| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2019/03595/И |
| Дугаар | 101/ШШ2021/003161 |
| Огноо | 2021-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 101/ШШ2021/003161
| 2021 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 101/ШШ2021/03161 | Улаанбаатар хот |
|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Сүхбаатар дүүрэг,*******, Рашаант 1 дүгээр гудамж,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,*******, Жоби-72 төвийн 2 давхар, 208 тоотод байрлах, Шонхорын хүсэл ХХК /РД-5917298/-д холбогдох,
43.310.488 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Баярмөнх, түүний өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний төрсөн хүү болох Баярмөнхийн Ганболд нь 2018-09-12-ны өдөр 23,47 м.кв талбай бүхий орон сууцыг 1м.кв-ийг нь 990.000 төгрөгөөр тооцон Шонхорын Хүсэл ХХК-д захиалга өгч, төлбөр болох 23.235.300 төгрөгийг бүрэн төлсөн байдаг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ ёсоор Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байрлах, онцгой хотхоны 2-р блок, 2-р орц, 4-р давхарын Е-118 тоот байр нь 2018 оны 4-р улиралд багтаан ашиглалтанд оруулна хэмээн тохиролцож гэрээ байгуулсан. Ийнхүү 2019-04-09-ний өдөр Б.Ганболд нь дээрх гэрээний шаардах эрхээ надад шилжүүлж мөн өдөр хариуцагч болох Шонхорын хүсэл ХХК-тай орон сууц худалдах, худалдан авах 19/4-3 тоот гэрээг байгуулсан ба дээрх гэрээ нь 2018-09-12-ны өдрийн Б.Ганболд болон Шонхорын хүсэл ХХК нарын хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээний зарим нөхцөлийг өөрчилсөн гэрээ юм.
Дээрх орон сууцыг 2018 оны 4-р улиралд багтаан ашиглалтад оруулах байсан боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээнд дурдсан давагдашгүй хүчин зүйл, хүндэтгэн үзэх үндэслэл бүрдээгүй байхад 2019-06-10-ны өдрөөс 2019-1212-ны өдөр хүртэлх нийт 185 хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргасан байдаг. Иймд 2019-04-09-ний өдөр нэхэмжлэгч би хариуцагчтай байгуулсан гэрээний 5 дугаар зүйлд зааснаар гүйцэтгэгч гэрээний хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны ажлын эхний 45 хоногийг тооцохгүйгээр 46 дахь хоногоос эхлэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлсөн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож төлбөрөөс хасалт хийлгэх журмаар авна хэмээн заасан тул алдангид 11.117.650 төгрөгийг нэхэмжилж байна.
Гэрээ байгуулснаас хойш 2 жил 1 сарын хугацаа өнгөрөөд байхад хариуцагч гэрээнд заасан үүргийг биелүүлээгүй тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 23.235.300 төгрөгийг нэхэмжилж байна.
Шонхорын хүсэл компани орон сууцыг хугацаандаа ашиглалтад оруулаагүй тул гэрээнд зааснаар алданги нэхэмжилсэн боловч надтай байгуулсан гэрээнд зурсан захиралын гарын үсэг хуурамч байсан. Надтай байгуулсан гэрээг хариуцагч талаас гаргаж өгөхгүй байсаар байгаад хэрэгт гаргасан гэрээгээр шинжээч Шонхорын хүсэл компаний захиралын гарын үсэг биш гэж гарсан байдаг. Тиймээс байр худалдан авахаар авсан зээл, байр түрээслэн амьдарсан зардал зэрэгт 11.332.100 төгрөг, нийт 45.803.050 төгрөгийг Шонхорын хүсэл ХХК-иас нэхэмжилж байгаа гэв /1-р хх-1-2, 139, 190, шүүх хуралдааны тэмдэглэл/.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан, гэрээний дагуу цаг хугацаандаа орон сууцыг ашиглалтад оруулаагүй, гэрээ цуцлах талаар санал гаргахад хариуцагч тал ямар нэгэн хариу өгөөгүй тул шүүхэд хандсан. Уг орон сууц худалдан авах гэрээг байгуулахын тулд өөрийн байшингаа зарсан, үүнээс хойш байр түрээслэн амьдарч байгаа тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохирол шаардаж байгаа. Алдангийн төлбөрийг 2019 оны 3-р сараас эхлэн шаардаж байгаа тул Иргэний хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар хэтрэхгүй гэж хуульд заасантай нийцүүлэн алдангид 8.407.188 төгрөгийг, хохиролд 11.550.000 төгрөгийг нэхэмжилж, нийт 43.310.488 төгрөг болгон нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч Шонхорын хүсэл ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Б.Баярмөнх нь Шонхорын хүсэл ХХК-иас орон сууц худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйтэй холбогдуулан алдангид 11.117.650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байна. Шонхорын хүсэл ХХК нь Баянзүрх дүүрэг, 8-р хороонд баригдаж буй Онцгой хотхонны 2-р блок, 2-р орц, 4-р давхар Е-118 тоот, 23,47 м.кв талбай бүхий орон сууцыг худалдах худалдан авах 19/4-3 тоот гэрээг 2019 оны 4-р сарын 09-ний өдөр байгуулсан болно. Шонхорын хүсэл ХХК нь Баянзүрх дүүрэг, 4-р хороо, 15-р хороолол, энхтайваны өргөн чөлөө-37, Жоби 72 төвийн оффисийн 2-р давхар 208 тоот хаягт албан ёсоор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд орон сууц худалдах худалдан авах гэрээ болон улсын бүртгэлийн гэрчилгээнд хариуцагчийн хаягийг тодорхой заасан тул хэргийн харьяаллыг өөрчилж өгнө үү гэжээ /1-р хх-26/.
Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Баярмөнх нь хариуцагчаар Шонхорын хүсэл ХХК-ийг тодорхойлон татаж, түүнд холбогдуулан 2019-04-09-ний өдөр байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүйгээс тооцогдсон алдангид 11.117.650 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасан /1-р хх-1-2/ бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 23.235.300 төгрөг, байр худалдан авахаар авсан зээл, байр түрээслэн амьдарсан зардал зэрэгт 11.332.100 төгрөг, нийт 45.803.050 төгрөгийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн /1-р хх-139, 190/.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2.492.562 төгрөгөөр багасгаж, хариуцагч Шонхорын хүсэл ХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 23.353.000 төгрөг, байр худалдан авахаар авсан зээл, байр түрээслэн амьдарсан зардал зэрэгт 11.550.000 төгрөг, алдангид 8.407.488 төгрөг, нийт 43.310.488 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Баярмөнх нь Шонхорын хүсэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Бямбажаргалыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргасныг /1-р хх-189/ шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00359 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэснээр /1-р хх-204-205/ хариуцагч Шонхорын хүсэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ж.Бямбажаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч нэхэмжлэгч нь хамтран хариуцагч Ж.Бямбажаргалаас татгалзсан /2-р хх-148/.
Хариуцагч Шонхорын хүсэл ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2019-12-23-ны өдрийн итгэмжлэлээр М.Жамъянчойжилд хугацаа заагаагүй олгосон /1-р хх-17/ байх боловч тэрээр төрийн байгууллагад ажилд орсноор төлөөллийг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон үндэслэлээр Шонхорын хүсэл ХХК-иас олгосон итгэмжлэлээс татгалзсан талаарх хүсэлтийг шүүхэд гаргасан /1-р хх-229/.
Мөн Шонхорын хүсэл ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүрэн төлөөлөн оролцох эрхийг 2020-11-05-ны өдрийн итгэмжлэлээр Б.Пүрэвжаргалд хугацаа заагаагүй олгосон /1-р хх-166/ байх бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсэх, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй буюу ямар нэгэн тайлбар, баримт гаргаагүй байна.
Түүнчлэн хариуцагч Шонхорын хүсэл ХХК-ийн захирал О.Эрдэнбатад шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч болох хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээх бөгөөд мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шаардлагатай тохиолдолд утсаар мэдэгдэж болно, гагцхүү ингэж мэдэгдсэнээ баримтжуулах, хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар ...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох... нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ ...орон сууц захиалгаар барих гэрээ байгуулснаар төлбөрийг төлсөн боловч гэрээгээр тохирсон хугацаанд орон сууцыг барьж хүлээлгэж өгөөгүй учир гэрээнээс татгалзаж, төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө болон байр худалдан авахаар авсан зээл, байр түрээслэн амьдарсан зардал, гэрээний 5.2-т заасан алданги зэргийг нэхэмжилсэн гэж тайлбарласан.
Гэрээний үүрэгт төлсөн мөнгөн хөрөнгийг гаргуулах шаардлагын тухайд
Хэрэгт авагдсан баримтаар Баярмөнхийн Ганболд, Шонхорын хүсэл ХХК нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан 18/9-1 дугаартай орон сууц худалдах худалдан авах гэрээ-р Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байрлах, онцгой хотхон 2-р блок, 2-р орцны 4-р давхарт байрлах, Е-118 тоотын 23,47 м.кв талбай бүхий орон сууцны 1 м.кв талбайн үнэ 990.000 төгрөг, төлбөрийг Шонхорын хүсэл ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473018008 тоот төгрөгийн дансанд шилжүүлэхээр тохиролцсон байна /1-р хх-72-73, 85-86/.
Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно, гэж, хуулийн 123.6-д шаардах эрхийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр түүнтэй холбоотой бусад эрх болон түүнийг хангах арга нэгэн зэрэг шилжинэ гэж, 123.8-д хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ гэж тус тус зохицуулжээ.
Дээрх гэрээний захиалагч Б.Ганболд нь өөрийн нэр дээр хийсэн гэрээг Батсүхийн Баярмөнхийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасныг /1-р хх-62/ гүйцэтгэгч зөвшөөрснөөр нэхэмжлэгч Б.Баярмөнхтэй 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр 19/4-3 дугаартай орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г байгуулсан байх тул /1-р хх-5-6/ Б.Ганболдын шаардах эрхийг гүйцэтгэгчийн зөвшөөрлөөр нэхэмжлэгч Б.Баярмөнхөд шилжүүлсэн гэж үзэхээр байна.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээр байна.
Учир нь, дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулагдсан, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-д зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хүчин төгөлдөр байна.
Мөн ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн бөгөөд хариуцагч Шонхорын хүсэл ХХК нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй, тухайн орон сууц ашиглалтад ороогүй болон дээрх орон сууцыг анх захиалсан Баярмөнхийн Ганболд нь гэрээний үнэнд 2018 оны 9-р сарын 12-ны өдөр 20.912.000 төгрөг /1-р хх-8/, 2018 оны 11-р сарын 12-ны өдөр 2.323.300 төгрөг /1-р хх-9/-ийг гэрээнд заасан Шонхорын хүсэл ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 473018008 тоот дансанд шилжүүлсэн болох нь тухайн банкны орлогын ордер баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбараар нотлогдож байна.
Тиймээс Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэгч нь захиалагчийн эсхүл өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй боловч ажил гүйцэтгэгч Шонхорын хүсэл ХХК уг үүргээ биелүүлээгүй учир захиалагч Б.Баярмөнхөөс гэрээг цуцлах, гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан гаргуулах, алданги тооцож авах тухай хүсэлтийг гүйцэтгэгч талд гаргасан боловч хариу өгөөгүй учир шүүхэд хандсан талаараа тайлбарласан.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.2-т ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусахаас өмнө захиалагч хэдийд ч гэрээг цуцлах эрхтэй гэж, хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж заасан тул захиалагч гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Мөн Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Шонхорын хүсэл ХХК-иас орон сууц захиалан бариулах гэрээний төлбөрт 2018-09-12-ны өдөр төлсөн 20.912.000 төгрөг, 2018-11-12-ны өдөр төлсөн 2.323.300 төгрөг, нийт 23.235.300 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Баярмөнхөд олгох нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцэх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч талаас Б.Ганболдтой байгуулсан орон сууц худалдах худалдан авах гэрээ болон шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон итгэмжлэл дээрх хариуцагч Шонхорын хүсэл ХХК-ийн захирал Ли Жин Фү-н гарын үсгийн талаар шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар /1-р хх-91-94/ шинжээчийн дүгнэлт гарсан болохыг дурдах нь зүйтэй /1-р хх-120-124/ бөгөөд талууд орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулсан болох захиалагчаас гэрээний төлбөр төлсөн үйл баримтын талаар маргаагүй болно.
Алданги гаргуулах шаардлын тухайд
Нэхэмжлэгч Б.Баярмөнх алдангид 8.407.488 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ орон сууц худалдах, худалдан авах гэрээний 5.2-т гүйцэтгэгч гэрээний хугацаа хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хугацааны ажлын эхний 45 хоногийг тооцохгүйгээр 46 дахь хоногоос эхлэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж ирсэн захиалагч нь хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт төлсөн төлбөрийн 0,3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг тооцож төлбөрөөсөө хасалт хийлгэх журмаар авна гэж заасныг үндэслэдэг /1-р хх-6/.
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан бөгөөд талуудын байгуулсан гэрээний зургаад орон сууцыг хүлээлгэн өгөх ба өмчлөх эрх шилжих гэж, 6.1-д орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг гүйцэтгэгч нь долоо хоногийн өмнө захиалагчид бичгээр мэдэгдэх бөгөөд гүйцэтгэгчийн төлөөлөгч ба захиалагч нар орон сууцыг нэг бүрчлэн үзэж шалгасны үндсэн дээр актанд харилцан гарын үсэг зурснаар орон сууцыг захиалагчид бүрэн хүлээлгэн өгсөнд тооцно гэж, гэрээний 2.2-т орон сууцны барилгыг батлагдсан нэгдсэн төсөв, зураг төслийн дагуу барьж гүйцэтгэн, барилга байгууламжийг байнгын ашиглалтанд оруулсан улсын комиссоор оруулж, уг комиссын хүлээн авсан тухай захиалагчид бичгээр мэдэгдэнэ гэж тохиролцжээ.
Дээрх тохиролцоо нь захиалгын орон сууцыг гэрээнд заасан хугацаанаас хэтрүүлж захиалагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд хамаарах боловч талуудын байгуулсан гэрээгээр орон сууцыг хэдэн оны, хэдэн сард хүлээлгэн өгөх хугацааг тодорхой тохиролцоогүй байна.
Нэхэмжлэгч Б.Баярмөнх анх 2019 оны 12-р сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алдангийн төлбөрийг шаардсан бөгөөд дээрх гэрээг цуцалж, төлсөн төлбөрийг буцаан шаардсан тухай шаардлагыг 2020 оны 10-р сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан байх тул энэ хугацааг гэрээг цуцалсан хугацаа гэж тооцон, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар нэхэмжлэгчийн шаардсан 8.407.188 төгрөгийн хэмжээгээр хангаж шийдвэрлэв.
бусдаас авсан зээл, байр түрээслэн амьдарсан зардалд нийт 11.550.000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд
Нэхэмжлэгч нь хохиролд шаардсан 11.550.000 төгрөгийн үндэслэлээ ...орон сууц худалдан авахын тулд бусдаас зээл авч, өөрийн амьдарч байсан байшин газраа зарсан, орон сууцыг хүлээлгэн өгөхийг хүлээж, амьдран суух зориулалтаар байр түрээслэсэн гэж тайлбарласан.
Гэрээний талууд захиалсан орон сууцыг захиалагчид хэзээ хүлээлгэн өгөх хугацааг гэрээгээр нарийвчлан тохиролцоогүйн дээр орон сууц хөлсөлж суусан, бусдаас зээл авсан, өөрийн өмчлөлийн хашаа, байшинг бусдад худалдсан гэх байдал, түүнд дээрх төгрөгийн хохирол учирсан гэх байдал хэргийн баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.
Түүнчлэн Баянзүрх дүүрэг, 8-р хороонд байрлах, онцгой хотхон 2-р блок, 2-р орцны 4-р давхарт байрлах, Е-118 тоотын 23,47 м.кв талбай бүхий орон сууцны төлбөрийг Баярмөнхийн Ганболд 2018 оны 9-р сарын 12, 2018 оны 11-р сарын 12-ны өдрүүдэд төлсөн болох нь хэрэгт авагдсан Худалдаа хөгжлийн банкны орлогын ордерийн баримтаар тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч Б.Баярмөнх нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд зааснаар түүний шаардах эрхийг шилжүүлэн авсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн 11.550.000 төгрөгийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
Мөн нэхэмжлэгчийн дээрх шаардлагаа нотлохоор гаргасан бичгийн баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд бичгийн нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй тул шүүх нотлох баримтаар үнэлгээгүй бөгөөд Төрийн банкны орлогын мэдүүлэг гэх баримт нь 120 мянгат СӨХ гэсэн хүлээн авагчтай, 2019-05-14, 2019-4-13, 2019-06-18, 2019-7-04-ний өдрүүдийн огноотой /1-р хх-197-200/ байх боловч түрээсийн гэрээ байгуулсан эсэх талаарх баримт хэрэгт авагдаагүй, 2019-10-01-ний огноотой түрээсийн гэрээнд Сүхбаатар дүүрэг 13-р хороо, хангайн 24-р гудамж 119/А тоот гэсэн байх боловч түрээсийн төлбөр төлсөн эсэх нь тодорхойгүй, нотлогдохгүй байна.
Ийм дээр дурдсан үндэслэлүүдээр гэрээний төлбөрт төлсөн 23.235.300 төгрөг, алдангийн 8.407.188 төгрөг, нийт 31.642.488 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.668.000 төгрөгийн хэсгийг болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан 2019-12-10-ны өдөр төлсөн 192.832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 192.832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, 123.330 төгрөгийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Учир нь нэхэмжлэгч нь нэмэгдүүлэн гаргасан шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Шонхорын хүсэл ХХК-иас 31.642.488 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Баярмөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11.668.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 192.832 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Шонхорын хүсэл ХХК-иас 192.832 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Баярмөнхөд, 123.330 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ