Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 156/ШШ2020/00674

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 08 сарын 21   156/ШШ2020/00674

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00542/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, шүүгч Б.Марина, Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн шүүгч Р.Батбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: .............. байрлах, Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ................ тоотод оршин суух, С. Б /РД:....................../-д холбогдох,

6 643 308 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч С.Б, иргэдийн төлөөлөгч Л. О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг нар оролцов.

 

                                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: С.Б нь 2016 онд Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа ашиглан урьд авч байсан 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж, 6 643 308 төгрөгийг гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.4 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах, хэлтсийн мөрдөгч комиссар М.Б хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан.

Хэргийг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.М нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 22 дугаартай прокурорын тогтоолоор С.Б нь 2016 онд Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад урьд авч байсан 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж болох 6 643 308 төгрөгийг гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх боловч 2020 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирлын хэмжээ болох 9 600 001 төгрөгт хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. С.Б нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нийт 6 643 308 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан болох нь тогтоогдсон, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснээс хойш хохирол төлөгдөөгүй байна. Иймд иргэн С.Бгаас Хэнтий аймгийн төрийн санд учирсан 6 643 308 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улс төрийн албан тушаалтнууд ажлаас чөлөөлөгдөхөд 12 сарын хугацаатай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмж улсаас олгодог. С.Б нь уг тэтгэмжийг  авахдаа Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамж, шийдвэр гараагүй байхад тэтгэмжээ авсан учраас тэтгэмжийн мөнгө болох 6 643 308 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь тухайн  тэтгэмжийг авахын тулд өмнөх онд нь буюу 2015 онд бичиг баримтаа бүрдүүлээд хууль ёсных нь газар буюу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст өгсөн байдаг. Үүнийг хянасны үндсэн дээр энэ тэтгэмжийг авах нь зүйтэй гэж үзсэн учраас 2016 оныхоо төсөвт суулгасан байдаг. 2016 оны төсөвт суулгасан 6,643,308 төгрөгөө 1 дүгээр сард 3 сая төгрөгийг, 10 дугаар сард үлдснийг нь гэсэн санхүүгийн хуваарь хийсэн. Уг санхүүжилтийн хуваарийн дагуу миний захирамжийг тухайн үед ажиллаж байсан Дэлгэрхаан сумын Засаг дарга О.А гэдэг хүн гаргах ёстой. Үүнийгээ би 1 дүгээр сард би ийм захирамж байх ёстой юмаа гэдгээ төлөвлөөд аваачиж өгөхөд А дарга ...миний ажил амжихгүй байна, би араас чинь өгүүлчихье ээ, та тэтгэмжээ авч бай... гэж хэлсний дагуу 1 дүгээр сард би 3 сая төгрөгөө авсан байдаг. Энэ хугацаанд Адарга захирамжаа гаргасан. 10 сард үлдсэн тэтгэмжээ авахад Адаргын захирамж олдоогүй учраас 6,643,308 төгрөгийн тэтгэмж авах захирамжаа дахин шинээр гаргуулж, үлдсэн 3 сая төгрөгөө авсан байдаг. Тэгэхээр тухайн албыг хашиж байсан Засаг дарга Ань өмнөх прокурор, цагдаагийн асуудлаар асуугдаж байх үедээ миний буруу байсан нь үнэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгэхээр тухайн үеийн буруутай албан хаагчийн буруутай үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт Санхүү төрийн сангийн хэлтэст суутгагдсан байсан энэ мөнгөө авах ёстой байсан. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар энэ мөнгийг би авсан. Миний хувьд авах ёстой мөнгөө авсан учраас тухайн үеийн төрийн албан хаагчийн гаргасан буруутай үйл ажиллагааг би хариуцахгүй. Миний бие 1984-2016 оныг хүртэл 32 жил ажилласан байдаг. Үүний 25 жил нь төрийн захиргааны байгууллагад ажилласан хуулийнхаа заалтыг бүрэн биелүүлсэн учраас энэ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлж чадахгүй байх тул уг хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

              ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар нь хариуцагч С.Бд холбогдуулан Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн санд учруулсан хохирол 6 643 308 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргана.

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд,

Хариуцагч С.Бг Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2010 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай тушаалаар тус аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны байцаагчийн сул орон тоонд орон тооны бус байцаагчаар томилсон байна.

Улмаар Хэнтий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/02 дугаартай тушаалаар С.Бгийн өөрийн хүсэлтээр Хэрлэнбаян-Улаан тосгоны байцаагчийн үүрэгт ажлаас 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр чөлөөлж байжээ.

Дээрх хугацаанд буюу 2010-2014 он хүртэлх хугацаанд хариуцагч С.Б нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн Засаг даргаар сонгогдон ажиллаж байсан байх ба энэ нь тус аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2012 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 110 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар нотлогддог.

Нэхэмжлэгч байгууллагаас ...хариуцагч С.Б нь 2016 онд Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад албан тушаалын байдлаа ашиглан урьд авч байсан 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж 6 643 308 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон... гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон байна.

- Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч талын Хэнтий аймгийн Прокурорын газрын Эрүүгийн хэргийн салбар архиваас хуулбарлан баталгаажуулж бүрдүүлж өгсөн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/108 дугаартай захирамжийн 1 дэх заалтаар: “...1-р багийн Засаг дарга бөгөөд Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагч С.Бд 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн 6 643 308 төгрөгийн мөнгөн тусламж олгосугай...”, 2 дахь заалтаар “...нэг удаагийн мөнгөн тусламжийг... ...тэтгэмжийн сангаас олгохыг Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн Ажлын албаны нягтлан бодогч Л.Алтанцэцэгт зөвшөөрсүгэй...” гэж,

- Төрийн сангийн бүртгэлийн дансны 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн хуулгаар С.Бгийн хувийн харилцах дансанд 3 072 900 төгрөг,

- Төрийн сангийн бүртгэлийн дансны 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулгаар С.Бгийн хувийн харилцах дансанд 3 209 300 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн Ажлын албаны зарлагын дэлгэрэнгүй тайлангаар,

Мөн Хэнтий аймгийн Прокурорын газрын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 22 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” прокурорын тогтоолоор С.Б нь 2016 онд Дэлгэрхаан сумын Засаг даргын шийдвэр гараагүй байхад урьд авч байсан 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж 6 643 308 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан авсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх үндэслэлтэй байх боловч дээрх гэмт хэрэг нь үлэмж хэмжээний... ...хохиролд хүрэхгүй байх тул гэмт хэргийн шинжгүй, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэсэн зэрэг баримтуудын хүрээнд,

хариуцагч С.Б нь 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн 6 643 308 төгрөгийн мөнгөн тусламжийг эрх бүхий албан тушаалтны буюу Дэлгэрхаан сумын Засаг даргын захирамж гарахаас өмнө авсан болох нь тогтоогдож байна.

Гэвч энэхүү үйл баримттай холбоотой хэн нэгэн иргэн, хуулийн этгээдийг гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр байхгүй, мөн санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагчийн ямар нэгэн акт холбогдох буруутай этгээд, байгууллагад тавигдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч С.Бгийн гэм буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч байгууллагад бодит хохирол учирсан эсэхийг, мөн хариуцагч С.Б нь Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг тогтоосон Аудитын байгууллагын дүгнэлт болон мэргэжлийн байгууллагын акт гараагүй бөгөөд Прокурорын тогтоолоор хариуцагч 6 643 308 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон болох нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлсон боловч нэхэмжлэгч тал хуулиар шаардах эрхээ буюу ямар хууль тогтоомж зөрчсөн эсэхийг нотолж чадаагүй болно.

Нөгөөтэйгүүр, хариуцагч С.Б нь Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчаар ажиллаж байх хугацаанд албан тушаалын байдлаа урвуулан санаатайгаар 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тусламж 6 643 308 төгрөгийг /6 282 200/ улсын төсвөөс гаргуулан авсан гэх субъектив санаа зорилгыг нотолсон нотлох баримт байхгүй тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлд заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийнхээ дагуу нэхэмжлэгч нь Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн санд 6 643 308 төгрөгийн хохирол учирсан болохыг нотолж чадаагүй.

Тэрээр, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Засаг даргын 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн А/108 дугаартай захирамж хүчин төгөлдөр байх бөгөөд хариуцагч С.Б нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т ...тэтгэвэр тогтоолгох бол тэдгээрт урьд нь авч байсан албан тушаалын 12 сарын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тусламж олгоно... гэж заасны дагуу төрөөс олгосон мөнгөн тусламжийг авснаар С.Бг иргэний хувьд буруутгах үндэслэлгүй байна.

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу хариуцагч С.Б нь Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчаар ажиллаж байх хугацаанд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн санд 6 643 308 төгрөгийн хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, энэхүү нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл учир улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтын хуваарилалтыг хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3, 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хийсэн бөгөөд бичгийн нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангаагүй, хавтаст хэргийн 7, 9 10, 12 дугаар хуудаст авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлээгүй болно.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд ...намайг энэ хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсныг би сайн ойлгохгүй байгаа... гэж тайлбарлаж байгаа боловч түүнд Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн А/53 дугаартай тушаалаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох итгэмжлэл олгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “...Хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож...”, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д “...төлөөлөгч төлөөлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хуулийн хүрээнд явуулна... гэж заасны дагуу Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөгч Д.Ц нь төлөөллөө хуулийн хүрээнд бүрэн явуулах боломжтой гэж үзсэн болохыг дурдвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

       ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг тус тус баримтлан хариуцагч С.Бгаас Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газар, төрийн санд учирсан хохирол 6 643 308 /зургаан сая зургаан зуун дөчин гурван мянга гурван зуун/ төгрөг гаргуулахыг хүссэн Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д  зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.