2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг Шүүгч Б.Булгантамир даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Онцгойгэрэл,

улсын яллагч Б.Одонтуяа /томилолтоор/,

шүүгдэгч Б.*** нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.***эд холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн *** оны 07 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, Үйлдвэрийн механикч мэргэжилтэй, "*** Монгол” ХХК-д оосорлогч дохиочин ажилтай, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт *** дүүргийн 24 дүгээр хороо *** *** дүгээр байрны 1- 32 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх,

*** овогт ***ы *** (РД: ***),

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.*** нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.3 дахь заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Орбитын замд согтуугаар Тоёота Приүс маркийн *** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 "жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Улсын яллагчаас 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн *** дүгээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтуудыг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд: Үүнд

1. Шүүгдэгч Б.*** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасуулсан үедээ дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаагийн албан хаагчтай таарсан. Би гаргасан үйлэлдээ маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэл),

тэрээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “...Би 2025 оны 02 дугаар сарын 03-ны 03 цагийн орчим 21 дүгээр хороололд эхнэрийн найз болох Амраагийнд 6 лааз пиво уусан. Тэгээд манай хадам ээж өглөө ажилтай гээд дуудлагын жолооч дуудаад гарсан тэгээд машин дээрээ иртэл дуудлагын жолооч баруун салаа явахгүй гэхээр нь өөрөө машинаа бариад явсан... *** гэх дүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл... Ээж, дүүгийн хамт амьдардаг... Би жолоо жолоодох эрхгүй, жолооч биш 2025 оны 01 дүгээр 18-ны өдөр 3 эмнэлгийн зам дээр согтуу машин барьж байгаад цагдаад баригдсан. Тэгээд 01 дүгээр сарын 29-ний өдөр шүүхээр орж нэг жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан... Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээхэд татгалзах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 04-05 дахь тал),

мөн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2025 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 20 цагийн орчим эхнэрийн найз Сонгинохайрхан дүүрэгт эхнэрийн найз ***ын гэрт очсон. Тэгээд тэндийн гэрт ***ын эхнэр манай эхнэр бид дөрөв лаазтай Сэнгүр нэртэй 0,5 литрийн нэг хүний 5-6 лааз пиво хувааж уусан. Шөнийн 01 цагийн орчим ***ын гэрээс гарсан тухайн үед дуудлагын жолооч дуудсан байсан бөгөөд манай эхнэр *** дуудлагын жолоочийн дугаартай залгаж ярьсан чинь эхний жолооч нь өөр дуудлага аваад явсан гэж утсаар ярьсан. Дахин дуудлагын жолоочийн дугаар луу залгасан чинь тийм хоол явахгүй гол газар бол үнэтэй явна гэж утсаар ярьсан. Тэгэхээр би ***ийн төрсөн ***ын эзэмшлийн Тоёота Приус 41 маркийн *** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний бие жолоодон замын хөдөлгөөнд оролцсон. Замын оролцож явах үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Орбитын уулзвар дээр цагдаагийн алба хаагч шалгасан. Намайг драйгер багаж үлээлгэж шалгахад 3,14 хувийн согтолттой байсан учир миний унаж тээврийн хэрэгслийг журмын хашаанд байршуулсан… Тухайн тээврийн хэрэгсэл нь манай эхнэр ***ийн төрсөн дүү ***ын өмчлөл эзэмшилд байдаг. Би тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр орж 1 жилийн хугацаагаар жолоодох эрхээ хасуулж 400 нэгжээр торгох шийтгэл авсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй талаар мэднэ… Би гаргасан үйлдэлдээ хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад татгалзах зүйл байхгүй. Надад уг хэрэгтэй холбоотой санал хүсэл байхгүй. Би гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна, дахин ийм үйлдэл гаргахгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 48 дахь тал),

2. Иргэний хариуцагч /нэхэмжлэгч/ Г.***ын “...Энэ талаар мэдэхгүй байна. Тухайн өдөр Дорноговь аймгийн Хангийн боомт дээр ажил хийж байсан болохоор мэдэхгүй байна. Өнөөдөр цагдаагийн байгууллагаас дуудахаар болсон асуудлын талаар мэдлээ... Уг тээврийн хэрэгсэл нь “***” ББСБ ХХК-ны өмчлөлд байдаг би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээгээр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36 дахь тал),

2. Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн согтуурал шалгасан Б.***  нь 3.14 хувийн согтолттой гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 05-07 дахь тал),

3. Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрх хасагдсан гэх жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 08 дахь тал),

4. *** Монгол ХХК-ийн “...Б.*** нь тус компанид 2022 оны 02 дугаар сарын 07-ноос Оосорлогчоор ажиллаж байгаа нь үнэн болно...” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 20 дахь тал),

5. Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 21-24 дэх тал),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой

Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 09 дэх тал), жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 08 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 12 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), торгуулийн хуудасны бүртгэл (хавтаст хэргийн 16-18 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 13 дахь тал),  иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 11 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.      

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Нэг. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт:

1.1. Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулж, эрүүгийн хариуцлага оногдуулах байр суурьтайгаар оролцож,

Шүүх хуралдаанд шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***  нь шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцохоо илэрхийлсэн болохыг дурдав.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, мэдүүлэгт дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.***  нь 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн *** дугаартай "Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Орбитын замд, Тоёота Приүс маркийн *** УКА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ дахин жолоодон "тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон" болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эрх бүхий албан тушаалтны 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн согтуурал шалгасан тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр эрх хасагдсан гэх жолоодох эрхийн лавлагаа, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар, шүүгдэгч Б.***ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хөтөлбөргүй тогтоогдож байна.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

2.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөж эхэлсэн.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол” гэж гэмт хэргийн шинжийг заасан.

Тус зүйлийн тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.” гэсэн.

2.4. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон эрхээ хасуулсан байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноор гэмт хэрэг төгссөн гэж үзнэ.

2.5. Шүүгдэгч Б.*** нь Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан болох нь хэрэгт авагдсан жолоодох эрхийн лавлагаа, Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байх тул түүнийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ.

Мөн зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно.” гэж тайлбарласан.

2.6. Хэрэгт авагдсан 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Эрх бүхий тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, драйгер багажаар үлээлгэж шалгуулсныг баримтжуулсан гэрэл зургаар шүүгдэгч Б.***ийн амьсгал дахь спиртийн агууламж 3.14 промиль байсан нь тогтоогдож байх тул түүнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

2.7. Иймд шүүгдэгч Б.***ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

2.8. Прокуророос шүүгдэгч Б.***ийн үйлдлийг Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай адилтгаж хуулийг хэрэглэж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж байна гэж үзнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийн шинжийг “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн...” гэж шууд заасан байх тул гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо цаашид анхаарвал зохино.

Гурав. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд тус хэргийн улмаас бусдад шууд учирсан хохиролгүй байна.

Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.***  нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

4.2. Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

4.3. Түүнчлэн шүүгдэгч Б.*** д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

4.4. Улсын яллагчаас “...Шүүгдэгч Б.***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 06 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч: “...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэж хүсэж байна...” гэсэн саналыг тус тус гаргасан болохыг дурдав.

4.5. Шүүгдэгч Б.***эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна. 

4.6. Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /амьсгал дахь спиртийн агууламж 3.14 промиль хэмжээтэй/, шүүгдэгчийн хувийн байдал / хувиараа хөдөлмөр эрхэлдэг, *** настай, ам бүл 4, ээж 2 дүүгийн хамт амьдардаг/, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Тав. Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

5.1. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.*** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5.2. Шүүгдэгч Б.***эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч *** овогт ***ы ***ийг Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 8000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.***эд оногдуулсан 8,000,000 (найман сая) төгрөгийн торгох 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Б.***эд сануулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*** д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг торгох ялыг оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Б.***ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.БУЛГАНТАМИР