Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 321

 

Г.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Батчимэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Т.Мөнхцэцэг, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 392 дугаар магадлалтай, Г.Ө-д холбогдох 201701000057 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Т.Мөнхцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1991 онд төрсөн, эмэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г-гийн Ө нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-т заасан “Бүлэглэн, биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан” гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Г.Ө-г бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ө-г бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлэн хил нэвтрүүлж худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Шүүгдэгч Г.Ө-г бусдын биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан элсүүлж, хоёр, түүнээс олон хүнийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж худалдаалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Ө-, түүний өмгөөлөгч Д.Баттөмөр нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Т.Мөнхцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо “...Хэрэг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий байдлыг гэрчилсэн гэрч Б.У-гийн мэдүүлгийг шийтгэх тогтоолд тусгалгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан. Хохирогч Б.А-д хууль сануулж байцаалт авсан ба уг мэдүүлгүүдийн аль нь үнэн зөв, аль нь худал болох талаар дүгнэлт өгөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн агуулгад хамаарах хэсгийг нэрлэн заасан бөгөөд мөн зүйлд зааснаар “бусад нотлох баримтын агуулга, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг зайлшгүй тусгах ёстой. Гэтэл шийтгэх тогтоол, магадлалд Г.Ө-гийн гэм бурууг үгүйсгэж байгаа баримтууд болон өмгөөлөгчөөс гаргасан үндэслэлүүд хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар тусгаагүй орхигдуулсан, гагцхүү гэм буруу нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэсэн ерөнхий дүгнэлт хийж, эргэлзээтэй нотлох баримтуудыг яллах үндэслэл болгож, хэт нэг талыг барьсан нь буруу гэж үзэж байгаа ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэх” үндэслэл болно. Интерполын шугамаар ирүүлсэн хариу болох “...Тэд ямар нэг дарамт шахалтанд автаж биеэ үнэлж байгаагүй бөгөөд биеэ үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг хүмүүсийг сайн дураараа дагаж хар тамхи хэрэглэдэг байсан байна. Г.Ө- нь Шанхай хотод бусадтай үгсэн хуйвалдаж бусдын биеийг үнэлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрөөгүй, хүн худалдсан эсэх асуудал нь тогтоогдсонгүй. Харин хар тамхи хэрэглэсэн учраас захиргааны журмаар 5 хоног саатуулна” гэсэн мэдээлэл хэрэгт авагдсан. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Г.Ө-гийн хувьд хохирогч гэх И.Х-, М.М- нарыг огт танихгүй, ямар нэг байдлаар харьцаж байгаагүй, БНХАУ явах өдөр Б.А-г дагуулж ирэхэд танилцсан учир тэднийг хуурч мэхлэх, эмзэг байдлыг нь судалж түүнийг нь далимдуулан биеийг нь үнэлүүлэхээр хил давуулан авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Харин Н.У-гийн хүсэлтээр Б.А-г авч явахаар тохирсон энэ үйлдэлдээ гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагчийн зүгээс давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ Г.Ө- нь Б.А-г л дагуулж явсан. Бусад хоёр хохирогчийг танихгүй, Б.А- эдгээр хүмүүст мэдээлэл өгсөн гэж ярьсан. Б.А-, М.М-, И.Х- нар нь хэрэгт авагдсан баримтаар биеэ үнэлдэг нь тодорхой хэмжээгээр тогтоогдсон тухай дурдсан. Эдгээрээс үзэхэд Г.Ө- нь зөвхөн Б.А-г авч явахаар тохирсон. И.Х-, М.М- нарын хувьд Б.А-гаас мэдээлэл авч өөрсдөө түүнийг дагаж явсан байхад Г.Ө-г хоёр буюу түүнээс дээш хүнийг худалдаалсан гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь учир дутагдалтай байна. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөх ёстой. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Ө- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр хэлсэн саналдаа “...Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагч болон өмгөөлөгч нарын гаргасан саналыг үндэслэх ёстой байсан боловч зөвхөн хохирогч Б.А-гийн мэдүүлгийг шийдвэрийнхээ эх сурвалж болгосон. Шүүгдэгч нь анх хохирогч Б.А-г Хятад руу дагуулж явна гэж хэлсэн бөгөөд дээрх үйлдэлд хохирогчийг хуурч мэхэлсэн зүйл байхгүй. Мөн энэ хэргийн бусад хохирогч гэх И.Х-, М.М- нарыг хохирогч Б.А- нь өөрөө дагуулж явсан бөгөөд Г.Ө- тэднийг дагуулж явсан зүйл байхгүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нөлөөлж болохуйц нотлох баримтуудыг сайтар нягталж шалгалгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг хэлсэн саналдаа “...Хохирогч гэх И.Х-, М.М- нар нь шүүгдэгч Г.Ө-д хандан бид хууль хяналтын байгууллагаар явахдаа үгээ нийлүүлж байгаад юу ч гэж хэлж болно шүү гэж сүрдүүлсэн байдаг. Тэд Монголд байхдаа биеэ үнэлдэг байсан болох нь тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэв.

Прокурор Х.Батчимэг шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн хэргийг бүрэн дүүрэн нотолсон гэж үзэж байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад хууль зүйн үндэслэлтэй зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Г.Ө- нь И.Х-, М.М-, Б.А- нарыг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах зорилгоор “өндөр цалинтай дуулж, бүжиглэдэг ажил хийнэ” гэж эдийн засгийн хувьд эмзэг байдлыг нь далимдуулан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Замын-Үүд боомтоор Монгол Улсын хил нэвтрүүлж, БНХАУ-ын Шанхай хотод 2017 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл биеийг нь үнэлүүлэн мөлжиж худалдаалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Г.Ө-гийн дээрх үйлдэл нь тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Хүн худалдаалах” гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн буюу 113 дугаар зүйлийн 113.2.2-т заасан “хоёр буюу түүнээс олон хүнийг”, 113.2.10-т заасан “улсын хил давуулан” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.

Гэмт хэрэг болон ял, эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлж, тогтоодог боловч энэхүү нийтлэг зарчимд хамаарахгүй ганц тохиолдол нь шинээр мөрдөгдөж эхэлсэн хууль нь урьд мөрдөгдөж байсан хуультай харьцуулахад “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн” нөхцөлийг бий болгосон үед шинэ хуулийг хуучин хуулийн оронд буцаан хэрэглэх нь Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааны суурь зарчмуудын нэг юм.

Иймээс ч энэхүү хууль буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгалаа олсон болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч Г.Ө-гийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 113 дугаар зүйлийн 113.2.2, 113.2.10-т заасан гэмт хэргийг 2017 оны 07 дугаар сарын 01-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2-т заасан “хоёр, түүнээс олон хүнийг худалдаалсан”, мөн зүйлийн 2.3-т заасан “Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн” гэсэн хэсгүүдээр зүйлчилж, ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзнэ.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх уг гэмт хэргийн үндсэн шинж болох “эрхшээлдээ оруулсан” байдлыг агуулгын хувьд зөв дүгнэсэн атлаа энэхүү шинжийг гэм буруутайд тооцохдоо орхигдуулсан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь “хохирогчдын мэдүүлэг үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, Г.Ө-гийн хувьд хохирогч гэх И.Х-, М.М- нарыг огт танихгүй, ямар нэг байдлаар харьцаж байгаагүй, БНХАУ явах өдөр Б.А-г дагуулж ирэхэд танилцсан учир тэднийг хуурч мэхлэх, эмзэг байдлыг нь судалж далимдуулан биеийг нь үнэлүүлэхээр хил давуулан авч явсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгөх”-ийг хүсчээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоолгож, Эрүүгийн хуулийг зөвтгөн хэрэглүүлэх тухай гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй” бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг хянах эрх хэмжээг хуулиар олгосон болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Т.Мөнхцэцэг нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 392 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...элсүүлж...” гэсний өмнө “...эрхшээлдээ оруулан...” гэсэн нэмэлт оруулж өөрчлөн найруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Баттөмөр, Т.Мөнхцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН