| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 195/2025/0910/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1023 |
| Огноо | 2025-04-14 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | П.Итгэл |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508006870313 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: улсын яллагч П.Итгэл, шүүгдэгч А.С нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Энхтуул шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Б овогт А.С, Монгол Улсын иргэн, ** оны ** дүгээр сарын **-нд Д аймагт төрсөн, ** настай,*******,*******,*******,*******,*******,, ** дугаар гудамжны ** тоотод оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:********).
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр). А.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх ба, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 16 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Орбитын замд Toyota prius маркийн ** УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож яваад Toyota prius маркийн ** ЦАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр би найзтайгаа явж байгаад 200 граммын архи уусан. Худгаас ус авах гэж байхдаа тойргоос уулзвар луу шилжих үедээ ирж явсан машины гүперийг мөргөсөн. Тохиролцъё гэж хэлэхэд цагдаа дуудсан. Надаас 250,000 төгрөг нэхсэн. Тэр өдөр би өгөх боломжгүй байсан болохоор маргааш өгье гэж хэлэхэд цагдаа дуудчихсан байна. согтуурал хэмжих багажаар үлээхэд 1.53 гарсан. Цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өг гэж хэлсэн гэв.
Эрүүгийн 2508006870313 дугаартай хэргээс:
1.Жолооч А.С-ийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас),
2.Жолооч А.С-ийн жолоодох эрхийн лавлагаа (хавтаст хэргийн 55 дугаар хуудас),
3.Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),
4.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 56 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 58 дугаар хуудас), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 57 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 59 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 63 дугаар хуудас), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 3046 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 23-25 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт А.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А.С-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав жилийн хугацаагаар хасаж, нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суудаг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурав жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан үеэс тоолсугай.
6.Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь шүүхэд ирээгүйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь гардан авснаас эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА