Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 156/шш2020/00741

 

156/ШШ2020/00741

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00694/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах, ХХҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Мөрөн сумын 2 дугаар багт оршин суух, С.Н-д холбогдох зээл, зээлийн хүү, нийт 2,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П, хариуцагч С.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГболон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.П нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н нь Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгт хамрагдан 2017 оны 6 сарын 27-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 4,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, хүүгүй, барьцаагүй эргэн төлөлттэй 2019 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлүүлсэн. Тэрээр зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч С.Н зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Манай байгууллагын зүгээс С.Нод зээлээ төлөхийг удаа дараа сануулж хэлсэн боловч өнөөдөрийг хүртэл төлөөгүй. Хариуцагчийн зүгээс уг зээлийг 2020 оны 12 сар, 2021 оны 1 сард төлөх саналыг гаргасан ч бид зөвшөөрөөгүй байгаа учраас шүүхэд хандсан. Учир нь энэ төлбөрийг 2020 ондоо багтааж төлүүлэх хүсэлтэй байна гэв.

Хариуцагч С.Н шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын гаргасан нэхэмжлэлийг гардаж авлаа. Нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгийг, 2021 оны 1 сарын 20-ны өдөр 1,250,000 төгрөгийг төлөх саналыг бичгээр өгсөн. Одоо нэхэмжилж байгаа 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа 2020 оны 12 сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах боломжтой гэв.  

Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ХХҮГнь хариуцагч С.Ноос зээлийн төлбөр 2,500,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хариуцагч С.Н нарын хооронд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 58 дугаартай Малчин өрхийг малжуулах гэрээ байгуулагдан, талууд гарын үсэг зурж, тус гэрээний дагуу 4,000,000 төгрөгийг хариуцагч С.Н хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаартай Малчин өрхийг малжуулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ﴾хх-ийн 4-5 тал﴿, эргэн төлөлтийн хуваарийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар ﴾хх-ийн 6 тал﴿, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд зохигчдын хооронд Иргэн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан харилцаа үүссэн байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Дээрх хуулийн заалтаар зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй байх тул нэхэмжлэгч ХХҮГнь хариуцагч С.Ноос зээлийн төлбөр 2,500,000 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч С.Н нь нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй ба харин тэрээр төлбөрийг 2020 ондоо багтаан төлж чадахгүй гэсэн тайлбарыг бичгээр гаргасныг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөөгүй байна. Талуудын төлбөр төлөх хугацааг тохиролцох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зөвхөн хэргийн оролцогчдын эдлэх эрх бөгөөд шүүхэд талуудын төлбөр төлөх хуваарь, хугацааг тогтоох эрх хэмжээ олгогдоогүй болно.

Иймд 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 58 тоот Малчин өрхийг малжуулах гэрээний дагуу 2,500,000 төгрөгийг хариуцагч С.Ноос гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Ноос зээлийн гэрээний үлдэгдэл 2,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст олгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас 2,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 54,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА