| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 156/2020/00708/И |
| Дугаар | 156/шш2020/00739 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 156/шш2020/00739
156/ШШ2020/00739
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00708/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Батноров сум, 7 дугаар багт оршин суух, Д.Э-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хэнтий аймгийн Батноров сумын 3 дугаар багт оршин суух,О.У-т холбогдох эцэг тогтоолгон, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч О.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Э миний бие 2018 онд О.У-тай танилцаж хамтран амьдрах болсон. Бид хамт амьдрах хугацаанд би жирэмсэн болж өөрийн бие групптэй улмаас Улаанбаатар хотод ирэн 2019 оны 3 сарын 3-ны өдөр хүү А нь төрсөн. Одоо хүү Э.А нь 1 нас 5 сартай ээж, эмээгийн асрамжид өсч торнисон. 2018 оны 11 сараас одоог хүртэл У нь хүү бид хоёр дээр нэг ч удаа ирээгүй, мөнгө сэтгэлийн тусламж үзүүлээгүй тул хүү Э.А-д эцэг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд Ж.Э-тай танилцсан. Албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй байсан. Би одоо айлын мал хардаг тул малчныхаа гэрт амьдардаг. Ж.Э өөрөө л ээж, аавтайгаа ойролцоо айлын гадаа буусан. Бид хоёрын хоёр тийшээ болох шалтгаан нь миний ээж сумын төвд гэртээ ганцаараа байдаг. Гэр барааг нь янзалж өгөх болж бас бус шалтгаан гарч очиж чадаагүй. Тиймхэн юм ойлгохгүй утсаар мессеж бичиж хоёулаа салья гэсэн байсан. Ээж маань Ж.Эг гуйя гээд хоёулаа хамт очтол олдоогүй. Ээж нь элдэв үгээр хэлсэн. Би энэ хүнтэй гэр бүл болъё гэж бодож байсан ч Энхнарангийн ээж, эгч нар бидний амьдралд оролцоод байдаг. Миний хувьд айлын мал хардаг. Амьдрал тааруу учраас намайг мөнгө төгрөг, мал өгсөнгүй гэж уурладаг. Би өөрийн гэсэн малгүй учраас мал аваачиж өгч чаддаггүй байсан юм. Би энэ хүнтэй цаашид хамт амьдрахыг хүсч байна. Гэвч энэ хүн юу гэхийг би мэдэхгүй. Э.А миний хүүхэд мөн, би хүүхдийн тэтгэлэг өгөхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Э нь хариуцагч О.У-т холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгох, тэтгэлэг гаргуулахтухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.У нь нэхэмжлэгч Ж.Э-гийн шүүхэд гаргасан эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргажээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулсан.
Өөрөөр хэлбэл Ж.Э, О.У нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч эцэг О.У нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүү Э.А-ыг эцэг О.У-аар хуульд заасан хувь хэмжээгээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хүү Э.А-ыг эх Ж.Э-гийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар хариуцагч О.У нь хүү Э.А-ыг хүмүүжүүлэхэд эхийн адил тэгш эрх эдэлж, үүрэг хүлээн оролцоно.
Иймд О.У-ыг 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.А-ын эцэг мөн болохыг тогтоож, эцэг О.Уаар хүү Э.Аз-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Эд даалгах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.А-ын эцэг СЯ90072918 тоот регистрийн дугаартай, О.У мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дүгээр зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2019 оны 3 сарын 03-ны өдөр төрсөн хүү Даадар овогт Э.А-ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг О.У-аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ж.Э-д даалгасугай
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ж.Э-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.У-аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Э-д олгож, мөн нэг жилийн хугацаанд төлбөл зохих нэг хүүхдийн тэтгэлгийн хэмжээ болох 1,210,200 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 33,595 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА