| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хурметханы Тасхын |
| Хэргийн индекс | 156/2020/00689/И |
| Дугаар | 156/ШШ2020/00683 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 156/ШШ2020/00683
156/ШШ2020/00683
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2020/00689/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Тасхын даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: ..............оршин суух, Д. Б /РД:....................../-ийн хүсэлттэй
Нөхөх олговрын 40 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А,
прокурор Ж.Батбаатар,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1953 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Ж.Гомбожавын хүү болон төрсөн бөгөөд 1954 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Д.Д, түүний эхнэр П.Д нарт үрчлэгдсэн. Миний эгч Дын Ц 2014 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр эцэг Д 2001 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нас барсан. Миний эцэг Д нь 1933 оны 06 дугаар сарын 21-нд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж, Дотоод явдлын яамны газрын дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоолоор 5 жил хорих, хөрөнгө хураах ялаар шийтгүүлсэн. Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар цагаатгасан юм. Иймд нөхөх олговрын 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай аав Дын Б нь 1954 оны 03 дугаар сарын 16-нд Д. Д түүний эхнэр П.Д нарт үрчлэгдсэн. Манай аав ярихдаа төрсөн эгч Дын Ц 2014 оны 09 дүгээр сарын 09-нд, эцэг Д 2001 оны 06 дугаар сарын 29-нд тус тус нас барсан. Миний эцэг Д.Д нь 1933 оны 06 дугаар сарын 21-нд улс төрийн хилс хэргээр баривчлагдаж, ДХГазрын дэргэдэх тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-нд 6 дугаар хурлын тогтоолоор 5 жил хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд УДШүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ны 25-р магадлалаар цагаатгасан юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос материалыг хянаж үзээд Зууны мэдээ сонины 2020 оны 05 дугаар сарын 29-ний №106, 107 дугаарын 11-р нүүрэнд нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй иргэдийн нэрсийг мэдээллэсэн. Үүнд хэлмэгдэгч Дын хүү болох манай аавын нэр орсон байгаа. Манай өвөө улсаас орон сууц аваагүй тул 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж шүүхэд хандсан. Улсаас өгсөн 1.000.000 төгрөгийг авсан. Буриад гэж хэлснийхээ төлөө 5 жил хоригдсон гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэлмэгдэгч Д.Д нь 1933, 1938 онуудад улс төрийн хилс хэрэгт баривчлагдаж 5 болон 10 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан. Мөн хэрэгт авагдсан баримтуудаар Б нь хэлмэгдэгч Дын хүү болох нь тогтоогдсон байх тул нөхөх олгорын 40 000 000 төгрөгийг хүү Д.Бд олгох нь зүйтэй гэсэн санал гаргаж байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсний цагаатгалын нөхөх олговор болох 40 000 000 төгрөгийг гаргуулах хүсэлт гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 дахь хэсэгт зааснаар Д.Б нь нөхөх олговор нэхэмжлэх эрхтэй байна /Зууны мэдээ сонины 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 106, 107 /6331-6332/ дугаарт нийтлэгдэж баталгаажсан/.
Шүүхээс хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
Д. Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж 1933 онд улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Дотоод хэргийн газрын дэргэдэх Тусгай комиссын 1933 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 6 дугаар тогтоолоор Шүүх цаазны бичгийн 42, 43, 44, 45, 46, 47, 51 дүгээр зүйлээр 5 жил хорих ялаар шийтгэснийг БНМАУ-ын Ардын их хурлын танхимын дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн дотор 79 дүгээр тогтоолоор, Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар хурлын тогтоолоор Шүүх цаазны бичгийн 43, 44 дүгээр зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэснийг Улсын дээд шүүхийн Цэргийн коллегийн 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлалаар хэрэгт холбогдолгүй болохыг тогтоож цагаатгасан, түүнчлэн Д.Д нь хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгөтэй байсан, хилс хэрэгт хэлмэгдсэнтэй холбогдуулан хэлмэгдэгч, түүний ар гэрт орон сууц олгож байгаагүй, Д.Б нь Д.Дын үрчилж авсан хүү гэх үйл баримт дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Үүнд:
- Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08/1958 тоот лавлагаа,
- БНМАУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн хяналтын шатнаас 1992 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 25 дугаар магадлал,
- Улсын дээд шүүхээс 1997 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 3508 дугаар гэрчилгээний хуулбар,
- Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 735 тоот албан бичиг,
- Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-9/1540 тоот 1956 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Үндэсний төв архивын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 03-9/1541 тоот 1944 оны хүн амын тооллогын лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр олгосон ............дугаартай, төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон ............. дугаартай, төрсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр олгосон ........... дугаартай, үрчилсний бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон .............
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон .............дугаартай Дын Цын эцэг Д. Д, эх А. Д гэх 1 дүгээр маягтын лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр олгосон ..............8 дугаартай, нас барсны бүртгэлийн лавлагаа,
- Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр олгосон дугаартай, нас барсны бүртгэлийн лавлагаа,
Шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурорын зүгээс нөхөх олговорыг олгох нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт зааснаар хэлмэгдэгч Д.Д нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж хөрөнгө хурааж хорих ялаар шийтгэгдсэн, хэлмэгдэх үедээ өөрийн хөрөнгө бүхий байсан, үүнтэй холбогдуулж төрөөс орон сууц олгоогүй байх тул түүний үрчилж авсан хүү Д.Бд 40 000 000 төгрөгийн нөхөх олговор олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан 40 000 000 төгрөгийн нөхөх олговрыг Хэнтий аймгийн Төрийн сангаас гаргуулан Д.Бд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар энэ хүсэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ТАСХЫН