Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2022/01075

 

2022 03 10 101/ШШ2022/01075

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,

хариуцагч- Баянгол дүүрэг,*******,*******,*******,*******,

хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч Э.Ууганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамгарав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Э.Ууганбаатарт холбогдуулан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Э.Ууганбаатартай 2016 онд танилцаж, үерхэж хамт амьдрах хугацаанд охин Сувд-Эрдэн төрсөн. Бид хоёр үл ялиг зүйлээс болж маргалдаж 2020 оноос тусдаа амьдарч байгаа. Одоо Ууганбаатар нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон байгаа тул охин У.Сувд-Эрдэнэд тэтгэлэг тогтоолгоно гэж тайлбарласан.

 

Хариуцагч хариу тайлбартаа Б.Хонгорзул бид хоёр 2016 онд танилцаж хамтран амьдарч эхэлсэн. 2017 онд охин У.Сувд-Эрдэнэ төрсөн. 2020 оноос тусдаа амьдарч байгаа. Би өөр хүнтэй хамтын амьдрал зохиогоогүй ганцаараа амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Нэхэмжлэгчээс Баянзүрх дүүрэг, Ерөөл буян оршихуй өрхийн эрүүл мэндийн төвийн У.Сувд-Эрдэнэ хүүхэд эрүүл бойжиж буй тодорхойлолт, Баянзүрх дүүргийн*******ны засаг даргын тодорхойлолт, У.Сувд-Эрдэнэ 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн тухай төрсний гэрчилгээний хуулбар, У.Сувд-Эрдэнэ нь Ногоон хотхон цэцэрлэгт хамрагдсан тухай тодорхойолт зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Б.Хонгорзул нь хариуцагч Э.Ууганбаатарт холбогдуулан охин У.Сувд-Эрдэнэд тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, энэхүү шаардлагын үндэслэлээ 2020 оноос тусдаа амьдарч, Э.Ууганбаатар нь өөр хүнтэй хамтын амьдрал зохиосон байгаа гэж тодорхойлсон.

 

Хариуцагч өөр хүнтэй хамтын амьдрал зохиогоогүй гээд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, охин У.Сувд-Эрдэнийн 1110003564 дугаартай төрсний гэрчилгээнд эцэг нь хариуцагч Э.Ууганбаатар, эх нь нэхэмжлэгч Б.Хонгорзул гэж бүртгэгдсэн, хариуцагч маргаагүй.

 

Зохигчид тусдаа амьдарсан хугацаанд гэр бүлийн насанд хүрээгүй гишүүн болох У.Сувд-Эрдэнэ эхийн асрамжид байсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож, хариуцагч маргаагүй бөгөөд тэрээр хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг Э.Ууганбаатараас тэтгэлэг гаргуулан охин У.Сувд-Эрдэнийг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхдээ тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхээр заасан ба эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, гэрлэлт цуцлагдсан ч эцэг байх эрх, үүрэг хүүхдийг насанд хүртэл хэвээр хадгалагдах учиртай.

 

Мөн хүүхдийн эцэг, эх тусдаа амьдарсан ч үр хүүхдээ өсгөх, хүмүүжүүлэх эрх болон үүрэг хэн алинд нь хэвээр үлддэг бөгөөд эцэг, эх үр хүүхдийн харилцаа дуусгавар болдоггүй, гагцхүү хүүхдийг асрамжлах, тэжээн тэтгэх үүргийн хуваарилалт шүүхийн шийдвэрээр өөрчлөгдсөнөөр хүүхдийн хүмүүжил өсөн бойжилтод оруулах эцэг, эхийн хувь нэмэр оролцоо өөрчлөгддөг болохыг нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч Э.Ууганбаатар нарт тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-д хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй гэж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хуульд заасан эцэг, эх байх үүргээ биелүүлж, хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч Э.Ууганбаатар нарт даалгах нь зүйтэй.

 

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар хүүхдийн тэтгэлгийг гагцхүү хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Хонгорзулд даалгаж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар хүүхдүүдэд онцгой нөхцөл байдал тохиолдсон үед нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар нэхэмжлэл гаргах, хариуцагч Э.Ууганбаатар нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулах, 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх, асрамжийн талаар нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг мөн дурдав.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжид 41,619 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, охин У.Сувд-Эрдэнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Боржигон овогт Энхтөр Ууганбаатар /УК93022751/-с тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд захиран зарцуулахыг эх Б.Хонгорзулд даалгасугай.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахаар, хуулийн 38.7-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээг багасгаж, өөрчлүүлэх болон хүүхдүүдийн асрамжийн талаар хариуцагч Э.Ууганбаатар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар эцэг, эх байх үүргээ хэрэгжүүлэхэд хэн аль нь бие биедээ саад болохгүй байхыг нэхэмжлэгч Б.Хонгорзул, хариуцагч Э.Ууганбаатар нарт үүрэг болгосугай.

 

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Ууганбаатараас 41,619 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ