Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 2021/ДШМ/322

 

 

 

 

 

 

   2021            03              30                                         2021/ДШМ/322

                                                       

Г.Б, Х.О нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Б, Х.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б, Х.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б, Х.О нарт холбогдох 2006000002788 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            З овгийн Ггийн Б, 1979 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “М-си-эс Кока-кола” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Б овгийн Хийн О, 1996 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Увс аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газарзүйн багш мэргэжилтэй, “М-си-эс Кока-кола” ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, хүргэн ах, эгч, дүү нарын хамт - тоотод оршин суух бүртгэлтэй боловч - оршин суух, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Г.Б нь Х.Отай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Быг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж, Г.Бын эрүүл мэндэд тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

            шүүгдэгч Х.О нь Г.Бтой бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Быг нүүр рүү нь өшиглөх, хавирга гэдэс рүү нь дэвсэх зэргээр цохиж зодож, Г.Бын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Шүүгдэгч Г.Б, Х.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч З овогт Ггийн Б, Б овогт Хийн О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг “бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Г.Б, Х.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б, Х.О нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч Г.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, хор уршгийн зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Г.Б, Х.О нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Г.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг иргэн Быг санаатайгаар, бүлэглэн танхайрч зодоогүй байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэтэрхий хохирогчийн талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд хэргийг нягтлан шалгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Х.О давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэргийг үйлдээгүй. Хохирогч Б нь намайг өөрийгөө маш удаанаар цохиж, элэг, бөөр, зүрх, толгой руу өшиглөн дэвссэн гэж илтэд гүтгэн, худал мэдүүлэг өгч, надад ял шийтгэл оногдуулж байгаад маш их гомдолтой байна. Би энэ хүнийг цохиж зодоогүй гэдгээ мөрдөн байцаагч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдаанд зөрүүгүй мэдүүлсэн. Харин хохирогч Бын мэдүүлэг нь бүгд зөрүүтэй байгаа нь намайг гүтгэж байгааг илтгэж байна. Мөн энэ хэргийн гэрч болох Г нь хохирогч Бын аав учир гэрч, хохирогч нар ашиг сонирхлын нэгдмэл байр суурьтай байна. Иймд уг хэргийг зохих хууль журмын дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Г.Б, Х.О нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Г.Б машинаа бариад явж байхад хохирогч Г.Б сигналдаж зогсоогоод мөрөөрөө явж байсан Г.Бийг хэл амаар доромжилж улмаар түрүүлж нүүрэн тус газарт нь цохисны улмаас Г.Бийн хамраас цус гарсан тул Г.Б хохирогч Г.Бтай барьцалдаж байхад Х.О нь ирж салгасан үйл явдал байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч мэдүүлэг өгөхдөө зөрүүтэй мэдүүлгүүд өгсөөр байхад үүнийг харгалзан үзэж мэдүүлгийн зөрүүг арилгаагүй бөгөөд мөн шүүх хуралдаан дээр мэдүүлэг гаргахдаа ч хоорондоо зөрүүтэй мэдүүлгүүдийг удаа дараа өгсөн. Үүнд:

            Анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...зүүн нүд рүү Х.О цохисон. ...” гэж мэдүүлдэг ч дахин мэдүүлэг өгөхдөө “...Х.О Г.Бтой зууралдаж байхад олон удаа толгой руу цохисон. ...”, дахин мэдүүлэг өгөхдөө мэдүүлэг нь өөрчлөгдөж “...Х.О миний цээжинд дэвссэн. ...” гэж мэдүүлдэг. Мөн хохирогч Г.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ өөрийгөө Г.Бийг огт цохиж зодоогүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт “...Г.Бийн хамраас цус гарсан нь үнэн, зууралдаж байхад хоолой нь боогдож цус гарсан байх, аль эсвэл манай аав цохисон байлгүй дээ. ...” гэх мэтээр мэдүүлгүүд нь асар зөрүүтэй мэдүүлсэн. Түүнчлэн, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн шүүхэд мэдүүлдэг шиг Х.О нь элэг, бөөр, зүрхэнд өшиглөж, олон удаа дэвссэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Үүнээс үзвэл хохирогчийн олон зөрүүтэй мэдүүлгүүдийг үнэн зөв байна гэж үнэлэх нь эргэлзээтэй байна. Мөн гэрч Г мөрдөн байцаалтын шатанд Г.Бийн хамраас цус гарч тогтохгүй байсан, цаашлаад Г.Бийн өмсөж явсан ажлын бээлий нь нил цус болсон талаар огт мэдүүлээгүй нь мэдүүлэг өгөхдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь, Г.Б, Х.О нар хохирогч Г.Б Г.Бийг цохиж хамраас цус гарсныг удаа дараа мэдүүлсэн. Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн мэдүүлгээр нотлогддог. Тус хэргийн гэрч Г нь хохирогч Бын төрсөн эцэг бөгөөд тус хэрэгт хөндлөнгийн байр суурьтай гэрч биш. Монгол Улсын Үндсэн Хуульд зааснаар гэр бүлийн хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй субъект тул чухал гэрч биш гэж үзэж байна. Харин Х.О Г.Б нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас өмгөөлөгч авсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ таардаг, өгч буй мэдүүлгүүд нь тогтвортой байгаа нь үнэн зөв мэдүүлээд байгаа гэж үзэж үндэслэлтэй байна. Г.Б, Х.О нь урьд нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй зэрэг хувийн байдалтай тул өмгөөлөгчийн зүгээс үнэн зөв мэдүүлж байгаа гэж үзэж байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулж, Х.Оын холбогдсон хэргийг цагаатгаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Тухайн хэрэг Г.Б автомашинаар хурдан явсан гэх шалтгаанаас үүсч болсон. Г.Б хохирогчийн нүүр рүү цохиж, Х.О араас нь бүлэглэн цохиж зодсоныг цагдаагийн байгууллагад гомдол гаргахдаа мэдүүлсэн. Мөн “би зугтах гэсэн боловч чадахгүй, миний эцэг салгах гээд дийлэхгүй байсан, улмаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэдэг. Хохирогч “Тухайн үед хэн нь яаж цохисныг мэдэхгүй, олон удаа цохиулаад манарсан байсан тул анзаарч хараагүй, Г.Б нүүр рүү цохиж, Х.О хавирч унагаагаад цээжин дээр өшиглөж дэвссэн” гэж тогтвортой мэдүүлсэн. Мөн гэрч Гт хууль сануулж мэдүүлэг авахад хэн, яаж зодсон талаар тодорхой мэдүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд хохирогчийн биед учирсан гэмтлийг хэн учруулсныг тодруулахаар шинжээч эмчийг оролцуулсан. Тэрээр хамар яс хугарсан ч хамраас цус гарахгүй тохиолдлыг өөрийнхөө тусгай мэдлэгийн хүрээнд тайлбарласан. Мөн хэрэгт авагдсан шинжээчийн үзлэгээр тогтоогдсон зулгаралт гэмтлүүдийг дээрээс нь дэвсэх, гишгэх үед үүсэх боломжтой, тухайн үед өмсөж явсан хувцаснаас нь шалтгаалж янз бүр байдаг талаар мэдүүлсэн. Мөн Х.О тухайн үед хохирогчийг хавирч унагаасан талаараа мэдүүлсэн. Иймд Г.Б илт худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Энэ хэрэгт зөвхөн гэрч Гын мэдүүлгийг гол үндэслэл болгоогүй. Шинжээч эмчийн мэдүүлэг, дүгнэлтийг үндэслэл болгож шүүгдэгч нар бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болохыг тогтоосон. Хууль сануулж гэрчээр мэдүүлэг авсан байхад шүүгдэгч нарын өмгөөлөгч Гыг хууль ёсны гэрч биш гэж байгааг ойлгохгүй байна. Г нь мөрдөн байцаалтын шатанд хууль ёсны гэрчээр тогтоогдож, мэдүүлэг өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.Б, Х.О нар нь бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Г.Быг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж түүний биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.Бын “...Би 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ... 18 цагийн үед би гудамжинд машин дотроо аавтай хамт сууж байхад хажуугаар амьжиргаа цагаан машинтай эрэгтэй хүн шүргэх шахаад өнгөрсөн. ...Би тэр машины араас сагналдахад тэр машин зогссон. Би тэр машины жолооч ахад “та яаж яваад байгаа юм бэ, манай малыг дайрчих гээд давхиад байх юм” гэж хэлэхэд тэр машины жолооч ах машинаасаа бууж ирээд намайг “ална” гээд дайрсан. ...Жолооч ... ах миний баруун талын нүд, хацар, эрүү хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгтэл намайг цохисон ахтай хамт явж байсан ах миний зүүн талын нүдэнд гараараа 1 удаа цохисон. ...Би ... газар унасан байхад хажууд нь хамт явж байсан ах гараараа миний зүүн талын нүдэнд цохиж, хамар, эрүү, цээж, хавирга хэсэгт 4-5 удаа өшиглөсөн. Тэр үед манай аав тэр хүмүүсийг надаас салгах гээд салгаж чадахгүй байсан. ...Тархи доргилт хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт гэмтлүүдийг уг машиныг жолоодож байсан ах учруулсан. Хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт, зүүн нүдний гэмтлүүдийг машин жолоодож явсан ахтай хамт явж байсан ах учруулсан. ...Би тухайн үед манараад хэн нь миний нүүр рүү цохиж байгааг хараагүй. ...Намайг маш удаан зодсон. ...Бийг зүс мэдэх төдий танина. Гэр нь манай гэрийн ойролцоо байдаг. ...” /хх 3-7/,

гэрч А.Гын “...2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүү Бтай хамт машинд сууж байтал хажуугаар амьжиргаа цагаан загварын машин мал үргээж хурдан давхисан. Тэгэхээр нь тэр машины араас сагналдахад тэр машин зогсож дотроос нь 2 эрэгтэй хүн бууж ирээд жолооч залуу нь манай хүүтэй маргалдаж заамдаад нүүрэнд нь 3-4 удаа цохисон. Тэгтэл нөгөө залуу нь манай хүүгийн нүүрэнд гараараа нэг удаа цохиж газарт унагаагаад дээрээс нь өшиглөөд байсан. Тэгэхээр нь би салгах гэтэл надад дийлдэхгүй байсан. Тэгж байгаад манай хүү зугтааж гүйгээд цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 9-11/,

Б.Бийн яллагдагчаар өгсөн “...Би энэ ялыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед хохирогч залуутай харилцан зодолдсон. ...Өөрийнхөө биеийг хамгаалах гэж тэр залууг цохиж зодсон нь үнэн. ...” /хх 29-30/,

Х.Оын яллагдагчаар өгсөн “...Би ... Бын хавирч унагаасан. ...Г.Б ах Г.Бтай харилцан зодолдсон. ...” /хх 35-36/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 11770 дугаартай “...Г.Бын биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр зовхи, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун дээд зовхинд зулгаралт, хүзүү, цээжинд цус хуралт, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /1хх 19-20/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба шүүгдэгч Г.Б, Х.О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.Б, Х.О нар нь хүч хэрэглэсний улмаас хохирогч Г.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч Г.Б “...Намайг иргэн Быг санаатайгаар, бүлэглэн танхайрч зодоогүй байхад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэтэрхий хохирогчийн талыг барьсан шийдвэр гаргасан. Иймд хэргийг нягтлан шалгаж өгнө үү. ...”,

шүүгдэгч Х.О “...Би энэ хэргийг үйлдээгүй, ...уг хэргийг зохих хууль журмын дагуу, үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...”,

шүүгдэгч Г.Б, Х.О нарын өмгөөлөгч А.Буяндэлгэр “...Х.О Г.Б нар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас өмгөөлөгч авсан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг нь шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтэйгээ таардаг, өгч буй мэдүүлгүүд нь тогтвортой байгаа нь үнэн зөв мэдүүлээд байгаа гэж үзэж үндэслэлтэй байна. ...Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, ял оногдуулж, Х.Оын холбогдсон хэргийг цагаатгаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй.

Шүүгдэгч Г.Б нь хохирогч Г.Быг зүүн гараараа нүүр хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол, шүүгдэгч Х.О нь хохирогч Г.Быг хавирч унаган өшиглөх, хавирга, гэдэс рүү нь дэвсэх зэргээр цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан хэргийн үйл баримт хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

Хэрэгт авагдсан, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч нар хохирогчтой маргалдаж, улмаар цохих, өшиглөх зэргээр хүч хэрэглэсэн үйлдэл дээрээ маргаагүй, мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд зэргээр шүүгдэгч нар хохирогчид хүч хэрэглэн хөнгөн хохирол санаатай учруулсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Шүүгдэгч Г.Б, Х.О нарын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан анхан шатны шүүхээс тус бүрийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Х.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/81 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Б, Х.О, тэдгээрийн өмгөөлөгч А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.МЯГМАРЖАВ

                        ШҮҮГЧ                                                                       О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ