2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/993

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэлийн Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Тэгшбаяр,

иргэдийн төлөөлөгч М.***,

шинжээч Н.Энхцолмон,

гэрч Э.***,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***, түүний өмгөөлөгч Б.***, А.***,

шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч Р.***, Х.*** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн *** дугаар хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 09 дүгээр сарын 16-ны өдөр *** аймгийн *** *** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, соёлын ажилтан, хөгжимчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт *** дүүргийн *** дүгээр хороо, *** тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх.

*** овгийн ын *** (РД:***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.*** нь 2024 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй зочид буудлын В-1 давхарт байрлах “***” нэртэй караокены үүдэнд амь хохирогч Б.***ын “тамхи асааж өгсөнгүй” гэсэн үгэнд дургүйцэн улмаар түүнтэй маргалдан хэвлий, цээж, гар, суган тус газар хутгаар хэд хэдэн удаа хутгалж олон тооны шарх, гэмтэл үүсгэн амь насыг онц харгис хэрцгийгээр хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн *** дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэргийн оролцогч нарын дурдсан болон бусад нотлох баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Г.***н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өглөө гэрээсээ эхнэрийн хамт гараад Ганданд байх Ардын хоршоо гэх дэлгүүрээс хүүхдүүдийн сургуулийн хувцас бэлдээд гэртээ хүнсний зориулалттай хутга аваад найз ***ын гэрт очсон. *** орой ажлаа тарж ирээд дэлгүүрээс 1 шил архи 8 лааз пиво авч уусан. Би өөрөө дуулах сонирхолтой тул тэр нарыг явахгүй болохоор нь ганцаараа явсан. Тэнд очоод амь хохирогчтой маргалдсан. Эхлээд надаас гал байна уу гэхэд нь гал байна гэхэд миний тамхийг асаагаад өг, би өөрөө тамхиа асааж үзээгүй, эр эмгүй надад бөхөлздөг чи миний тамхийг асааж өгсөнгүй гэж хэлсэн. Тэгээд би чадахгүй гэж хэлээд маргалдаад караокены хажуугийн дэлгүүрт дуудаад архи нэхсэн. Нэг залуу намайг салгаад явуулсан. Би ***ын гэрт буцаж очоод дэлгүүрээс авсан гялгар ууттай зүйл дотор хутга байхаар нь айлын хүүхдүүд хуруу гараа эсгэх вий гэж санаа зовоод хутгаа халаасанд хийгээд, гадаа гарч тамхи татаж байгаад одоо хүмүүс явсан байх гэж бодоод буцаад караоке орж дуулах гэж буцаж очсон. Тэгэхэд амь хохирогч яваагүй байсан. Чи яах гэж энэ хавиар эргэлдээд байгаа юм би чамайг гишгэх газаргүй болгоно, чамайг яаж чадна, би 83 оноос хойш энд байлаа гээд маргалдаж байгаад би ийм үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн “...Би ганцаараа Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** нэртэй зочид буудлын В-1 давхарт байрлах караоке орсон. Би тухайн караокегоор өмнө 7-8 удаа орж үйлчлүүлж байсан бөгөөд караокены эзэн гэх эрэгтэй ахыг таньдаг юм. Би караоке орчоод буцаад караокеноос 5 орчим минут болоод гарсан. Би караокены гадаа гарахад надаас ах 40 орчим насны, махлаг, бордуу царайтай, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнтэй караокены гадна талын шатан дээр таарсан тухайн хүн шатан дээр зогсож байсан. Намайг караокеноос гарч байхад тухайн ах надаас гал байна уу? Гэсэн бөгөөд би гал байна гээд галаа өгсөн чинь тухайн хүн надад би тамхиа өөрөө асааж үзээгүй миний тамхийг асааж өг гэж надад хэлсэн бөгөөд би тухайн хүнд чадахгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь чи намайг бичилд таних уу? Бичлийн ганц атаманаа танихгүй байна уу? Гэж хэлээд караокены гадна шатан дээр миний хоолойг гараараа боогоод миний нүүр, толгой хэсэг рүү 4-5 удаа алгадсан мөн 2 удаа элэгдээд бусад хүмүүс надад бөхөлзөөд явдаг гэж хэлсэн. Шатны доор зогсож байсан өндөр залуу шатаар гарч байхдаа бид хоёрыг боль гээд салгасан. Би тухайн хүнээс салаад буцаад найз ***ын гэр рүү очиж амаръя гэж бодоод явж байсан. Манай найзын гэр тухайн караокеноос 2-3 минут орчим алхаад очихоор зайтай байдаг. Би найзын гэрт ороод ойролцоогоор 20 орчим минут болсон найзын гэрийн гадна хашааны болон Монгол гэрийн хаалга түгжээгүй онгорхой байсан. Намайг гэрт ороход манай найз, эхнэрийн хамт болон манай эхнэр бүгд унтаж амарч байсан. Би гэр дотор сандал дээр сууж байхад эхнэр бид хоёрын дэлгүүрээс худалдан авсан ууттай бараанууд газар миний сууж байсан сандлын хажууд байсан уутны хамгийн дээд хэсэгт "Ардын хоршоо” дэлгүүрээс худалдан авсан бариултайгаа нийлээд 20 орчим см хэмжээтэй хутга дээр нь байхаар нь би тэрийг аваад шортны баруун талын халаасандаа хийгээд гэрийн гадаа тамхи татчихаад тухайн караокены гадна маргалдсан ахад уур хүрсэн байсан бөгөөд караоке орж пиво уухаар тухайн караоке ороод удаагүй гарсан бөгөөд караокены гадна маргалдсан ахтай тааралдсан бөгөөд намайг хараад нөгөө муу бацаан байна шүү дээ гэж хэлээд караокены гадна зайтай байхад намайг 2-3 удаа алгадсан бөгөөд би уурандаа шортны баруун талын халаасанд байсан жижиг хутгаар тухайн ахын хэвлий тус газарт нь хутгалсан би хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна. Тухайн ах хутгалуулаад буцаад караоке руу орох шиг болсон. Би хөндлөн зам гараад найзын гэрт буцаж очоод гэрт нь унтсан /хэдэн цагт найз ***ын гэрт орсноо санахгүй байна/ 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 08 цаг өнгөрч байхад эхнэрийн хамт гараад явж байгаад 3 цагдаатай тааралдаад баригдаад Баянгол дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст ирсэн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дахь тал),

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардал, зан үйлийн зардал нэхэмжилж байна... найзынх нь хүүхдүүд хуруу гараа эсгэх вий гэж санаа зовоод авсан гэж байна. Гэтэл манай аавыг олон удаа хутгалж байхдаа өвдөх вий гэж бодоогүй юу? Манай аавыг хутгалчхаад яагаад найзынхаа гэрт очсон бэ? яагаад цагдаа, түргэн дуудаагүй вэ? яагаад хэргээ хүлээгээгүй вэ? Шүүгдэгчийн өмгөөлөгч нар нас барсан хугацаа нь хурдан байсан өвдөөгүй мэт ярьж байна. Зүү хатгах төдийд ямар их өвддөг билээ. Олон удаа хутгалуулсан байхад яагаад өвдөөгүй мэт ярьж байгаа юм бэ? Тэр чинь өвдөлт, зовуурь, шаналал мөн биз дээ. Үнэхээр гомдолтой байна...яагаад тохиолдлын шинжтэй гэж хэлээд байгаа юм бэ? Шүүгдэгчид сонголт байсан. Эхний удаа уулзаад гэртээ хариад унтаж болох байсан. Тэгээд маргалдсан бол ядаж та цагдаа дуудаад өгч болох байсан. Үүдэнд нь хүлээж зогсож байгаад хутгалж алсан. Өөрөө цагдаа дээр очоод гэм буруугаа хүлээсэн юм биш. Хутгалчхаад гэртээ харьж унтаад маргааш нь ажилдаа явж байгаад цагдаад баригдаад явсан. Бид нараас уучлалт гуйсан ч гэсэн бид нарын хэлж байгааг үл тоосон юм шиг, гэмшсэн юм шиг ерөөсөө харагдаагүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн бүүр нэг хараа дээгүүр, ерөөсөө гэмшсэн юм шиг харагдаагүй. Анх гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулна төлнө гээд удаа дараа худлаа яриад байгаа чинь бид нарыг доромжилж, үл тоож байгаа юм шиг санагдаж байна. Бид нар ч гэсэн ар гэрийн асуудалтай, ар гэрийн гачигдалтай, нялх нойтон хүүхэдтэй, манай хүүхэд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй үлдэж байгаа. Үнэхээр гомдолтой байна. Байж болох дээд хэмжээгээр нь ял оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Талийгаач бид хоёр 1998 онд Улаанбаатар хотод Ноолуурын үйлдвэрийн газарт хамт ажиллаж байхдаа анх танилцаад 2000 он хүртэл үерхээд, уг хугацаанд хадам ээжийн гэрт амьдардаг байсан. 2000 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэр бүлээ албан ёсоор батлуулж байсан... бараг жилийн дараа ууган хүүхэд болох *** /23 настай/-г 2001 оны 03 дугаар сарын 02-ны өдөр өлгийдөн авсан, дараагаар нь 2006 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүү Анар-Эрдэнэ /18 настай/ 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин Хулан-Эрдэнэ /12 настай/ нар маань хорвоод мэндэлсэн...талийгаач нөхөр маань ажлын 5 хоногийн өдрийн цагаар хүүхдүүдээ харна, Хад-Эрдэнийгээ эмнэлгээр авч явдаг байсан. Муу зуршил гэх юм бол тамхи татдаг, хааяа даа архи, дарс хэрэглэдэг юм. Анх 2000 онд гэр бүл болоход архи дарс ихээр уудаг байж байгаад 2011 онд охин Хулан-Эрдэнэ төрсөн цагаас хойш 2023 он хүртэл огт архи уухгүй байж байгаад 2023 оны 3 сараас ганц нэг архи уух болсон. 2023 оноос дахин архи ууж эхэлсэн ч нэг их байнгын биш, хааяа ганц нэг удаа удаа уудаг болсон. Архи уухаараа огцом, ширүүн ааштай, надад ч гар хүрдэг хүн байсан. Одоо хугацааг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч гэсэн талийгаач нөхөр маань хүмүүстэй зодоон хийгээд цагдаагийн байгууллагад шалгагдаж...шоронд сууж байсан. Манайх гэр хороололд амьдардаг болохоор талийгаач худгаас гэрт ус авчирч өгчхөөд гарчхаад ирье гээд охин ***ын машинтай гарч явсан. Түүнийг явсны дараа 17 цаг 05 минутад түүний 89898926 дугаарын утас руу өөрийнхөө...дугаарын утаснаас залгаж ярихад Соёлоо /эрэгтэй найз/-ийн гэрт байна, кино үзэж байна, одоо ингэс гээд очлоо гэсэн. Тэрнээс хойш ирэхгүй байхаар нь 18:29 цагт дахин залгаад хаана байгааг нь асуухад хэлээгүй, ямар ч гэсэн архи уусан бололтой байсан, түүнээс би “хаана байгаа юм бэ” гэхэд утсаа шууд салгасан. Тэрнээс хойш залгасан боловч утсаа аваагүй...нөхрийн маань амийг хөнөөсөн хүнийг хурдан шуурхай олж тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэж өгнө үү. Би их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дэх тал),

4. Гэрч Э.***ын “...Би Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын В-1 давхрын “***” нэртэй нийтийн болон “VIP” өрөөтэй караокены захирлаар ажилладаг. Би тухайн караокег 2020 оны 08 дугаар сард худалдаж аваад өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм. Караокены үйл ажиллагааг эхнэр, хүүхдийн хамт ажиллуулдаг... Би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 16 цагийн орчимд БГД-ийн *** тоот гэртэй унтаж амарч байхад миний *** дугаарын утас руу манай ажлын замын урд талд байдаг “Байгаль” нэртэй үсчний газарт бариа заслын ажил хийдэг *** гэдэг эмэгтэй *** дугаарын утсаар залгасан байсныг манай эхнэр Адилжаргал намайг унтаж байхад утсыг аваад ярихад *** гэх эмэгтэй миний найз караокегоо нээгээч жоохон суух гэсэн юм гэж залгаад хэлсэн байсан. Тэгээд эхнэр намайг сэрээгээд би хоолоо идчихээд эхнэрийн хамт 18 цаг 50 минутад *** гэх эмэгтэй рүү залгаад би караоке дээрээ ирчихлээ гэж хэлэхэд *** би танай караокены үүдэнд сууж байна гэж хэлэхээр нь би караокены үүдэнд очиход *** гэх эмэгтэй хутгалуулж нас барсан 48-50 орчим насны, эрэгтэй *** гэх 2023 оны 05-06 сарын үед манай караокегоор орж ирж үйлчлүүлж байсан. Надад Баянгол дүүргийн хот тохижилтын газарт шанагтай трактор барьдаг ажил хийдэг талаараа хэлж байсан зүс таних эрэгтэй хүний хамт манай караокены гадна шатан дээр сууж байсан. Эхнэр Адилжаргал, охин Хонгорзул /22 настай эмэгтэй/ нар нь караокегоо нээсэн би гадаа хогоо цэвэрлэсэн, ***, *** гэх эрэгтэй хүний хамт караокед орж нийтийн зааланд 1 дугаартай ширээн дээр суугаад манайхаар үйлчлүүлж нийт “Сass” нэртэй пиво 8 ширхгийг аваад тэр хоёр 4, 4 ширхгээр нь уугаад дуулж суусан... ***, *** гэх хүмүүс 1 цаг орчим сууж үйлчлүүлж байхад 50 гаран насны эмэгтэй хүн ирээд ***, *** гэх хүнтэй хамт суугаад эгч өөрөө манай караокеноос 100 граммын архи авч уугаад дуу дуулсан. *** гэх эмэгтэй 1 цаг орчмын дараа гэртэй харилаа гээд тооцоогоо хагас дутуу хийгээд дараа өгье гээд 20-21 цагийн үед гараад явсан. *** явахын өмнө эсхүл *** байсан үед эсэхийг би санахгүй байна камер харж мэднэ. Намайг текний ард ажлаа хийж байхад өмнө манай караокегоор 1 жил гаруйн өмнөөс хааяа орж ирж үйлчлүүлж байсан үйлчлүүлсэн хугацаа нь 3-4 сарын зайтай 4 удаа үйлчлүүлсэн. *** гэх 35 орчим насны эрэгтэй хүн ганцаараа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд ахаа та надад 05 граммын архи зээлээч гэж гуйхаар нь *** гэх хүн өмнө 2023 оны 01 сард манайхаар үйлчлүүлээд зээл тавьсан өрөө өгөөгүй байсан тул би өмнөх өрөө өгөөгүй болохоор ах нь одоо дүүдээ зээл өгөхгүй гэж хэлэхэд *** гэх залуу за гээд гараад явсан. Тэрний дараа *** нийлээн удаж байгаад би явлаа гэж надад хэлээд гараад явсан. Тэгээд 50 орчим насны эмэгтэй үлдээд ганцаараа дуулсан. Би *** гэх хүнийг гарсны дараа 23 цаг 15 минутын үед манай караокены 2 дугаартай ширээн дээр үйлчлүүлж байсан эрэгтэй хүнтэй хамт тамхи гадаа татсан. Тамхи татаж байхад цаана барилгын материалын дэлгүүрийн урд талаас  манай караокены зүг рүү *** ганцаараа алхаж ирж байгаа нь харагдсан бөгөөд би татаж байсан тамхиа хаяад караоке руу орсон 50 орчим насны эмэгтэй текин дээр зогсож байсан тул тамхиа дутуу татаад караоке руу орсон 50 орчим насны эгч баярлалаа гээд гараад явсан. Тэрний дараа надтай тамхи татаж байсан дүү өөрийн 2 дугаартай ширээн дээрээ суугаад үлдэгдэл пиво уугаад явах гэж байсан. *** манай караоке руу буцаад ганцаараа ороод ирсэн бөгөөд өөрийн сууж байсан 1 дугаартай ширээн дээр хэсэг сууж байгаад “би эргэж орж ирнэ” гээд гараад явсан. Тэрний дараа 2-3 минут орчмын дараа намайг таке дээр заал руу хараад сууж байхад миний зүүн мөрөн дээр нойтон гараар миний зүүн гарын булчин дээрээс нэг хүн атгасан бөгөөд би эргээд харахад *** гэх залуу гар нь цус болсон “би хутгалуулчихлаа” гэж надад хэлсэн караокены дотор шалан дээр цусаа дуслуулан орж ирсэн байсан. ***гийн гэдэснээс нь цус гарсан фудволк нь гэдэс хэсэгтээ цус болсон байсан. Би ***г хөтлөөд ямар хүн, яагаад хутгалуулсан юм гээд хутгалсан хүнийг нь барихаар хамт гарсан бөгөөд *** надтай хамт караокеноос гарсан гадаа хутгалсан хүн нь байхгүй байсан. *** гадаа караокены шатан дээр суугаад дээшээ хараад хэвтээд нүдээрээ харсан байдалтай хэвтэж байсан би хутгалуулсан болохоор нь олон юм асуугаагүй бөгөөд хамт тамхи татсан залуу араас мөн гарч ирсэн. Би 102 руу цагдаа руу 23 цаг 25 минутад хутгалуулсан хүн байна гэж дуудлага өгсөн. Тэрний дараа шууд 103 руу дуудлага өгсөн. Би анхны тусламж үзүүлж *** гэх хүнийг гэдэс орчимдоо хутгалуулсан байхыг хараад цусыг нь тогтоохоор гараараа цусыг нь дараад анхны тусламж үзүүлж эмнэлэг ирэх хүртэл дарсан. Цагдаа хурдан ирсэн бөгөөд *** хүчтэй амьсгалж байсан. Тэгээд эмнэлэг дараа нь ирээд үзэхэд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн... Тэгээд цагдаа нарын хамт караокены гадна талын хяналтын камерыг шүүж үзэхэд *** гэх эрэгтэй хүнийг хутгалсан хүн нь манай караокед орж ирж архи зээлээч гэж гуйсан манай караокегоор өмнө үйлчлүүлж байсан. *** гэх 35 орчим насны хар фудволк, шаргал өнгийн шорт өмссөн залуу нь караокены гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд *** гэх залуугийн гэдэс хэсэг рүү нь 3 удаа хутгалж байгаа бичлэг байсан... Бичлэгт *** нь хутгалуулсны дараа манай караоке руу гүйж орж байсан. *** гэх залуу нь хутгалсны дараа зам хөндлөн гарч гүйж зугтааж байгаа бичлэг байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал),

5. Гэрч Ж.***гийн “...Тэгээд би тамхи татах зорилгоор 23 цаг өнгөрч байх үед ганцаараа гараад тамхи татаад зогсож байсан чинь дотор сууж байсан залуу 30 гаран насны хар өнгөтэй футболктой 170 см орчим өндөртэй залуутай цуг маргалдаж байгаа бололтой ам зөрж байгаа юм шиг байсан. Тэгэхээр нь би нээх тоолгүй караоке руу буцаж ороод 00 ороод дараа нь өөрийн ширээн дээр байсан үлдэгдэл пиво уугаад гарах гэж байсан чинь гарах үүдний коридор дээр цус болсон, караокены үйлчлэгч ах “Хүн хутгалуулсан байна” гэж надад хэлсэн. Хутгалсан гэх залуу нь байхгүй, хутгалуулсан залуу нь үүдэнд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 143 дахь тал),

6. Гэрч М.***ын “...Би Нийслэлийн түргэн тусламжийн төвд дуудлагын эмч албан тушаал дээр ажилладаг... Би 2017 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна... 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *** дугаарын утаснаас 23 цаг 26 минутад түргэн тусламжийн 103 тусгай дугаарт Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах" *** зочид буудлын гадна хутгалуулсан хүн байна" гэх утгатай дуудлага 23 цаг 26 минутад ирсэн. Тухайн дуудлага мэдээллийг надад 103-ын зохицуулагчаас 23 цаг 43 минутад шилжүүлсэн тухайн дуудлага мэдээлэл надад ирсэн үед би Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Багшийн дээдийн ойролцоо өөр дуудлага руу явж байгаад тухайн дуудлагыг үлдээгээд өөр хүн эмч рүү явж байсан дуудлагаа шилжүүлээд шууд тухайн хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл рүү явсан. Тухайн дуудлага өгсөн газрын ойролцоо дуудлагад явж байсан 103-ын эмч нь өөр хүн үзээд үзсэн хүнээ эмнэлэг рүү хүргэж өгөхөөр явсан байсан тул над руу тухайн дуудлагыг шилжүүлсэн байсан. Тухайн дуудлага дээр би 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 23 цаг 53 минутад очсон бөгөөд очиход *** зочид буудлын гадна В-1 давхарт байрлах караокены гадна доошоо В-1 давхар руу буудаг шатны дээр дээшээ харсан байдалтай 45 орчим насны эрэгтэй намайг очиход нас барсан байсан. Тухайн хүнд үзлэг хийхэд илэрхий нас барсан байсан тул хөдөлгөөгүй хэвлийн урд хэсэгт 3 удаа хутгалуулсан шархтай байсан өөр гэмтэл шарх учирсныг хөдөлгөж хараагүй тул мэдэхгүй байна” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145 дахь тал),

7. Гэрч Б.******ын “...2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн орчимд “***” зочид буудлын хойд талын *** хүнсний дэлгүүр орох гээд явж байхад Б.*** цагаан өнгийн...машин дотроос “***аа” гээд дуудсан...машинаас бууж ирээд “Чи орой завтай юу” гэхээр нь “завтай яах гэж байгаа юм” гэхэд “Орой *** караокед таарах уу” гэхээр нь...ажлаа амжуулаад эргээд уулзъя гэж хэлээд явсан...Удалгүй караоке ажиллуулдаг ***, эхнэр Адилцэцэгийн хамт ирээд онгойлгож өгөөд хамт орсон. Нийтийн караоке учраас хаалгаар ороод зүүн талын ширээн дээр хоёулаа суугаад 4 ширхэг лаазтай Касс нэртэй пиво би авсан. Уугаад сууж байтал өмнө 89 дүгээр цэцэрлэгт 2017 онд хамт ажиллаж байсан *** над руу утсаар залгаад хаана байна найз гэхээр нь би хуучин таац нэртэй одоогийн нэр *** нэртэй караокед сууж байна гэсэн. Тэр үед ууж байсан пиво дуусаад *** 4 ширхэг лаазтай пиво нэмж аваад дуу дуулаад сууж байхад цаг 22 цаг өнгөрч байсан. Тэгэхэд *** багш орж ирсэн. Тэгээд манай ширээн дээр ирж суугаад 100 грамм ногоон Экс нэртэй архи захиалж авсан. Бид гурав хамт ууж дуулж сууж байгаад би тэр хоёрт явлаа гэдгээ хэлэлгүй түрүүлээд гараад явсан. *** ***тай хамт үлдсэн. Би гадаа гараад такси зогсохгүй байхаар нь Батбуян гэдэг танил ахыгаа утсаар дуудаад гэр руугаа хүргүүлсэн... Биед ил харагдах гэмтэл шарх байхгүй зөв зүгээр байсан хөдөө явж ирлээ гэж хэлж байсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-149 дэх тал),

8. Гэрч ***гийн “...Би  2007 онд Баянгол дүүргийн 22 дугаар хороо Зүүн Наран 18-148 тоотод хүргэн болж ирсэн тэр үед танилцсан. Ер нь бол надтай дотно найз байсан. Танилцаад удаагүй байхад Б.*** архи уухаа больсон байсан. Байшин үйлдвэрлэх комбинатад ажиллаж байгаад яагаад ч юм ажиллахаа байсан. Тэрнээс хойш хувиараа янз бүрийн ажил хийдэг байсан. Өчигдөр өглөө би гар утсаа ломбардад 300.000 төгрөгөөр тавиад найз Гэрэлчулууны гэрт үүрээр 04 цагийн үед очсон. Тэгээд түүний эхнэр ***, хашааны эзэн Батаа, түний эхнэр бид тав гурван шил архи уусан. Би согтоод орой 22 цагийн орчимд санаж байна Гэрэлчулууны гэрээс гараад явж байх даа танихгүй хүний утас гуйж найз Б.***ын 89898926 дугаар залгаж ярихад найз нь *** караокед байна хүрээд ир гэсэн. Тэгээд алхаад яваад очсон чинь караокены үүдэн дээр Б.*** дээшээ хараад хэвтсэн цагдаа нар ирсэн байсан. Тэгээд надаас “энэ хүнийг таних уу” гэж нэг цагдаа асуусан тэгэхээр нь би дотно найз нь байна гэж хэлсэн чинь намайг цагдаагийн машинд суулгаад хэлтэс дээр авч ирсэн. Б.*** нь дээшээ хараад хэвтэж байсан цагаан өнгийн футболк нь цус болсон харагдаж байсан. Тэгээд би найз минь хэн нэгэн хүнд хутгалуулсан юм байна гэж бодсон.......” гэх мэдүүлэг (1дүгээр хавтаст хэргийн 152-153 дахь тал)

9. Гэрч Н.***ын “Манай найз *** 2024 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Баруун ард аюушийн 1-16 тоот хаяг буюу манай гэрт эхнэр Аззаяагийн хамт ирчихсэн байсан. Намайг ажлаа тараад гэртээ ирэхэд тэр хоёр ирчихсэн байсан. Тэгээд ***, Аззаяа, бид нар дэлгүүрээс “Агар” нэртэй архи 0,75 литрийн архи нэг ширхэг, “Сэнгүр” нэртэй лаазтай пиво 8 ширхэг болон ундаа чихэр аваад манай гэрт хувааж уусан. Тэгээд бид нар хамт найрлаж сууж байгаад орой болчихсон цагийг нь сайн санахгүй байна, би тасраад түрүүлээд унтчихсан байсан. Тэгээд юу болсныг мэдэхгүй өглөө сэрэхэд манай найз *** эхнэрийн хамт ажилтай явлаа гээд явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 155-156 дахь тал),

10. Гэрч Д.***гийн “...Шөнө цагийг нь мэдэхгүй байна, намайг унтаж байхад гэрийн хаалга онгойгоод харахад *** гаднаас орж ирж байсан бөгөөд би ***г орж ирж байна гэж бодоод буцаад унтаад өгсөн бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 12-ны өглөө 09-10 цагийн үед ажилдаа явлаа гээд манай гэрээс хамт гараад явсан” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 158 дахь тал),

11. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн “...Хүн хутгалуулсан байна...” гэх лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал),

12. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 21-29 дэх тал),

13. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 30-35 дахь тал),

14. Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** нэртэй караокены үүд хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагаан цамцтай, саарал өмдтэй залуу нь хар футволк, саарал шорт, улаан пүүзтэй эрэгтэй муудалцаж буй дүрс бичлэг тоглуулагдах ба тухайн хар футволк, саарал шорт, улаан пүүзтэй эрэгтэй шортны баруун халааснаас ямар нэгэн зүйлээр гэмтээж буй мэт зүйл харагдав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 38-44 дэх тал),

15. Амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг нотолсон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (1 дүгээр хавтаст хэргийн 48-54 дэх тал),

16. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд  (1 дүгээр хавтаст хэргийн 55-59 дэх тал),

17. Мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн “...амь хохирогчийг хутгалж амь насыг хохироосон *** гэх хүн нь 2 дугаараар дугаарласан хүн мөн байна. Би хараад шууд таньж байна. Би тухайн залууг нүүрний гадна төрх, нүдний харцаар нь таньж байна” гэх таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг нотолсон гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 61-63 дахь тал),

18. Амь хохирогч Б.*** болон яллагдагч Г.*** нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 66-86 дахь тал),

19. Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** нэртэй караокены гадна болон дотор талийг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 87-108 дахь тал)

20. Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 109-113 дахь тал)

21. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2783 дугаартай “Амь хохирогч Б.***ын цогцост цээжний зүүн талд хөндий рүү нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн (шарх-1), хэвлийн голоор хүйсээс дээш 6.5 см зайд хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэсний цутгалан хэсгийн чацархай, нарийн гэдсийг бүрэн бус тасалсан (шарх-2), хэвлийн баруун талд хүйсээс баруун дээш 5.5 см-т хэвлийн хөндийд нэвтэрч мухар гэдэсний чацархай хатгасан (шарх 3), баруун хавирганы нуман доор хэвлийн хөндий рүү нэвтэрсэн (шарх-4), зүүн бугалга (шарх-5), зүүн шууны дээд 1/3 (шарх-6), зүүн шууны доод 1/3 хэсгийн хатгагдсан шарх (шарх 7), гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ажлын хэсэг нь 12 см дээш урт, 0.5 см дээш өргөнтэй ир үзүүртэй зүйлийн 7-оос дээш удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар нас барахаас өмнө үүссэн байна. Шархны үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн хатгагдсан шархны улмаас нас баржээ. Шинжилгээгээ үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглээгүй байна. АВО системээр В||| бүлгийн цустай байна. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 02:47 минутын цогцсын үзлэгээр нас бараад 4-6 цаг болсон байна. Амь хохирогчид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломжгүй” гэх цогцост хийсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 166-171 дэх тал)

22. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 4638 дугаартай “...Хэргийн газрын үзлэгийн явцад хураан авсан амь хохирогчийн зүүж байсан гэх нүдний шил, гадна шатнаас цусны дээж гэж хаяглан ирүүлсэн бинт дээр цус илэрсэн. Илэрсэн цус нь хүний цус байна. Нүдний шил дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Нүдний шил дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 4637 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ7198 дугаартай *** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 179-181 дэх тал),

23. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4682 дугаартай “Хар өнгийн “Yuitton V” гэсэн бичиглэлтэй футболка шаргал өнгийн шорт, улаан өнгийн хос пүүз, цагаан өнгийн хос оймсон дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Б.***ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Г.***н ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал),

24. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4637 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн цогцсын гадна үзлэгийн явцад хураан авсан амь хохирогчийн зүүж байсан гэх бөгж, футболкноос цусны дээж хаяглан ирүүлсэн бинт дээр цус илэрсэн. Илсэн цус нь хүний цус байна. Бөгж дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Бөгж дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ИБ7198 дугаартай *** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 197-199 дэх тал),

25. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 4683 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн объектууд дээрээс цус илэрсэн, биологийн бусад ул мөр илрээгүй. Объектууд дээрх цусны ДНХ-ийн тогтоц нь Б.***ын ДНХ-ийн тогтоцтой тохирч байна, Г.***н ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй байна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 205-206 дахь тал),

26. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 4639 дугаартай “...Баруун гарын дунд, ядам хурууны хумс, зүүн гарын долоовор хурууны хумс дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 4637 дугаартай дүгнэлтэд дурдсан ИБ7198  дугаартай *** гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 213-214 дэх тал),

27. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Ш.*** нь сэтгэцийн ямар нэгэн өвчихгүй байна. ...Хэргийн улмаас сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх баримт мэдээлэл үгүй байна.  ..Сэтгэцийн хөгжил нь өөрийн насны түвшинд байна. ...сэтгэцийн хувьд хоцрогдолтой гэх баримт мэдээлэл, шинж тэмдэг үгүй байна. Болсон явдалд дүгнэлт хийж үг яриагаар болон үйл хөдлөлөөр дүрслэн үзүүлэх чадвартай байна. Сэтгэцийн хувьд эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна” гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 5-6 дахь тал)

28. Шинжээч Н.Энхцолмон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Хүний биед үзлэг хийхдээ эхлээд гадна үзлэг хийгээд, дараа нь дотор эрхтнийг нээгээд цээжний хөндий рүү нэвтэрсэн 1, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн 1 гээд нийт 3 шарх байсан. Цээж хөндий рүү нэвтэрсэн шарх нь зүүн хөхний толгойноос гадагш 4 сантиметр зайнд, нэвтрэхдээ 6-7 дугаар хавирганы зүүн урдаас баруун хойш чиглэлтэй бага зэрэг ташсан байдалтай цээжний хөндий рүү нэвтэрч зүрхний зүүн талд үнхэлцэг хальсыг зүссэн шархтай, уг шархыг сэтгүүрдээд үзэхэд 10-12 см орчим цээжний хөндий рүү нэвтэрсэн байсан тул тухайн үйлдэгдээд байгаа багажийн ажлын хэсгийн урт 12-оос дээш см урттай ир үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж үзсэн. Амь хохирогчид учирсан шархны өргөн хэмжээс нь 0,5 см байсан тул ажлын хэсгийн зузааныг 0,5 см дээш өргөнтэй гэж үзсэн...хэрэв зүсэгдсэн шарх байсан бол хатгагдах явцад зүсэгдээд, нэвт гарсан шарх байсан бол цээж рүү хатгагдах явцад үүссэн байх боломжтой гэж үзэж болно. Гэтэл тус тусдаа хатгагдсан шархнууд байгаа учраас өөр өөрийн гэсэн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэж үзсэн...цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шархны улмаас дотуур цус алдаж нас барсан...” (шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг болно.

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой

Шүүгдэгч Г.***н Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (2 дугаар хавтаст хэргийн 09 дэх тал, иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал),  иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 11 дэх тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал) болон бусад баримт болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Г.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх байр суурьтайгаар хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***ын өмгөөлөгч Б.***: Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтайгаар хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 34-58, 1 дүгээр хавтаст хэргийн 166-177 дахь тал зэргийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***ын өмгөөлөгч А.***: Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах байр суурьтайгаар хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 34-58, 1 дүгээр хавтаст хэргийн 166-177 дахь тал зэргийг,

Шүүгдэгч Г.***н өмгөөлөгч Р.***: Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.***н хууль ёсны эрх ашгийг хамгаалан зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс Г.***, гэрч Ж.***гийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэргийг,

Шүүгдэгч Г.***н өмгөөлөгч Х.***: Шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд шүүгдэгч Г.***н хууль ёсны эрх ашгийг хамгаалан зүйлчлэл хөнгөрүүлэх байр суурьтайгаар хавтаст хэргээс Г.***н мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэг зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалж, мэтгэлцэж оролцсон болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Г.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнө 2300-0030 цагийн хооронд нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй зочид буудлын В-1 давхарт байрлах “***” нэртэй караокены үүдэнд амь хохирогч Б.***ыг “үл ялих зүйлээр” шалтаглан улмаар түүнтэй маргалдаж хэвлий, цээж, гар, суганы тус газар удаа дараа хутгалж олон тооны шарх, гэмтэл үүсгэн хүнийг онц харгис хэрцгийгээр алсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шуурхай удирдлагын тасгийн лавлагааны хуудас, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, түүнийг нотолсон гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, амь хохирогчийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  амь хохирогч Б.*** болон яллагдагч Г.*** нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.***ий мэдүүлэг, гэрч Э.***, Ж.***, Н.***, Д.***, М.***, Б.******, ***, шинжээч Н.Энхцолмон нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2783, 4638, 4682, 4637, 4683, 4639, Шүүх сэтгэц эмгэг судлалын сэтгэцийн дүгнэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдсон.

1.3. Тодруулбал, шүүгдэгч Г.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2024 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 2300 цагийн үед нийслэлийн Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “***” нэртэй зочид буудлын В-1 давхарт байрлах “***” караокены үүдэнд амь хохирогчтой маргалдсан,

улмаар шүүгдэгч Г.*** нь гэрч Н.***ын гэрт буюу Баянгол дүүргийн 11 дүгээр хороо Баруун Ард-Аюуш 1-16 тоотод очиж хутга авч, хэрэг учралын газарт буцаж очиж хохирогч Б.***ыг удаа дараа хутгалж, алсан хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдлоо.

 

 

Хоёр. Эрх зүйн дүгнэлт.

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг 1948 оны НҮБ-ын “Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын гуравдугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт-ын зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж тус тус тунхаглаж хүний амьд явах эрхийг баталгаажуулсан байна.

Улмаар эрүүгийн эрх зүйн онол, жишиг ойлголтод хүнийг алах гэмт хэргийн тухайд гэмт этгээд хохирогчийн амь насыг хөнөөх зорилгоор гэмт үйлдэл хийж, гэмт санаа зорилгоо хэрэгжүүлж, хүссэн хохирлыг буюу хохирогч нас барснаар энэ гэмт хэрэг төгссөнд тооцдог.

Тодруулбал, шүүгдэгч Г.*** нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар амь хохирогчийн биед халдсан үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон нөхцөл байдал тогтоогдох бөгөөд шалтгаант холбоотой.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох бөгөөд уг гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг тус тус хамааруулж ойлгоно.

Тухайлбал, шүүгдэгч Г.***н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би найзын гэрт ороод ойролцоогоор 20 орчим минут болсон найзын гэрийн гадна хашааны болон Монгол гэрийн хаалга түгжээгүй онгорхой байсан. Намайг гэрт ороход манай найз, эхнэрийн хамт болон манай эхнэр бүгд унтаж амарч байсан. Би гэр дотор сандал дээр сууж байхад эхнэр бид хоёрын дэлгүүрээс худалдан авсан ууттай бараанууд газар миний сууж байсан сандлын хажууд байсан уутны хамгийн дээд хэсэгт "Ардын хоршоо” дэлгүүрээс худалдан авсан бариултайгаа нийлээд 20 орчим см хэмжээтэй хутга дээр нь байхаар нь би тэрийг аваад шортны баруун талын халаасандаа хийгээд гэрийн гадаа тамхи татчихаад тухайн караокены гадна маргалдсан ахад уур хүрсэн байсан бөгөөд караоке орж пиво уухаар тухайн караоке ороод удаагүй гарсан бөгөөд караокены гадна маргалдсан ахтай тааралдсан бөгөөд намайг хараад нөгөө муу бацаан байна шүү дээ гэж хэлээд караокены гадна зайтай байхад намайг 2-3 удаа алгадсан бөгөөд би уурандаа шортны баруун талын халаасанд байсан жижиг хутгаар тухайн ахын хэвлий тус газарт нь хутгалсан би хэдэн удаа хутгалсан гэдгээ санахгүй байна...” гэсэн мэдүүлэг[1],

Гэрч Э.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...*** гэх 35 орчим насны хар фудволк, шаргал өнгийн шорт өмссөн залуу нь караокены гадна талын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд *** гэх залуугийн гэдэс хэсэг рүү нь 3 удаа хутгалж байгаа бичлэг байсан... Бичлэгт *** нь хутгалуулсны дараа манай караоке руу гүйж орж байсан. *** гэх залуу нь хутгалсны дараа зам хөндлөн гарч гүйж зугтааж байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг[2],

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2783 дугаартай “...Дээрх гэмтэл нь ажлын хэсэг нь 12 см дээш урт, 0.5 см дээш өргөнтэй ир үзүүртэй зүйлийн 7-оос дээш удаагийн үйлчлэлээр хатгах механизмаар нас барахаас өмнө үүссэн байна. Шархны үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, Амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13, 14-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Амь хохирогч нь цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрч дотор эрхтэн гэмтээсэн хатгагдсан шархны улмаас нас баржээ...” гэсэн цогцост хийсэн дүгнэлт[3],

Баянгол дүүргийн 22 дугаар хороо, *** нэртэй караокены үүд хэсгийг харуулсан хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “...Цагаан цамцтай, саарал өмдтэй залуу нь хар подволк, саарал шорт, улаан пүүзтэй эрэгтэй муудалцаж буй дүрс бичлэг тоглуулагдах ба тухайн хар подволк, саарал шорт, улаан пүүзтэй эрэгтэй шортны баруун халааснаас ямар нэгэн зүйлээр гэмтээж буй мэт зүйл харагдав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[4] зэрэг нотлох баримтууд нь Г.***н үйлдлийн объектив илрэл, арга, давтамжийн шинж чанар, тэрхүү үйлдэлдээ хандах шүүдэгчийн сэтгэхүйн хандлагыг хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэв.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй”, 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх байдлаар шүүгдэгчийн...гадна маргалдсан ахад уур хүрсэн байсан...” гэсэн мэдүүлгийн эх сурвалжийг гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газрын камерын бичлэг зэргээр давхар нотлогдож байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилттой нийцнэ.

Цаашилбал, шүүгдэгч Г.*** нь хохирогчтой үл ялих шалтгаанаар маргалдаж, улмаар гэрч Н.***ын /найз/ гэрт очиж хутга авч, буцаж хэрэг учралын газарт очиж хохирогчийг удаа дараа хутгалж алсан нь өөрийн үйлдлийн шинжийг ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг гүйцэтгүүлэх зорилгоор сонгон авсан аргаар үйлдэж, хохирогч Б.***ыг бие махбодод шаналал зовуурь үүсгэж, түүнийг онц харгис хэрцгийгээр алсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.4. Хэргийн шүүгдэгч Г.*** нь хүний амь нас хохироосон үйл баримтад маргаагүй хэдий ч түүний өмгөөлөгч нарын зүгээс “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” гэх хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнгүй гэж мэтгэлцэж, санал, дүгнэлт гаргасныг шүүх дээрх хууль зүйн дүгнэлтийн хүрээнд хүлээн авах боломжгүй юм.

2.5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Шүүгдэгч нь эхний удаа очихдоо хутга байгаагүй. Хоёр дахь удаа очихдоо хутгатай очсон гэхээр санаатай хутга авч явж онц хэрцгий гэмт хэрэг хийсэн гэж үзэж байна. Хохирогч чамайг газар хөл тавиулахгүй гэсэн үгнээс болж хүнийг хороож болохгүй. Шүүгдэгч эхний удаа маргалдаад гэртээ хариад унтсан бол одоо хохирогч амьд байх ёстой гэж үзэж байна. Гэр бүлд нь үлдсэн хүнд нөхцөлийг нь харгалзан үзэж шүүгдэгчээр хохирлыг нь барагдуулж өгнө үү гэж хүсэж байна. гэм буруутай гэж үзэж байна. Шүүгдэгчид хуулийн дагуу хариуцлага үнэн зөв олгож өгнө үү” гэсэн гэм буруугүйн дүгнэлт гаргасныг хүлээн авсныг дурдав.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлжээ.

3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол 29.646.441 төгрөг үүнээс оршуулгын зардал 19.646.441 төгрөг, хууль зүйн туслалцаа авсан буюу өмгөөллийн зардалд 10.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөг, насанд хүрээгүй хүүхдийн тэтгэмжийг дараа жич нэхэмжлэх...” гэснийг зарим хэсгийг хангаж, шийдвэрлэв.

Тодруулбал, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж зааснаар гэмт хэргийн улмаас Б.*** нь амь насаараа хохирсон байх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***ын зүгээс 29,646,441 төгрөгийг нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагаанд төлсөн 4,500,000 төгрөгийг хасаж, шүүгдэгч Г.***гаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар 15,146,441 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид А.***д олгохоор шийдвэрлэж,

3.3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмгөөлөгчийн зардалд нэхэмжилсэн 10,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, мөн тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Тодруулбал, өмгөөлөгчийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд багтаж байгаа хэдий ч мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батлахаар хуульчлагджээ.

Өмгөөлөгч Б.***, А.*** нар нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үндсэн дээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***д эрх зүйн туслалцаа үзүүлж ажилласан 10,000,000 төгрөгийн зардлыг баримтаар нэхэмжилснийг гэмт хэргийн улмаас гарах зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт “...сэтгэл санааны хохиролд 99.000.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэж гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх тухайгаа илэрхийлсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр баталж, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр даган мөрдөж буй Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгаар гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар эрх хэмжээ олгогдсоны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д заасан тодорхой төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр зохицуулагджээ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10 дугаар бүлэг дэх хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах нь шинжилгээний байгууллагын бүрэн эрхэд хамаарна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн  А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 1 дүгээр хавсралтын 2.5-д Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д  заасны дагуу арилгахаар заасан боловч Иргэний хуулийн энэхүү зүйл, хэсэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд гэм хор учирсан тохиолдолд түүнд олгох нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох журмыг зохицуулсан болно.

Хэдийгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа нь Шүүх шинжилгээний тухай хуулийн үйлчлэлд хамаарч байх боловч гэмт хэргийн улмаас нас барсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан гэм хорыг тогтоох, зайлшгүй шинжилгээ хийх үндэслэлийг тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт хуульчилсан тул шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй гэж үзэв.

3.5. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмж, сэтгэцэд учирсан хохирол, тэдгээртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан "Гэм буруугийн зарчим"-ын дагуу шүүгдэгч Г.*** нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна" гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.4. Улсын яллагчаас “...Шүүхээс шүүгдэгч Г.***г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлсийг устгуулах, 2 ширхэг камерын бичлэгийг хэрэгт хадгалан үлдээх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.***өөс “...Бид нараас уучлалт гуйсан ч гэсэн бид нарын хэлж байгааг үл тоосон юм шиг, гэмшсэн юм шиг ерөөсөө харагдаагүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн бүүр нэг хараа дээгүүр, ерөөсөө гэмшсэн юм шиг харагдаагүй. Анх гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулна төлнө гээд удаа дараа худлаа яриад байгаа чинь бид нарыг доромжилж, үл тоож байгаа юм шиг санагдаж байна. Бид нар ч гэсэн ар гэрийн асуудалтай, ар гэрийн гачигдалтай, нялх нойтон хүүхэдтэй, манай хүүхэд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй үлдэж байгаа. Үнэхээр гомдолтой байна. Байж болох дээд хэмжээгээр нь ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.***эс “...Эрүүгийн хууль ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд зааснаар шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.***ас “...Бид нараас уучлалт гуйсан ч гэсэн бид нарын хэлж байгааг үл тоосон юм шиг, гэмшсэн юм шиг ерөөсөө харагдаагүй. Өмнөх шүүх хурал дээр ч гэсэн бүүр нэг хараа дээгүүр, ерөөсөө гэмшсэн юм шиг харагдаагүй. Анх гэмт хэрэг гарсан өдрөөс хойш хохирлыг барагдуулна төлнө гээд удаа дараа худлаа яриад байгаа чинь бид нарыг доромжилж, үл тоож байгаа юм шиг санагдаж байна. Бид нар ч гэсэн ар гэрийн асуудалтай, ар гэрийн гачигдалтай, нялх нойтон хүүхэдтэй, манай хүүхэд ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй үлдэж байгаа. Үнэхээр гомдолтой байна. Байж болох дээд хэмжээгээр нь ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал,

Шүүгдэгч Г.*** өмгөөлөгч Р.***аас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль бус зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн, хууль бус шинжтэй ийм үйлдэл гаргаж байсан, амь хохирогчтой ямар нэгэн танилын холбоо байхгүй. Хохирол төлбөрийн асуудал дээр ***н өөрийнх нь одоо хувийн амьдрал болон ар гэрийн байдал нь бололцоотой биш, амь хохирогчийн ар гэрийн асуудалд санаа сэтгэл тавиад хараахан амжсангүй. ***н эхнэрийн нэр дээр захирамж нь гарчихсан 1000 м2 газар байгаа. Газрын гэрчилгээ нь арай гараагүй, гэрчилгээ нь гармагц газрыг шилжүүлээд өгье гэсэн байр суурьтай байна. *** болон өмгөөлөгч нарын зүгээс хохирол төлбөрт анхаарлаа хандуулаагүй биш хандуулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж ялыг багасгаж, хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Г.*** өмгөөлөгч Х.***ас “…Гэм буруу дээр *** өмгөөлөгчтэй санал нэг байна. Эхнээсээ энэ хүн ерөөсөө маргалдаагүй. Энэ хүн бол би энэ гэмт хэрэг үйлдсэн гэхээс гадна гэмт хэрэг үйлдсэн хутгыг хаячихсан, энэ хутга нь ийм хутга байсан гэдгийг өөрөө сайн дураараа зааж өгөөд, нотлох баримтаар авсан. Эхнээсээ гэм буруу ч юм уу эсвэл хийсэн үйлдлээ одоо нуун далдлах ямар ч санаа зорилго байгаагүй. Харин ч бүх ажиллагаанд туслаад явсан. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдэж өгнө үү …” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчээс “...Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Намайг үнэхээр уучлаарай. Хохирол төлнө...” гэсэн тайлбарыг гаргасан болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс Г.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, бусдад учруулсан хохирол, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.***, түүний өмгөөлөгч нарын гаргасан “...шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хууль хэрэглээний хувьд маргасан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн, Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-д тус тус зааснаар шүүгдэгч анх удаа тохиолдлын шинж гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн тул эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон...” гэж санал гаргасныг хүлээн авах боломжгүй, тухайлбал, шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тохиолдлын шинжтэй гэх нөхцөлийг хангахгүй, түүнчлэн хавтас хэрэгт хохирогчийн зүй бус авирласан талаар нотлох баримт авагдаагүй болохыг дурдав.

            Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн LG Q-61 загварын гар утас 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.***д буцаан олгож,

цагаан өнгийн цамц 1 ширхэг, Calvin klein гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг,  саарал өнгийн пүүз 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, хар өнгийн нарны шил 1 ширхэг, цусны дээж авсан бинт 2 ширхэг, хар өнгийн "Yuitton V" гэсэн бичиглэлтэй футболк 1 ширхэг, хар тэлээ 1 ширхэг, шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн үдээстэй улаан хүрэн өнгийн пүүз 1 хос, цагаан өнгийн Jordan гэсэн бичиглэлтэй оймс 2 ширхэг, бөгж 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 3 ширхэг бичлэг бүхий компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*** нь 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл нийт 99 хоног цагдан хоригдсон байх тул түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдсэн, хураан авсан хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***д оногдуулсан 17 (арван долоо) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.***н цагдан хоригдсон нийт 99 хоногийг түүний эдлэх ял оруулан тооцсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.***гаас 15,146,441 (арван таван сая нэг зуун дөчин зургаан мянга дөрвөн зуун дөчин нэг) төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид А.***д олгосугай.

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээний зардалд нэхэмжилсэн 10,000,000 (арван сая) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн LG Q-61 загварын гар утас 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.***д олгосугай.

- цагаан өнгийн цамц 1 ширхэг, Calvin klein гэсэн бичиглэл бүхий цэнхэр өнгийн дотуур хувцас 1 ширхэг, ногоон өнгийн өмд 1 ширхэг,  саарал өнгийн пүүз 1 хос, ногоон өнгийн оймс 1 хос, хар өнгийн нарны шил 1 ширхэг, цусны дээж авсан бинт 2 ширхэг, хар өнгийн "Yuitton V" гэсэн бичиглэлтэй футболк 1 ширхэг, хар тэлээ 1 ширхэг, шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн үдээстэй улаан хүрэн өнгийн пүүз 1 хос, цагаан өнгийн Jordan гэсэн бичиглэлтэй оймс 2 ширхэг, бөгж 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг зэргийг устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, 3 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Г.***д урьд авсан Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ш шүүгдэгч Г.***д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БУЛГАНТАМИР

 

[1] 1 дүгээр хавтаст хэргийн 163-164 дэх тал,...

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал,...

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 166-171 дэх тал,...

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 38-44 дэх тал,...