомашин жолоодон, эхнэр Эийм хамт явсан. Тэгээд 16 цаг өнгөрч байх үед 52-н даваа уруудаад явж байтал миний урдаас “Приус” загварын саарал автомашин нилээд хурдтай өнгөрсөн, би яасан ширүүн явж байна гээд туслах уяачтай яриад явтал, миний хойно маш чанга буу дуугарч байгаа юм шиг дуу гарсан, тэгэхээр нь би зогсоод машинаас буугаад хартал миний хойно явсан, Б.М ахын “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай автомашин эргэж харсан байдалтай замын гол хэсэгт зогсож байсан, нөгөө надтай зөрсөн “Приус” загварын мөнгөлөг саарал автомашин замын урд хэсэгт буюу баруун гар талд замаас гарсан, хойшоо харсан байдалтай зогсож байсан, ...тэгээд би мөргөлдсөн “Приус” загварын машины жолоочийн хажууд сууж явсан эмэгтэйг хаалгыг нь онгойлгож машинаас гаргасан, тэгээд мөн хойно сууж явсан толгойн хуйх нь ханзарсан, махлагдуу залууг мөн машинаас гаргасан. Мөн манай ах Б.М жолоочийн хойд хаалганаас хойно сууж явсан хар малгайтай залууг машинаас гаргаж байгаа харагдсан, ...осол гаргасан “Приус” загварын автомашинд жолоочоос гадна 4-н зорчигч явсан. ...” гэж М нь морь ачсан машинаа дагаад урсгал сөрөх нөхцөл шаардлагагүй байсан байсан болохыг нотлох /1хх 88-89/, Тээврийн хэрэгслийн мөргөлдөх үеийн буруу гарсан схем зураг /1хх 199/, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 564 “Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас харахад “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. ...” /2хх 79/, 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай шинжээчийн дүгнэлт “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь нь аюул хохирол учруулахгүй , хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. ...” /2хх 84/ гэсэн нотлох баримтууд байна.

Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн хууль ёсны эрх ашгийн хамгаалж хэргийг цагаатгах саналтай оролцож байна. Мгийн үйлдлийг цагаатгах үндэслэлийн талаар, гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 30 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, 52-ын давааны урд зам хоёр авто машин мөргөлдөж эрдэнэт хоёр хүний алдан амь нас эрсдэж, 1 хүн хүнд гэмтэл, 1 хүн хүндэвтэр гэмтэл, 2 хүн хөнгөн гэмтэл авсан харамсалтай үйл явдал болсон. Өмгөөлөгч хүний зүгээс уг хэргийг хохирогч нарт харамсаж байгаа илэрхийлж байгааг хүлээн авна уу. Өнөөдрийн шүүх хуралдаанаар уг осол хэний буруугаас шалтгаалан гарсан болох, осол гарахад ямар хүчин зүйл нөлөөлсөн нөхцөл шалтгааны улмаас учирсан болохыг тодруулах зорилгоор гэрч шинжээч нараас өмгөөлөгч бүр өөр өөрийн асуулт хариултыг авсан. Миний үйлчлүүлэгчийг улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилчүүлсэн ч миний үйлчлүүлэгчийн зүгээс уг зүйлчлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Б.Мөнхтүвшийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Сэлэнгэ аймгийн наадамд өөрийн морио уралдуулаад 7 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хот руу буцаж явах замд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, 52-ын даваа уруудан явахад өөдөөс “Приус” загварын машин яах ийхийн зуургүй мөргөж уг осол гарсан талаар мэдүүлдэг. Гэрч нарын яриад байгаа шиг эсрэг урсгалд ороогүй, урд яваа “Бонго” загварын машин буюу түүн дээр ачсан морио араас нь хараад явсан талаар удаа дараа мэдүүлдэг ч улсын яллагчийн зүгээс Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн мэтээр оруулж ирснийг огт хүлээн зөвшөөрдөггүй. Осол яг хаана яагаад гарав. М осол гарахад нөлөөлсөн эсэх асуудал бүх хүний толгойд бий. Гэтэл хэргийн газрын үзлэгээр хийсэн мөргөлтийн А цэг, мөн гэрч “Приус-ын жолооч хурдтай явсан нөхцөл байдал зэргээс үзэхэд хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Б.Мгийн буруутай үйлдлээс биш харин “Приус” машин урсгал сөрж орж ирснээс уг осол гарах болсон шалтгаан нөхцөл бүрдсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж хуульчлан заасан байна. Хавтас хэрэгт хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч, болон тэдний хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн 3 дүгнэлт зэрэг баримтууд авагдсан бөгөөд уг баримтуудын хүрээнд гэм буруугийн асуудал шийдвэрлэгдэх учиртай юм. Уг баримтуудыг задлан үзвэл хэргийн газрын үзлэг /1хх 8-11/-т авагдсан баримтаар осол суурингийн дотор гарсан байх бөгөөд ослын бүдүүвч зургийн мөргөсөн цэг Б.Мгийн зорчих хэсэгт байгаа нь “Пруис” загварын авто машин урсгал сөрж орж ирсэн болохыг нотолж байгаа ч нөгөө талаас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн дугаар 4993 дугаартай шинжээчийн дүгнэлт /1хх 17/ түүний хавсралт 192 дугаар талд авагдсан тээврийн хэрэгслийн мөргөлдөх үеийн схем зургаас харж болно. Уг хэрэгт гэрчээр Б, Т, Э, Мөнхболд нарын хүмүүс хэрэгт ач холбогдолтой мэдүүлэг өгсөн байх бөгөөд гэрч Т, Б, С, Э, Мөнхболд нарын мэдүүлгүүд, шинжээч нарын дүгнэлтүүд хэрэгт холбоотой хэд хэдэн дүгнэлтүүд авагдсан байх бөгөөд Тээврийн цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 451 дугаартай шинжээчийн, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 564 дугаартай 3 шинжээчийн дүгнэлт, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай 5 шинжээчийн дүгнэлт авагдсан бөгөөд уг дүгнэлтүүдээр Б.Мгийн буруутай үйлдэл тогтоогдоогүй. Мгийн үйлдэл холбогдлыг цагаатгах үндэслэлийн талаар хавтас хэргийн улмаас эрдэнэт хүний амь нас хохирсон нөхцөл байдал нь зам дээврийн ослын улмаас буюу хоёр авто машин мөргөлдсөний улмаас 2 хүн, 3 зорчигч хүнд хөнгөн гэмтсэн нөхцөл байдал бүрэн дүүрэн тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэм буруу нь санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна” гэж хуульчлан заасан байх бөгөөд зам тээврийн ослын хэргүүд болгоомжгүй хэлбэрээр үүсгэдэг боловч уг хуулийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж зааснаас үзэхэд уг заалт нь миний үйлчлүүлэгчийн тухайн үеийн нөхцөл байдалд огт таарахгүй байна. ...Гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, түүнчлэн учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсныг гэм буруугүйгээр хор уршиг учруулах нөхцөл байдал хамааруулахаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлан заасан байна. Иймд хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” заасны дагуу миний үйлдүүлэгчид улсын яллагчаас зүйлчлэн оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дахь хэсгийн 4.2-т заасан заалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасныг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар цагаатгах саналыг гаргасан.

Гэвч анхан шатны шүүхээс Б.Мг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актьг зөрчсөний улмаас “хоёр хүний амь насыг хохироосон нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэргийг үйлдсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэм буруутайд тооцож, Б.Мгийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 жилийн хугацаагаар хасаж, 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр шийтгэх тогтоол гарсан.Шүүх шүүгдэгч Б.Мгийн гэм бурууг хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дүгнэхдээ хэт нэг талыг барьж таамаглалд үндэслэн дүгнэжээ. Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт зорилго гэм буруугийн хэлбэр, мөн хуулийн 1.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, нөхцөл зэргийг тогтоохоор хуульчлан заасан. Өмгөөлөгчийн зүгээс Б.Мтэй 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж хяналтын прокурор С.Оюунжаргалд 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 19/206 дугаартай хүсэлтийг гаргасан. Уг хүсэлт нь “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай “Дахин шинжилгээ хийлгэх тухай” прокурорын тогтоолтой танилцсан бөгөөд өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасны дагуу шинжээч нараас доорх асуултыг нэмж асуух хүсэлтэй байна. Үүнд:

хавтас хэрэгт авагдсан ослын газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зөв зурагдсан эсэх, мөргөлдсөн газрыг тэмдэглэсэн А цэгийг зөв тооцсон эсэх, осол гарахад 2 машин замын аль зорчих хэсэгт ямар байрлалтай, аль хэсгээрээ мөргөлдсөн эсэх, машины эд анги эвдэрсэн нөхцөл байдлаас хамаарч физикийн хуулиар хоёр машины хурдыг тодорхойлж болох эсэх, осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн эсэх, 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр /зам орчны байдал/ хэсэгт суурингийн доторх гэж доогуур нь зурсан байх бөгөөд уг осол ямар суурин дотор гарсан, суурин дотор авто машины зорчих хурд хэтрүүлсэн эсэх, тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр гэж юу вэ, шинжлэх ухааны үүднээс хэдэн км цагийн хурднаас дээш огцом зогсолт хийхэд үүсэх вэ, өмгөөлөгчийн зүгээс хэргийн газрын үзлэгийг дахин хийлгүүлэх хүсэлтэй байна. Уг осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлсөн эсэхийг бүрэн дүүрэн тодруулж чадаагүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж хуульчлан заасан байх бөгөөд осол болох үеийн нөхцөл байдлыг харсан гэрч буюу урд портер машинд сууж явсан Ц.Батцэрэн /88192802/ -ээс уг хэргийн талаар гэрчээр мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хуулийн хүрээнд хийж өгнө үү” /2хх 69/ гэсэн утга бүхий хүсэлт гаргасан боловч, Хяналтын прокурорын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 455 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар “...Зам тээврийн осол гарахад замын нөхцөл байдал нөлөөлөөгүй тул хэргийн газрын үзлэгийг дахин хийх үндэслэлгүй байна, мөн ... Батцэрэнгээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзлээ.” /2хх 73/, өмгөөлөгч нарын шинжээч нараас асуусан асуултыг хэрхэн яаж шийдвэрлэсэн нь тодорхойгүй. 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 75 дугаартай тогтоолоор дахин шинжилгээ хийлгэх тогтоолын тогтоох хэсгийн 2.5-д оролцогч нараас гаргасан асуусан асуултад хариулах гэсэн байтлаа өмгөөлөгч нарын асуултыг бичилгүй орхигдуулсан, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 564 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 79-80/ хариулт хэсгийн 5-д Оролцогч нараас гаргасан асуулт байхгүй мөн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтийн Хариулт хэсгийн 5 дахь заалтад оролцогч нараас асуулт байхгүй болно гэж хариулсан нь оролцогч нарын эрхийг зөрчиж хэрэгт ач холбогдол бүхий асуултуудыг хариулахгүй ирснийг шүүх анхаарч үзээгүй.

Гэм буруугийн талаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, 2-т “2.Баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадалгаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж хуульчлан заасан. Гэтэл анхан шатны шүүхээс Шүүгдэгч Мгийн мэдүүлгийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээр, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэх үндэслэлээр үнэлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн. Учир нь шүүгдэгч гэм буруугаа нотлох үүрэггүй нь түүний эрхийн асуудал гэвч хэргийн талаар шүүгдэгч мэдүүлж тэр нь шүүх хурлыг тэмдэглэлд бичигдэж хавтаст хэрэгт авагдсанаар нотлох баримт болох учиртай. Улсын яллагчийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Б.Мг замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” мөн дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж дүгнэж Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар зүйлчилж шүүхэд шилжүүлжээ.

Гэм хор хохирлын талаар, анхан шатны шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баасандэмбэрлийн хохирол 13.647.877 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.От 10.262.490 төгрөг, хохирогч Тд 42.575.129 төгрөг, хохирогч Б 589.644 төгрөгийг Мгөөс гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийтгэх тогтоолын 39 дүгээр талд “Приус” загварын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан амь хохирогч Д нь замын хөдөлгөөнд оролцож явахдаа тухайн үед учирсан аюулыг зайлуулах оролдлого хийхдээ зогсоох арга хэмжээ авалгүй эсрэг урсгалыг сөрсөн нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасан Эсрэг хөдөлгөөнтэй 2 эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгалд сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх боловч прокурорын шатанд түүнийг нас барсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байгааг тэмдэглэх нь зүйтэй “ гэж үзжээ. Энэ нөхцөл байдлаас үзэхэд тухайн амь хохирогчийн буруутай үйлдэлд осол гарахад нөлөөлсөн гэж үзэхээр байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж заасан гэм хохирлыг өөрийн буруутай үйлдэл үйлдэлдээ хариуцахаар байхад. Анхан шатны шүүхээс буруу дүгнэлт хийж бүх хохирлыг Мгөөс гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Сонгинохайран дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-д заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй байх тул уг тогтоолд өөрчлөлт оруулж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу миний үйлдүүлэгчид улсын яллагчаас зүйлчлэн оруулж ирсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэж заасны үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч С.Давааравдан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч, бэхжүүлсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд анхан шатны шүүх хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн үйл баримт, зам тээврийн ослын үндсэн шалтгааныг зөв тогтоож чадалгүй, тухайн осол болоход тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Мг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй. Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг тогтоохдоо шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг, шинжээчийн дүгнэлтүүд зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйн дээр тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, нотлох баримтыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг эргэлзээгүй, хөдөлбөргүй байдлаар сэргээн тогтоож, осол гаргасан гэм буруугийн дүгнэлт, гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлж чадаагүй байна. Зам тээврийн осол гарах болсон үндсэн шалтгааныг тодруулах зорилгоор техникийн тусгай мэдлэгийн хүрээнд нийт 3 удаа шинжээчийн дүгнэлт гаргуулахад 3 удаагийн дүгнэлтээр жолооч Б.Дыг замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн буюу Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж дүгнэсэн байна.

Тодруулбал, шинжээчийн 451, 564, 133 дүгээр дүгнэлтүүдээр Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно ...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэх үндэслэлтэй байна. ...Хэргийн газрын үзлэгээр илэрсэн А цэг нь “Ланд Ровер” загварын 34-44 УБП дугаартай тээврийн хэрэгслийн явж байгаа урсгалд байгаа нь 2 тээврийн хэрэгсэл эсрэг урсгал сөрсөн гэх үйлдэл нь тодорхой цаг хугацааны дараалалтай байх ба Замын хөдөлгөөний тээврийн хэрэгслүүдийн байрлан явах журмаар тогтоосон хэм хэмжээг “Тоёота Приус” загварын 07-72 ДАХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч эхэлж зөрчсөнөөс уг осол гарах нөхцөлийг бүрдүүлсэн үндэслэлтэй байхаар байхад шүүх зөв дүгнэлт хийгээгүй. Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг зүйл, заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй ба нэгэнт эсрэг урсгалаар тээврийн хэрэгсэл сөрж ирэхэд зам дээрх аюул нь хөдөлгөөнтэй, тухайн хөдөлгөөнд оролцогчийн зорчиж байгаа эгнээнд нь гэнэт орж ирсэн тохиолдолд аюулаас зайлж чигээ өөрчлөх боломжгүй, осол маш богинохон хугацаанд гарсан, жолоочид самбаачлах хугацаа үүссэн гэж үзэхээргүй байна. Харин техникийн шинжээчийн 133 дугаар дүгнэлтээр өмнөх дүгнэлтүүдийг гаргахад ашигласан ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэмтэл зэргийг үндэслэн хэргийн материалд тулгуурлан дүгнэлт гаргахдаа жолооч Б.Дыг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” Б.Мг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь заалт буюу “...Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино...” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй болно. Харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг. Гэтэл анхан шатны шүүх ослын талаар гаргасан дээрх 3 дүгнэлтээс зөвхөн 133 дугаар шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэн шүүгдэгчийг гэм буруутай талаар дүгнэлт хийж Б.Мг гэм буруу нотлогдсон гэж шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ноцтой зөрүүтэй байдлыг орхигдуулан хэргийн бодит байдалд нийцэхгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн талаар хууль зүйн зөв дүгнэлт хийхэд осол гарсан үндсэн шалтгааныг үндэслэлтэй зөв тогтоох шаардлага тавигддаг бөгөөд хүний субъектив хүчин зүйл болон техникийн хүчин зүйлийн нөлөөллийг зөв тооцоолсны үндсэн дээр гэм буруугийн дүгнэлт хийгдэх ёстой. Шинжээчийн бүх дүгнэлтүүдээр Б.Дыг замын хөдөлгөөнд оролцохдоо эсрэг урсгалд явж байсан, Б.Мг өөрийн эгнээнд зорчиж явсан болохыг ямар нэгэн зөрүүгүй дүгнэсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох ослын газрын үзлэгийн тэмдэглэл, бүдүүвч, гэрэл зургуудад дүрслэгдсэн байдал зэргээр хангалттай нотлогдсон байна. Ердийн боломжит түвшинд самбаачлах хугацаанаас хэтэрсэн, маш богино хугацаанд тодорхой осол тулгарах үед түүнээс зайлахын тулд аливаа хүний хийж буй үйлдэл нь ухамсарт хөтлөгддөг гэхээсээ илүүтэй хүний төрөлхийн зөн совин буюу инстинктэд тулгуурлаж хийгддэг тул ийм нөхцөлд субъектив хүчин зүйл буюу гэм буруу үгүйсгэгддэг. Жолооч Б.Д нь эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцон үйлдэл хийж явсаар гэмт хэрэг гарах урьдчилсан нөхцөлийг бий болгосон байдал нь тухайн осол гарах үндсэн шалтгаан болсон гэж дүгнэх үндэслэл болно. Анхан шатны шүүх зам тээврийн осол гарахад Б.Дын гэм буруутай үйлдэл нөлөөлсөн гэж дүгнэсэн атлаа М.Мг өөрийн эгнээнд зорчиж явсан байдлын талаар хэрэгт авагдсан баримтыг шууд үгүйсгэн түүнийг автомашинаа зогсоох арга хэмжээ аваагүй, эсрэг урсгалд явж байсан гэж буруутган гэм буруутайд тооцсон нь гэмт хэргийн шинжгүй үйлдлийг дан ганц объектив байдлаар дүгнэсэн шийдвэр болсон.

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын зарим холбогдогчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн дүгнэлтээр Б.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “... Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “сэжигтэн яллагдагч нас барсан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Прокурор нь Зам тээврийн ослын үндсэн шалтгааныг зөв тогтоож чадалгүй тухайн осол болоход тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Д Б.Мг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь жинхэнэ байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоож чадаагүй.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарахад Эрүүгийн хуулиар хамгаалагдсан үнэт зүйлд хохирол учирсан нөхцөл байдал нь хуулиар хориглосон ямар хэм хэмжээг хэн зөрчсөн , нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг тогтоож чадаагүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулах , түүний үндсэн дээр материалын буюу тээврийн хэрэгслүүдийн масс, эвдрэл, унасан болон зогссон чиглэл, хурд зэргийн эсэргүүцлийг бүхэлд нь дүгнэж , физик болон техникийн шинжлэх ухаанд тулгуурласан мэргэжлийн багаар дахин дүгнэлт гаргуулах, уг дүгнэлтийг гаргахад шаардлагатай ажиллагаа, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэх нь гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой байсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм бурууг тогтооход эргэлзээтэй гэж үзэж байна. Дээрх байдлуудаас дүгнэж үзэхэд М.Мгийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нь хууль зүйн үндэслэлтэй юм . Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож Б.Мд холбогдох хэргийг цагаатгаж , хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.

Өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Золзаяа нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Б.Гантөмөр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “шүүгдэгч, түүний өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах эрхтэй” гэжээ. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн эрүүгийн 1903007800548 дугаартай хэргийн шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Золзаяа нараас Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн Гурав буюу Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг хүлээдэг. Ингэхдээ нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор нь хуульд заасан бүх арга хэмжээг авч шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай. Хэргийн бодит байдлыг тогтооно гэдэг нь гэмт хэрэг гарсан байдал, хэн үйлдсэн болох, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн тогтоох тухай ойлголт юм. Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад их хэмжээний хохирол, хор уршиг учирдаг ба энэ төрлийн гэмт хэргийг шалгах явцад хүний үндсэн эрх зөрчигдөх, хэлмэгдэх үр дагавар үүсгэдэг тул мөрдөгч, прокурор, шүүх гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нэг бүрчлэн тогтоож, учирсан хохирол, хор уршгийг арилгуулах талаар хуульд заасан бүхий л арга хэмжээг авах учиртай. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах үүргийг, тухайн гэмт хэргийн хувьд заавал гэм буруутай этгээд хариуцахаар бус, гэм буруугүй боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хууль ёсоор хариуцвал зохих этгээд байж болохыг мөн анхаарах учиртай. Шүүгдэгч Б.Мд холбогдох хэргийн тухайд хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй мөрдөгч, прокурор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хангалттай ажилласан гэж үзэхгүй байна. Хэт нэг талыг барьж буюу зөвхөн яллах талыг барьж ажилласан гэж харагдахаар байна. Хэргийг шалгах явцад тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай байсан тул хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой гэж үзэн гурван ч удаа шинжээч, шинжээчдийн баг ажиллуулж 4992, 564, 133 тоот дүгнэлтүүдийг гаргасан ба уг дүгнэлтүүдийн шүүгдэгчид холбогдох хэсэгт нь хоорондоо илтэд зөрүүтэй боловч шүүгдэгч Б.Мгийн шууд буруутай үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан буюу зам тээврийн осол гарсан гэж дүгнээгүй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж 4992 тоот дүгнэлтээр, 1.3-т “замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй гэж 133 тоот дүгнэлтээр, мөн 564 тоот дүгнэлтээр шүүгдэгч Б.Мг “замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх боломжгүй байна” гэж тус тус дүгнэсэн ба харин дээрх гурван дүгнэлтэд 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, 12.1-т “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэсэн байгааг анхаарч үзсэнгүй. Мөн 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн талаар тухайн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан зорчигч А.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...бидний сууж явсан машин нилээд хурдтай явсан. Тэгэхээр нь би зөөлөн яваарай, хурдаа тохируулж яваарай гэж жолоочид хэлсэн” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар тал/, зорчигч З.Б мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...миний сууж явсан машин 80-90 км цагийн хурдтай явсан байх” гэж /1 дүгээр хавтаст хэргийн 66-67 дугаар тал/, зорчигч Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн мэдүүлэгт “...миний сууж явсан машин 100 км/цагийн хурдтай явсан. Тухайн үед замд явж байхад хажууд сууж явсан хоёр залуугийн нэг нь /хохирогч А. Т/ зөөлөн яваарай гэж хэлж байсан” гэх /1хх 71-72/ байдлаар мэдүүлсээр байхад 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч хурд хэтрүүлсэн эсэхэд дүгнэлт өгөөгүй, мөн 07-72ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Драгон төвөөс 15 цаг 30 минутын орчим хөдөлсөн талаар зорчигч/хохирогч нар мэдүүлсэн ба осол 16 цаг 20 минутын орчин гарсан байдлыг анзаарч үзээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад туршилт хийх байдлаар 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжтой байсаар байтал орхигдуулсан. Аль аль тээврийн хэрэгслийн тухайд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй, хэрэгт энэ талаар тусгаагүй байгаа нь хурд хэтрүүлсэн байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг үүсгэсэн байх боломжтой эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй байдалд хүргэсэн байна. Гэтэл энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь яахын аргагүй “ХУРД”, хурдыг тохируулж яваагүйгээс зам тээврийн осол гарах урьдач нөхцөл болдог гэдэг нь хэнд ч ойлгомжтой ба энэ хэргийн тухайд 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ХУРД хэтрүүлсэн нь гэрчүүдийн мэдүүлгүүдээр, ХУРД-ыг тохируулан сонгож яваагүй нь шинжээчийн, шинжээчдийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байгаад дүгнэлт хийсэнгүй. Уг ослыг шууд харсан байх боломжтой 4 хүн байна гэж бидний зүгээс үзэж байгаа ба 07-73 ДАХ улсын тээврийн хэрэгслийн жолооч', жолоочийн хажуугийн урд суудалд зорчиж явсан зорчигч/хохирогч З.Б, 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, шүүгдэгч Б.М, жолоочийн хажуугийн урд суудалд зорчиж явсан, гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Э  /шүүгдэгчийн эхнэр/ нар юм. 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан /автомашины зүүн хойд хаалга талын суудалд зорчиж явсан/ Хохирогч Д.Сын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “16 цаг өнгөрч байх үед 52-ын даваа руу өгсөж явах үед манай машины урдаас “Ланд Ровер” загварын саарал өнгийн машин ирж явсан. Би барагцаагаар 2 метрийн цаана явахад үед нь харсан” гэх мэдүүлэг нь 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг эсрэг урсгалд буюу өөрсдийнх нь зорчиж явсан эгнээгээр урсгал сөрж орж ирсэн гэдгийг нотлохгүй юм. Учир нь тэрээр 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг ойролцоогоор 2 метрийн өмнөөс харсан гэж мэдүүлж байгаа нь өөрийнх нь зорчиж явсан 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд зорчиж явсан уу, 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсон уу гэдгийг эргэлзээгүйгээр гэрчилсэн гэж үзэх боломжгүй юм. Шүүх хуралдаанд гэрчээр оролцсон шинжээч В.Балжиннямаас хуралдаан даргалагчаас “шүүгдэгч М /34-44 УБП/ урсгал сөрсөн үү” гэх асуултад тэрээр “мэдэхгүй” гэж, мөн даргалагчаас “34-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэл Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтыг зөрчсөн үү гэхэд, тэрээр “зогсоох арга хэмжээ аваагүй” гэж мэдүүлсэн байна. Мөн шинжээч В.Балжинням дүгнэлт гаргахдаа 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан гэрч З.Б, С нарын мэдүүлгийг үндэслэн 34-44 УБП улсын дугаартай тээврийг хэрэгслийг эсрэг урсгалд орсон гэж дүгнэсэн ба харин криминалистикийн шинжээчийн гаргасан мөргөлтийн цэгээс харахад 34-44 улсын дугаартай тээврийн хэрэгсэл эсрэг урсгалд орсон эсэхийг тогтоох боломжгүй гэж үзсэн байна. Мөн №133 тоот дүгнэлт гаргасан шинжээч /шинжээчид/ 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг урсгал сөрсөн байж болзошгүй гэдгийг 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр зорчиж явсан зорчигч /гэрч, хохирогч/ З.Б, Д.С нарын гэрчийн мэдүүлгээр тогтоосон атлаа, гэрч З.Б, Д.С, А.Т нарын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ХУРД хэтрүүлж явсан гэх мэдүүлэгт дүгнэлт хийлгүй, орхигдуулсан, өөрөөр хэлбэл хэрэгт ач холбогдолтой бүхий нөхцөл байдалд дүгнэлт хийгээгүй орхигдуулсан гэж үзэхээр байна.

Дээрхээс дүгнэж үзвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгагдаж, эргэлзээгүйгээр тогтоогдсон гэх хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн тухайд, энэ хэргийн тухайд уг ослыг шууд харсан байх боломжтой 4 хүн байна. 07-73 ДАХ улсын тээврийн хэрэгслийн жолооч, жолоочийн хажуугийн урд суудалд зорчиж явсан зорчигч /хохирогч Б/. 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, шүүгдэгч Б.М, жолоочийн хажуугийн урд суудалд зорчиж явсан, түүний эхнэр Э нар юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б, С нарыг гэрчээр мэдүүлэг өгсөн гэхээс илүүтэйгээр, хохирогчоор мэдүүлэг өгсөн байж болох талаас нь мөн анзаарч дүгнэлт хийх учиртай болов уу. Учир нь тэдний зорчиж явсан 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 11.3, 12.1 дүгээр заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарсан боловч түүнд холбогдох хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон ба уг ослын хохирогч нарын тухайд “гэмт хэргийн улмаас эрүүл мэнддээ учирсан хохирлыг хэнээс, хэрхэн барагдуулах вэ, хэн хариуцлага хүлээх вэ” гэсэн өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах субъектив эрхийн үндсэн дээр гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө субъектив байдлаар хандсан байхыг үгүйсгэхгүй ба тэднийг буруутгах ч аргагүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 2-т “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэжээ. Гэвч уг гэмт хэргийн хувьд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа буюу ослыг нүдээр харсан гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Эээс гэрчийн мэдүүлэг авахдаа Монгол Улсын Үндсэн хууль болон мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлаж өгөөгүй, хууль сануулалгүйгээр мэдүүлэг авсны улмаас уг хэргийг нүдээр харсан гэрчийн мэдүүлэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй, түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй байна. Гэрч, иргэний нэхэмжлэгч Б.Эээс хууль зөрчиж мэдүүлэг авсан байдлаас дүгнэж үзвэл түүний мэдүүлгийг нотлох баримтаар тооцуулахгүй байхыг урьтал болгосон, түүний мэдүүлэг хэрэгт ач холбогдолгүй гэх байдлаар хандсан, мөрдөгч, прокурор нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж зөвхөн яллах талын нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх байдлаар ажилласан гэж үзэхээр байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй;”, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж үзэж байх тул 2021//ШЦТ2 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорт буцаахаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй бөгөөд эдгээрт миний үйлчлүүлэгчийг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөнийг тогтоогоогүй. Гэтэл прокурор Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр буруутгаж, яллагдагчаар татсан. Уг заалтыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй байхад яллагдагчаар татсан үйл баримтаа тодруулах ёстой гэсэн шүүгчийн анхны байр суурь байдаг. Гэтэл үүнийг арилгалгүйгээр тухайн зүйлд зааснаар буруутгасан. Үүнээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхнаасаа хуулийн дагуу явагдаагүй. Ямар үндэслэлээр Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан нь тодорхойгүй. Зөвхөн гэрчийн мэдүүлгээр “тухайн зүйлд заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй” гэсэн шүүхийн дүгнэлт гарсан. Гэтэл үүнийг шууд гэрчлэх гэрч байхгүй бөгөөд гэрчүүд арын суудалд зорчиж явсныг анхаарч үзэх ёстой. Арын суудалд явсан гэрч урсгал сөрж явж харагдсан гэснийг үндэслэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Иймд хэрэг хянан шийдэрлэх ажиллагаа анхнаасаа хуулийн дагуу явагдаагүй, шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүтэй байдлыг арилгах гаргах шаардлагатай байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан онцгой ач холбогдолтой бодит нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах саналтай байна. Энэ хэргийн улмаас Б.Мгийн биеийн байдал сайнгүй байгаа бөгөөд хорих 409 дүгээр ангид байх хугацаандаа гэнэт зүрхний хэм нь алдагдаж, хорих 461 дүгээр ангийн эмнэлэгт хүргэгдсэн. Энэ талаарх баримтыг хэрэгт гаргаж өгсөн бөгөөд уг баримтад эмчлэгч эмчийн зүрхний хэм алдагдалтаас болж зүрх гэнэт зогсох аюултай тул нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байх ёстой гэсэн дүгнэлт гарсан. Үүнтэй холбогдуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэвэл шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад гаргаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Учир нь, 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тэмдэглэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, хэрэгт авагдсан шинжээч нарын дүгнэлт, бусад үйл баримтуудаар Б.Мг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл дутмаг байдаг. Шийтгэх тогтоолд тодорхойлохдоо Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан нийтлэг үндэслэлийг зөрчиж эсрэг хөдөлгөөнд орж бусдад саад учруулсан, улмаар бусад оролцогч буюу “Приус” маркийн тээврийн хэрэгслийн жолооч сандарч, замын баруун, зүүн тийш дарж самбаачлах хугацаа байгаагүйн улмаас осолд өртсөн гэж дүгнэж, энэ хэргийн улмаас учирсан нийт хохирлыг Б.Мгээс гаргуулахаар шийдвэрлэсэн. 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн эсэх талаар дэлгэрэнгүй ярьсан байдаг. Тийм ч учраас шинжээчийн дүгнэлтүүдэд Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн буюу сөрөг хөдөлгөөнд орсон гэж дүгнээгүй. Гагцхүү хэрэг учрал хаана болсон, тухайн зам, тээврийн хэрэгсэл, түүнд зорчиж явсан зорчигчид бүгдийг тал бүрээс нь шинжлэн судалж байж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой байсан. Шүүх гэрч Б, С нарын мэдүүлэг, шинжээчийн Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг тайлбарласан дүгнэлтийг нотлох баримтын хүрээнд үнэлж хэргийг шийдвэрлэсэн. Гэрч, хохирогч нарын мэдүүлгийн эх сурвалжийг нягтлаагүй. Гэтэл аливаа автомашины асуудал болон журам зөрчигдсөн асуудалд тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлага, түүнд Замын хөдөлгөөний дүрэмд нийцүүлэн тавигдах хуулийн заалтууд зөрчигдсөнөөс харагддаг. Гэрч Бийн “70-80 метрийн цаанаас урсгал сөрж харагдсан” гэх мэдүүлэг байдаг. Гэтэл 70-80 метрийн цаанаас харагдсан автомашин эргээд эгнээндээ орсон байхад 6,2 метрийн өргөнтэй замын 4,50 метрт байхад тухайн автомашин хэзээ буцаж эгнээ рүүгээ орсон, бусдын хөдөлгөөнд саад болохуйц харагдсан бол зам руугаа хэзээ орсныг тогтоох хэрэгтэй. Мөн гэрч Б 80-90 км/цагийн хурдтай явсан гэдэг. Гэтэл Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо буюу хот суурингийн доторх замд хохирогч хурд хэтрүүлсэн байдаг. Хохирогчийг хурдаа багасга гэж хэлсэн байхад үүнийг харгалзаж үзэлгүй Б.Мг 70-80 метрийн цаанаас хурд хэтрүүлж, эсрэг урсгал руу орж ирсэн гэх мэдүүлгийг үндэслэж буруутгасан. Мөн замын хөдөлгөөнд оролцох зорчигч, жолооч зэрэг бүгдэд хамаарах Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлээр хүн яллаж байгааг ойлгохгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар хэргийн үйл баримтыг бүхэлд нь хянаж үндэслэлтэй шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл байх тул шүүгдэгч Б.Мг цагаатгах боломжтой гэж үзэж байна. Шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо зөрүүтэй, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн. Үүнтэй холбогдуулж 9-10 удаа хүсэлт гаргасан ч авч хэлэлцээгүй. Уг нь 7, 9 бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт дахин гаргуулсан бол хэний буруутай үйлдлээс болж хоёр хүний амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд хохирол учирсан болохыг тогтоох боломжтой байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч А.Т “Тус шүүх хуралдаанд гаргах тайлбаргүй.” гэв.

Хохирогч А.Тгийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүх хянан үзэж алийг нь нотлох баримтаар тооцохоо шийдвэрлэнэ.” гэж заасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Тээврийн цагдаагийн албаны 451, 564 дугаар дүгнэлтүүд, гэрч Э, Мөнхболд нарын мэдүүлгийг ямар үндэслэлээр нотлох баримтаар үнэлээгүй талаар маш дэлгэрэнгүй бөгөөд хууль зүйн үндэслэлтэй тайлбар хийсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар маш тодорхой үнэлж дүгнэгдсэн. Хэрэгт авагдсан гэрч Б, С нарын мэдүүлгүүд Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 4992, 4993 дугаар дүгнэлтүүдэд авагдсан гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт хэмжилт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн хэмжилт гэсэн нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогддог. Өөрөөр хэлбэл, эх сурвалжаа зааж чадсан мэдүүлгүүд юм. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээж өгнө үү. Өмгөөлөгч Б.Дашдоржоос хохирлын асуудалд Д ямар үүрэг оролцоотой талаар гомдолдоо дурдсан байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-т гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол эдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд, түүнийг уруу татсан, тусалсан, дэмжсэн, түүнчлэн гэм хорын үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ гэсэн. Дын үйлдэлд уг заалтад заасан шинж байхгүй. Шүүх хуралдаанд оролцсон шинжээч Балжинням, мөн шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаар талийгаач Д нь аюул ослыг зайлуулах, осолтой байдлыг бий болгохгүй гэх зорилгоор арга хэмжээ авч жолооны рулийг зүүн тийш нь дарсан боловч эсрэг урсгал руу орж мөргөлдсөн нөхцөл байдал байна гэж дүгнэсэн. Тэгэхээр Б.Мгийн шууд буруутай үйлдлээс гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл үүссэн байх тул хохирлыг хуваах, хариуцах, хөнгөрүүлэх үндэслэл байхгүй. Түүнчлэн өмгөөлөгч Б.Гантөмөрийн дурдсанчлан таамаглал болон магадлалд үндэслэж бид шийдвэр гаргахгүй, хэрэгт авагдсан нотлох баримт, түүний эх сурвалжид үндэслэж шийдвэр гаргах учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжин оролцож байна. Нас барсан А миний төрсөн дүү бөгөөд энэ хэргийн улмаас учирсан хохирол гэж 30.000.000 гаруй төгрөг нэхэмжилсэн. Үүний 10.000.000 орчим төгрөг нь оршуулгын зардал, 20.000.000 орчим төгрөг нь амь хохирогчийн эхнэр, хоёр хүүхдэд амьжиргааны доод түвшингээр тэтгэмж гаргуулах төлбөр байсан. Гэтэл анхан шатны шүүх оршуулгын зардал гэж 10.000.000 орчим төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Энэ хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирч 2 жилийн хугацаа өнгөрсөн байхад хохирогч нарын асуудал бүрэн шийдэгдээгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэргийг мөрдөн байцаалтад буцаалгах талаар гомдол гаргаж байна. Тэгвэл хохирогч нарын асуудал яаж шийдэгдэх вэ. Гурван хоногийн өмнө шүүгдэгчийн эхнэр гэх хүн над руу залгаад “2.000.000 төгрөг таны данс руу хийе” гээд хийсэн. Энэ мөнгийг юунд өгч байгааг ойлгоогүй, үлдсэн мөнгийг яаж өгөх нь тодорхойгүй байна. Бүхэл бүтэн хүнээ алдсан бид 10.000.000 төгрөг аваад үлдэх нь хэр шударга юм бэ. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Оийн өмгөөлөгч Ц.Одончимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Ц.Амартай санал нэг байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Б.Мг эсрэг урсгал руу орсон гэж үзэх үндэслэлгүй гэж байна. Гэвч Б.М эсрэг урсгал руу орсон нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогддог. Хууль сануулж өгсөн гэрч нарын ашиг сонирхол зөрчигдөж байсан учир ийм мэдүүлэг өгөхөөс аргагүй байсан гэж үгүйсгэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хууль зүйн үндэслэлгүйгээр гэрч, хохирогч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн гэж үзэж байна. Мөн шинжээч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт гаргана. Гэтэл хохирогч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн дүгнэлт гаргасан гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлсон нь үндэслэлгүй. Мөн хэргийг прокурорт буцаалгах талаар ярьж байгаа боловч нэмэлт ажиллагаагаар юу хийлгэх гэсэн нь тодорхойгүй. Прокурор анхнаасаа Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэж буруутгасан гэж байгаа ч түүнийг тухайн заалтыг зөрчсөн гэж буруутгах үндэслэл байсан. Өөрөөр хэлбэл, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр Б.М эсрэг урсгал сөрсөн болох нь нотлогдсон. Шүүгдэгч талаас шинжээчийн дүгнэлтүүд өөр хоорондоо зөрүүтэй гэдэг боловч шинжээч дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмын дагуу хийж, эцсийн дүгнэлтээр Б.М эсрэг урсгал сөрсөн болох нь хангалттай тогтоогдсон. Мөн хэрэгт онцгой ач холбогдолтой нөхцөл байдлыг тогтоогоогүй гэж байгаа боловч энэ хэрэг бүрэн гүйцэд шалгагдаж нотлогдвол зохих асуудлууд бүгд нотлогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгч нараас амь хохирсон жолоочийн буруутай үйл ажиллагаа байсан гэж байгаа боловч хэрэг гарах шалтгаан нөхцөл нь Б.Мгийн эсрэг урсгал сөрж орсонтой шууд холбоотой болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгч Ц.Амар, Ц.Одончимэг нарын саналыг дэмжиж байна.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Бын өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2019 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зам тээврийн ослын улмаас хоёр эрдэнэт хүний амь нас эрсэдсэн. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих 6 асуудал хавтас хэргийн хүрээнд бүрэн дүүрэн нотлогдсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдолд шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эргэлзээтэй бөгөөд үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй учраас шинжээч нарын дүгнэлтийн зөрүүг арилгуулах гэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.М болон түүний өмгөөлөгч нараас Хүний эрхийн үндэсний комиссд хандсан нийт 10 удаагийн хүсэлт байдаг. Эдгээр хүсэлтүүд бүгд шинжээчийн дүгнэлтийг өөрт ашигтай байдлаар гаргуулах агуулгатай. Шинжээчийн дүгнэлт тусгай мэдлэгийн хүрээнд гардаг болохоос хэн нэгний хүсэлтийн дагуу гардаггүй. Ийм учраас шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, прокурор, дээд шатны прокурор, улсын ерөнхий прокурор, Хүний эрхийн комисс хүртэл шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудлаар 10 удаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаж, үүнийг шат шатны холбогдох байгууллагууд шийдвэрлэж байсан. Түүнчлэн шүүгчээс татгалзсан, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байна. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хууль тогтоомжийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүн таслах үйл ажиллагаанд оролцогчийн эдэлбэл зохих эрхийг бүрэн эдлүүлсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Уг осол гарах болсон шалтгаан нь “Land Rover” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалт зөрчсөний улмаас болсон гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэрчүүдийн мэдүүлэг үндэслэлгүй, шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо эрс зөрүүтэй гэж байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар прокурор, шүүх шинжээчийн дүгнэлтийг шийдвэрийнхээ үндэслэл болгоогүй. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, бусад баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан. Тухайн хэрэгт удаа дараа шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч, шүүгдэгч Б.М нарыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар шинжээчийн дүгнэлтэд Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-т заасныг зөрчсөн гэж дурдагдаагүй байхад прокурор тухайн заалтаар буруутгасан гэж байна. Хэрэгт авагдсан гэрч Б, С нарын мэдүүлэг, бусад баримтуудаар Б.М эсрэг урсгал руу орж аюултай байдал бий болгосон нь тогтоогдсон байдаг. Тиймээс яллах дүгнэлт үйлдэх үед яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгчийг буруутгасан. Мөн шүүгдэгч талаас хэргийг шалгахад хэргийн бүрдэл дутуу байсан гэж байна. Гэтэл энэ хэрэг урьд нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна, хэрэгт авагдсан хэргийн хүрээнд шүүгч, өмгөөлөгч, прокурор, хэргийн оролцогч нарыг шүүх хуралдаанд оролцуулж мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Хэрэгт оролцвол зохих оролцогчид бүгд оролцож, хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж, тухайн үйл баримтад шүүх болон прокурор үнэлэлт дүгнэлтээ өгч, тухайн хэргийг зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна. Мөн хэргийг шийдвэрлэхдээ хүний эрхийг зөрчсөн, ямар нэг байдлаар нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн зөрчил байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Тодруулбал, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гэмт хэрэг гарсан байдал”, мөн зүйлийн 1.2 дахь хэсгийн “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3 “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” зэргийг нарийвчлан шалган тогтоогоогүй, хэргийн үйл баримтад бодиттой үнэлэлт дүгнэлт өгөөгүй нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал үүссэн гэж үзэхээр байна.

Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд, Сонгинохайран дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр 52-н давааны урд замд 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 16 цаг 20 минутын орчим Б.Дын “Тоёота Приус” загварын 07-72 ДАХ Улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Мгийн “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгсэл мөргөлдсөн үйл баримт болжээ.

Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилго бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг батлан мөрддөг бөгөөд энэхүү хууль тогтоомжийг зөрчих нь Замын хөдөлгөөний дүрмээр тогтоосон хэм хэмжээ, журмыг гэм буруутайгаар зөрчсөнийг ойлгохоор хуульчилсан.

Зам тээврийн осол болсон талаарх хэргийн газрын газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, хэрэг учралын газрын схем бүдүүвч зэргээр эрх бүхий байгууллагын тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээч нарын дүгнэлтээр Монгол Улсын Замын хөдөлгөөн ямар дүрмийн заалт зөрчиж гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг тогтоодог.

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг учралын газрын хэмжилтын бүдүүвч схем зураг, гэрэл зургийн үзүүлэлтээр зам тээврийн ослын үед эсрэг урсгалд явсан тээврийн хэрэгслүүд тоормосны мөр болон дугуйн даралтын мөр хэрэгт авагдаагүй байна.

Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 451 дугаартай дүгнэлтээр 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай автомашины жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн” гэж,

Тээврийн цагдаагийн газрын шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 564 дугаартай дүгнэлтээр “...Б.Д нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3./Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно./ 12.1./Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна/ гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй. “Ланд Ровер” загварын 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэж үзэх боломжгүй байна. ...” /2хх 79-80/ гэж,

Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтээр “...Тоёота Приус загварын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Арван нэг. Тээврийн хэрэгсэл байрлан явах: 11.3.Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй. “Рэнж Ровер” загварын 34-44 УБП тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Нэг.Нийтлэг үндэслэл: 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /2хх 161-162/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Тээврийн Прокурорын газрын прокурорын 2020 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр “...Тоёота Приус загварын 07-72 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дахь заалтад заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон байна. ...Б.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “сэжигтэн яллагдагч нас барсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай. ...” гэсэн /2хх 115-116/ тогтоол гаргажээ.

Түүнчлэн, 34-44 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн явах чиглэлд зам тээврийн ослын А цэг авагдсан бөгөөд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 4993 дүгнэлтээр “тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл”-ээс үндэслэн 34-44 УБП улсын дугаартай рэнж ровер маркийн автомашины баруун урд хэсэг, 07-72 ДАХ улсын дугаартай “Тоёота Приус” загварын тээврийн хэрэгслийн баруун урд болон хажуу хэсгээр мөргөлдсөн байрлалыг тогтоожээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол, мөн хэсгийн 1.3-т дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ хэмээн заасан болно.

Хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг, ослын газрын схем, бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтэд үндэслэн шинжээч нарын гаргасан дүгнэлт нь 07-72 ДАХ тээврийн хэрэгслээр зорчиж яваад осол орж хохирсон хохирогч А.Т, З.Б нарын мэдүүлгээс илтэд зөрүүтэй байна.

Мөн прокуророос гэрч хохирогчийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.Мг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг, мөн дүрмийн 11.3 дугаар зүйлд заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-д гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Өөрөөр хэлбэл, хавтас хэрэгт авагдсан тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчдийн 3 удаагийн дүгнэлтэд Б.Мг Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтаар, Замын хөдөлгөөний дүрмийн нийтлэг үндэслэлийн 1, 3-ийг тус тус зөрчсөн гэж зөрүүтэй дүгнэсэн бөгөөд түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн талаар дүгнэлт гараагүй, зөвхөн хохирогч нарын мэдүүлгийг үндэслэсэн “Ланд Ровер” загварын машин урсгал сөрж аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Анхан шатны шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, харилцан зөрүүтэй нотлох баримтуудын аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг зааж, хэргийн үйл баримтад тулгуурлан шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа талаар хууль зүйн дүгнэлт хийх ёстой.

Түүнчлэн, шүүгдэгч Б.М нь Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироосон, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдоогүй байна гэж үзэв.

Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар Б.Мд холбогдох хэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах, хэргийн газрын нөхөн үзлэг хийж дээрх нөхцөл байдлыг тодруулах нь зүйтэй гэж үзэв.

Зам тээврийн осол хэргийн газрын үзлэг хийхдээ эсрэг урсгалтай замын дунд талын тусгаарлах зурвасаас 2 талын замын хэмжээг нарийвчлан хэмжээгүй, тоёото приус тээврийн хэрэгслийн баруун урд дугуйны обудны мөр гэх боловч энэ А цэгтэй ойролцоо байх ба хэрхэн яаж гарсан нь ойлгомжгүй, тээврийн хэрэгслүүдийн өргөнийг хэмжээгүй байна.

Зам тээврийн осол, хэргийн газрын нөхөн үзлэгийг хийхдээ дээрх нөхцөл байдлыг тогтоох ба эсрэг урсгалд байгаа тээврийн хэрэгслийн ослоос өмнөх байдал, осол гарах үед мөргөлдсөн гэх байдал, ослын дараах байдал зэргээр тухайн тээврийн хэрэгслийг боломжгүй бол адил загварын тээврийн хэрэгслийг байрлуулах байдлаар үзлэг хийх шаардлагатай байна.

Өөрөөр хэлбэл зам тээврийн осол болох үед Ланд ровер маркийн тээврийн хэрэгсэл замын тусгаарлах шугамын хаана эгнээ байр эзэлж явсан болон тусгаарлах шугам давсан эсэхийг тогтоох, нөхөн үзлэгтэй холбоотойгоор шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 1903007800528 дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Тээврийн прокурорын газарт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон тул шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, С.Давааравдан нарын гомдол болон өмгөөлөгч Б.Гантөмөр, Д.Золзаяа нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 2021/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Мд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

            

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

             ШҮҮГЧ                                                                        Д.МӨНХӨӨ

             ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ