| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржбалын Янжиндулам |
| Хэргийн индекс | 101/2021/00525/И |
| Дугаар | 101/ШШ2021/03052 |
| Огноо | 2021-10-08 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2021/03052
| 2021 оны 10 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2021/03052 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Янжиндулам даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
*******,*******,*******,*******,*******,
хариуцагч- Баянзүрх дүүрэг,*******,*******,*******,,,
гэм хорын хохиролд 3.878.460 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Байгалмаа, хариуцагч Ц.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Баянзүрх дүүргийн кино үйлдвэрийн автобусны буудал болон Баянзүрх дүүргийн Офицеруудын ордны автобусны буудал дээр 2 ширхэг ТҮЦ ажиллуулдаг байсан. Гэтэл 2019-11-30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр офицеруудын ордны автобусны буудал дээрх ТҮЦ-ээ хулгайд алдсан тул цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаас хойш 7 хоногийн дараа ТҮЦ-ээ олсон. Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс 190606576 дугаартай хэрэг нээж шалгахад иргэн Ц.Баярмаа нь орлого хаалаа гэх үндэслэлээр ТҮЦ-ийг өөр газар зөөвөрлөж хаясан нь тогтоогдсон болно. 2020 оны 11-р сарын 09-ний өдрийн 5712 дугаар прокурорын тогтоолоор Ц.Баярмаагийн тус үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11-т заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг агуулсан боловч учруулсан хохирол болох 3.878.460 төгрөг нь эрүүгийн хуулийн 17.11 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй гэх үндэслэлээр хэргийг хааж учирсан хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэх эрхтэйг дурдсан. Хохиролд ТҮЦ-ний хаалга, доторх эд зүйлсийн эвдрэл гэмтэл болох хөргөгч, жин хэмжүүр гээд зөндөө зүйлс эвдэрсэн тул шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 3.878.460 төгрөгийг иргэн Ц.Баярмаагаас нэхэмжилж байгаа гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Байгалмаагийн ТҮЦ хулгайд алдагдсан гэх өдөр 2019-10-30-ны өдөр би нөхөр Б.Амарсанаагийн хамт БНХАУ-руу эмчилгээнд явсан ба тухайн өдөр миний бие Улаанбаатар хотоос 14-15 цагийн орчим автомашинаар гарсан. Тухайн хэрэг учралд би оролцоогүй болох нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2020-11-09-ний өдрийн 5712 дугаар тогтоолоор нотлогдсон. ТҮЦ-нд ажилладаг Мөнхзаяа, Эрхбилгүүн нар намайг явсан хойгуур дур мэдэн Ц.Байгалмаагийн ТҮЦ-г кран авчиран ачуулсан байсан. Мөнхзаяа гэх хүний мэдүүлгээр л надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байдаг. Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа би Монгол улсад байгаагүй, Хөх хот руу явсан талаараа хэлсэн. Мөнхзаяа, Эрхбилгүүн гэдэг хүүүхдүүд хийсэн гэж хэлээд байгаа. ТҮЦ-г ачсан краны жолооч Л.Билэгсайхан ажлын хөлс 100.000 төгрөгийг Мөнхзаяа гэх хүнээс авсан болон ТҮЦ-г ачиж өргөх явцад юм унах шиг болсон гэх мэдүүлгээр краны жолооч Л.Билэгсайхан нь Байгалмаагийн ТҮЦ-г эвдэж гэмтээсэн нь нотлогдож байна. Нансалмаа гэдэг нь ТҮЦ-нд хоол авчирж өгдөг буюу миний төрсөн ахын хүүхэд байгаа. 96200607 утасны дугаар нь миний дугаар мөн. Цагдаагийн байгууллагад өгсөн гэрч Мөнхзаяа түүний ээж, найз нарын мэдүүлэг нь хамтарч миний эсрэг өгсөн мэдүүлэг байдаг. Миний буруутай байдлыг тогтоосон зүйл байхгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг, 22-р хорооны нутагт байрлах офицеруудын ордоны арын автобусны буудалд байршуулсан түргэн үйлчилгээний цэг буюу ТҮЦ-ээ хулгайд алдсанаас учирсан хохирлыг Дамно ХХК-ийн үнэлгээгээр тогтоогдсон 3.878.460 төгрөгийг хариуцагч Ц.Баярмаагаас гаргуулахаар шаардсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, ТҮЦ-г би ачуулаагүй, тухайн цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй гэж татгалзсан тайлбар гаргаж маргасан.
Шүүх бүрэлдэхүүн дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ц.Байгалмаа нь 2019-10-31-ний өдөр Баянзүрх дүүргийн 1-р хэлтэст гаргасан өргөдөлд ...Баянзүрх дүүрэг, 22-р хорооны харьяа хойд автобусны буудал дээр ТҮЦ байрлуулан тавьсан. Гэтэл 10-р сарын 30-31 шилжих шөнө хулгайлан явсан байсан... гэж /хх-95/,
мөрдөгчийн 2019-11-06-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 0190606576 дугаартай тогтоолд ...Ц.Байгалмаагаас гаргасан гомдол мэдээллийг хүлээн авсан талаар дурдсан байх боловч Ц.Баянжаргалын ТҮЦ хулгайд алдаж 610.000 төгрөгийн хохирол учирсан гэх гомдол мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн талаар /хх-94/,
хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020-11-09-ний өдрийн 5712 дугаартай тогтоолд ...2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордны замын хойд талын автобусны буудлын хажууд байрлуулсан иргэн Д.Байгалмаагийн эзэмшлийн ТҮЦ хулгайд алдагдсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг хянаад иргэн Ц.Баярмаа нь зөвшөөрөлгүй ТҮЦ-г байршуулснаар тус газар ТҮЦ ажиллуулдаг иргэдийн хооронд үл ойлголцол үүсч улмаар орлого хаалаа гэх шалтгаанаар иргэн Ц.Байгалмаагийн эзэмшлийн ТҮЦ-г зөөвөрлөсөн, улмаар зөөвөрлөгдөх явцад эд хөрөнгөд гэмтэл учирсан нь болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч их хэмжээний хохирол учруулсан гэх шинжийг хангаж чадахгүй буюу хохиролын хэмжээ хүрэхгүй байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан талаар /хх-97-98/ тус тус дурдсан байна.
Гэрч А.Мөнхзаяа ...Ц.Баярмаа гэдэг хүний ТҮЦ-нд хийсэн ажлаараа цалингаа авдаг, 2019 оны 10 дугаар сарын сүүлээр яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна, манай ээжийг ТҮЦ-нд хонож байхад баруун талд нь ТҮЦ авчираад тавьсан байсан, маргааш нь Баярмаа ирээд хажуудаа ТҮЦ тавиулж орлого хаалаа гэж дарамталж, уурлаж, ээжийг янз бүрийн үнгээр доромжилж байгаад ажлаас нь гаргачихсан оронд нь Эрхбилгүүнийг гараад өгөөч гэж гуйсан байсан, ТҮЦ-г холдуулах крантай хүн байгаа эсэхийг асуухад байхгүй гэдгээ хэлсэн, ...Эрхбилгүүн найз Сайнжаргалаас кран олдох эсэхийг асуухад ахад байгаа яриад өгье гэхэд нь Баярмаа эгчид ахынх нь утсыг өгсөн..., 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнийн 00 цагийн үед ажил дээрээ байхад Сайнжаргал ирж Баярмаа руу залгаад утсаа авахгүй байна гээд ирэхэд нь Баярмаагийн дүү Нансалмаагийн 90290607 дугаарын утас руу залгаж Нансалмаа ирж Сайнжаргалтай уулзаж хаана аваачиж тавих талаар ярилцсан, ТҮЦ-г ачиж байхад Нансалмаа, Сайнжаргал, краны жолоо Билгээ, танихгүй залуучууд байсан гэж /хх-131-132/,
гэрч Г.Эрхбилгүүн ...Алимаа эгчийн ээлжин дээр ТҮЦ авчирч тавьсан байна ачуулах кран олдохгүй байна гэж хэлсэн, найз Энхсайхан намайг хүргэж өгөх гээд ирсэн байхад Баярмаа найзад чинь кран олдохгүй биз гэсэн Сайнжаргалын таньдаг ах крантай гээд утсыг нь Баярмаа эгч авсан. 2019-10-31-ний өдөр ирэхэд хажуу талын ТҮЦ-г ачаад явчихсан байсан. Баярмаа эгчийг кран асуухаар нь хүнтэй холбож өгсөн, ачуулсан зүйл байхгүй гэж /хх-134/,
гэрч Н.Алимаа ...охин Мөнхзаяа нь Баярмаагийн ТҮЦ-нд ажиллаад удаж байна, хааяа хүнгүй болох үед нь би очиж гардаг, намайг ажил дээр байхад нэг ТҮЦ авчираад тавьчихсан байсан, хэзээ хэн гэдэг хүн авчираад тавьсан гэдгийг мэдээгүй, ...Баярмаа ирээд надад уурлаад орлого хаачихсан байна, ТҮЦ- зөөлгөх юм бол хулгайн хэрэгт орно гэж хэлж байсан, охин Мөнхаяза Баярмаа эгч хажуу талын ТҮЦ-г зөөлгөмөөр байна гэнэ гээд яриад байсан гэж /хх-136/,
гэрч Л.Билэгсайхан ...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах гурвалжын гүүрэн дээр өөрийн Эй си си ХХК-ийн кран машинаа бариад явж байтал өдөр 15 цагийн орчим 86332286 дугаарын утаснаас залгаад ахаа өнөөд офицеруудын ордны арын буудал дээр байрлах түцийг ачих хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би машин барьж явсан болохоор утсаа салгасан ба тухайн өдөр орой 20 цагийн орчим Сайнжаргал гэх дүү рүүгээ яриад за оройхондоо гайгүй завтай байна гэж хэлээд орой 22 цаг өнгөрөөд баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16-ын уулз автобусны буудал дээр уулзсан ба миний хажууд сайнжаргал нөгөө түц ачуулах хүнтэйгээ утсаар ярьж байсан тэгээд орой 23 цагийн үед тухайн түцийг ачихаар болоод ...Баярмаа, Билгүүн гэх хүмүүс ирэхээргүй болж байтал Баярмаа гэх эмэгтэйгийн дүү Нансалмаа гэж эмэгтэй ирээд тухайн түцийг ачиж эхэлсэн ...түцийг ачиж эхлээд кранаараа өргөж эхлэхэд дотор нь юм унах шиг болохоор нь би буугаад Нансалмаагаас дотор нь юм байгаан бишүү эвдэрчихлээшдээ гэсэн чинь Нансалмаа хэлэхдээ зүгээрээ дотор нь хоосон байгаа учраас ач гэж хэлсэн, түцийг ачаад хойшоогоо ...дугаар ангийн доод хэсэгт байрлах гудманд түцийг аваачиж тависан, ...заяа, нансалмаа нарыг тухайн өдөр харсан, ...энэ түцний оронд өөр түц тавих гэж байгаа гэж хэлээд ачуулсан, ...заяа буюу мөнхзаяа гэх хүнээс бэлнээр 100.000 төгрөг авсан, гэхдээ мөнгөө авах явцад тухайн эмэгтэй нэг эмэгтэйтэй утсаар яриад эгчээ би түцээ ачуулчихлаа орлогоноос мөнгийг нь өгчихүү гэж хэлээд тухайн орлогоноос мөнгө надад өгсөн хэн гэж хүнтэй ярьж байсныг мэдэхгүй гэж /хх-141-142/,
гэрч Э.Сайнжаргал ...эрхбилгүүн хэлэхдээ миний таньдаг баярмаа гэх эгчийн түц байгаамаа тус түцийг ачаад хойшоогоо тавих гэсэн юм хажуу оронд нь өөр түц тавих гэсэн юм гэж хэлж байсан, ...өөрийн танил краны жолооч хийдэг ах Билэгсайхантай уулзуулахаар болоод Билэгээ ах руу яриад зөвшөөрөөд ...орой офицер дээр очоод байж байтал эрхбилгүүн гэх охин баярмаа гэх хүний 91200607 дугаарын утсыг өгсөн тухайн дугаар руу залгахад цаана нь эмэгтэй хүмүүс шаагилдаад байсан тэгээд би согтуу байна гэж бодоод утсаа салгатал над руу эргэж залгаад манай дүү нансалмаа гэх эмэгтэй одоо очино тухайн хүнтэй уулзаад наад түцээ аччих гэсэн тэгээд нансалмаатай уулзаад одоо ачхуу гэхэд үгүй ээ арай эрт байна жаахан хөдөлгөөн багасхаар оройхондоо энэ түцийг ачы гэснээр байж байгаад билэгсайхан ахын хамтаар 2019 оны 10-р сарын 30-31-ний шилжих шөнө 00 цагаас 01 цагийн хооронд түцийг кран дээр ачаад ертөнцийн зүгээр офицеруудын ордны автобусны буудлын хойд хэсэг рүү ойролцоогоор 100-200 метр орчим аваачаад буулгаж тавиад тэгээд тохирсон төлбөр болох надад 40.000 төгрөгийг краны жолооч гэх билэгсайхан ахад 100.000 төгрөгийг баярмаа гэх эмэгтэй дүү гэх нансалмаа болон мөнхзаяа гэх хоёр эмэгтэй касснаасаа мөнгө гаргаж өгсөн гэхдээ тухайн мөнгийг мөнхзаяа нь өгсөн, ...эрхбилгүүн хэлэхдээ баярмаа эгчийн таньдаг хүний түц л гэж хэлсэн гэж /хх-144-145/ тус тус мэдүүлсэн байна.
Харин Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн гар утсанд үзлэг хийсэн 2020-2-06-ны өдрийн тэмдэглэлд ...гэрчээс тогтоогдсон Гантулга овогтой Эрхбилгүүний самсунг эс7 эдж маркын мөнгөлөг цагаан өнгийн нүүр хэсэгтээ шаргал өнгөтэй баруун зүүн дээд буландаа хагарсан гар утсанд эзэмшигч гэх Г.Эрхбилгүүнээс зөвшөөрөл авч дэлгэцний кодыг нээхэд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 15 цаг 10 минутын орчим 96200607 дугаарын утаснаас эрдэнээд хэлчихээ үнэнээ. Манай орлого багасах гээд байсан болохоор хойшоо аваачаад тавицан гээд хэлчихээ. Тэгээд эвтэйхэн зохицуулаад өг гэж хэлээ гэж бичсэн утга бүхий мессеж байв гэжээ /хх-139/.
Хэргийн үйл баримтаас дүгнэхэд хариуцагч Ц.Баярмаа нь нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэгийг хулгайд алдагдсан гэх цаг хугацаанд Монгол Улсад байгаагүй гэх тайлбараа нотлохоор гаргасан түүний гадаад паспортын нотариатаар баталгаажуулсан хуулбар болон шүүх хуралдаанд эх хувиар шинжлэн судлахад 01-nov-2019, 09-nov-2019 замын үүд гэсэн дардас дарагдсан /хх-20, 61/ байх боловч нэхэмжлэгчийн түргэн үйлчилгээний цэгийг тээвэрлэсэн 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө хариуцагч Монгол Улсад байсан болох нь тогтоогдсон.
Мөн гэрч Г.Эрхбилгүүний гар утсанд хийсэн үзлэгийн тэмдэглэлд дурдсан 2020-2-06-ны өдөр 96200607 дугаараас мессеж ирсэн, 96200607 дугаар нь хариуцагч Ц.Баярмаагийн эзэмшил мөн болохыг өөрөө хүлээн зөвшөөрч, шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа холбоо барих утасны дугаарыг 96200607 гэж мэдүүлсэн /хх-16/.
Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн дээрх гэрчүүдийн мэдүүлэгт хариуцагч Ц.Баярмаа орлого хаасан талаар, тухайн түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөн холдуулахаар кран хайсан талаар, кран олж өгсөн гэрч Э.Сайнжаргал түүнтэй утсаар ярьсан болон түүний дүү Нансалмаа түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөхөд оролцсон талаар тус тус мэдүүлснээр Баянзүрх дүүргийн прокурорын газраас гэмт хэргийн шинжийг агуулж байх боловч хохиролын хэмжээ хүрэхгүй байгаа үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан байна.
Иймд нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн Баянзүрх дүүрэг, 22-р хорооны нутаг дэвсгэрт байрлах офицеруудын ордоны хойд талын автобусны буудал дээр байрлуулсан түргэн үйлчилгээний цэгийг орлогыг хаасан гэх тайлбараар хариуцагч Ц.Баярмаагийн бусдад утсаар өгсөн заавар, зааварчилгааны дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст гэрчийн мэдүүлэг өгсөн А.Мөнхзаяа, Л.Билэгсайхан, Э.Сайнжаргал нар болон хариуцагчийн дүү Нансалмаа гэх иргэд 2019 оны 10 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө зөөвөрлөснөөр нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно гэж заасан нь хохирлын хэмжээнд эд хөрөнгөд учирсан бодит хохирол хамаарах юм.
Тиймээс гэм хор учирснаас хариуцлага хүлээх үндэслэл нь хохирогчид гэм хор учруулсан хууль бус үйлдэл, уг үйлдэл болон учирсан гэм хорын хоорондох шалтгаант холбоо тогтоогдсон байх явдал бөгөөд бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан.
Түүнчлэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д тээврийн хэрэгсэл гэж хүн, ачаа, суурилагдсан тоног төхөөрөмжийг замаар тээвэрлэхэд зориулсан хэрэгслийг, 3.1.3-т жолооч гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж,
Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.
Тиймээс тээврийн хэрэгслийн жолооч нь бусдын эд юмыг авчиж тээвэрлэхдээ эвдэрч, устаж, гэмтэхээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангах, тухайн этгээдийн өмч хөрөнгө мөн эсэхийг шалгах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч Ц.Байгалмаагийн түргэн үйлчилгээний цэгийг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр хариуцагч Ц.Баярмаагийн бусдад өгсөн зааварчилгааны дагуу жолооч Л.Билэгсайхан зөөвөрлөхдөө нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учирсан болох нь тогтоогдож байх тул үнэлгээний тайлангаар тогтоогдсон 3.878.460 төгрөгийн 50 хувь болох 1.939.230 төгрөгийг хариуцагч Ц.Баярмаагаас гаргуулж Ц.Байгалмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.939.230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгжиж, зохигч гагцхүү бодит үнэнд нийцсэн тайлбар гаргах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах, нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргадаг тул нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, татгалзсан үндэслэл, тайлбараа хэргийн оролцогчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүрэгтэй.
Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор гаргасан түргэн үйлчилгээний цэгийн эд хөрөнгөд учирсан бодит үнэлгээг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн захиалгаар Дамно ХХК 3.878.460 төгрөгөөр үнэлсэн баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн хариуцагч тал тухайн үнэлгээ болон үнэлсэн үнийн дүнгийн талаар маргаагүй.
Шүүх хуралдаанд томилогдсон иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д зааснаар иргэдийн төлөөлөгчийн оролцоогүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Мөн нэхэмжлэгч нь 2019 оны 10 дугаар сарын 30-наас 31-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг, 22-р хорооны нутагт байрлах офицеруудын ордоны арын автобусны буудалд байршуулсан түргэн үйлчилгээний цэгийг зөөвөрлөснөөр учирсан хохиролын талаар иргэн Л.Билэгсайханд холбогдуулан шаардлага гаргахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдах нь зүйтэй.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 77.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад ногдох хураамжид 45.978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.Баярмаагаас 1.939.230 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгож, нэхэмжлэлээс үлдэх 1.939.230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77.005 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Баярмаагаас 45.978 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Байгалмаад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЯНЖИНДУЛАМ
ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД
Б.МАНДАЛБАЯР