Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 61

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Отгонжаргал даргалж,  

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Болормаа,

Шүүгдэгч Н.Банзрагч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Нордон овогт Намнангийн Банзрагчид холбогдох 201715000047 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан суманд төрсөн, 41 настай, халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сум 3 дугаар баг “Өлзийт хошуу” гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Нордон овогт Намнангийн Банзрагч /РД: ЙА76051517/  
Шүүгдэгч Н.Банзрагч нь улсын дугааргүй, улаан өнгийн “ЛТМ” маркийн мотоцикль ашиглан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Элгэн” гэх газар оршин суух иргэн Ж.Пүрэвдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч “Ногоон Дарь Эх” нэртэй гуулин цутгамал шармал бурхан хулгайлан авч 30.000.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/  
ТОДОРХОЙЛОХ нь:   
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  
Шүүгдэгч Н.Банзрагч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр банкны мөнгө авах гээд Ж.Пүрэвдоржтой уулзах гэтэл гэр нь эзгүй байсан. Тэгээд гуулин цутгамал бурхныг нь аваад гэртээ харьсан. Би аймагт ирээд Мягмар гэх хүүхэнтэй ярихад аваад ир, хил гаргаад борлуулж өгье гэхээр нь авчираад өгтөл хэсгийн төлөөлөгчид хэлчихсэн байсан. Тэгээд бурхныг нь аваад иртэл 2017 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Чулуунбаяр, Даваадэмбэрэл нар бариад авсан. Хохирогчид эд хөрөнгө үнэлүүлсний 200000 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.   
Хохирогч Ж.Пүрэвдоржийн мөрдөн байцаалтанд өгсөн:… Би 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэр бүлийнхээ хамт Богд сумын төв орсон. Хөдөө гэр эзэнгүй үлдсэн. Манай хадам Ганбаатарынхтай айл байдаг тэднийх гэртээ эзэнтэй үлдсэн байсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед гэртээ ороход бурхны тавиур дээрх цутгамал бурхан байхгүй болчихсон байсан. Нөгөө хоёр зурмал бурхан нь байсан гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуудас/  
Гэрч Т.Мягмарын мөрдөн байцаалтанд өгсөн:… 2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой манай ах Ж.Пүрэвдорж манай гэрт хулгай орж бурхан алга болсон байна гэж хэлсэн. Ойр хавийнхаа мэддэг хүмүүс ломбардуудаар бурхан зарах хүн байвал намайг авна гэж хэлээрэй, манай ах бурхнаа алдчихсан юм гэж хэлээд явж байсан. Тэгээд 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө миний 98325152 дугаарын утас руу 98665568 Банзрагч байна, үнэд хүрэх зүйл авах уу? гэхээр нь авна гэж хэлэхэд утсаа салгачихсан. Тэгээд эргэж залгаад 20см өндөртэй, “Цагаан дарь эх” бурхан байна, авах уу? гэхээр нь авна үзье гэж хэлээд сумын хэсгийн төлөөлөгч Даваадэмбэрэлд би утсаар хэлчихсэн байсан тул цагдааг иртэл би урагшаа хил давуулж зарж өгнө, өнөөдөр Замын-Үүд гарна, хамт аваад явъя гэж хэлээд аргалж байгаад гэртээ бурхныг нь авчруулсан. Уг бурхан нь манай ахын алдсан бурхан мөн байсан гэх мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/  
Гэрч Д.Энхчулууны  мөрдөн байцаалтанд өгсөн:… 2017 оны 01 дүгээр сард яг хэдний өдрийг нь сайн санахгүй байна Н.Банзрагч ганцаараа Баруунбаян-Улаан сумаас ирлээ, машин авах гэж байгаа гээд манайд 2 хоноод ахаа явлаа гэж хэлчихээд яваад өгсөн. Би Н.Банзрагчтай танилцаад 10-аад жил болж байна. Хүнээс өр авах гэж байгаа гээд надад эхнэр хүүхдийн хамт үзүүлэх гэж ирсэн тэр үеэс бие биеэ таньдаг болсон.Надтай наймаа хийж байгаагүй. Мал сайтай мянгат малчин гэж сонссон. Ааш зангийн хувьд гайгүй томоотой хүн шиг санагддаг. Архи уудаггүй, тамхи татдаг, өөр муу зуршилгүй. Манайх бурхан тахил ихтэй ил л байдаг. Алга болж байгаагүй гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/  
Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн:… 2017 оны 01 дүгээр сарын сүүлээр манай нөхөр Банзрагч Богд сум руу гэр ахуйн ойр зуурын хэрэгцээний юм авах ажлаар өөрийнхөө цэнхэр өнгийн мотоцикльтой яваад 1 хоноод маргааш өглөө нь гэртээ ирсэн. Богдоос ирээд гэртээ хэд хоночихоод аймаг руу хүнээс мөнгөний авлагатай тэрийгээ авна гээд явсан гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/  
Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 хуудас/,   
Эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 7 хуудас/,  
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 8-9 хуудас/,  
 Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ¹02/30, 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ¹03/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-ийн 11-17, 32-40 хуудас/, 
 Хохирогч Ж.Пүрэвдоржийн хохирол төлбөрт 200000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлт,   
Н.Банзрагчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 48-49, 51-52 хуудас/  
Шүүгдэгч Н.Банзрагчийн хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Сум дундын 17 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2016 оны тооллогын хуулбар /хх-ийн 53-54, 58-60 хуудас/  
Захиргааны хяналт зогсоох тухай тогтоол /хх-ийн 61 хуудас/,  
Шүүгдэгч Н.Банзрагчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 55 хуудас/ зэрэг болно.  
Шүүгдэгч Н.Банзрагч нь 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн улсын дугааргүй, улаан өнгийн “LTM” маркийн мотоциклийг хэрэглэн Өвөрхангай аймгийн Богд сумын 6 дугаар багийн “Элгэн” гэх газар оршин суух хохирогч Ж.Пүрэвдоржийн гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтэрч “Ногоон Дарь Эх” нэртэй шармал, цутгамал гуулин бурхан хулгайлж, хохирогч Ж.Пүрэвдоржид 30.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Банзрагчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ж.Пүрэвдоржийн “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой 20 цагийн үед гэртээ ороход бурхны тавиур дээрх цутгамал бурхан байхгүй болчихсон байсан” /хх-22-23 хуудас/, гэрч Т.Мягмарын “…2017 оны 01 дүгээр сарын 26-ны орой манай ах Ж.Пүрэвдорж манай гэрт хулгай орж бурхан алга болсон байна гэж надад хэлсэн. 2017 оны 02 дугаар сарын 05-ны өглөө миний 98325152 дугаарын утас руу 98665568 дугаарын утсаар Банзрагч байна, үнэд хүрэх зүйл авах уу? гэхээр нь авна гэж хэлэхэд 20 см өндөртэй, “Цагаан дарь эх” бурхан байна, авах уу? гэхээр нь авна үзье гэж хэлээд сумын хэсгийн төлөөлөгч Даваадэмбэрэлийг иртэл “би урагшаа хил давуулж зарж өгнө, өнөөдөр Замын-Үүд гарна, хамт аваад явъя” гэж хэлээд аргалж байгаад гэртээ бурхныг нь авчруулсан. Уг бурхан нь манай ахын алдсан бурхан мөн байсан” /хх25 хуудас/ гэсэн мэдүүлгүүд, эд зүйл хураан авч үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ¹02/30, 2017 оны 03 дугаар сарын 13ны өдрийн ¹03/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-1, 7, 8-9, 11-17, 32-40 хуудас/, шүүгдэгч Н.Банзрагчийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-48-49, 51-52 хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.    
Шүүгдэгч Н.Банзрагчид холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.  
Шүүгдэгч Н.Банзрагчид ял оногдуулахдаа эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.    Шүүгдэгч Н.Банзрагч нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан болох нь хэрэгт авагдсан хохирогч Ж.Пүрэвдоржийн бурхнаа авсан, мөн хохирол төлбөрт 200000 төгрөг авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн шүүхэд ирүүлсэн хүсэлтээр,  
 Шүүгдэгч Н.Банзрагчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын дугааргүй, 162FMJС1697692 моторын дугаартай, LDAPAK108EGD00137 арлын дугаартай, улаан өнгийн LTM маркийн мотоцикль нь шүүгдэгчийн эзэмшлийнх болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурьдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.      
Шүүгдэгч Н.Банзрагч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.  
Шүүгдэгч Н.Банзрагчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 300000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, 162FMJС1697692 моторын дугаартай, LDAPAK108EGD00137 арлын дугаартай, улаан өнгийн LTM маркийн мотоциклийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар хурааж, улсын орлого болгож, уг мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,  
Шүүгдэгч Н.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Пүрэвдоржид “Ногоон дарь эх бурхан”-ыг хүлээлгэн өгсөн,  200000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдаж,  
Тус шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлах тухай шүүгчийн захирамжаар шүүгдэгчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ. Иймд шүүгдэгч Н.Банзрагчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.   
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  
ТОГТООХ нь:  
1.Шүүгдэгч Нордон овогт Намнангийн Банзрагчийг машин механизм хэрэглэн, орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  
2.Монгол  Улсын  Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн  145  дугаар  зүйлийн  145.2-т  зааснаар шүүгдэгч Н.Банзрагчийг  эд хөрөнгө хураахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  
3.Монгол Улсын Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Н.Банзрагчид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.  
4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Н.Банзрагчийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн түүний эзэмшлийн 300000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, 162FMJС1697692 моторын дугаартай, LDAPAK108EGD00137 арлын дугаартай, улаан өнгийн LTM маркийн мотоциклийг хурааж, улсын орлого болгосугай.  
5.Шүүгдэгч Н.Банзрагч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Пүрэвдоржид “Ногоон дарь эх бурхан”-ыг хүлээлгэн өгсөн,  200000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.  
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Н.Банзрагчийн эзэмшлийн 300000 төгрөгийн үнэ бүхий, улсын дугааргүй, 162FMJС1697692 моторын дугаартай, LDAPAK108EGD00137 арлын дугаартай, улаан өнгийн LTM маркийн мотоциклийг битүүмжилсэн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.  
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Н.Банзрагчид оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.   
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Н.Банзрагчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,  хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг дурьдсугай.   9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4, 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Банзрагчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.   
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.   
11.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Банзрагчид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.ЦЭЦЭГЭЭ