Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2022/0920

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Дамдинсүрэн би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “А*******” ХХК

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.О*******, М.С*******

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч У.М*******

Маргааны төрөл: “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О*******, М.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагч У.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.А******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч У.М*******-д холбогдуулан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-ийн “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-д даалгуулах” тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

2. Монголбанкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А-276 дугаар тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 тэрбум төгрөгөөр тогтоосонтой холбогдуулан “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Х/04 тоот тогтоолоор банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх төлөвлөгөө болон компанийн дүрмийг баталсан бөгөөд тус дүрмийн 4.3.“Банкны гаргасан хувьцаа нь 50,016,595,221.70 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 2363 ширхэг энгийн хувьцаа байна.

 

Д/д

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны тоо

ХНХ-д эзлэх хувь

1

“У*******” ХХК

*******

28,850,029,321.70

1,363

57.68%

2

“Д*******” ХХК

*******

21,166,565,900.00

1,000

42.32%

Нийт

50,016,595,221.70

2,363

100.00%

гэж заажээ.

Уг дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн байна.

3. Үүний дараа “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Х/22/04 тоот тогтоолын хавсралтаар баталсан дүрмийн 4.3. “Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг энгийн хувьцаа байна.

 

Д/д

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны тоо

ХНХ-д эзлэх хувь

1

“У*******” ХХК

*******

53,847,743,649.60

2,544

71.78%

2

“Д*******” ХХК

*******

21,166,565,900.00

1,000

28.22%

Нийт

75,014,309,549.60

3,544

100.00%

 

гэж, 9.5. “Банкны ТУЗ 7 гишүүнтэй байх бөгөөд 2-оос доошгүй хараат бус гишүүнтэй байна …” гэж тус тус заажээ.            

4. Нэхэмжлэгчээс 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ТБ/22/21 дүгээр албан бичгээр банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц, хэмжээнд А*******-ны хувьцаа эзэмшигч “У*******” ХХК-д банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 10,583,282,950 төгрөгөөр нэмэгдүүлж, банканд 78.84 хувийг эзэмших, А*******-ны хувьцаа эзэмшигч “У*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн хувьд Ш.Б******* 32,316,630,500 төгрөг буюу 38.52 хувь, “Н*******” ХХК 16,575,563,000 төгрөг буюу 19.76 хувь, “Н*******” ХХК 11,580,460,000 төгрөг буюу 13.80 хувь, “Н*******” ХХК 7,746,661,000 төгрөг буюу 9.24 хувь, “Н*******” ХХК 4,800,000,000 төгрөг буюу 5.72 хувь, “Н*******” ХХК 4,621,665,000 төгрөг буюу 5.51 хувь, “Н*******” ХХК 3,750,000,000 төгрөг буюу 4.47 хувь, “Н*******” ХХК 2,500,000,000 төгрөг буюу 2.98 хувийг эзэмших” гэх өөрчлөлт оруулах зөвшөөрөл хүсэхэд Монгол банкны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Н/97 дугаар албан бичгээр тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүтцэд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрлийг олгожээ.     

5.“А*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Т/22/35 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэж, “У*******” ХХК, “Д*******” ХХК-д 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТБ/22/24 дүгээр мэдэгдлийг хүргүүлжээ.

“А*******” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Х/22/08 дугаар тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулахаар баталж, хувьцаа эзэмшигч “У*******” ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал И.Г******* болон хурлын дарга П.М******* нар гарын үсэг зурж, тогтоолын хавсралтаар баталсан “А*******” ХХК-ийн дүрмийн 9.5.“Банкны ТУЗ 9 гишүүнтэй байх бөгөөд 3-аас доошгүй хараат бус гишүүнтэй байна …” гэж өөрчлөлт оруулжээ.

6. Мөн “А*******” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т/22/37 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэж, “У*******” ХХК, “Д*******” ХХК-д 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ТБ/22/25 дугаар мэдэгдлийг хүргүүлжээ.

Харин Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрмийн 4.3 дахь заалтыг “Банкны гаргасан хувьцаа нь 100,033,190,443.40 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4726 ширхэг энгийн хувьцаа байна.

 

Д/д

Хувьцаа эзэмшигчийн нэр

Регистрийн дугаар

Хувь нийлүүлсэн хөрөнгийн бүтэц

Мөнгөн дүнгээр

Хувьцааны тоо

ХНХ-д эзлэх хувь

1

“У*******” ХХК

*******

78,866,624,543.40

3,726

78.84%

2

“Д*******” ХХК

*******

21,166,565,900.00

1,000

21.16%

Нийт

100,033,190,443.40

4,726

100.00%

гэж өөрчлөн, хавсралтаар дүрмийг шинэчлэн баталсан байна.                     

7. Түүнчлэн нэхэмжлэгч нь “У*******” ХХК-тай 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан UB/22/113 дугаар “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-ээр “А*******” ХХК-ийн шинээр нэмж гаргасан нийт 1182 ширхэг энгийн хувьцааг нийт 25,018,880,893.8 төгрөгөөр “У*******” ХХК-д худалдахаар харилцан тохиролцож, мөн дээрх нэмж гаргасан 1182 хувьцаанд ногдох, эрх, үүргийг бүрэн шилжүүлэх “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна.

Монголбанкны 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-10/773 дугаар албан бичгээр “А*******” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн Х/22/08 дугаар тогтоолоор оруулсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 2978 дугаарт,  2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн А-10/819 дүгээр албан бичгээр Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолоор оруулсан дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 3009 дугаарт тус тус бүртгэснийг мэдэгджээ.

8. Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч У.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 дүгээр шийдвэрээр “А*******” ХХК-ийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг хангаагүй, дүрмийн өөрчлөлтийг батлахдаа Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 65 дугаар зүйлийн 65.1, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигч оролцоогүй гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 

9. Нэхэмжлэгч тус шийдвэрийг эс зөвшөөрч Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 5/7486 дугаар албан бичгээр гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэх хариуг хүргүүлжээ.

Улмаар нэхэмжлэгч 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. 

 10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:             

Нэгдүгээрт, Банкны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Банкны төлөөлөн удирдах зөвлөл ес ба түүнээс дээш гишүүнтэй байна" гэж 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн өөрчлөлтөөр батлагдсан. Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 8 дугаар зүйлд “Банкны тухай хуулийн 24.1.5 дахь заалт, 29.1, 31.2, 33.1 дэх хэсэгт Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар оруулсан өөрчлөлтийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөнө” гэж заасан. 

“А*******” ХХК-ийн зүгээс Банкны тухай хууль болон дагаж мөрдөх журмын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 06 сарын 29-ний өдрийн Х/22/08 тоот тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж Төлөөлөн удирдах зөвлөлийн тоог 7 байсныг 9 гишүүн болгож, хараат бус Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний тоог 2 байсныг 3 болгож тус тус өөрчилсөн. 

Мөн Монгол банкны ерөнхийлөгчийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/276 тоот тушаалаар банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 100.0 тэрбум төгрөг байхаар тогтоосон. Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/373 тоот, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн А/91 тоот тушаалуудаар А*******-ны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх хугацааг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгасан. 

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 1-д “Банкны тухай хуулийн 4.2 болон 36.1-д заасан шаардлагыг хэрэгжүүлэх хугацаа, үнэт цаасаа нийтэд нээлттэй болон хаалттай хүрээнд санал болгох төлөвлөгөө, хувьцааны үнийн төсөөлөл, боломжит хөрөнгө оруулагчдын тандан судалгаа зэргийг тусгасан төлөвлөгөөг баталж 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөрт багтаан Монгол банк, …-д ирүүлнэ” гэж заасан. 

“А*******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын X/04 тоот тогтоолоор банкны зарласан хувьцааны тоог 100,033,190,443.40 төгрөг буюу нэг бүр нь 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 4726 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтоож улсын бүртгэлд 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бүртгүүлсэн. Ийнхүү “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын X/04 тоот тогтоолын дагуу зарласан хувьцааг хоёр үе шаттайгаар гаргаж хувьцаа эзэмшигч нарт хуульд заасны дагуу эзэмшиж буй хувьцааны тоонд хувь тэнцүүлэн хувьцаа санал болгож дүрмийн санг нэмэгдүүлэхээр болсон.

“А*******” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/04 тоот тогтоолоор банкны зарласан хувьцааны тоог нэмэгдүүлэх эхний үе шатанд “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У*******” ХХК, “Д*******” ХХК нарт хувьцаа санал болгосноор дараах байдлуудаар дүрмийн сан өөрчлөгдөж Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Тус дүрмийн өөрчлөлтийг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Н/32 тоот албан бичгээр А*******-ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай зөвшөөрөл гарснаар Улсын бүртгэлийн байгууллагад 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр бүртгүүлсэн.

Мөн дахин банкны нэмж гаргасан хувьцааг хувьцаа эзэмшигч нарт санал болгосноор дүрэмд өөрчлөлт оруулсныг Монгол банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 04 дүгээрр сарын 14-ний өдрийн Н/53 тоот албан бичгээр А*******ны хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх, бүтцийг өөрчлөх тухай зөвшөөрөл гарснаар Улсын бүртгэлийн байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлснээр банкны хувьцааг нэмэгдүүлэх эхний үе шат дууссан .

Харин “А*******" ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын X/04 тоот тогтоолоор банкны зарласан хувьцааны тоог нэмэгдүүлэх хоёр дахь үе шатанд "А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч “У*******” ХХК, “Д*******” ХХК нарт хувьцаа санал болгосноор “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж өөрчлөгдсөн. Монголбанкнаас "А*******” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн ээлжит бус хурлын Х/22/09 тоот тогтоолоор А*******-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсныг Компанийн тухай хууль, Банкны тухай хууль тогтоомжийг зөрчөөгүй байна гэж үзээд Монголбанкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлийн 3009 дугаарт бүртгэсэн.

Банкны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.3-д "Банк шинээр хувьцаа болон хувьцаанд хамаарах үнэт цаас гаргах, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, бүтцэд өөрчлөлт оруулах, аливаа этгээд нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болоход Монгол банкнаас тухай бүр зөвшөөрөл авах...” гэж заасны дагуу “А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/09 тоот тогтоолоор банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нэмэгдсэн тул Монголбанкнаас зөвшөөрөл авахаар хүргүүлсэн. 

Монгол банкны ерөнхийлөгчийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Н/95 болон Н/97 тоот албан бичгээр “А*******” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх бүтцийг Компанийн тухай хууль болон Банкны тухай хуулинд нийцсэн байна гэж үзээд “А*******” ХХК-ийн хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх зөвшөөрөл олгогдсон. 

Хоёрдугаарт, Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн X/22/08 тоот, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн X/22/09 тоот тогтоолууд, хурлын тэмдэглэлүүд, УБ-03 маягт, УБ-12 дугаар маягт, 2022 оны 07 дугаар сарын 19-нna өдрийн байдлаарх завсар үеийн баталгаажсан санхүүгийн тайлан, итгэмжлэл олгох тухай албан бичиг, 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн UB/22/113 дугаартай хувьцаа эзэмшигч "У*******” ХХК болон “А*******” ХХК нарын хооронд байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ", Монгол банкны 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Н/95, Н/97 тоот банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэхтэй холбоотой “Зөвшөөрөл олгох тухай” албан бичгүүд, 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-10/773 тоот болон 2022 оны 07 дугаар 21-ний өдрийн А-10/819 тоот дүрмийн нэмэлт өөрчлөлтүүдийг Монгол банкны 2022 оны банкны эрх зүйн актын бүртгэлд бүртгэсэн тухай албан бичгүүд, татварын тодорхойлолт, дүрэм, гэрчилгээний эх хувь, банкны хувьцаа эзэмшигч бөгөөд толгой компани болох “У*******” ХХК-ийн Хувьцаа худалдан авах тухай Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын тогтоолууд болон холбогдох баримт бичгийн бүрдлийг бүрэн хангаж, “А*******” ХХК-ийн дүрмийн өөрчлөлтүүд, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасныг үндэслэн, мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу гаргасан. 

Гэтэл хариуцагч нь бүртгэхээс татгалзахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “...Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно..." гээд мөн зүйлийн 20.1.14 дэх хэсэгт “...хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх..." гэснийг үндэслэж бүртгэхээс татгалзсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. 

Хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байтал энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй байна.       

Гуравдугаарт, Хариуцагч Улсын бүртгэгч У.М******* 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 тоот бүртгэхээс татгалзсан тухай шийдвэртээ Дүрмийн өөрчлөлтийг батлахдаа Компанийн тухай хуулийн 59.1, 65.1 дэх хэсэг, хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.5 дэх хэсэгт заасан хувьцаа эзэмшигч оролцоогүй байна гэдэг. Гэтэл Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно”, 69.2 дахь хэсэгт “Компанийн дүрмээр хувьцаа эзэмшигчдийн хурлын ирцийн хувийг энэ хуулийн 69.1-д зааснаас дээгүүр тогтоож болно” гэж, “А*******” ХХК-ийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/04 тоот тогтоолоор батлагдаж, 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Улсын бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн дүрмийн 8 дугаар зүйл (Хувьцаа эзэмшигчдийн хурал)-ийн 8.11 дэх хэсэгт "Саналын эрхтэй нийт хувьцааны дийлэнх олонхыг эзэмшиж буй хувьцаа эзэмшигч буюу тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж тус тус заасны тухайн өдрийн хуралд банкны 71.78 хувийн хувьцаа эзэмшигч “У*******” ХХК-ийн төлөөлөл оролцсоноор тухай хурлын ирц хуульд заасны дагуу бүрдэж, хурал хүчин төгөлдөр болж, хурлаас Х/22/08, Х/22/09 тогтоолууд гарсан бөгөөд эдгээр нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр тогтоолууд юм.

Ийнхүү хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хурлын тогтоолыг Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар улсын бүртгэлд бүртгүүлж бичилт хийлгүүлэх нь компанид хуулиар олгогдсон эрх, үүрэг бөгөөд зохих бүртгэл, тэмдэглэгээг хийх нь улсын бүртгэлийн байгууллагын үүрэг байна. Тодруулбал Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Улсын бүртгэлийн байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 8.1.1-т “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 7 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн төрлийн хүрээнд улсын бүртгэл хөтлөх, энэ тухай хуульд заасны дагуу цахим хуудсаар нийтэд мэдээллэх үүрэгтэй” гэж заасан байтал огт үндэслэлгүйгээр ариг банкны дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгэхгүй байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм.

Мөн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2, 18.1.3-д заасан хугацаанд баримт бичгийг бүрдлийг бүрэн ханган хууль тогтоомжоор олгогдсон эрхийн хүрээнд дүрмийн нэмэлт өөрчлөлтөө бүртгүүлэхээр хүсэлт гаргасан.

Иймд Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-ийн “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-д даалгаж өгнө үү.” гэжээ.

11. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2022 оны 07 дугаар сард материалаа өгөх гээд очиход хариуцагч өөр дүүрэг дээр очоод бүртгүүлчих би танайхыг авмааргүй байна гэж 2 удаа явуулж байсан. 08 дугаар сарын 04-ний өдөр үндэслэлгүй шийдвэр гаргасан. Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 мэдэгдсэн гэдэг дээр хариуцагч өөрөө хуулийн хэлтсээсээ шүүхэд маргаантай талаар сонссон, мэдсэн талаараа яриад байх шиг байна. Хуульд зааснаар мэдэгдсэн бол энэ талаарх нотлох баримтыг гаргаж өгөх ёстой байтал гаргаж өгөөгүй нь энэ хуульд заасанчлан бүртгэхгүй байх үндэслэл биш.” гэв.

12. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч нь бүртгэхээс татгалзахдаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно", мөн зүйлийн 20.1.14 дэх хэсэгт “...хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх..." гэснийг үндэслэж бүртгэхээс татгалзсан үндэслэлгүй шийдвэрийг гаргасан.

Аливаа шүүхээс дээрх Х/22/08, Х/22/09 тоот тогтоолуудын биелэлтийг түдгэлзүүлсэн, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тохиолдолд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20.1.14-д заасныг үндэслэх байтал огт тийм захирамж, шийдвэр гараагүй байхад гарсан мэтээр бүртгэлийн үйл ажиллагааг хийхээс татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Хариуцагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2-т зааснаар хуулийн этгээдийн мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэх, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3, 22.1.7 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулсан эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн үүргээ хэрэгжүүлэх үүрэгтэй байтал энэхүү үүргээ хэрэгжүүлэхгүй байна. 

 Улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэг ямар тохиолдолд хэрэглэгддэг вэ гэхээр тухайн маргаантай холбоотой буюу өнөөдрийн Ариг банкны , Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дах хэсэгт зааснаар тогтоолын дагуу тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах захирамжийн дагуу бүртгэл хийгдэж болохгүй гэж шийдвэр гардаг. Энэ хориг тавьсан зүйл байхгүй гэдэг нь хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаагаар харагдаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу мөрдөн шалгах тодорхой ажиллагааны дагуу мөрдөгчөөс санал болгоод хөрөнгийн буюу тодорхой бүртгэлийн хязгаарлалт прокурорын зөвшөөрлөөр тавигддаг. Прокурорын зөвшөөрөл байхгүй гэдэг нь мөн харагдаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн актын биелэлтийг түдгэлзүүлэх асуудал ч байхгүй байна. 

Компанийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Компанийн саналын эрх бүхий хувьцааны 50-аас дээш хувийг эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигчид хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцсоноор тухайн хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан. А*******-ны дүрмийн 8.11-д зааснаар гуравны хоёр хувь оролцсоноор хувьцаа эзэмшигчдийн хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Тухайн компани улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 71 хувийн хувьцаа эзэмшигч оролцсоноор ээлжит хурал хүчин төгөлдөр болж байгаа. Д******* оролцсоноороо тус хурал хүчин төгөлдөр болно гэсэн нь үндэслэлгүй юм. 

2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Х/22/08 тоот тогтоол Банкны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэрэгжүүлэх үүднээс дүрэмд өөрчлөлт оруулсан. 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 тоот бүртгэл бол Банкны тухай хууль болон Монгол банкны ерөнхийлөгчийн тушаал шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс бүртгэл хийгдсэн. 75 тэрбум болгох нь улсын бүртгэлд бүртгэгдчихээд байдаг. Нөгөө хувьцаа эзэмшигч нь яг энэ шийдвэр тогтоолын дагуу 25 тэрбум төгрөгийн хувьцааг нэмж оруулаад Монгол банканд бүртгэл хийгдчихээд байхад өнөөдөр бүртгэлийг хийгдэхгүй байвал хувьцаа эзэмшигчийн асуудал мөн А******* дампуурна. Харилцагч, хадгаламж эзэмшигч гээд маш олон хүмүүсийн асуудал ч хөндөгдөнө. Монгол банкнаас манайд ирсэн албан бичиг дээр хэрвээ танайх 100 тэрбум болгохгүй байвал Банкны тухай хуулийн 27.1.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийг цуцална гэдэг мэдэгдлийг бид нарт өгчихсөн байгаа.” гэв. 

13. Хариуцагч татгалзал болон түүний үндэслэлээ тайлбарлахдаа:

“”А*******” ХХК-ийн 2022 оны 08-р сарын 02-ны өдөр хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна. 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс “Д*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт хариуцагчаар оролцох тухай мэдэгдэх хуудас, "Д*******” ХХК-ийн Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хамт ирж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагчаар оролцож байна. 

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлд “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зүйл” гэж заасан бөгөөд 20.1.14-д "хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх”, Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д " Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ”, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.5-д “Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт” гэж заасан заалтуудыг тус тус үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3-д “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах" гэж заасан эрх, үүргийн дагуу улсын бүртгэгч У.М******* би татгалзах шийдвэр гаргасан. 

Иймд нэхэмлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

14. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр татгалзах мэдэгдэл шийдвэрийг гаргасан. Өмнөх н.Б******* бүртгэгчээс хойш Н.Э******* бүртгэгч 4, 5 сард хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж, шинэ дүрэм батлах бүртгэл хийсэн байсан. Бид ямар нэгэн шийдвэр гаргахдаа ахлах байцаагчид мэдэгдэж дараагийн бүртгэлийг хийдэг. н.Б******* улсын бүртгэгчийн шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудал бол миний татгалзсан шийдвэр гарснаас хойш гарсан шүүхийн шийдвэр байгаа юм. Захиргааны хэрэг үүссэн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн хэлтэст мэдэгдсэн учраас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт заасныг үндэслэж татгалзсан. 

Өмнөх бүртгэлээс яагаад татгалзсан гэвэл 5 сарын бүртгэл дээр нэг материал дутуу байгаа гэсэн шалтгаанаар Н.Э******* бүртгэгч дуусгаагүй байсан учир би бүртгэхгүй талаар тайлбарыг өгсөн. Өмнөх бүртгэлийг дуусгуулж байж дараагийн шийдвэрийг гаргах эрх үүсэх юм.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийн хүрээнд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

  1. “А*******” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчийн ээлжит бус хурлын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Х/22/08 дугаар тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрмийн 9.5-д “Банкны ТУЗ 7 гишүүнтэй байх бөгөөд 2-оос доошгүй хараат бус гишүүнтэй байна …” гэснийг “Банкны ТУЗ 9 гишүүнтэй байх бөгөөд 3-аас доошгүй хараат бус гишүүнтэй байна …” гэж, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолоор “А*******” ХХК-ийн дүрмийн 4.3-д Банкны гаргасан хувьцаа нь 75,014,309,549.60 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 3544 ширхэг энгийн хувьцаа байна гээд “У*******” ХХК нь “А*******” ХХК-ийн 71.78 хувийн 53,847,743,649.60 төгрөгийн үнэ бүхий 2544 ширхэг хувьцааг, харин “Д*******” ХХК нь 28.22 хувийн 21,166,565,900.00 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр заасныг ““Банкны гаргасан хувьцаа нь 100,033,190,443.40 төгрөг буюу нэг бүрийн 21,166,565.90 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 4726 ширхэг энгийн хувьцаа байна гээд “У*******” ХХК нь “А*******” ХХК-ийн 78.84 хувийн 78,866,624,543.40 төгрөгийн үнэ бүхий 3726 ширхэг хувьцааг, харин “Д*******” ХХК нь 21.16 хувийн 21,166,565,900.00 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг хувьцааг тус тус эзэмшихээр өөрчлөн, хавсралтаар дүрмийг шинэчлэн баталсан байна.      

Дээрх дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад хандахад Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч У.М******* нь 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 дүгээр шийдвэрээр “А*******” ХХК-ийг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх заалтыг хангаагүй, дүрмийн өөрчлөлтийг батлахдаа Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 65 дугаар зүйлийн 65.1, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын 8.3.5 дахь хэсэгт заасан хувьцаа эзэмшигч оролцоогүй гэх үндэслэлээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзжээ. 

  1. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.“Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна.”, 60 дугаар зүйлийн 60.1.“Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана.”, 65 дугаар зүйлийн 65.1.”Энэ хуулийн 60.1-д заасны дагуу хувьцаа эзэмшигчдийн хурал зарласан этгээд нь тухайн хурлын зарыг хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчид мэдээлэх үүрэг хүлээнэ.”,  Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/208 дугаар тушаалаар батлагдсан Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэл хөтлөх журмын  8.3.”Хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараах баримт бичгийг өргөдөлд хавсаргана:”, 8.3.5.”үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, эрх бүхий этгээд хуралд оролцоогүй тохиолдолд хурлын зар хүргэсэн талаарх нотлох баримт” гэж заажээ.

“А*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болох “У*******” ХХК, “Д*******” ХХК-д тус банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн Т/22/35 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн товыг 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ТБ/22/24 дүгээр мэдэгдлээр, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Т/22/37 дугаар тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 10.00 цагт хуралдуулахаар шийдвэрлэсэн товыг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ТБ/22/25 дугаар мэдэгдлээр тус тус хүргүүлсэн нь тогтоогдож байх боловч “Д*******” ХХК нь дээрх хурлуудад оролцоогүй байна.

Иймд хэрэгт авагдсан баримтаар хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг мэдэгдэж байсан нь тогтоогдож байх тул хувьцаа эзэмшигч оролцоогүй гэж бүртгэхээс татгалзсаныг зөвтгөх боломжгүй юм.

  1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.“Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:”, 20.1.14.“хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа эрүү, иргэн, захиргааны хэрэг, маргаантай холбоотой иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх.” гэж заажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Д*******” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/5107 дугаар албан бичгийг хүчингүй болгож, “А*******” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулан бүртгэсэн улсын бүртгэгч М.Э*******-ийн 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШЗ2022/6014 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлэхийг хүссэнтэй ижил агуулга бүхий тогтоолын дагуу хуулийн этгээдийн  мэдээлэлд орсон өөрчлөлтийг бүртгэсэн бүртгэлтэй холбоотой захиргааны хэрэг үүссэн байсан болох нь тогтоогдож байх тул “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан нь Улсын бүртгэлийн  ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3.”энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” гэж заасанд нийцжээ.

Учир нь Улсын бүртгэлийн  ерөнхий хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.14 дэх хэсэгт зааснаар хууль хяналтын байгууллагаас хуульд заасны дагуу мэдэгдсэн хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа захиргааны хэрэг, маргаантай холбоотой хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэх гэдгийг шүүхээс заавал улсын бүртгэлийг түдгэлзүүлж /захиргааны хэргийн тухайд/ шийдвэрлэн түүнийг мэдэгдсэн байхыг ойлгохгүй ба бүртгүүлэхийг хүссэн бүртгэлтэй холбоотой өөр бусад захиргааны хэрэг маргаан хянагдаж байгааг мэдэгдсэн тохиолдолд хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгэхийг хориглох юм.

  1. Хариуцагч Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэхээс татгалзах үндэслэлийг хэрэглээгүй ч тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хууль тогтоомжид Улсын бүртгэлийн ерөнхий хууль багтах бөгөөд хариуцагч улсын бүртгэгч болохын хувьд Улсын бүртэлийн ерөнхий хуульд заасан улсын бүртгэлийн үйл ажиллагаанд хориглох зохицуулалтыг хэрэглэсэн нь үндэслэлтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсгийн 106.3.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.3, 20 дугаар зүйлийн 20.1.14 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасныг тус тус баримтлан “А*******" ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын улсын бүртгэгч У.М*******-д холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-ийн “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхээс татгалзсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 220802011 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “А*******” ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлын Х/22/08 дугаар тогтоол, 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн Х/22/09 дүгээр тогтоолуудын дагуу “А*******” ХХК-ийн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын байцаагч У.М*******-д даалгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 




 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ДАМДИНСҮРЭН