Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2021/03695

 

2021 11 12 101/ШШ2021/03695

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Янжиндулам даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

нэхэмжлэгч- Баянзүрх дүүрэг,*******,*******, 17б тоотод оршин суух, Боржигин Ханхуурчийнхан овогт Цэрэндоржийн Бямбасайхан /ЧК77102962/-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******, 13-р хороолол 76-р байрны 74 тоотод оршин суух,*******,

235.848.256 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

 

2016 оны 8-р сарын 15-ны өдрийн №11, 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн №9, 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн №10 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, Ц.Шаравдорж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нарангуа, хариуцагч Ч.Мөнхтуяа, түүний өмгөөлөгч Д.Бүрнээ, өмгөөлөгч С.Энхбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр 2019-07-04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бямбасайхан би Мөнхтуяад 2014-9-2-ны өдөр зээлийн гэрээ байгуулан арвсан сая иенийг 6 сарын хугацаатайгаар, нэг сарын 3,5 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн ба зээлийн гэрээний хугацаа 2015-3-02-нд дуусахад зээлийн хүүг бүрэн төлсөн ч үндсэн зээлийн үлдэгдэл нь 6.000.000 иен болсон. Ингээд 2015-7-20-ны өдөр зээлийн үлдэгдэл 6 сая иен дээрээ гэрээ үйлдсэн ба 2016-2-23-ны өдөр 740.000 иенийг, 2016-4-5-ны өдөр 6 сая иенийг тус тус нэмж зээлсэн ба нийт зээлийн үлдэгдэл нь 10.908.800 иен буюу 235.88.256 төгрөг болсон. Ингээд 2016-8-15-ны өдөр зээлийн гэрээний иений үлдэгдэлдээ гэрээ байгуулан 1 сарын хугацаанд бүгдийг барагдуулна гэж гэрээлсэн ч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ зөрчин зээлээ төлөөгүй байна. Иймд Ч.Мөнхтуяагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 235.848.256 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021-11-04-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нийт зээлийн үлдэгдэл нь 10.908.800 иен буюу 235.88.256 төгрөг боллоо гэж 2016 оны 8-р сарын 16-ны өдрийн 11 дугаартай зээлийн гэрээ үйлдсэнийг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байсан. Дээрх гэрээ болон гэрээний огноо, гэрээний үнийн дүнг буруу зөрүүтэй бичсэн байсан нь хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс илгээсэн цахим шууданд хийсэн үзлэгээр тодорхой болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 11 дугаартай зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр 10,908,800 иений хувьд 2015 оны 5-р сарын 20-ны 5 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 7,840,000 иен, 2015 оны 12-р сарын 16-ны 8 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 2,240,000 иен, 2016 оны 02-р сарын 23-ны 9 тоот зээлийн гэрээний дагуу төлөх 828,800 иен. Иймд Ч.Мөнхтуяагаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,908,800 иен буюу 235.848.256 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2016-8-15-ны албан ханш 21,62, Ц.Бямбасайхан, Ч.Мөнхтуяа нарын хооронд төгрөг, доллар, иений зээлийн гэрээ байгуулагдаж зээлийн гэрээний харилцаа 2014-2016 оны хооронд үргэлжилсэн байдаг гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зохигчийн хооронд нийт 7 иений гэрээ байгуулагдсан байдаг. Хариуцагч Ч.Мөнхтуяагаас нэхэмжлэгчид явуулсан цахим шууданд хийсэн үзлэгээр 37,008,278 иен төлсөн, 15.000 долларыг төлсөн талаарх баталгаа болгож мэйл илгээсэн байдаг. Ч.Мөнхтуяа нь нийт 29,240,000 иенийг 7 гэрээний дагуу авч, нийт 35,419,100 иенийг төлөх ёстой байтал хэрэгт байгаа баримтаар 12,615,000 иенийг төлж, 8,496,815 иений үнэ бүхий 3 ширхэг орон сууц өгсөн тул хариуцагч нь 14,307,285 иенийг төлөөгүй байсан тул талууд 2016 оны 08-р сарын 16-ны өдөр тохиролцож зээлийн үлдэгдэлийг 10,908,800 иенээр зээлийн 11 дугаартай гэрээ байгуулсан байдаг. Иймд 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн албан ханш 21,62 төгрөгийг зээлийн үлдэгдэл 10,908,800 иенээр тооцож 235,848,256 төгрөгийг хариуцагч Ч.Мөнхтуяагаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын тухайд талууд Иргэний хуулийн 281-р зүйлд зааснаар 9 тоот зээлийн гэрээг байгуулж, 27,740,000 иен авсан болохыг хариуцагч Ч.Мөнхтуяа зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, нэхэмжлэгчид илгээсэн мэйлээр тогтоогдож байгаа. 10 дугаартай зээлийн гэрээ нь хуулийн дагуу гэрээ байгуулж, хүү, алданги төлөхөөр тохирсон байсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээний баруун дээд буланд байгаа бичвэр нь нэхэмжлэгчийн бичвэр мөн боловч тухайн зээлийг бусдаас авсан зээлийн үүрэг дуусгавар болсон талаар бичсэн байдаг. Цахим шуудангийн үзлэгээр хариуцагч 27 сая иен авсан үйл баримтын талаар маргаагүй байгаа, нэг өдөр 6 сая болон 7 сая иенээр зээлийн гэрээ байгуулсан боловч 6 сая иень нь 2014 оны гэрээний гүйцэтгээгүй үүрэг, 7 сая иенээр нэхэмжлэгчийн данснаас зарлага гарсан байгаа нь баримтаар тогтоогдоно. Хариуцагч 10 сая иенээр үлдэгдэлээ баталгаажуулж 11 тоот гэрээг байгуулсан байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байна. Зохигчийн хооронд 2014 оны 9-р сарын 2-ны өдрөөс зээлийн гэрээний харилцаа үүссэн байдаг. Иений зээлийн үлдэгдэл дээр баталгаа үйлдсэн ч хариуцагч Ч.Мөнхтуяагаас гарын үсэг зураагүй гэж маргадаг боловч 11 тоотын гэрээн дэх гарын үсэг түүнийх мөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байгаа. Хариуцагч төлбөр төлсөн тооцоолол нь 8-р сарын үзлэгийн тэмдэглэлээр нотлогдоно. 11 тоот гэрээнд гарын үсэг зурснаас хойш хариуцагч үлдэгдэлтэй тооцоо нийлээгүй, шүүхэд ирсний дараа 13,500,000 иен авсан гэж тайлбарлаад байгааг зөвшөөрөхгүй. Харин төгрөг болон долларын зээлийг төлж дууссанд маргаагүй. Гагцхүү иений зээлийн төлөгдөөгүй төлбөрийн үүрэгт шаардлага гаргасан байгаа.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд илүү төлсөн мөнгийг буцаан гаргуулах гэж байгаа шаардлагын тухайд нэхэмжлэгч Ц.Бямбасайханы зүгээс 3 ширхэг орон сууцыг иений зээлийн үлдэгдэл төлбөрт тооцож шилжүүлж авсан байгаа. Мөн уг орон сууцыг 11 тоот гэрээ байгуулахаас өмнө шилжүүлэн авсан байсан тул үлдэгдэл баталгаажуулсан 10,908,800 иений үүрэгт тооцогдохгүй. Өмнөх гэрээний харилцаан дээр тулгуурлан талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан байдаг. Хүчин төгөлдөр бус хэлцлийн тухайд хуулиар хориглосон хэлцэл гээд байгаа боловч зээлийн гэрээ сайн дурын үндсэн дээр хийгдсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Бямбасайхантай зээлийн гэрээ байгуулж зээл авч байсан ч төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж байгаа. Бидний хооронд хийгдэх төлбөр тооцоо бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Мэйлээр тооцооны талаар явуулж байсныг зөвшөөрч байна. Гэвч Буянхүү, Бямбасайхан нар ажлын байран дээр байнга ирэхэд нь залхдаг байсан тул барьж ирсэн баримт дээр нь бушуухан гарын үсэг зураад гаргадаг байсан. Байраар бартер хийж зээл төлсөн гэж яриад байгаа боловч дурдаад байгаа 3 ширхэг орон сууцыг зарсан мөнгийг нь тухай бүрт Ц.Бямбасайханд бэлнээр өгч байсан тул бартераар зээл төлсөн зүйл байхгүй. Иймд шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бүрнээ сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Талуудын хооронд 2016 оны 8-р сарын 15-ны өдөр байгуулсан 11 тоот, 2016 оны 2-р сарын 23-ны өдөр байгуулсан 9 тоот, 2016 оны 4-р сарын 5-ны өдөр байгуулсан 10 тоот зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан бөгөөд үндэслэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.4, 196.1-д зааснаар нэхэмжлэгч нь бодитоор тухайн зээлийг олгоогүй байгаа. Мөн талуудын хооронд байгуулагдсан төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагчаас илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа. Зээлдэгч буюу хариуцагч мөнгийг хүлээн авсан тохиолдолд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байгаа. Тиймээс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ч.Мөнхтуяа нь 11 тоот гэрээнд гарын үсэг зураагүй болохыг өөрөө тайлбарлаж байгаа. Ц.Бямбасайхан их хэмжээний мөнгийг дансаар шилжүүлээгүй нь орлогын албан татвар төлөхөөс зайлсхийсэн гэж үзэж байгаа. Мөн хариуцагч ноцтой төөрөгдлийн улмаас гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлтэй. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байгаа. Иргэний хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар нэмэгдэл үүргийн хугацаа дууссанаар хүү, алданги шаардах хугацаа дуусгавар болохоор байгаа тул энэ гэрээг сунгасан гэж үзэж байгаа бол Иргэний хуулийн 72 дугаар зүйлд зааснаар зээлийн гэрээнүүд дуусгавар болсон гэж үзэхээр байгаа. 3 байрыг худалдсан 70,500,000 доллар нь 3,260,000 иен болж, хэрэгт байгаа баримтаар хариуцагч Ч.Мөнхтуяа нь 14,772,582 иений төлбөрийг төлсөн байгаа. Мөн иений шилжүүлгийн хураамжийг хариуцагчаар төлүүлж байгаа нь зөвшөөрөлгүйгээр хариуцагчийн эдийн засгийн байдлыг ашиглан төөрөгдөлд оруулж гэрээ байгуулсан гэж үзэхээр байна. Цахим шууданд ирсэн мэйлээр хийсэн тооцоо нь бусад баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна. Төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь 2 ширхэг орон сууцыг авсан байгаа гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэргийн 1-р хавтасны 12-57-р талд авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга байгааг харж үзээч гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтийн тухайд нэгэнт дүгнэлт гарсан боловч тэр хэмжээний мөнгийг хариуцагч Ч.Мөнхтуяа хүлээн авсан гэж үзэх боломжгүй,. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа бол үүссэн боловч хэрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид зээлийн хөрөнгийг шилжүүлсэн талаарх баримт авагдаагүй байгааг анхаарч үзнэ үү. Талуудын тайлбараар өмнөх гэрээний үлдэгдэл төлбөр дээрх сунгалт хийгдэж байсан. 10,908,800 иений гэрээн дээр гарын үсэг зурах болсон нь үлдэгдэл 300 гаруй иен байгаад байраа зараад төлбөрийг бэлнээр төлснөөр 2014 оны 9-р сарын 2-ны өдрийн зээлийн гэрээний үүрэг бүрэн дууссан байгаа.

2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 2 сая иений 5 дугаартай гэрээнд төлбөр дуусгавар болсон талаар дурдсан байгаа, гэрээнд уг гэрээний төлбөрийг дууссан талаар дурдсан байхад нэхэмжлэгчийн байр суурь энэ хугацаанд өөрчлөгдөж байсан хэдий ч гэрээ байгуулсны дагуу хариуцагч мөнгө авсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Харин дурдаад байгаа 3 ширхэг орон сууцны 70,500,000 төгрөгийг иений зээлд, үлдсэн 2 орон сууцны үнийг төгрөгийн зээлэнд төлсөн байдаг. Хариуцагчийн зүгээс төгрөгийн зээлэнд 141,930,000 төгрөг төлөхөөр байхад хэрэгт авагдсан баримтын тооцоогоор 233,247,750 төгрөгийг нэхэмжлэгч Ц.Бямбасайханд шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч 91 сая төгрөгийг илүү авч үндэсллэгүй хөрөнгөжсөн байна.

Тиймээс хариуцагчийн зүгээс 9, 10, 11 тоот дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд үндэслэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасантай нийцээгүй харшилсан гэж үзэж байгаа. Хариуцагчийн тайлбараар ноцтой төөрөгдсөн гэж үзэж байгаа учраас 11 тоот хэлцэл хүчин төгөлдөр бус байгаа. Өмнөх сунгалт гэх нэртэй гэрээ нь бодитоор байгуулагдаагүй тул хүчин төгөлдөр бус гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Ц.Бямбасайханы данснаас гарч байгаа мөнгө болгоныг хариуцагч Ч.Мөнхтуяа авсан гэж үзэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээсэй гэж үзэж байна гэв.

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Ц.Бямбасайхан нь хариуцагч Ч.Мөнхтуяад холбогдуулан 2019 оны 7-р сарын 4-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа зээлийн гэрээний үүрэгт 10,908,800 иен буюу 235,848,256 төгрөг гаргуулах, шаардлагын үндэслэлээ 2015-7-20-ны өдрийн 6,000,000 иен, 2016-2-23-ны өдрийн 740.000 иен, 2016-4-5-ны өдрийн 6,000,000 иений төлөгдөөгүй үүрэг гэж тодорхойлсон.

 

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 11-р сарын 4-ний өдөр гаргасан тодруулга болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа 10,908,800 иен буюу 235,848,256 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015-5-20-ны 5 тоот гэрээний 7,000,000 иен түүний 4 сарын хүү, 2015-12-16-ны 8 тоот гэрээний 2,000,000 иен түүний 4 сарын хүү, 2016-2-23-ны 9 тоот гэрээний 740,000 иен түүний 4 сарын хүү зэрэг төлөгдөөгүй байгаа үүрэг гэж тодорхойлон тайлбарласан.

 

Харин хариуцагч Ч.Мөнхтуяа нь нэхэмжлэгчээс тодорхой хугацаанд зээл авч гэрээ байгуулсан, түүнээс авсан зээлийн төлбөрийг хангалттай төлж барагдуулсан гэж маргаснаар 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн №11, 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн №9, 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн №10 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 10,908,800 японы иен буюу 235,848,256 төгрөг гаргуулах тухай шаардлагын хувьд

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч талуудын хооронд

2014-9-02-ны өдрийн 01 тоот 10,000,000 иен, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн гэрээ /1-р хх-4-5, 45-46/, гэрээний хавсралт №1-д ...япон улсаас зээлийн мөнгө шилжин орж ирэхэд шилжүүлгийн хөлс 5000 JP, Голомт банкнаас бэлэн гаралтын шимтгэл 30,000 JP, автоматаар бодогдон суутгагдсаныг зээлдэгч тал зээлдүүлэгч талд бэлнээр тооцож нийт 35,000 JP хүлээлгэн өгөв гэж /1-р хх-47/,

2015-07-20-ны өдрийн 01 тоот, 6,000,000 иен, 5 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, баруун дээд буланд сунгалт гэж бичигдсэн зээлийн гэрээ /1-р хх-6/,

2016-02-23-ны өдрийн 9 тоот, 740,000 иен, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлийн гэрээ /1-р хх-7/,

2016-4-05-ны өдрийн 10 тоот, 6,000,000 иен, 3 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, зээлийн гэрээ /1-р хх-8/,

2016-8-15-ны өдрийн 11 тоот, 10,908,800 иен, 1 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, зээлийн гэрээ /1-р хх-9/,

2015-9-02-ны өдрийн 7 тоот, 1,500,000 иен, 1 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, зээлийн гэрээ /1-р хх-58/,

2015-02-18-ны өдрийн 3 тоот 25,000,000 төгрөг, 6 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, баруун дээд буланд гэрээ дууссан, 25,875,000 төгрөг төлөгдсөн гэж бичигдсэн зээлийн гэрээ /1-р хх-158/,

2015-7-3-ны өдрийн 4 тоот, 15,000 ам.доллар, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд гэрээ дууссан, төлбөр тооцоогүй, 2015-10-23 гэж бичигдсэн зээлийн гэрээний арын нүүрэнд 9-р сарын 2-нд зээлийн хүү 900$ шилжиж ирсэн, 10A15A 5000$, 10A20A 5000$, 10A23A 5000$, 10A10A 450$ т-өөр тооцож шилжүүлэн авсан гэж бичигдсэн /1-р хх-159/,

2015-07-20-ны өдрийн 06 тоот, 18,000,000 төгрөг, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд 2016-9-29-нд зээл, хүү тооцоогүй гэж бичигдсэн зээлийн гэрээ /1-р хх-160/,

2014-09-25-ны өдрийн 02 тоот, 80,000,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд сунгасан гэж бичигдсэн зээлийн гэрээний арын нүүрэнд гэрээний хавсарлт 2 гэж бичигдсэн /1-р хх-161, 182/,

2015-7-10-ны өдрийн 02 тоот 75,000,000 төгрөг, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд сунгалт гэж бичигдсэн зээлийн гэрээний арын нүүрэнд 2015-01-29-ний өдрийн 02 тоот 80,000,000 төгрөг, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй баруун дээд буланд сунгалт гэж бичигдсэн /1-р хх-162/,

2016-01-10-ны өдрийн 02 тоот, 75,000,000 төгрөг, 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд сунгалт 2016-9-14 төлбөр дууссан гэж бичигдсэн зээлийн гэрээний арын нүүрэнд 2016-9-14-нд 6 давхарын 2 өрөө байр 44,29 кв-тай м2-1,700,000 төгрөг=75,293,000 төгрөгөөр борлуулж бэлнээр мөнгийг авлаа. Үндсэн зээл 75,000,000 төгрөг, хүү 2,250,000х5=11,250,000, 75,000,000 төгрөгийн зээлийн хүү 10,957,000 төгрөгийг Янжиндулам, Уянга нараас зээлж төлбөрийг дуусгав гэж бичигдсэн /1-р хх-164/,

2015-12-20-ны өдрийн 01 тоот, 5,000,000 иен, 3 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, баруун дээд буланд сунгалт, гэрээ тооцоогүй гэж бичигдсэн зээлийн гэрээний арын нүүрэнд 2015 оны 10, 11, 12-р сарын хүү 645,000 төлөгдсөн, 12-р сарын 10-нд 1,000,000 иен төлсөнөөр 6,000,000-1,000,000=5,000,000 иен, 2016 оны 1, 2-р сар 360,000-300,000=60,000 үлдэгдлийг 23/II-ны 740,000 иенээс, 3-р сарын 180,000 25/IV-ны 6,000,000 иенээс төлөгдсөн, 180,000-5000=175,000:31=5645х15 хоног=84,675, 2016-4-5-нд 5,000,000+180,000+84,675=5,264,675 төлж гэрээ нь тооцоогүйй болов, 2016-4-06 Ц.Бямбасайхан гэж бичигдсэн зээлийн гэрээ /1-р хх-206/,

2015-12-16-ны өдрийн 08 тоот, 2,000,000 иен, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд №05 зээлдүүлэгчтэй гэрээг японд 1 мөр болгож хаав гэж бичигдсэн, зээлийн гэрээ /2-р хх-49/, гэрээний хавсралт №8-д ...япон улсаас зээлийн мөнгө шилжин орж ирэхэд шилжүүлгийн хөлс 5000JP, Голомт банкнаас бэлэн гаралтын шимтгэл 6000JP, автоматаар бодогдон суутгагдсаныг зээлдэгч тал зээлдүүлэгч талд бэлнээр тооцож нийт 11,000JP хүлээлгэн өгөв гэж бичигдсэн /2-р хх-50/,

2015-10-30-ны өдрийн 7 тоот, 2,000,000 иен, 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй, баруун дээд буланд 2016-09-29-нд төлбөрийн тооцоог дуусгав гэж бичигдсэн зээлийн гэрээ /2-р хх-51/, гэрээний хавсралт №07-д ...2016-06-25-ны өдрөөр 2,000,000 /хоёр сая иен/ хүү нь 60,000+60,000+40,000=160,000 /нэг зуун жаран мянган/ иен бүгд 2,160,000 /хоёр сая нэг зуун жаран мянган еин/ хүлээн авч энэ гэрээ дуусгавар боллоо. Хүлээн авсан Ц.Бямбасайхан, хүлээлгэн өгсөн гэсэн гарын үсгийг доор 2,160,000х18,60=40,176,000 төгрөг-38,000,000=2,176,000 төгрөг, 1200$х1941=2,329,200-2,176,000=153,200, Мөнхтуяагаас дараа тооцоогоор 2,176,000 төгрөг авна гэж бичигдсэн /2-р хх-52/,

2015-7-20-ны өдрийн 05 тоот, 7,000,000 иен, 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлийн гэрээ /2-р хх-104/, гэрээний хавсарлт №05-д ...шилжүүлгийн хөлс 5000JP, Голомт банкнаас бэлэн гаралтын шимтгэл 21,000JP, автоматаар бодогдон суутгагдсаныг зээлдэгч тал зээлдүүлэгч талд бэлнээр тооцож нийт 26,000JP хүлээлгэн өгөв /2-р хх-105/ гэж бичигдсэн зээлийн гэрээ тус тус байгуулагдсан байна.

 

Дээрх зээлийн гэрээнүүдээс нэхэмжлэгч тал шүүхэд бичгээр гаргасан үндэслэлдээ 2015 оны 5-р сарын 20 гэж бичсэн байх боловч тухайн 5 тоот 7,000,000 иений дүн бүхий зээлийн гэрээ нь 2015 оны 7-р сарын 20-ны өдрийн огноотой, үндсэн зээл 7,000,000 иен, 4 сарын хүү нийт 7,840,000 иен, 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 08 тоот гэрээний үндсэн зээл 2,000,000 иен, 4 сарын хүү нийт 2,240,000 иен, 2016 оны 02-р сарын 23-ны өдрийн 9 тоот гэрээний үндсэн зээл 740,000 иен, 4 сарын хүү нийт 828,800 иен, нийт 10,908,800 иений үүргийг хариуцагч Ч.Мөнхтуяа гүйцэтгээгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

 

Гэтэл нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон

- 2015 оны 7-р сарын 20-ны өдрийн 05 тоот зээлийн гэрээний дүн нь 7,000,000 иен бөгөөд 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байх боловч гэрээний хавсарлт №05-д бичигдсэнээр шимтгэлд 26,000 иенийг нэхэмжлэгч суутган авсан /2-р хх-104, 105/,

- 2015 оны 12-р сарын 16-ны өдрийн 08 тоот зээлийн гэрээний дүн нь 2,000,000 иен бөгөөд 6 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байх боловч гэрээний хавсралт №8-д бичигдсэнээр шимтгэлд 11,000 иенийг нэхэмжлэгч суутган авч, уг гэрээний баруун дээд буланд №05 зээлдүүлэгчтэй гэрээг японд 1 мөр болгож хаав гэж бичсэн /2-р хх-49, 50/,

- 2016 оны 02-р сарын 23-ны өдрийн 9 тоот зээлийн гэрээний дүн нь 740,000 иен бөгөөд 3 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байхад 4 сарын хүү тооцсон /1-р хх-7/ байна.

 

Хариуцагч талаас нэхэмжлэгчтэй зээлийн гэрээний харилцаанд оролцсон боловч зээлж авсан төгрөг, доллар, японы иений зээлийн гэрээний үүргийг бүрэн төлж барагдуулсан, өмнөх зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээр нэмэлтээр гэрээ байгуулсан буюу гэрээний сунгалтаар байгуулсан гэрээнд бичигдсэн мөнгөн хөрөнгийг авч байгаагүй гэж тайлбарлан нотлох баримтаар нэхэмжлэгч Ц.Бямбасайханы Голомт банкны дансанд шилжүүлсэн болон бэлэн мөнгөний зарлагын баримтаар

2014-10-02-нд 350,000 иен, 2014-11-03-нд 350,000 иен зээлийн хүү /1-р хх-48/,

2014-12-03-нд 350,000 иен, 2015-01-07-нд 350,000 иен зээл хүү /1-р хх-49/,

2015-3-2-нд 350,000 иен, 2015-2-3-нд 350,000 иен зээл хүү /1-р хх-50/,

2015-4-8-нд 350,000 иен, 2015-5-2-нд 350,000 иен зээл хүү /1-р хх-51/,

2015-6-5-нд 1,850,000 иен, 2015-6-12-нд 500,000 иен, зээл, зээл хүү /1-р хх-52/,

2015-7-03-нд 280,000 иен, 2015-8-20-нд 430,000 иен, зээл хүү /1-р хх-53/,

2015-12-10-нд 195,000 иен, 1,200,000 иен, зээл хүү, зээл буцаав /1-р хх-54/,

2015-9-21-нд 430,000 иен, 2015-10-30-нд 430,000 иен, зээл хүү /1-р хх-55/,

2016-2-23-нд 300,000 иен, 2015-12-28-нд 490,000 иен, зээл хүү /1-р хх-56/,

2016-09-29-нд зээл, зээлийн хүүд 70,500,00 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримтад авсан хүний гарын үсэг хэсэгт Ц.Бямбасайхан гэж бичсэн /1-р хх-57/,

2015-10-20-нд 50,000 иен, 2015-10-19-нд 500,000 иен, 2015-9-22-нд 1,000,000 иен, зээлийн хүү, зээл буцаав /1-р хх-59/,

2015-10-14-нд 2,250,000 төгрөг, 2015-10-30-нд 2,250,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-175/,

2015-11-23-нд 540,000 төгрөг /1-р хх-174/,

2016-09-14-нд 75,293,000 төгрөг, 2016-9-30-нд 75,200,000 төгрөг, зээлийн төлбөрт /1-р хх-176/,

2016-4-30-нд 300,000 төгрөг, 300,000 төгрөг зээл төлөв /1-р хх-177/,

2015-10-30-нд 540,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-177/,

2015-11-13-нд 1,000,000 төгрөг /1-р хх-178/,

2015-12-10-нд 990,000 төгрөг, 270,000 төгрөг /1-р хх-179, 180, 2-р хх-19/,

2,400,000 төгрөг, 2014-12-02-нд 2,400,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-184/,

2014-12-27-нд 2,400,000 төгрөг, 2015-07-21-нд 3,120,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-185/,

2015 оны 25-нд 2,400,000 төгрөг, 2015-02-01-нд 2,400,000 төгрөг зээлийн хүү /1-р хх-187/,

2015-3-27-нд 2,400,000 төгрөг, 2015-2-26-нд 2,400,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-188/,

2015-5-02-нд 2,400,000 төгрөг, 2015-5-29-нд 2,400,000 төгрөг, зээлийн хүүү /1-р хх-189/,

2015-8-11-нд 3,125,000 төгрөг зээлийн төлбөр /1-р хх-191, 195/,

2015-7-21-нд 3,120,000 төгрөг, зээлийн төлбөр /1-р хх-190/,

2016-01-23-нд 540,000 төгрөг зээлийн хүү /1-р хх-192/,

2015-4-29-нд 875,000 төгрөг, 2015-3-23-нд 875,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-193/,

2015-6-17-нд 875,000 төгрөг, 2015-5-20-нд 875,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-194/,

2015-8-20-нд 12,000,000 төгрөг, 2015-9-02-нд 13,875,000 төгрөг, зээлийн хүү /1-р хх-196/,

2015-9-2-нд 900 ам доллар, 2015-10-15-нд 5000 амдоллар, зээлийн хүү, зээл буцаав /1-р хх-198/,

2015-10-20-нд 5000 амдоллар, 2015-10-23-нд 5000 амдоллар, зээл буцаав /1-р хх-199/,

2015-7-20-нд 2,154,328 JP хүлээн авсан Ц.Бямбасайхан /1-р хх-205/,

2016-5-06-нд 500,000 валют зээл буцаав /2-р хх-92/,

2015-7-11-нд 800,000, 700,000 валют зээл буцаав /2-р хх-92-р хуудас арын нүүр/ гэх утгаар тус тус шилжүүлсэн талаарх баримтыг гаргасан.

 

Нэхэмжлэгч тал 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээ нь өмнө нь үүссэн зээлийн гэрээний үлдэгдэлээ баталгаажуулж байгуулсан гэрээ гэж тайлбарласныг хариуцагч талаас тухайн гэрээнд гарын үсэг зураагүй гэж маргаснаар шинжээчийн 2019 оны 5088 дугаартай дүгнэлт /1-р хх-79/, 2020 оны 2836 дугаартай дүгнэлт /1-р хх-234/ тус тус гарсан.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг өөрийн данснаас бэлнээр авч, хариуцагчид бэлнээр өгсөн гэж тайлбарлан Голомт банкны 1605008530 JPY нэртэй дансны хуулгыг нотлох баримтаар гаргасан бөгөөд тухайн дансанд хариуцагч Ч.Мөнхтуяагаас зээл, зээлийн хүү гэх утгаар шилжүүлсэн иений орлого орж ирсэн, зарлага нь Ц.Бямбасайхан нэрээр гарсан гүйлгээний утга бичигдсэн байна /1-р хх-17/.

 

Аливаа хэлцэл, гэрээ хүчин төгөлдөр болоход тавигдах шалгуур нь субъект, агуулга, хэлбэр болон субъектив талын шинжүүд байх тул талуудын хооронд байгуулсан дээрх хэлцэл нь агуулгын хувьд хууль зөрчөөгүй, хэлбэрийн хувьд талуудын гарын үсэг зурагдсан энгийн хэлбэртэй бичгийн хэлцлийн шаардлагыг тус тус хангасан байна.

 

Тиймээс нэхэмжлэгчийн зээлийн гэрээний зүйл болох 2015 оны 05 тоот гэрээний 7,000,000 иен, 2015 оны 08 тоот гэрээний 2,000,000 иен, 2016 оны 9 тоот гэрээний 740,000 иен, нийт 9,740,000 японы иенийг зээлдүүлсэн гэх тайлбарыг хариуцагчаас эс зөвшөөрч маргаж байгаа тул энэ харилцааг зохицуулсан Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсгийн зохицуулалт, тус гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл, талуудын хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийх нь зүйтэй байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан.

 

Дээрх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдахад тавих гол шаардлага нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж зааснаар шаардлагын үндэслэл болсон 2015 оны 05 тоот гэрээний 7,000,000 иен, 2015 оны 08 тоот гэрээний 2,000,000 иен, 2016 оны 9 тоот гэрээний 740,000 иен, нийт 9,740,000 японы иений мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хариуцагчид хүлээлгэн өгсөн байх ёстой.

 

Тиймээс хуульд зааснаар, гэрээний гол нөхцөл тохиролцоог зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэг үүсгэх харилцан хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн байхыг ойлгоно.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар хэлцэл нь тодорхой зорилго бүхий этгээдийн хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд тус илэрхийлэл нь мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болох зохицуулалттай тул тодорхой төрлийн гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талуудын чөлөөтэй хүсэл зоригийн үндсэн дээр эрх, үүргээ тодорхойлох агуулгатай хийгдэх тул нэхэмжлэгч нь 2015 оны 05 тоот, 08 тоот, 2016 оны 9 тоот гэрээний үүрэгт 9,740,000 японы иенийг хариуцагчид шилжүүлсэн болохоо баримтаар нотлох үүргийг өөрөө хүлээнэ.

 

Түүнчлэн шаардлагын үндэслэл болсон 2015 оны 05 тоот зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөс шимтгэлд 26,000 иенийг, 2015 оны 08 тоот зээлийн гэрээний мөнгөн хөрөнгөөс шимтгэлд 11,000 иенийг тус тус нэхэмжлэгч суутган авсан талаар тухайн гэрээний хавсралтад дурдсан байх тул зээлийн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүрэн шилжүүлсэн гэх байдал нь эргэлзээтэй байна.

 

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзэхэд тэдгээрийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч 2015 оны 05, 08 тоот, 2016 оны 9 тоот гэрээний үүрэгт 9,740,000 японы иенийг хариуцагчид шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй буюу хэрэгт авагдсан Голомт банкны дансны хуулгаар нэхэмжлэгч Ц.Бямбасайханы эзэмшлийн валютын данснаас 2014-8-14-нд 3,000,000, 2014-9-3-нд 2,265,000, 2014-9-24-нд 545,000, 2014-10-24-нд 280,000,2014-10-30-нд 70,000, 2014-11-4-нд 280,000, 2014-11-5-нд 70,000, 2014-12-20-нд 624,920, 2014-12-27-нд 1,060,000, 2015-01-07-нд 250,000, 2015-01-12-нд 105,000, 2015-2-4-нд 250,000, 2015-2-17-нд 102,000, 2015-3-3-нд 113,000, 231,000, 2015-4-8-нд 250,000, 2015-4-9-нд 1,657,000, 2015-5-06-нд 250,000, 2015-5-07-нд 120,000, 2015-6-8-нд 1,789,000, 2015-6-12-нд 495,000, 2015-7-20-нд 5,000,000, 2015-8-10-нд 2,150,000, 2015-8-27-нд 120,000, 2015-9-02-нд 1,490,000, 2015-9-05-нд 50,000, 2015-9-11-нд 400,000, 2015-9-17-нд 250,000, 2015-9-20-нд 115,000, 2015-9-24-нд 290,000, 2015-9-30-нд 593,000, 2015-10-3-нд 251,000, 2015-10-9-нд 220,000, 2015-10-11-нд 256,000, 2015-10-13-нд 59,000, 2015-10-30-нд 1,000,000, 1,000,000, 2015-12-16-нд 450,000, 2,240,000, 2016-3-25-нд 2000, 1,000,000, 2016-4-6-нд 368,000, 2016-4-30-нд 96,000, 83,000, 2016-5-4-нд 59,000, 2016-5-6-нд 120,000, 2016-7-27-нд 130,000, 2016-10-27-нд 1,350,000 дүнгээр зарлага гарсан байх бөгөөд гүйлгээний утга хэсэгт Ц.Бямбасайхан, түүний регистрийн дугаар, Хантаороо исажи, Ц.Соёл-Эрдэнэ гэж тус тус бичигдсэн /1-р хх-11-17/ байх тул уг мөнгөн хөрөнгийг хариуцагчид зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэж үзэхээргүй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь дээрх зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгөө хариуцагчид шилжүүлсэн гэх шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

Талуудын хооронд 2015, 2016 онуудад байгуулагдсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч тал шаардаж байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тал маргасан.

 

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно. Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж мөн зүйлийн 76.2-т зохицуулсан.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7-д зааснаар тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ба ийнхүү тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолох бөгөөд шаардлагын үндэслэл болох 2016-2-23-ны өдрийн 9 тоот гэрээ 3 сарын хугацаатай буюу 2016-5-23-ны өдөр гэрээний хугацаа дууссан, хариуцагч нь нэхэмжлэгчид 2014 оны 10-р сараас 2016 оны 9-р сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд зээл, зээлийн хүү, зээл буцаан төлөв гэх утгаар мөнгөн хөрөнгө шилжүүлж байсан болох нь хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлэг, бэлэн мөнгөний зарлагын баримт зэргээр тогтоогдож байх боловч нэхэмжлэгч тал 2019 оны 07-р сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Мөн зохигчийн хүсэлтээр хийгдсэн нэхэмжлэгч Ц.Бямбасайханы цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хариуцагч нь 2016-8-9-нд мөнгө олох юм бол хамгийн түрүүнд чамтай холбогдоно гэж илгээсэн, нэхэмжлэгчээс япончуудаас зээл авч өгөөгүй бол..., ...япончуудын зээлийг төлчихсөн байсан бол гэж хариуцагчид илгээсэн, 2018-5-23-нд хариуцагчаас ...нийтдээ би ийм мөнгө аваад ийм мөнгө төлсөн байна гээд авсан зээл 123,000,000 төгрөг, 27,740,000 иен, 15,000 доллар, төлсөн хүү 63,990,000 төгрөг, 9,268,278 иен, 1350 доллар, нийт төлсөн дүн гэж нэхэмжлэгчид илгээсэн захиа /2-р хх-128-135/, хариуцагч Ч.Мөнхтуяагийн цахим шууданд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчээс 2016-08-17-ны өдөр илгээсэн 77,2 кв багтаамжтай файлыг нээхэд 10,908,800 иений тооцооллын талаар илгээсэн захиа /2-р хх-155-159/ тус тус байх тул нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж үзлээ.

 

Түүнчлэн хэрэгт авагдсан 2015-02-18-ны өдрийн 3 тоот гэрээний баруун дээд буланд гэрээ дууссан, 25,875,000 төгрөг төлөгдсөн гэж, 2015-7-3-ны өдрийн 4 тоот гэрээний баруун дээд буланд гэрээ дууссан, төлбөр тооцоогүй гэж, 2015-07-20-ны өдрийн 06 тоот гэрээний баруун дээд буланд 2016-9-29-нд зээл, хүү тооцоогүй гэж, 2016-01-10-ны өдрийн 02 тоот гэрээний баруун дээд буланд сунгалт 2016-9-14 төлбөр дууссан гэж, 2015-12-20-ны өдрийн 01 тоот гэрээний баруун дээд буланд сунгалт, гэрээ тооцоогүй гэж, 2015-12-16-ны өдрийн 08 тоот гэрээний баруун дээд буланд №05 зээлдүүлэгчтэй гэрээг японд 1 мөр болгож хаав гэж, 2015-10-30-ны өдрийн 7 тоот гэрээний баруун дээд буланд 2016-09-29-нд төлбөрийн тооцоог дуусгав гэж тус тус гараар бичсэн тэмдэглэгээг нэхэмжлэгч өөрөө хийсэн болохыг, тухайн тэмдэглэгээ нь Япон улсын иргэнээс авсан зээлийг хаасан талаарх тэмдэглэгээ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд тайлбарласан боловч Ц.Бямбасайханы бусдаас авсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаар хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээнд бичих болсон ач холбогдол нь тодорхойгүй, хариуцагчийн авсан төгрөг, долларын зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж тайлбарлаж буйгаас үзэхэд 5 тоот гэрээний үүргийг дуусгавар болгосон талаар 2015.12.16-ны өдрийн 8 тоот гэрээний баруун дээд буланд бичиж хаасан гэж үзэхээр байна.

 

Учир нь, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасан тул зохигчийн байгуулсан зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон талаарх бичвэр байх бөгөөд тухайн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хариуцагч хүлээн авсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

 

Хариуцагч талын хүсэлтээр шүүх хуралдаанд гэрч Ч.Буянхүү нь нэхэмжлэгчийн ээж байх бөгөөд хариуцагч Ч.Мөнхтуяатай байгуулсан зээлийн гэрээнд гарын үсэг зуруулахад оролцсон болон Бямбасайхан, Мөнхтуяа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар мэдүүлж, зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг өгч авалцахад байгаагүй, хариуцагчид зээлдүүлсэн мөнгө нь Япон улсын иргэнээс авсан болон миний, нэхэмжлэгч Ц.Бямбасайханы мөнгө байсан гэж, гэрч Л.Оюунсайхан нь хариуцагчийн үйл ажиллагаанд тусалж, тайлан тооцоо гаргадаг ажил хийж байхад гэрчээр оролцсон Ч.Буянхүү ирж хариуцагч Ч.Мөнхтуяатай уулзаж ярилцаж байсан талаар болон хариуцагчийн даалгавараар Ц.Бямбасайханы данс руу орлогын гүйлгээ хийсэн талаар тус тус мэдүүлсэн.

 

Нэхэмжлэгчээс шаардлагаа зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой гэж тодорхойлсон тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Дурдсан үндэслэлүүдээр зохигчдын хооронд тодорхой цаг хугацаанд зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч нэхэмжлэгчээс 2015 оны 05, 08 тоот, 2016 оны 9 тоот гэрээний үүрэгт 9,740,000 японы иенийг хариуцагчид шилжүүлсэн гэх байдал, хариуцагч дээрх гэрээний үүрэгт 10,908,800 иен буюу 235,848,256 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж үзэх үйл баримт нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд

 

Хариуцагч Ч.Мөнхтуяа нь 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн №9, 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн №10, 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн №11 дугаартай зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулна гэж сөрөг нэхэмжлэлээ тодорхойлсон.

 

Дээрх сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ ...зээлийн эргэн төлөлт явагдаж байх хугацаанд Ц.Бямбасайханаас зээлийн үлдэгдэлээ төлөх баталгаа хийж өгөөч гэх болгоны дагуу Ц.Бямбасайхан болон түүний ээж Ч.Буянхүү нараас түүнд үзүүлж байсан зээлийн гэрээ гэх баримтад гарын үсэг зурсан, 2016 оны 9, 10, 11 тоот гэрээнүүдэд баталгаа хийлгүүлж байна гэж бодон гарын үсэг зурснаас тухайн баримтад дурдагдсан мөнгөн хөрөнгийг авах зорилгоор зээлийн гэрээнд гарын үсгээ зураагүй, Ц.Бямбасайханаас тухайн гэрээнд дурдсан мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн зүйл байхгүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгоно гэж тайлбарласан.

 

Хэрэгт Ц.Бямбасайхан, Ч.Мөнхтуяа нарын хооронд байгуулагдсан 2016-02-23-ны өдрийн 9 тоот, 2016-4-05-ны өдрийн 10 тоот, 2016-8-15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээ бичгийн нотлох баримтаар авагдсан байх бөгөөд Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зохицуулж, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж Иргэний хуулийн 58, 59, 60 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хуульчилсан.

 

Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлд адил эрх олгосон зохицуулалтгүй, хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүд нь шаардах эрхийн үндэслэлийг буюу шаардах эрх бий болсон эсэхийг тогтооход шалгагдах ёстой, шаардах эрхийн урьдчилсан нөхцөл гэж тооцогддог шаардах эрхийн үндэслэл юм.

 

Тиймээс Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн үндэслэлүүдийг хэлцэл, гэрээ хийгдсэний үндсэн дээр аль нэг тал нь шүүхэд хандан эрх, үүргийн хувьд маргаж буй тохиолдолд шүүхийн зүгээс шалгаж, маргааныг шийдвэрлэх үндэслэл болгох тул хариуцагчийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нь шаардах эрх биш.

 

Түүнчлэн, нэхэмжлэгч шүүхэд анх 2019 оны 7-р сарын 4-ний өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2015-7-20-ны өдрийн 6,000,000 иен, 2016-2-23-ны өдрийн 740.000 иен, 2016-4-5-ны өдрийн 6,000,000 иений төлөгдөөгүй үүрэг гэж тодорхойлсон боловч хариуцагчид гардуулсан 2021 оны 11-р сарын 4-ний өдрийн болон шүүх хуралдаанд тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг 2015-5-20-ны 5 тоот, 2015-12-16-ны 8 тоот, 2016-2-23-ны 9 тоот гэрээний гүйцэтгээгүй үүрэг гэж тодорхойлсон.

 

Гэтэл хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа 2016-8-15-ны өдрийн 11 тоот, 2016-2-23-ны өдрийн 9 тоот, 2016-4-5-ны өдрийн 10 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах гэж тодорхойлсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй гэж, хуулийн 73.2-т сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж зохицуулсан байх тул хариуцагчийн дээрх сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан тооцогдохооргүй байна.

 

Учир нь, хариуцагч тал нэхэмжлэгчийн анхны тодорхойлсон шаардлагын үндэслэл болгосон 2016 оны 2-р сарын 23-ны өдрийн 9 тоот, 2016 оны 4-р сарын 5-ны өдрийн 10 тоот, 2016 оны 8-р сарын 15-ны өдрийн 11 тоот дугаартай зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг шаардлага гаргасан боловч 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилж тайлбарласнаар нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн байдлыг бичгээр гаргуулж, хариуцагчид гардуулж, мэтгэлцэх боломжийг олгохоор шүүх хуралдаан хойшилсон.

 

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг өөрчилсөн талаарх нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах нь нэртэй тодруулгыг шүүхэд 2021-11-4-ний өдөр бичгээр гаргасныг хариуцагчид 2021-11-9-ний өдөр гардуулсан боловч хариуцагч талаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй тул сөрөг шаардлагаа 2016-2-23-ны өдрийн 9 тоот, 2016-4-5-ны өдрийн 10 тоот, 2016-8-15-ны өдрийн 11 тоот зээлийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэж тодорхойлсон тул шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчимтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Түүнчлэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээх бөгөөд зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан зохицуулалт нь гагцхүү зээлдүүлэгчид хамааралтай.

 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар ...хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй... тул нэхэмжлэгч хэнээс, ямар үндэслэлээр, юуг шаардахаа өөрөө тодорхойлдог.

 

Ийнхүү тодорхойлон гаргасан шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах нь шүүхийн үүрэг тул хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын талаар нэхэмжлэлд тусгана гэж нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн талаар хуульчилсан нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх ёстой ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хоёрыг ялган зааглаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулснаар нэхэмжлэгч ямар шаардлага гаргах, улмаар шүүх зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг шүүх шийдвэрлэх боломжтой.

 

Тиймээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой байх нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байх, хэний нэхэмжлэлтэй хэнд холбогдох маргааныг шүүх шийдвэрлэхийг тодорхойлохоос гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэл түүний үндэслэл, шаардлагын дагуу мэтгэлцэх, шүүхийн шийдвэр тодорхой буюу ойлгомжтой, биелэгдэх боломж зэрэгтэй шууд холбоотой байдаг тул төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан шаардаж буй үндэслэл нь тодорхойгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс 2019-7-4-нд төлсөн 1,337,192 төгрөг /1-р хх-2/, хариуцагчаас 2019-12-25-нд төлсөн 1,337,192 төгрөг /1-р хх-126/, 2020-4-20-нд төлсөн 1,264,370 төгрөг /1-р хх-170/, 2020-10-16-нд төлсөн 97,850 төгрөг /2-р хх-18/-ийг тус тус улсын орлогод хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 282.4-т заасныг тус тус баримтлан хариуцагч Ч.Мөнхтуяагаас 2015-7-20-ны 5 тоот, 2015-12-16-ны 8 тоот, 2016-2-23-ны 9 тоот зээлийн гэрээний үүрэгт 10,908,800 японы иен буюу 235,848,256 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Ц.Бямбасайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг баримтлан 2016-8-15-ны өдрийн 11 тоот, 2016-2-23-ны өдрийн 9 тоот, 2016-4-5-ны өдрийн 10 тоот зээлийн гэрээнүүдийг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт илүү төлсөн 72,410,750 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Ч.Мөнхтуяагийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,337,192 төгрөгийг, хариуцагчаас 3 баримтаар төлсөн 2,699,412 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.ЯНЖИНДУЛАМ