Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 156/ШШ2022/00091

 

 

 



 

 

 156/ШШ2022/00091

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 156/2022/00058/И

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймаг, Норовлин сум, 4 дүгээр багт оршин суух, Тугчин овогт М. Г

Хариуцагч: Хэнтий аймаг, Дадал сум, 3 дугаар багт оршин суух, Боржигин овогт Г.З 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч: М.Г ,

Хариуцагч: Г.З ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.М нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Г  нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.З тай 2000 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний дундаас 2002 онд охин С , 2005 онд хүү Ө , 2009 онд охин Н  нарыг төрүүлсэн. Бид 13 жил хамт амьдарч байгаад 2013 оноос тус тусдаа амьдрах болсон. Би Норовлин суманд ирж аавыгаа сахихаар ирсэн энэ үед З  нь хадланд 2 сар яваад эхнэртэй болсон байсан. Тийм учир бага охиноо аваад ирсэн. Том охин, хүү хоёр аав дээрээ байгаа бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй учир бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч Г.З  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.Г тэй 2002 онд гэр бүл болоод 2 охин, 1 хүүтэй болсон. Бид 2012 оноос эхлэн тус тусдаа амьдарсан ба бид 2014 оноос тус тусын гэр бүл, үр хүүхэдтэй болсон. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү гэв.

3. Хүүхдийн санал: Гэрлэгчид нь дундаасаа гурван хүүхэдтэй ба 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин З.С , 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү З.Ө , 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин З.Н  нар төрсөн. 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү З.Ө , 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин З.Н  нар 7 насанд хүрсэн байх тул шүүхээс хүүхдийн санал асуухад хүү З.Ө  аавтайгаа, охин З.Н  ээжтэйгээ хамт амьдарна гэсэн саналыг гаргажээ.

4. Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтуудыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: Хэнтий аймгийн Норовлин сумын Эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Хэнтий аймгийн Норовлин сумын Жаргалант багийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 189 дугаартай тодорхойлолт, Тугчин овогт М. Г иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин З.С гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү З.Ө ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа, 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин З.Н гийн төрсний бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл зэрэг болно.

5. Хариуцагчаас дараах нотлох баримтыг хэрэгт ирүүлсэн байна. Үүнд: хариуцагч Г.З аас 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ирүүлсэн хариу тайлбар болно.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Г  нь хариуцагч Г.З т холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Гэрлэгчид 2000 онд гэр бүл болж, 2003 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь 232897490279 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний лавлагааны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрлэгчдийн дундаас 2002 оны 12 дугаар сарын 28-ны өдөр охин З.С , 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү З.Ө , 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин З.Н  нар төрсөн болох нь тэдгээрийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн тус шүүхэд гаргасан тайлбар зэргээр тус тус тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч М.Г , хариуцагч Г.З  нар нь хоорондын үл ойлголцол, таарамжгүй харьцаанаас болоод 2013 оноос хойш тусдаа амьдарч байгаа, шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч эвлэрээгүй  байх тул тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.11-д зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалах, 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх иргэн бүр журамт үүрэгтэй, мөн хүүхдүүдийн саналыг харгалзан хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн охин З.Н г эх М.Г ийн асрамжид, хүү З.Ө ыг эцэг Г.З ын асрамжид үлдээж шийдвэрлэв. 

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин З.Н г эхийн, хүү З.Ө ыг эцгийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хувьд түүний эцэг, эх байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүрэгтэй ба энэ үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь саад учруулахыг хориглодог болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-д зааснаар Боржигин овогт Г.З   , Тугчин овогт М. Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 08 дугаар сарын 17-ны өдөр охин З.Н г эх М.Г ийн, 2005 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүү З.Ө ыг эцэг Г.З ын асрамжид тус тус үлдээсүгэй.

3. Гэрлэгчид нь эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаангүй болохыг дурьдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхэд нь хэн аль нь саад учруулахгүй байхыг даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-т зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Хэнтий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.О-т даалгасугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Х.ОТГОНЖАРГАЛ