| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Булгантамир |
| Хэргийн индекс | 187/2021/0125/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/878 |
| Огноо | 2025-03-31 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Е.Хулан |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2025/ШЦТ/878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал
Улсын яллагч Е.Хулан (томилолт),
шүүгдэгч Ж.*** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ж.***ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр *** аймагт төрсөн, эрэгтэй, *** настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн *** дугаар хороо *** *** дүгээр гудамжны **** тоотод оршин суух хаягтай боловч энэ хаягт оршин суудаггүй, оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 9 удаагийн ял шийтгэл эдэлж байсан.
*** овогт *** *** (РД:****),
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.*** нь “Оюу толгой” компанид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2019 оны 04 дүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх-Саран” сувилалд эмчлүүлж байсан П.***ийн 50,000 төгрөг, П.***ийн 200,000 төгрөг, П.***ийн 400,000 төгрөгийг залилан нийт 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд
1. Шүүгдэгч Ж.***ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Хүнд байна. Өрөөсөн уушгитай болохоор үе үе хаагдах гээд байна. Бас зүрх муу. Хорих ангид 10 хоног хоол идээгүй. Хорих анги шүүх таны амь насыг хариуцна, бид нар өөрсдийгөө хамгаалж байна гэж хорих анги хэлсэн. Би 10 хоног эмнэлэгт хэвтээд гарахаар бие сайхан болдог. Баруун уушги баруун хавиргатайгаа наалдсан. Сүрьеэ байж магадгүй гэсэн. Зүрх байрлал нь өөрчлөгдсөн гэж хэлсэн. Хорих ангид өвчин намдаах эм өгсөн. Сая шүүхийн эмч үзээд өвчин намдаах эм өгсөн. Даралт буураад 160 болсон байна гэж хэлсэн. Тэгээд өвчин намдаах лаа өгсөн. Одоо нүд бүрэлзээд хэл ээдрээд байна...уншиж бичиж чадна...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),
тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “..Би 2019 оны 04 дүгээр сард “Эрх Саран” сувилалд амарч байхад нэрийг нь мэдэхгүй байна, нэг хүн надад 650,000 төгрөгийг өгч байсан. Би цааш нь мэдүүлэг өгөхгүй өмгөөлөгчийн хамт мэдүүлэг өгнө...Надад нэмж ярих зүйл байхгүй. Одоо миний бие муу байна...Би уншиж, бичиж чадна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131-132 дахь тал),
2. Хохирогч П.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 15-нд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Энх-Саран амралтын газар эхнэр 2 дүү болох П.***, П.***, П.Баяндалай нарын хамт амарч байхад 2019 оны 04 сарын 17-ны өдөр *** гэх хүн амралтын газар амрах гэж ирээд бид нартай танилцсан юм. Тэгтэл тэр хүн би Оюу-Толгойд том машин барьдаг одоо би тэтгэвэрт гарч байгаа миний тэтгэвэр 1 600 000 төгрөг авдаг цалин 6-7 сая төгрөг сард авдаг гэж ярьж байсан тэгээд та нар Оюу-толгойд хүүхэд жолоочоор оруулмаар байвал би оруулж өгч адна гэсэн гэхээр нь би хажуугаас нь тэгвэл манай хүүг хамтад нь оруулаад өгч болох уу гэтэл болно. Харин Оюу толгойд би нэг хүнийг 5 сая төгрөгөөр оруулдаг юм аа та нарт үнэрхээд байхгүй эрүүл мэндийн даатгалд хамрагдах 200 000 төгрөг бэлдэж бай удахгүй 2-3 хоногоос манай дүү ирнэ гэж хэлсэн... Би хот луу хүүхэд лүүгээ яриад энд нэг ийм хүн байна аа Оюу толгойд оруулж өгч чадна гэж байна энэ хүн дүүтэйгээ ярьсан өнөө маргаашгүй 200 000 төгрөг авчирч өг гэж байна гэж хүүхдүүд лүүгээ хэлтэл манай хүүхэд 200 000 төгрөг авчирч өгсөн... *** надтай уулзаад дүүтэйгээ ярьсан ер нь найз нь чамайг оруулахаар болчихлоо гэхээр нь би тэтгэврийн хүн авахгүй байлгүй дээ гэсэн чинь болно гэсэн харин чи мөнгөө л бэлэн байлгаж бай гэж хэлсэн би тэр 200000 төгрөгийн амралтаа дуусгаад 2 хоногийн дараа бэлнээр авчирч өгсөн...надаас 400 000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),
3. Хохирогч П.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Энхсаран сувилалд ...амарсан. Амарч байх хугацаанд манай өрөөнд өөрийгөө *** гэж танилцуулж байсан нэг хөгшин орж ирээд өөрийгөө би Оюу-Толгойд ажилдаг байсан одоо тэтгэвэрт суусан сард 1.000.000 төгрөгийн тэтгэвэр авч байна надад Дундговьд мал хуу зөндөө байгаа та нар очиж амраарай гэж ярьж байсан. Тэгээд ***тэй ярилцаж байгаад би өөрийн хүү болох Доржпүрэвийг Оюу-Толгойд том тэрэг барьдаг ажилд оруулж өгөхөөр болсон ...200 000 төгрөг амралтад амарч байхдаа манай хүү бэлнээр авчирч өгөөд би ***д өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-20 дахь тал),
4. Хохирогч П.***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Энхсаран сувилалд амарч байхад *** гэх хүн бид нартай хамт амарч байсан бөгөөд бид нартай хамт хөзөр, даалуу тоглодог байсан. Мөн өөрийгөө *** гэж танилцуулаад Оюутолгойд том тэрэг барьдаг төрсөн дүү нь Оюутолгой ХХК-д том тэрэг хариуцаж хүмүүсийг ажилдуулдаг гэж хэлэхэд нь манай ах *** эхнэр Доржнамжилд хоёр ажилд орох хүсэлт тавихад *** гэх хүн болно би дүүтэйгээ утсаар ярья гэж хэлээд хэсэг хугацааны дараа манай дүү болно гэж хэлж байна хэлж байсан... 50,000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),
5. Гэрч А.***ийн мөрдөн ажиллагаанд өгсөн “...тэгээд 07 дугаар сарын үед миний утас руу залгаад чамайг Оюу-толгойд оруулахаар болсон анкет бөглөөд надад бэлэн 100,000 төгрөг өгчих гэхээр нь би хаширлаад 20,000 төгрөг өгөөд тэрнээс хойш таг чиг байж байгаад 2019 оны 04 сард би Хан-Уул дүүргийн Энхсаран сувилалд их эмчээр ажилдаг байхад *** нь манай сувилалд талбай дээр явж байхаар нь уулзаж мөнгөө нэхэж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал)
6. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл П.***оос хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 13 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 43, 44 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 41 дэх тал), Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 56-58 дахь тал) зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах,
1.2. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.
Тодруулбал, Шүүгдэгч Ж.*** нь бага боловсролтой буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүдэгч Ж.***ийг түүнд холбогдох хэргийн шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцуулахаар хуульчилсан боловч шүүгдэгч Ж.*** нь мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би уншиж, бичиж чадна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 132 дахь) болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээрээ тэрээр монгол хэл, бичиг мэддэг, уншиж бичих чадвартайгаа илэрхийлсэн байх тул шүүх хуралдааныг шүүгдэгч өмгөөлөгчгүйгээр үргэлжлүүлэх боломжтой гэж шүүх үзсэн болохыг дурдав.
1.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Ж.*** нь Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энх-Саран” сувилалд эмчлүүлж байхдаа буюу 2019 оны 04 дүгээр сард “Оюу толгой” компанид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар, хуурч “Энх-Саран” сувилалд эмчлүүлж байсан хохирогч П.***аас 50,000 төгрөг, П.***ээс 200,000 төгрөг, П.***оос 400,000 төгрөгийг тус тус залилан авч нийт 650,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч П.***, П.***, П.*** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хоёр. Эрх зүйн дүгнэлт.
2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь объектив шинж буюу үйлдлийн аргын хувьд бусдыг хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдгаараа бусад өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс ялгагддаг онцлогтой төдийгүй, гэм буруугийн санаатай, хэлбэртэй, шунахай сэдэлттэйгээр үйлдэгддэг нь тус гэмт хэргийн үндсэн шинж юм.
Тодруулбал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргүүд нь гэмт этгээд бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг хэрхэн хууль бусаар хохирогчоос шилжүүлэн өөрийн захиран зарцуулах эрхэд авч байгаа аргаас хамааран хулгайлах, дээрэмдэх, залилах, завших болон бусад гэмт хэргүүд болж ялган зүйлчлэгддэг.
2.3. Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
2.4. Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцдог.
2.5. Шүүгдэгч Ж.*** нь 2019 оны 04 дүгээр сард “Оюу толгой” компанид ажилд оруулж өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “Энх-Саран” сувилалд эмчлүүлж байсан П.***ийн 50,000 төгрөг, П.***ийн 200,000 төгрөг, П.***ийн 400,000 төгрөгийг залилан нийт 650,000 төгрөгийн хохирол учруулж залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.
3.2. Гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч П.***т 50,000 төгрөг, П.***т 200,000 төгрөг, П.***т 400,000 төгрөгийн хохирол тус тус учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.***эс 650,000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.***т 50,000 төгрөг, хохирогч П.***т 200,000 төгрөг, хохирогч П.***т 400,000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт “...600,000...” төгрөгийг төлсөн гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдав.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Ж.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
4.3. Түүнчлэн шүүгдэгч Ж.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
4.4. Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Ж.***ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***д 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 1 сар 21 хоногийг хасаж, нийт 4 сар 9 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар тогтоож, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна...” гэсэн саналыг гаргаж,
Шүүгдэгчээс “...Би эмнэлэгт үзүүлэхээр Дундговь аймаг, Улаанбаатар хот хоёрын хооронд явдаг. Өөрөөр ийш тийшээ явах шалтгаан байхгүй...” гэв.
Шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирлын хэмжээ /хохирогч нарт нийт 650,000 төгрөгийн хохирол учруулсан/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзлээ.
Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Ж.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шүүх шийдвэрлэлээ.
Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/*** дугаар тогтоолоор шүүгдэгч Ж.***ийг 9,600,000 төгрөгийн торгох ял оноосон бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 3/1845 алба бичиг[1]-т “...ялтан Ж.*** нь торгох ялаас төлөлт хийгээгүй бөгөөд хуулийн хугацаа дуусгавар болсон байна...” гэж дурджээ.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ял биелүүлэхийг шүүгдэгч Ж.*** нь зөрчсөний улмаар ял сольсон болон энэ талаар хэрэгт баримт ирүүлээгүй байх тул оногдуулсан торгох ял, энэ тогтоолоор оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
5.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*** нь 51 (тавин нэг) хоногийн хугацаагаар цагдан хоригдсоныг түүний цагдан хоригдсон нэг хоногийг зөрчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
5.3. Шүүгдэгч Ж.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Харчууд овогт Жамц ***ийг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.***ийг Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг 06 (зургаа) сарын хугацаагаар хориглож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.***д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/*** дугаар тогтоолоор оногдуулсан торгох ялыг тус тусад нь эдлүүлэх болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.***ийн цагдан хоригдсон 51 (тавин нэг) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.***эс 650,000 төгрөгийг гаргуулж, хохирогч П.***т 50,000 төгрөг, хохирогч П.***т 200,000 төгрөг, хохирогч П.***т 400,000 төгрөгийг тус тус олгосугай.
8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ж.***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Ж.***д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БУЛГАНТАМИР
[1] Хавтаст хэргийн 118 дахь тал,