| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 197/2025/0048/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/833 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаатар |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ШЦТ/833
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Булгантамир даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Ч.Батбаатар,
шүүгдэгч Б.***, түүний өмгөөлөгч Э.*** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 08-ны өдөр, *** аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “***” ХХК-д диспетчер ажилтай, ам бүл 8, эцэг, эх, эхнэр, хүүхэд, 3 дүүгийн хамт, *** дүүргийн *** дугаар хороо, *** хорооллын *** байр *** тоотод оршин суух хаягтай, урьд
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай,
**** овогт *** *** (РД:***),
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд. Үүнд
1. Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гэм буруу дээр маргахгүй...хурд хэтрүүлсэн нь миний буруу...хохирогчид 800,000 төгрөг бэлнээр авч өгсөн, тэрэг мөн өгсөн нийт 1,150,000 хохирол төлсөн баримтад ороогүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Өмнө гэрчийн мэдүүлгээр үнэн зөв ярьсан ...Нэмж ярих зүйлгүй... Би хохирогч Ц.***т тэрэг авч өгсөн бөгөөд мөн эм тариа авч өгсөн. Нийт 650,000 төгрөг болсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 128 дахь тал),
2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, (хавтаст хэргийн 05-12, 53-56 дахь тал),
3. Хохирогч Ч.Ц.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдрийн 18 цагийн орчим 61-н гарамд байрлах дэлгүүрийн урд талын замаар явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан. Зүүнээс баруун чиглэлтэй 2 эгнээ замын голд явж байгаад гараа өргөөд харайгаад гарахын завдалгүй намайг мөргөсөн… Би гомдолтой байна ажилгүй байх хугацааны цалин, эмчилгээний зардлыг нэхэмжилнэ.." гэх мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),
тэрээр дахин өгсөн “...Намайг мөргөсөн жолоочоос 800,000 мянган төгрөг авсан. Одоо надад санал, гомдол байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...Эмнэлэгт 350,000 төгрөгөөр тэрэг авхуулсан нийт 1,150,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 174 дэх тал),
4. Иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*** эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.595.440 төгрөг гарсныг С.***аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү…” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),
5. Иргэний хариуцагч Б.Амарбаясгалангийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Ослын талаар мэдэхгүй... "Тоёота Crown" маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Төрийн банк ХК-н нэр дээр байдаг. Бусдад учирсан хохирлыг фидуцийн гэрээний дагуу О.*** хариуцна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал),
6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №15093 дугаартай “Ц.***ын биед баруун шуу богтос яс, баруун тахилзуур ясны зөрөөтэй далд хугарал, зүүн өвдөг зулгаралт гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь олон удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ… Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо…” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 43-44 дэх тал),
7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-техникийн шинжилгээний хэлтсийн Цахим технологийн шинжилгээний лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч У.Анандын 2024.12.25-ны өдрийн 59 дугаартай "...тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжтой... "А"-"В" цэгийн хоорондох 28.3 метр зайг шинжилж буй, тогтоолд дурдсан тээврийн хэрэгсэл нь ойролцоогоор (101.8-118.8) км/цаг хурдтайгаар туулж өнгөрсөн дүрслэгдэж байна..." гэх дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 58-68 дахь тал),
8. Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер техникийн шинжилгээний газрын Автотехникийн шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн хошууч Г.Цэндсүрэнгийн 2024.12.26-ны өдрийн №68 дугаартай: "... Toyota Crown маркийн, GRS204-0013200 арлын дугаартай автомашины 89170-30670 дугаартай компьютерт бичигдсэн мэдээллээр ослоос өмнө -4,6 секундийн хугацаанд бичиж эхэлсэн, энэ хугацаанд тээврийн хэрэгслийн хурд 120 км/ц, тоормос гишгээгүй, холимгийн хаалтын дөрөө 0,78% хэмжээтэй гишгэж, хөдөлгүүрийн эргэлт - 2000 эрг/мин байсан байна. Мөргөх агшинд тухайн тээврийн хэрэгслийн хурд 66 км/цагаар буурч, хөдөлгүүрийн эргэлт 2100 эрг/мин болж өөрчлөгдөж, жолооч ослоос өмнө -2,6 секундэд болон ослын үед тоормос гишгэж, холимгийн хаалтын дөрөөн дээр байсан байна. 0,78% өнцгөөр зэрэг гишгэж байсан байна. Ослоос өмнөх -4,6 секундэд 120 км/ц, мөргөх агшинд 66 км/ц хурд гарч байна..." гэх дүгнэлт (хавтаст хэргийн 85-89 дэх тал),
9. Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 01 дугаартай: “...T.Crown маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.*** нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 12.3 "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 12.4. "Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно." гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдож байна… Явган зорчигч Ц.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", 5.6. "Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэх заалтуудыг зөрчсөн байна…” гэх магадалгаа (хавтаст хэргийн 106-107 дахь тал),
7. Жижүүрийн шуурхай удирдлагын дуудлагын лавлагааны “...манай эхнэр машинд мөргүүлсэн гэх...” хуудас (хавтаст хэргийн 04 дахь тал),
8. Тээврийн прокурорын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай 495 дугаар “...Хишигтэн дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийн хуулбарлан авсан ажиллагааг хүчинтэйд тооцсугай...” тогтоол (хавтаст хэргийн 16 дахь тал),
9. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...зураг-2. Явган зорчигч зам явж байгаа нь харагдаж байгаа нь харагдаж байна...хар өнгийн тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөж байна...” тэмдэглэл (хавтаст хэргийн 15 дахь тал),
10. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 133-137 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь хуудас), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 131 дэх хуудас), оршин суух хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дэх тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг.Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.*** нь 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 18 цаг 19 минутын орчимд "Тоёота Crown" маркийн *** УНХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн *** хороо 61-н гарам орох замд явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.***ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дуудлага, мэдээллийн бүртгэл, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Ц.***ын мэдүүлэг, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 01 дугаартай магадалгаа, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 68, 59, 15093 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Б.***ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогдож байна.
2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.
2.2. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгох”-оор, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхдээ энэ хуулийн 60, 61, 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг хянаж, улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх”-ээр тус тус заажээ.
2.3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Дүрэм батлах тухай 239 дүгээр тогтоолоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баталж, эрх зүйн системийн нэгдсэн санд бүртгэгдэж, хүчин төгөлдөр бөгөөд замын хөдөлгөөнд оролцогч нь энэхүү дүрмийг сахин биелүүлэх үүрэг хүлээсэн.
2.4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.
Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.", мөн дүрмийн 12.3-т заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.", 12.4-т заасан "Тээврийн хэрэгслийн хурдыг... суурин газрын гадна цагт 80 км-ээс хэтрүүлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчиж, үүргээ биелүүлээгүйгээс зам тээврийн осол гаргажээ.
2.5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б Б.***ыг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад тэрээр хохирол нэхэмжлэхээ илэрхийлсэн боловч хохирлын баримтыг гарж ирүүлээгүй байх ба шүүгдэгч Б.***аас хохирогч Ц.***т 1,150,000 төгрөгийг өгсөн байна.
Харин энэ хэрэгт иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Ц.***ын тусламж үйлчилгээ авсан зардалд нийт 1,595,440 төгрөгийг нэхэмжилсэн байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас 1,595,440 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шүүх шийдвэрлэв.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт “...шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулж, уг оногдуулсан ялыг 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.*** шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүдэгч Б.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хэсгийн 1.4 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа тул түүнд оногдуулах торгох ялын хэмжээг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр тогтоож өгнө үү. Харин нэмэгдэл ялын тухайд тусгайлан гаргах саналгүй байна...” гэж,
Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт “...Хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...хурд хэтрүүлсэн буруутай үйлдэл гаргасан...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргасан болно.
4.4. Шүүгдэгч Б.*** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөн хэсгийн 1.2-д гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн,...хохирол төлбөр төлсөн болон мөн хэсгийн 1.4-д хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн (хохирогч Ц.*** нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарч байсан) зэрэг нөхцөл байдал тогтоогдох ба мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
4.5. Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ажилгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 4000 (дөрөв мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
4.6. Шүүгдэгч Б.***д оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
4.7. Шүүгдэгч Б.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
4.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.***д мэдэгдэв.
Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
5.1. Хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсаныг хэргийн хадгалах хугацаа дуусгавар болох хүртэл хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
5.2. Шүүгдэгч Б.***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ийн ***ыг тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 4000 (дөрөв мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 (дөрвөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан 4,000,000 (дөрвөн сая) төгрөгийн торгох ялыг 10 (арав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.***д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгчид торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д тус тус зааснаар шүүгдэгч Б.***аас 1,595,440 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР